Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01514

 

 

 

 

2023 08 02 210/МА2023/01514

 

Ш.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд, даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2023/002029 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ш.*******гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Галт тэрэгний даргын ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү 2,503,212 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын зөрүүг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдбаатар, Б.Энхтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Зорчигчийн вагон депод үйлчлэгч, засварчин, цехийн мастер, галт тэрэгний мастер, даргаар одоог хүртэл тасралтгүй 32 жил ажиллаж байна.

1.2. 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Замын-Үүд, Улаанбаатар чиглэлийн 295 дугаар галт тэргэнд ажил үүрэг гүйцэтгэж байх үед Сайншанд өртөөнд галт тэргэнд схемийн дагуу 129 номерын тээшний вагоныг холбох сэлгээний ажил хийгдсэн. Холбосны дараа 472, 129 номерын вагоны хооронд авто угсрааны тууш тэнхлэгийн дагуу вагон үзэгчид техникийн хэмжилт үзлэг хийж 110 мм-н зөрүү гарсан. Зөрүүг нягтлан үзэхийн тулд тээшний вагонд дахин сэлгээ хийж салган хоёр вагоны авто угсраанд нэг бүрчлэн хэмжилт хийсэн. Уг ажиллагаанаас шалтгаалан 25 минутын барилт гарсан.

1.3. Галт тэрэг нь Улаанбаатарт зурмагийн дагуу цагаараа зурмагийн тасалдал бусад зөрчилгүй ирсэн. Төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, төмөр замын тээврийг зохион байгуулах нь хамтын хөдөлмөрийн үр дүн байдаг. Дан ганц галт тэрэгний дарга тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг ганцаараа хангаад ажиллана гэж байдаггүй. Галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой ажилтнууд өөр өөрсдийн ажлын байрны зорилгын хүрээнд хэрэгжүүлэн ажилладаг. Миний бие дээрх галт тэрэгний 25 минутын техникийн үзлэг шалгалтын талаар албаны диспетчер, депогийн орлогч дарга, инженер, албаны дарга, орлогч нарт болсон асуудлын талаар газар дээр нь мэдээлэл өгсөн.

1.4. 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Зорчигчийн вагон депогийн орлогч дарга Ч.Мөнхбат шуурхай хурал хийж үр дүнгийн шагналыг 100 хувь хасах шийдвэрийг гаргасан юм. Гэтэл 2022 оны 12 дүгээр сарын 09-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн дарга Б.Юлхарсүрэн нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б-02 тоот тушаалаар нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Энэхүү тушаалыг хүлээн аваад удаагүй байхад дахин надад 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б-10 тоот тушаалаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг гаргасан байсан.

1.5. Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлаар намайг илэрхий хохироож байгаад гомдолтой байна. Надад сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр, тушаалын үндэслэлд дараах зөрчлүүдийг гаргасан гэж үзсэн байдаг.

Ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүргээ гүйцэтгэх, зорчигчийн галт тэрэгний аяллын өмнөх хяналтын үзлэгийг биечлэн хийж, зөрчлийг арилгуулж ажиллах, ажил үүрэг гүйцэтгэх үедээ диспетчер, тоо бүртгэгч-нарядчик болон холбогдох ажилтнуудтай мэдээллийг солилцож, уялдаа холбоотой ажиллах, хариуцсан цувааны хэмжээнд гарсан аливаа зөрчил, дутагдлыг тухай бүр ашиглалт эрхэлсэн орлогч дарга, ашиглалт хариуцсан инженерт мэдэгдэж мэдээ мэдээллээр хангах гарсан асуудалд шуурхай арга хэмжээ авч ажиллах, зорчигчийн галт тэргийг зурмагийн дагуу сааталгүй аялуулах, галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг өөрийн албан үүргийн хүрээнд биечлэн хангах, галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны үүргийн 3.1.6 дахь хэсэг, галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдал, мөн ажиллагааг бүрэн хангаж, хөдөлгөөний зурмагийг чанд биелүүлэх, зорчигч ачаа, ачаа тээшийг цаг тухайд нь тээвэрлэх, галт тэрэгний зурмагийг мөрдөх 3.1.19 дахь хэсэгт галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг бүрэн хангаж, хөдөлгөөний зурмагийг чанд биелүүлж ажиллах, мөн хөдөлгөөнийг оновчтой, шуурхай зохион байгуулах заалтуудыг тус тус биелүүлээгүй гэжээ.

