Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/01600

 

2023 оны 06 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ2023/02143 Улаанбаатар хот

 

Б.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06ы өдрийн 181/ШШ2023/01793 дугаар шийдвэртэй,

 

            Б.Бгийн нэхэмжлэлтэй,

“Э” ХХК-д холбогдох,

 

            Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олголвор, урамшуулал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулалт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б.Б нь “Э” ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан тус компанийн Салхит уулын баяжуулах үйлдвэрийн Уул, геологийн хэсэгт “ашиглалтын геологи” албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн. Улмаар 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний дагуу байгууллагын Уул, геологийн хэсгийн Ил уурхайн төлөвлөлтийн “ахлах инженер” албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Тэрээр компанид ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмыг мөрдөж, хариуцсан ажлаа алдаа дутагдалгүй гүйцэтгэхийг эрмэлзэж, хичээнгүйлэн ажиллаж ирсэн.

1.2. Гэтэл, тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/78 дугаар тушаалаар Б.Бг түүний ажлын байр хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Уг тушаалаар түүний ажиллаж байсан Салхит уулын баяжуулах үйлдвэрийн Уул, геологийн хэсгийн Ил уурхайн төлөвлөлтийн ахлах инженер ажлын байрыг байгууллагын Захиргааны хэсэг нэгжид шилжүүлж, улмаар ажлын байрны нэршлээс ил уурхайн төлөвлөлтийн гэсэн хэсгийг нь хасаж ахлах инженер гэсэн ажлын байрны нэртэйгээр тус нэгжид шилжүүлсэн.

1.3. Нэхэмжлэгчид 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр энэ мэдэгдэл өгчихөөд, хуулийн дагуу 30 хоног байх ёстой байхад 2 хоногийн дараа тушаал гарсан нь хууль зөрчсөн.

1.4. Олон ажилтныг зохион байгуулалттай хуурч халсан. Хүний нөөц нь дуудаад тохиролцох санал гаргаж “ажлын байр чинь байхгүй болсон учраас 2 сарын цалингаа авах боломж байна. Тэгэхгүй бол 1 сарын цалин олгоно” гэсэн байдаг. Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гарсан, ажлын байр байхгүй болсон гэж худал мэдээлэл өгч тохиролцох бичигт гарын үсэг зуруулах гэж албадсан. Тэгээд орон тоог цөөрүүлээгүй, зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орох тухай яригдсан.

Иймд “Э” ХХК-д Салхит уулын баяжуулах үйлдвэрийн Уул геологийн хэсгийн Ил уурхайн төлөвлөлтийн ахлах инженер ажлын байр, орон тоо хасагдсан гэх үйл баримт нь бодит биш гэж үзэж байх тул Б.Бг Ил уурхайн төлөвлөлтийн ахлах инженер ажлын байранд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны үндсэн цалинтай тэнцэх олговор 42,469,000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлж, 2022 оны үр дүнгийн урамшуулалд болгож 5 болон 12 дугаар сард олгосон 3 сарын үндсэн цалинтай тэнцэх 9,300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4 дүгээр тогтоолоор компани зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орсон. Өөрчлөлтийн хүрээнд гүйцэтгэх захирал өөрт олгогдсон эрхийн дагуу 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/33 дугаартай тушаалаар бүтцийн нэгжийн ажил мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн баталсан бөгөөд уг тушаалаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан Салхит уулын баяжуулах үйлдвэрийн Уул, геологийн хэсгийн Ил уурхайн төлөвлөлтийн ахлах инженер гэсэн орон тоо хасагдсан. Бүтцийн нэгжийн жагсаалт шинэчлэн баталсантай холбогдуулан 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/38 дугаартай албан тушаалд томилох тушаалыг гаргасан.

Баяжуулах үйлдвэр 2 болж, ажил ихэссэн, харин уул, геологийн олборлолт багасан бодит нөхцөл үүссэн учраас ажлын байрны зураг авалт, нөхцөл байдлын үнэлгээ хийгээд Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар Салхит уулын баяжуулах үйлдвэрийн захиргааны хэсэгт байсан уурхайн дарга, баяжуулах үйлдвэрийн даргын орон тоог тус тус хасаж, оронд нь ахлах инженерийн орон тоо бий болж уурхайн даргын үүргийг өнөөдрийг хүртэл гүйцэтгүүлж байна. Энэ бүгдээс харахад ил уурхайн төлөвлөлтийн ахлах инженерийн орон тоо бодитойгоор хасагдаж байхгүй болсон.

Иймд бодитойгоор хасагдсан ил уурхайн төлөвлөлтийн ахлах инженерийн орон тоонд томилуулна гэж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч 2 сарын тэтгэмжийг хүлээж авсан.

