Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 323

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Их тамир сумын Хан-Уул баг Ужиг гэх газар оршин суух, Бор адуу овогт Ядгаагийн Өлзийсайхан /РД:АЙ65072805/-ы нэхэмжлэлтэй

Архангай аймгийн Хангай сумын “Ардын зориг” нэгдэлд 1981 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд төлчин, саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт бүхий иргэний хэргийг хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд:

            нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Сүлд-Эрдэнэ,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.

                                                            

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Я.Өлзийсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие 1965 ны 7-р сарын 28-ны өдөр төрсөн. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болсон тул хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүйн улмаас шүүхэд хандаж байна. Миний Архангай аймгийн Хангай сумын “Ардын зориг” нэгдэлд 1981 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1989 ны 12-р сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Сүлд-Эрдэнэ шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихдээ: Я.Өлзийсайхан нь 1965 оны 7-р сарын 28-ны өдөр төрсөн. Архангай аймгийн Хангай сумын “Ардын зориг” нэгдэлд 1981 оны 6-р сарын 1-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 30-ны өдрийг хүртэл тасралтгүй төлчин, саальчнаар ажиллаж байсан. Энэ хугацаанд ажиллаж байсан байдлыг нь нотлох хөдөлмөрийн дэвтэр нь шаардлага хангахгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж ажилласан жилээ тогтоолгох хүсэлттэй байна. Я.Өлзийсайханы бие муу Улаанбаатар хотод байгаа учир итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүх хуралдаанд оролцож байна гэв.

           

                        Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

                        Нэхэмжлэгч Я.Өлзийсайхан нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ хүрээнд зөвхөн Архангай аймгийн Хангай сумын “Ардын зориг” нэгдэлд 1981 оны 6-р сарын 1-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Я.Өлзийсайханы ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргасан тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт орсон гэж үзэв.

 

                        Нэхэмжлэгч Я.Өлзийсайхан нь Архангай аймгийн Хангай сумын “Ардын зориг” нэгдэлд 1981 оны 6-р сарын 1-ний өдрөөс 1989 оны 1-р сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд төлчин, саальчнаар ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

            1. Архангай аймгийн Архивын тасгаас олгосон:

                        - Я.Өлзийсайханы 1981 оны 6, 1982 оны 2-12, 1983 оны 6-12, 1984 оны 4-10, 12, 1985 оны 6-12, 1986 ны 1-12, 1987 оны 1-12, 1988 оны 5-8, 10-12, 1989 оны 4, 12 дугаар саруудад ажиллаж авсан цалингийн тодорхойлолт,

 

            2. Я.Өлзийсайханын ажиллаж байсан байдлын талаар

            гэрч Э.Самданпэрэнлэйн өгсөн ... Би 1972 оноос Архангай аймгийн Хангай сумын “Ардын зориг” нэгдлийн Чандмань, Тэрх бригадад тоо бүртгэгч, бригадын даргаар 1991 оныг хүртэлх хугацаанд тасралтгүй ажилласан. Я.Өлзийсайхан нь Архангай аймгийн Хангай сумын “Ардын зориг” нэгдлийн Тэрх бригадад 1980-аад оноос илгээлтээр мал дээр гарч 1991 оныг хүртэл малчин, саальчнаар тасралтгүй ажиллаж байгаад 1991 оноос Архангай аймгийн Цахир сум руу шилжсэн. Я.Өлзийсайханы аавыг Ядгаа, ээжийг нь Чимэдрэгзэн гэдэг байсан. Би Я.Өлзийсайхантай нэг бригадад хамт ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ ... гэх мэдүүлэг.

           

            Иймд нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бор адуу овогт Ядгаагийн Өлзийсайханы Архангай аймгийн Хангай сумын “Ардын зориг” нэгдэлд 1981 оны 6-р сарын 1-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд төлчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.БАДРАХ