Дээр дурдсан заалтуудыг би тухайн үед бүгдийг нь ханган биелүүлж ажилласан бөгөөд зурмагийн дагуу тасалдалгүй тэрэг аялсан төдийгүй би хөдөлмөрийн сахилга хүлээх хэмжээний зөрчил гаргаагүй атал үндэслэлгүйгээр буруутган миний хөдөлмөр эрхлэлттэй хамааралгүй асуудлаар шийтгэл ноогдуулсанд гомдолтой байна.

1.6. Ажил олгогч буруутай гэж үзсэн асуудлуудыг тухай бүр биелүүлж ажилласан, ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн, зорчигчийн галт тэрэгний аяллын өмнөх хяналтын үзлэгийг биечлэн хийж, зөрчлийг арилгуулж ажилласан, ажил үүрэг гүйцэтгэх үедээ диспетчер, тоо бүртгэгч-нарядчик болон холбогдох ажилтнуудтай мэдээллийг солилцож, уялдаа холбоотой ажилласан, мэдээллүүдийг цаг тухай бүр нь мэдээлж байсан, хариуцсан цувааны хэмжээнд гарсан аливаа зөрчил, дутагдлыг тухай бүр ашиглалт эрхэлсэн орлогч дарга, ашиглалт хариуцсан инженерт мэдэгдэж мэдээ мэдээллээр хангах гарсан асуудалд шуурхай арга хэмжээ авч ажилласан, зорчигчийн галт тэргийг зурмагийн дагуу сааталгүй аялуулсан, галт тэрэг цагийн хуваарийн дагуу Улаанбаатарт ирсэн, галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг өөрийн албан үүргийн хүрээнд биечлэн ханган ажилласан, хоёр вагоныг салган хэмжилт, техникийн үзлэгийг дахин хийлгүүлсэн, галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны үүргийн 3.1.6 дахь хэсэгт, галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдал, мөн ажиллагааг бүрэн хангаж, хөдөлгөөний зурмагийг чанд биелүүлсэн, зорчигч ачаа, ачаа тээшийг цаг тухайд нь тээвэрлэх, галт тэрэгний зурмагийг мөрдөх, 3.1.19 дэх хэсэгт галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг бүрэн хангаж, хөдөлгөөний зурмагийг чанд биелүүлж ажиллах, мөн хөдөлгөөнийг оновчтой, шуурхай зохион байгуулах заалтуудыг тус тус биелүүлээгүйгээ заалт надад шууд хамааралтай биш заалт бөгөөд хөдөлгөөний зурмагийг би шуурхай зохион байгуулдаг албан тушаалтан биш.

1.7. Нэг ажил дээр давхардуулан шийтгэл ноогдуулсан. Надад сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр нь бодит үндэслэлтэй болоогүй Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг бичгээр гаргана гэснийг зөрчин надад мэдэгдэхгүйгээр хоёр ч удаа сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг гаргаад байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7 дахь хэсэгт сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй гэж заасныг зөрчиж удаа дараа сахилгын шийтгэл ногдуулсан тушаал шийдвэрийг гаргасанд гомдолтой байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Ш.*******г Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэг, захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн тус нийгэмлэгийн даргын 2006 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 90 дүгээр тушаалаар 2006 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс галт тэрэгний даргаар ажиллуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24 дүгээр зүйлийг үндэслэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

2.2. Тус байгууллагын галт тэрэгний дарга Ш.******* нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Замын-Үүд өртөөнөөс зам тосолгооны 472 дугаар вагоныг 295 дугаар галт тэргэнд схемийн дагуу холбуулаагүй тул Сайншанд өртөөнд тээшний вагоныг залгахад авто угсрааны тэнхлэгт зөрүү гаран галт тэргийг 28 минут барьсан байна. Зорчигчийн вагон депогийн орлогч даргын удирдсан 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шуурхай хурлын тэмдэглэлээр галт тэрэгний дарга Ш.******* нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал болон заавал биелүүлэх үүрэг даалгаврыг биелүүлээгүй, зорчигчийн галт тэрэгний аяллын өмнөх хяналтын үзлэгийг биечлэн хийж, зөрчлийг арилгуулж ажиллаагүй тул Нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулахаар санал хүргүүлсэн байна.