2.2. Компанийн 179 ажилтнаас ажлын байр хасагдсан үндэслэлээр 8 хүн ажлаас халагдсан. Хөдөлмөрийн тухай хуульд заасан 10 хувьд хүрэхгүй. Бөөнөөр халах зохицуулалт үйлчлэхгүй.

2.3. Урамшуулал цалингийн хувьд ажилласан хугацаанд нь буюу ажилласан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэлийг үнэлж урамшуулал олгохоор журамласан байдаг. Ажиллаагүй учраас үр дүн гарахгүй, үр дүн байхгүй бол урамшуулал байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан “Э” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин болон урамшуулал цалинг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай Б.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Бгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 163,750 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.Бд олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Хэрэгт авагдсан ил уурхайн төлөвлөлтийн ахлах инженер болон ахлах инженер ажлын байрны тодорхойлолтуудыг харьцуулан судалбал, тухайн ажлын байранд гүйцэтгэх чиг үүрэг, ажлын байруудад тавигдах шаардлага, албан тушаалын зэрэглэл зэрэг нь ижил буюу хэвээр байгаа нь нотлогддог. Иймд, “хариуцагч байгууллага хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн, үйл ажиллагааныхаа цар хүрээнд тохируулан нэхэмжлэгчийн ажиллаж байсан ил уурхайн төлөвлөлтийн ахлах инженер ажлын байрыг хассан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үгүйсгэгдэж байна.

4.2. Хариуцагч байгууллагын Салхит уулын баяжуулах үйлдвэрийн Захиргааны хэсэгт “Ахлах инженер” ажлын байр шинээр бий болгосон гэх боловч дээр дурдсанаар уг ажлын байр нэхэмжлэгчийн ажиллаж байсан ил уурхайн төлөвлөлтийн ахлах инженер ажлын байртай ижил байгаа нь хариуцагчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т хэсэгт заасан үндэслэл бодит байдалд бий болоогүй.

Тухайлбал, шинээр бий болгосон гэх ахлах инженерийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан ил уурхайн төлөвлөлтийн ахлах инженер ажлын байрны тодорхойлолтод заасан салхит уулын баяжуулах үйлдвэрийн технологийн процессын горимыг тохируулах, хяналт тавих, үйлдвэрийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг үр ашигтай, оновчтой зохион байгуулах, төлөвлөх, удирдлагаар хангах зэрэг зохих шатны эрх хэмжээний шийдвэр гаргах хэрэгжүүлэх чиг үүрэг ижил байгаа нь “ахлах инженер” ажлын байрыг шинээр бий болгосон гэж үзэхгүй.

Нөгөөтэйгүүр, ил уурхайн төлөвлөлтийн ахлах инженер ажлын байранд хэрэгжүүлэх 25 чиг үүргийг ахлах инженер ажлын байранд дахь чиг үүрэгт 45 болгож нэмэгдүүлснийг тухайн ажлын байруудад хэрэгжүүлэх чиг үүрэг өөр гэж үзэх, цаашлаад ил уурхайн төлөвлөлтийн ахлах инженер ажлын байрыг хассан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан дээрх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Маргааны зүйл нь Б.Бг ажлаас чөлөөлөх тухай гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/78 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай юм. Нэхэмжлэгч тал маргаагүй үйл баримтуудын талаар дүгнэлт хийх эрхгүй.

Мөн нэхэмжлэгч тал гомдлын үндэслэлээ 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр, компанийн дүрэм, Компанийн тухай хуульд нийцсэн эсэх, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн гүйцэтгэх захирлын А/33 тоот тушаал, компанийн дүрэм, журам Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрт нийцсэн эсэх талаар тайлбарлаж маргадаг. Эдгээр үйл баримтуудад анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийсэн.

Нэхэмжлэгч захиргааны хэлтсийн ахлах гэсэн албан тушаалд миний ажлын байрыг шилжүүлсэн гэж маргадаг. Захиргааны хэлтсийн ахлах инженерийн албан тушаалын тодорхойлолт болон Б.Бгийн ажиллаж байсан албан тушаалын тодорхойлолтыг харьцуулан дүгнэсэн. Мөн анхан шатны шүүх Улсын дээд шүүхийн тогтоолыг хэрэглэж, хэргийн үйл баримтын талаар дүгнэсэн. Эдгээр эрх зүйн зохицуулалтыг үндэслэж, ажлын байр хасагдсан болохыг дүгнэсэн нь үндэслэлтэй.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв үнэлж, талуудын тайлбаруудыг харьцуулан дүгнэсэн. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан аль үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд буцаах хүсэлттэй байгаа нь тодорхойгүй байна.

Иймд нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, урамшуулал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулалт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. “Э” ХХК нь ажилтан Б.Бтай 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилтан нь тус байгууллагын Салхит уулын баяжуулах үйлдвэрийн ил уурхайн төлөвлөлтийн ахлах инженерээр ажиллаж байсан  талаар талууд маргаагүй.