2.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2, Байгууллагын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.2.2, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шуурхай хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн Зорчигчийн вагон депогийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б-02 дугаар тушаалаар галт тэрэгний дарга Ш.******* нь Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан замын орлогч даргын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн цахилгааны 2 дахь заалтыг хэрэгжүүлээгүй, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 295 дугаар галт тэргэнд Сайншанд өртөөнөөс зам төмрийн тосолгооны 472 дугаар вагоныг схемийн дагуу холбож найруулаагүй явуулсан тул нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. 

2.4. Дээрх тушаалыг Ш.*******д мэдэгдсэн боловч өөрийн биеэр ирж тушаалтай танилцан хүлээн аваагүй, уг тушаалыг нийт ажилтанд зарлах хэлбэрээр мэдэгдээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, Зорчигчийн вагон депогийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн хөдөлмөрийн дотоод журмын 14.2.18, хөдөлмөрийн гэрээний 3 дугаар сарын 3.2.3 дахь заалт, Зорчигчийн вагон депогийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шуурхай хурлын тэмдэглэл, шударга ёсны зарчмыг тус тус үндэслэн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгээгүй, Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан замын орлогч даргын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн цахилгааны 2 дахь заалтыг хэрэгжүүлээгүй, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 295 дугаар галт тэргэнд Сайншанд өртөөнөөс зам төмрийн тосолгооны 472 дугаар вагоныг схемийн дагуу холбож найруулаагүй явуулсан тул Зорчигчийн вагон депогийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б-10 дугаар тушаалаар 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс албан тушаал бууруулан вагоны үйлчлэгчээр ажиллуулах сахилгын шийтгэл ногдуулан, энэхүү тушаал гарсантай холбогдуулан 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б-02 дугаар тушаалыг хүчингүй болгосон байна.

2.5. Ш.*******гийн зүгээс хөдөлмөрийн сахилга хүлээх зөрчил гаргаагүй байхад үндэслэлгүйгээр буруутган миний хөдөлмөр эрхлэлттэй хамааралгүй асуудлаар шийтгэл ногдуулсан гэж үзэн тус нийгэмлэгийн дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан. Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс нь Засгийн газрын 2022 оны 153 дугаар тогтоолоор баталсан Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын дүрэм-ийн 1 дүгээр зүйлийн 1.1-т комисс нь хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэхтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулахаар заасны дагуу 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар уг гомдлыг хэлэлцээд талууд маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар харилцан тохиролцоогүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж заасны дагуу албан тушаал бууруулсан сахилгын шийтгэл ногдуулсан Зорчигчийн вагон депогийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б-10 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Ш.*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Зорчигчийн вагон депогийн галт тэрэгний даргын ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү 2,503,212 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн Ш.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Ш.*******гийн нэхэмжлэлтэй, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдох иргэний хэргийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 102/ШШ2023/02029 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэн дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргалаа.

 

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт 2.3-д "Галт тэрэгний дарга нь галт тэрэгний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, галт тэрэгний аюулгүй ажиллагааг бүрэн хангаж, батлагдсан зурмагийн дагуу сааталгүй аялуулах, аяллын өмнөх хяналтын үзлэгийг биечлэн хийж, зөрчлийг арилгуулж ажиллах чиг үүргийг хэрэгжүүлж ажиллахаар ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан бөгөөд Ш.******* ажил үүргээ гүйцэтгэхдээ...аяллын өмнөх хяналтын үзлэгийг хангалтгүй хийснээс галт тэргийг зурмагийн сааталгүй аялуулах үүргээ зөрчсөн, галт тэрэгний аюулгүй ажиллагааг бүрэн хангаж ажиллаагүйгээс түүнд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон." гэж шүүхээс дүгнэлт хийсэн нь хэрэгт авагдсан баримт болон Ш.*******д сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэлтэй нийцсэнгүй.

Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах бөгөөд шүүх дүгнэлт хийхдээ ажил олгогчийн сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлд хамааралгүй асуудлаар ажилтныг буруутгасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болоход нөлөөллөө.

 

4.1.1. Зорчигчийн вагон депогийн ашиглалт эрхэлсэн орлогч дарга Ч.Мөнхбат нь Улаанбаатар төмөр замын хөдөлмөрийн сахилгын бодлогын дагуу шийдвэрээ гарган галт тэрэгний даргын хувьд манай дадлага туршлагатай сайн ажилтан өөрийн алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрч байгаа цаашид анхаарч шагналт цалинг 50 хувь хасах, галт тэрэгний мастерын хувьд 50 хувь шагнал цалинг бууруулах болсон байдаг.

Өөрөөр хэлбэл ажил олгогч зурмагийн тасалдал гаргасан талаар огт хэлэлцээгүй, бодит байдал дээр галт тэрэгний хөдөлгөөний зурмагт тасалдал гараагүй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр үнэгүй болоход нөлөөллөө.

 

4.1.2. Харин хурлын тэмдэглэлийн бичиж гаргахдаа Ш.*******д нээлттэй сануулах сахилгын шийтгэл хүлээлгэхээр шийдвэрлэж, Зорчигчийн вагон депогийн дарга Л.Юлхарсүрэн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б-02 дугаар тушаалыг гаргаж, Ш.*******д мэдэгдсэн байдаг.

 

4.2. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 2.4-д "Зорчигчийн вагон депогийн шуурхай хуралдаанаар Ш.*******г оролцуулан тухайн асуудлыг хэлэлцсэн байх ба 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэхдээ Замын-Үүд өртөөнөөс 295 дугаар зам тосолгооны вагон залгахад авто угсрааны тэнхлэгт зөрүү гарсан, улмаар зурмагийн тасалдал үүсгэж галт тэргийг 28 минут барьсан үйл баримт тогтоогдсон, галт тэргэнд галт тэрэгний дарга...472 дугаар вагоныг цахилгааны дагуу холбуулаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь хурлын тэмдэглэл, бичгээр гаргасан тодорхойлолтоор тус тус тогтоогджээ. гэсэн дүгнэлтийг хийсэн. Энэ талаар шуурхай хуралдаанаар хэлэлцээгүй атал хэрэгт авагдсан баримтын хүрээнээс хальсан дүгнэлтийг шүүх хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй.

 

4.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.5-д Нийгэмлэгийн хөдөлмөрийн дотоод журмын 3.9-д заасны дагуу ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг шуурхай хуралдаанаар шийдвэрлэх," талаар шүүх дурдсан бол Хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 4-д Сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, бичгээр тайлбар авах ба сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн ажилтныг шууд харьяалах албан тушаалтны илтгэх хуудас эсхүл шуурхай хуралдааны (МТЗ-чдын ҮЭХ-ны төлөөллийг оролцуулсан) тэмдэглэлийг үндэслэл болгоно." /хх 83/ гэсэн зохицуулалтууд мөн хэрэгждэг.

 

4.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.6-д " Шуурхай хуралдааны үед гараар хөтөлсөн тэмдэглэлд.. *******гийн үр дүнгийн шагналыг 50 хувь бууруулахаар шийдвэрлэсэн байх /хх 111-121/ ба харин тэмдэглэлийг албажуулахдаа шийдвэрлэх хэсгийг "нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулах" гэж өөрөөр бичжээ. Хуралдааны үед бичсэн тэмдэглэлийг эх хувь гэж үзэх ба үр дүнгийн шагналыг бууруулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэг, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэлд тооцогдохгүй. Өөрөөр хэлбэл, шуурхай хуралдаанаар гаргасан зөрчлийг хэлэлцсэн боловч сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлээгүй гэж үзнэ" гэж үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Харин нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулахаар албажуулсан тэмдэглэлийг шийдвэрийн үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болсон.

Учир нь ажил олгогч 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б-02 дугаар тушаалаараа сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Энэ тушаалаа хүчингүй болгосон үндэслэлээ шүүхэд гаргасан тайлбартаа ажилтан гардаж авахгүй гэсэн учраас хүчингүй болгосон гэж тайлбарласан байдаг. Энэ талаар шүүх мөн л дүгнэлт хийсэнгүй.

 

4.5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.7-д "Нэхэмжлэгч Б-02 дугаар тушаалыг хүчингүй болгосон хэсэгт гомдол гаргаагүй, харин алба тушаал бууруулсан сахилгын шийтгэл ногдуулсныг эс зөвшөөрч маргасан байна гэсэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй.

Ажилтан тушаалыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй талаар маргах үндэслэл байхгүй юм. Харин тушаалыг хүчингүй болгосон үйл баримт нь маргаан бүхий тушаал үндэслэлтэй эсэхэд хамаарах үйл баримт ажил олгогч ажилтанд хариуцлага хүлээлгэхээр 2 удаа тэмдэглэл үйлдэж, 3 удаа тушаал гаргахдаа ажилтны хөдөлмөрлөх эрхэд илэрхий хууль бус үйлдэл удаа дараа хийсэн байгаад шүүх дүгнэлт хийсэнгүй төдийгүй, ажил олгогчийн хурлын тэмдэглэлээр шийдвэрлэсэн асуудал, хурлын тэмдэглэлийг үгүйсгэсэн атлаа сахилгын шийтгэл ногдуулахыг зөвтгөх зэргээр хэт нэг талыг барьж хэргийн үйл баримтад үнэлэлт дүгнэлт өгсөн нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болоход нөлөөллөө.

 

4.6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.7-д Түүнчлэн Зорчигчийн вагон депогийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-25 дугаар тушаалаар Б-10 тушаалын 1 дэх заалтад 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар галт тэргэнд гэснийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 295 дугаар галт тэргэнд... гэж /хх 37/ өөрчилжээ. гэсэн дүгнэлт хийсэн. Ажил олгогч ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг гаргаж, ажилтны хөдөлмөрлөхтэй холбоотой эрхийг зөрчиж байх атлаа тушаалд 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өөрчлөлт оруулсан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д "Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна." гэж заасан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах 1 сарын хугацааг хэтрүүлэн тушаал гаргасан гэж үзэх үндэслэлтэй юм.

 

4.7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.8-д "Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.2.18 дахь заалтыг үндэслэл болгосон боловч "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Ерөнхий хорооны 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хурлын 3 дугаар протоколын 2 дугаар хавсралтаар баталсан Улаанбаатар төмөр зам"-ын хөдөлмөрийн дотоод журамд 14 дүгээр зүйлийн 14.2.18 гэсэн заалт тусгагдаагүй /хх 67-84/ байна.

Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн баталсан байх ба энэ журмын 14 дүгээр зүйлийн 14.2-т сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалт 14.2.4-д албан тушаал бууруулах шийтгэл тусгагджээ.

Өөрөөр хэлбэл тушаалд зүйл, заалт алдаатай бичсэн байх ба энэ нь сахилгын шийтгэл ногдуулахгүй байх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий мөн л болсонгүй. Ажил олгогч ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн тушаал шийдвэрийг гаргаж, энэхүү илэрхий алдаатай байхад шүүх үүнийг нөхөн зөвтгөж байгаа нь үндэслэлгүй юм.

 

4.8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.8-д "Шуурхай хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн гаргасан нь сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон байна." гэж дүгнэлт хийсэн. Гэтэл шүүхээс шуурхай хуралдааны шийдвэрийг үндэслэсэн эсэхэд дүгнэлт хийсэнгүй.

 

4.9. Мөн Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.8-д " Харин тушаалын 1 дэх заалтад Галт тэрэгний даргын ажлын байрны тодорхойлолтын хэд хэдэн заалтыг биелүүлээгүй гэж заасан нь хөдөлмөрийн сахилгын зөрчилд тооцохгүй." гэсэн дүгнэлтийг мөн хийсэн. Энэ дүгнэлтийг хийсэн нь шүүх уг тушаалыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байдаг. Өөрөөр хэлбэл сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд заасан зарим зөрчлүүдийг шүүх зөрчил биш гэж дүгнэжээ.

 

4.10. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.9-д "Галт тэрэгний дарга 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэхдээ Замын-Үүд өртөөнөөс 295 дугаар галт тэргэнд зам тосолгооны 472 дугаар вагоныг схемийн дагуу холбуулаагүйгээс Сайншанд өртөөний тээшний вагон залгахад авто угсрааны тэнхлэгт зөрүү гарсан, улмаар зурмагийн тасалдал үүсгэж, галт тэргийг 28 минут барьснаас галт тэрэгний дараагийн өртөөний зогсох хугацаа багасах, цагийн тасалдлыг арилгахын тулд хурд өөрчлөгдөх зэргээр тээврийн хэрэгслийн аюулгүй байдал алдагдах, зорчигчийн амь нас, эрүүл мэнд, ачаа тээврийг эрсдэлд оруулах ноцтой нөхцөл байдлыг бий болгожээ." гэж шүүх дүгнэсэн байна.

Төмөр замын мэргэжлийн инженер, ажил олгогч хийгээгүй, дээрх үндэслэлээр ажилтныг буруутгаж сахилгын шийтгэл хүлээлгээгүй атал шүүх дээрх дүгнэлтийг хийсэн нь хийсвэр төдийгүй нотлох баримтад үндэслээгүй илэрхий үндэслэлгүй дүгнэлт болсон.

Хэрэгт авагдсан баримтаар Замын-Үүд өртөөнөөс 295 дугаар галт тэргэнд зам тосолгооны 472 дугаар вагоныг схемийн дагуу холбуулаагүйгээс Сайншанд өртөөний тээшний вагон залгахад авто угсрааны тэнхлэгт зөрүү гарсан" гэсэн баримт хаана ч байхгүй үндэслэлгүй, Улаанбаатар төмөр замын галт тэрэгний хөдөлгөөний зурмагийн тасалдал үүсээгүй, мөн илчит тэрэгний машинч тогтоосон хурдыг хэтрүүлэх боломжгүй гэдгийг шүүх анхаарч үзсэнгүй.

 

4.11. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.9-д "Түүнчлэн 295 дугаар галт тэрэг Улаанбаатар өртөөнд хугацаандаа ирсэн гэх боловч энэ нь хариуцлага тооцохгуй байх үндэслэл болохгүй гэж дүгнэж байгаа нь энэ хэрэгт хамааралгүй үйл баримтыг дурдсан гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх хэргийн бодит үндэслэлийг хэргийн үйл баримтад тулгуурлан үнэн зөв дүгнэлт хийсэнгүй, тушаалын хууль зүйн үндэслэлийг дүгнэхдээ илэрхий алдаатай дүгнэлт хийсэн байх тул дээрх үндэслэлүүдээр Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болоод үндэслэл бүхий болоогүй гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргалаа.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 102/ШШ2023/02029 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон.

 

5.1. Төмөр замд 32 жил ажилласан хүн давуу байдлаа ашиглаад 28 минутын зурмагийн тасалдлыг нуун дарагдуулсан.

 

5.2. Замын-Үүдээс хөдлөх үед тосолгооны галт тэрэгний зүтгүүрийг хойд талыг бэхлэж явуулах үүрэг өгсөн. Гэтэл тосолгооны галт тэргийг хамгийн хойд талд нь холбосон байдаг.

 

5.3. Сайншанд өртөө дээр тээшийн вагон холбоход 2 вагоны хоорон дахь заагт 11 см зөрүү гарсан. Зурмагийн тасалдал 28 минутаар гарсан талаар шууд Улаанбаатар төмөр замын шуурхай удирдлагын штабт утсаар мэдэгдэх ёстой. Үүний дараа тус зурмагийн тасалдалт болох 28 минутыг ямар байдлаар нөхөх талаарх тушаалыг замын хөдөлгөөн эрхэлсэн орлогч дарга өгнө.

Галт тэрэгний дарга зорчигчийн амь нас, аюулгүй байдлыг хангах, галт тэргийг цагийн хуваарийн дагуу явуулах үүрэг хүлээдэг. Галт тэрэгний дарга схем, технологийн дагуу аялуулах, биелсэн эсэхэд хяналт тавих үүрэгтэй.

5.4. Хот хоорондын замд хурд хаана хэтрүүлсэн гэдгээ нуун дарагдуулсан. Эсхүл Чойр өртөөн дээр 40 минут зогсохыг 12 минут болгож багасгаж зогссон гэж үзвэл явах эд ангид үзлэг хийлгэхгүйгээр явуулсан байх ноцтой зөрчлийг нуун дарагдуулсан. 28 минут зурмаг тасалдсан гэдэгт маргаагүй.

Өөрөөр хэлбэл, Төмөр замын тээврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан зурмагийн тасалдалгүй ажиллах, байнгын хяналттай байх 2 үндсэн зарчим алдагдсан. Хурал удирдаж байгаа хүн зөвхөн санал оруулдаг бөгөөд шийдвэрийг тухайн салбар нэгжийн дарга гаргана.

5.5. Нэхэмжлэгч нь албан тушаал бууруулсан сахилгын шийтгэлийг зөвшөөрөөд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан галт тэрэгний даргын ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү 2,503,212 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын зөрүүг нөхөн төлүүлэх тухай гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-4 дугаар тал, 1хх 31-32 дугаар тал/

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4. Хэргийн үйл баримтын талаар:

 

4.1. Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депогийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б-02 дугаар тушаалын 1 дэх заалтаар Галт тэрэгний дарга Ш.******* нь Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан замын орлогч даргын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн цахилгааны 2 дахь заалтыг хэрэгжүүлээгүй, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 295 дугаар галт тэргэнд Сайншанд өртөөнөөс зам төмрийн тосолгооны 472 дугаар вагоныг схемийн дагуу холбож найруулаагүй явуулсан тул нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсугай гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2, Байгууллагын дүрмийн 4.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 14.2.2, Зорчигчийн вагон депогийн ашиглалт хариуцсан орлогч даргын удирдсан 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шуурхай хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэл болгож Ш.*******д сахилгын шийтгэл ногдуулжээ./1хх. 36 дугаар тал/

 

4.2. Улмаар Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депогийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б-10 дугаар тушаалаар 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б-02 дугаар тушаалыг хүчингүй болгож, Галт тэрэгний дарга Ш.*******д ногдуулсан сахилгын шийтгэлийг өөрчилсөн байна./1хх. 34-35 дугаар тал/

 

4.3. Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депогийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б-10 дугаар тушаалын 1 дэх заалтаар Галт тэрэгний дарга Ш.*******д Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, Зорчигчийн вагон депогийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.2.18, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3. дахь заалт, шуурхай хурлын шийдвэрийг тус тус үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн вагоны үйлчлэгчээр ажиллуулах сахилгын шийтгэл ногдуулсан./1хх. 34-35 дугаар тал/

 

Тухайн сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээ ажлын байрны тодорхойлолтод заагдсан Зорчигчийн галт тэрэгний аяллын өмнөх хяналтын үзлэгийг биечлэн хийж, зөрчлийг арилгуулж ажиллах, Ажил үүрэг гүйцэтгэх үедээ диспетчер, тоо бүртгэгч-нарядчик болон холбогдох ажилтнуудтай мэдээллийг солилцож, уялдаа холбоотой ажиллах,

Хариуцсан цувааны хэмжээнд гарсан аливаа зөрчил, дутагдлыг тухай бүр ашиглалт эрхэлсэн орлогч дарга, ашиглалт хариуцсан инженерт мэдэгдэж мэдээ мэдээллээр хангах, гарсан асуудалд шуурхай арга хэмжээ авч ажиллах,

Зорчигчийн галт тэргийг зурмагийн дагуу сааталгүй аялуулах,

Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг өөрийн албан үүргийн хүрээнд биечлэн хангах,

мөн Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны үүргийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдал, мөн ажиллагааг бүрэн хангаж, хөдөлгөөний зурмагийг чанд биелүүлж ажиллах, мөн хөдөлгөөнийг оновчтой, шуурхай зохион байгуулах, заалтуудыг тус тус биелүүлээгүй, Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан замын орлогч даргын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн цахилгааны 2 дахь заалтыг хэрэгжүүлээгүй, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар галт тэргэнд Сайншанд өртөөнөөс зам төмрийн тосолгооны 472 дугаар вагоныг схемийн дагуу холбож найруулаагүй явуулсан гэжээ. /1хх 40-43 дугаар тал/

 

4.4. Улаанбаатар төмөр замын зорчигчийн вагон депогийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-25 дугаар Тушаалд өөрчлөлт оруулах тухай тушаалаар Байгууллагын даргын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б-10 дугаар тушаалын 1 дүгээр заалтын ...2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар галт тэргэнд гэснийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 295 дугаар галт тэргэнд ... гэж өөрчилсүгэй гэх агуулгаар өөрчилсөн байна. /1хх. 37 дугаар тал/

5. Ш.*******гийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн зөрчилд Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депогийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б-10 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.

 

6.а. Анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэхдээ Замын-Үүд өртөөнөөс 295 дугаар галт тэргэнд зам тосолгооны 472 дугаар вагоныг схемийн дагуу холбуулаагүйгээс Сайншанд өртөөнд тээшний вагон залгахад авто угсрааны тэнхлэгт зөрүү гарсан, улмаар зурмагийн тасалдал үүсгэж галт тэргийг 28 минут барьсан  үйл баримт тогтоогдсон, вагоныг цахилгааны дагуу холбуулаагүй зэрэг зөрчил гаргасан талаар зөв дүгнэжээ.

 

6.б. Нэхэмжлэгч нь Зорчигчийн вагон депогийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шуурхай хуралдаанд өөрийн бурууг зөвшөөрсөн агуулгатай тайлбар гаргасан болох нь хурлын тэмдэглэл, бичгээр гаргасан тодорхойлолтоор нотлогдож байна. /1хх 50-56, 110-121 дүгээр тал/

 

6.в. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн улмаас Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт болон бусдад хохирол учраагүй боловч төмөр замыг зурмагийн тасалдал 28 минутаар үүсгэсэн үйл баримтыг галт тэрэгний  дараагийн өртөөнд зогсох хугацаа багасах, цагийн тасалдлыг арилгахын тулд хурд өөрчлөгдөх зэргээр тээврийн хэрэгслийн аюулгүй байдал алдагдах, зорчигчдын амь нас, эрүүл мэнд, ачаа тээврийг эрсдэлд оруулах ноцтой нөхцөл байдлыг бий болгосон талаар анхан шатны дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

7. Ш.*******д Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх хэсэгт заасан албан тушаал буруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн үндэслэлгүйгээр албан тушаал буруулах сахилгын шийтгэл ногдуулсан гэх агуулгатай гомдол үндэслэлгүй.

 

7.а. Ш.*******д сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан байдал баримтаар тогтоогдохгүй, Ч.*******д ногдуулсан нээлттэй сануулах шийтгэлийг хүчингүй болгож, ажил олгогч нь гаргасан зөрчилд тохирсон шийтгэлийг сонгож ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 123.7 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Ажил олгогч нь сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг үндэслэл муутай гэж үзсэн тохиолдолд өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй тул нээлттэй сануулах шийтгэл ногдуулсныг өөрчилж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэлээр сольсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

 

8. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн дотоод журмын 14.4 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэл ногдуулах журам зөрчсөн гэх агуулгатай давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар ажилтанд мэдэгдэж, тайлбар авсан, мөн зөрчлийг шуурхай хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 14.4 дэх хэсэгт нийцжээ.

 

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2023/02029 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

С.ЭНХБАЯР