 

3.2. “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/78 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4, 82 дугаар зүйлийн 82.1, 83 дугаар зүйлийн 83.1, 83.2 дугаар зүйл, “Э” ХХК-иййн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 04 дүгээр тогтоол, Компанийн дүрмийн 7.3.12, 7.3.14 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 11.2 дахь зүйл, Гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/33 дугаар тушаалаар батлагдсан “Бүтцийн нэгжүүдийн ажил мэргэжлийн жагсаалт шинэчлэн батлах тухай” тушаал, ажилтантай байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 11.2.4 дэх хэсгийг тус тус үндэслэн Салхит уулын баяжуулах үйлдвэрийн Ил уурхайн төлөвлөлтийн ахлах инженерийн ажлын байр хасагдсан гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан талаар анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

4. Нэхэмжлэгч хуульд заасан гомдол гаргах хугацааг зөрчөөгүй талаарх шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасантай нийцжээ.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу ажлын байр хасагдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлэхдээ ажилтанд бичгээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж баталгаажуулах журамтай.

“Э” ХХК-аас 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгчид түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөр дуусгавар болгон цуцлах болсон тухай бичгээр мэдэгдэхдээ агуулгыг орон тоо цөөрүүлсэн гэж дурдсан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан “Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” гэх үндэслэлийг давхар тэмдэглэсэн байна. Иймд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалд орон тоо хасагдсан гэсэн үндэслэл заасныг буруутгах боломжгүй.

 

6.1. Хариуцагч компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар тогтоолоор компанийн зохион байгуулалтын бүтэц батлахдаа  орон тооны хязгаарыг 179 байхаар шинэчлэн баталж,  гүйцэтгэх захирлын 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/63 тоот тушаалаар баталсан “Ажил, албан тушаалын жагсаалт”-ын “Салхит” уулын баяжуулах үйлдвэрийн Уул, геологийн хэсэгт Ил уурхайн төлөвлөлтийн ахлах инженерийн ажил албан тушаал байсан талаар талууд маргаагүй.

 

6.2.Тус байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөл нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 04 дугаар тогтоолоор Компанийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт хийхдээ нийт орон тоог 179 байхаар тогтоож, маргаан бүхий “Салхит” уулын баяжуулах үйлдвэрт 102 орон тоотой байхыг зааж, гүйцэтгэх захиралд зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгожээ.

Хариуцагч байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 17 тоот тогтоолоор баталсан “Э” ХХК-ийн Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны журмын 2.1.4-т зааснаар гүйцэтгэх захирал нь “Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарт багтаан ажлын байрны нэр, орон тооны жагсаалт, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах эрхтэй” байх байна. Иймд гүйцэтгэх захиралд дүрэм болон хуулиар бүтэц, зохион байгуулалт болон орон тоог батлах эрхийг олгоогүй гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ. 

Гүйцэтгэх захирлын  2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/33 дугаар тушаалаар компанийн бүтцийн нэгжүүдийн ажил мэргэжлийн жагсаалтыг батласан байх бөгөөд маргаан бүхий Ил уурхайн төлөвлөлтийн ахлах инженерийн ажлын байр хасагджээ.  

Хуулийн этгээд нь зохион байгуулалтын бүтэцээ өөрөө тодорхойлох, уг бүтцийн хүрээнд ажлын байр, албан тушаалын тоог тогтоох эрхтэй. 

Энэ эрхийн хүрээнд бүтцийн өөрчлөлт хийхдээ “Салхит” уулын баяжуулах үйлдвэрийн Уул, геологийн хэсгийн Ил уурхайн төлөвлөлтийн ахлах инженерийн ажил албан тушаалыг хассаныг буруутгах боломжгүй юм.  

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаан дээр Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, төлөөлөн удирдан зөвлөлд дүрмээр эрх олгогдсон эсэх асуудлаар маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэсний дагуу нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй болно.

 

7.1. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан ил уурхайн төлөвлөлтийн ахлах инженерийн ажлын байрны тодорхойлолтод заасан зарим чиг үүргийг ил уурхайн төлөвлөлтийн инженерийн ажлын байрны тодорхойлолтод шилжүүлсэн нь уг ажлын байр хадгалагдаж байгаа болон  ажлын байрны зөвхөн нэршил өөрчлөгдсөн гэж дүгнэхгүй юм. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

7.2. Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын  15.1.1-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална.” гэж заасан бөгөөд ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл нь орон тоо хасагдсантай холбоотой байна. Иймд албан тушаалын чиг үүрэг нь бүхэлдээ өөр албан тушаалд шилжсэн гэж дүгнэхгүй юм. 

 

8. Нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлгүй тул түүний гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олголвор, урамшуулал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулалт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасантай нийцжээ.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2023/01793 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгдтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.БАЯСГАЛАН

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.НЯМБАЗАР

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА