Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
Хэргийн индекс | 130/2016/00118/И |
Дугаар | 212/МА2016/00014 |
Огноо | 2016-06-30 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 212/МА2016/00014
Х.Нын нэхэмжлэлтэй, А.Хийн сөрөг
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 211 дүгээр шийдвэртэй, тус аймгийн Дэлүүн сумын 10 дугаар багт оршин суух Ж овогт Хын Нын нэхэмжлэлтэй, Өлгий сумын 8 дугаар багт оршин суух Т овогт Айн Хт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгч Х.Н, хариуцагчийн өмгөөлөгчид А.С, С.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: А.Хаас А хүнсний дэлгүүрийн худалдагчаар болон гэрийн үйлчлэгчээр ажилласан ажлын хөлс болох 953000 төгрөг, барьцаанд авсан дээд боловсролын диплом, өдөр тутам өмсөж байсан хувцас хунараа гаргуулах тухай.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Х.Наас дутаасан барааны үнэ 2514240 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэлийн агуулга: Би 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр иргэн Т, А.Х нарын А хүнсний дэлгүүрт худалдагчаар ажилд орсон бөгөөд сарын цалин 200000 төгрөг авахаар дэлгүүрийн эзэнтэй тохиролцож, 2015 оны 5 дугаар сарын 01-нээс 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл дэлгүүрт худалдагчаар, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл тэдний гэрийн үйлчлэгчээр ажилласан. Ажилласан хугацаанд А.Х нь нэг ч удаа бэлэн мөнгөөр цалин хөлс өгч байгаагүй, дэлгүүрээс бараа өгдөг байсан. Надад ажлын хөлс гэж нийт 600000 төгрөгтэй тэнцэх хэмжээний бараа материал, эд хөрөнгө өгсөн. Уг дэлгүүрт би 6 сар 8 хоног ажилласан. Ажлын хөлсөнд 1235000, гэрийн үйлчлэгчээр 2 сар ажилласан бөгөөд ажлын хөлсөнд 300000 авах ёстой. Үүнээс 600000 төгрөгтэй тэнцэх хэмжээний бараа авсан тул үлдсэн 953000 төгрөгийг хариуцагч А.Хаас нэхэмжилж байна. Анх ажилд орсон 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр А.Х миний дээд боловсролын дипломыг барьцаанд авсан бөгөөд худалдагчаар ажилласан үед зарим үйлчлүүлэгч /Н/ нарт зөвшөөрөлгүй зээл өгсөн гэж миний ажлын хөлснөөс 150000 төгрөгийг суутгасан ба үүнийг би хүлээн зөвшөөрч ажлын хөлснөөс нөхөн төлж байсан. Гэтэл намайг хөдөө явсан хойгуур 2015 оны 11 дүгээр сард зээлдэгч Н нь А дэлгүүрт орж ирэхэд дэлгүүрийн эзэн Хын нөхөр Т гэгч миний цалингаас гаргуулж авсан 150000 төгрөгийг иргэн Наас давхар нэхэж хэрэлдэн улмаар түүнийг зодож биед нь гэмтэл учруулснаар Н нь цагдаагийн байгууллагад хандсан. Т, А.Х нар Над 1000000 төгрөг өгч учруулсан хохирлыг арилгасан. Гэтэл А.Х нь өөрийн нөхрийн гэм буруугийн улмаас бусдад учруулсан хохирол төлсөн 1000000 төгрөгийг чиний зөвшөөрөлгүй олгосон зээлийн улмаас миний нөхөр хүн зодож бид 1000000 төгрөгийн хохирол хүлээсэн үүнийг чи төлөх ёстой, мөнгөө өгөөд юмаа ав гэж хэлээд диплом, тэдний гэрт орхиж явсан зайлшгүй хэрэгцээт өдөр бүр өмсөж, хэрэглэж байсан хувцас хунарыг барьцаалж авсан. Иймд ажлын хөлсний мөнгө болох 953000 төгрөг болон барьцаанд байгаа дээд боловсролын диплом, өдөр бүр өмсөж хэрэглэх хувцас хунарыг хариуцагч А.Хаас шүүхийн журмаар гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн тайлбарын агуулга: Би А хүнсний дэлгүүр ажиллуулдаг бөгөөд худалдагч шалгаруулж авахаар телевизэд зар өгч улмаар Х.Ныг ажилд авч, сарын 200000 төгрөгийн цалин өгч байхаар тохиролцсон. Мөн гэрийн үйлчлэгчээр ажиллуулахыг тулд 150000 төгрөгийг цалин өгөхөөр тохиролцсон нь үнэн. Х.Н нь тухайн үед хариуцуулж өгсөн эд бараанаас бусдад миний зөвшөөрөлгүйгээр өгч багагүй хэмжээний хохирол учруулаад байна. Ингэхдээ 43 иргэнд 88 удаагийн үйлдлээр зээл өгсөн болох нь Х.Нын хувийн дэвтэрт бичигдсэн баримтаар, мөн өөрийнх нь хүлээн зөвшөөрсөн тайлбараар нотлогдсон юм. Гэтэл нэхэмжлэгч үүнийг намайг зээл олгохыг зөвшөөрсөн учраас зээл олгож байсан мэтээр тайлбарлажээ. Эдгээр хүмүүсийн зээл авч байсныг тухайн үед Х.Н надад огт хэлж байгаагүй, тэмдэглэлийн дэвтэрт ч гэсэн энэ тухай байхгүй байсан. Би хүн чанар гаргаад Х.Нд өөрт нь хандаж яахав чи зээл өгсөн хүмүүсийн нэрийг хэлчих би өөрөө тэр хүмүүсээс шаардаж авъя гэж хэлж байсан. Гэтэл Х.Н утсаа салгачхаад тэр чигтээ алга болсон. Одоогийн байдлаар Х.Нын надад учруулсан бодит хохирол 6537925 төгрөг болж байна. Үүнээс түүний нэхэмжилж буй цалин хөлсийг хасаж тооцоход 5236920 төгрөгийг бодит хохирол үлдээд байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Би энэ талаар нотлох баримтаа бүрдүүлж байгаад сөрөг нэхэмжлэл гаргах болно. Би Х.Нын диплом, хувцас хунарыг нь хүчээр булааж аваагүй, өөрөө зээлийн төлбөртөө барьцаалсан юм. Хэрэв Х.Н миний хохирлыг арилгасан тохиолдолд түүний шаардаж байгаа диплом, эд зүйлүүдийг өгөхөд татгалзах зүйлгүй болно. гэжээ.
Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн агуулга: Х.Ныг худалдагчаар авч ажиллуулахдаа түүнд нийт 8847140 төгрөгийн үнэ бүхий хүнсний эд барааг хүлээлгэж өгсөн. 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр тооцоо хийхэд Х.Н надад 528700 төгрөгийг хувьдаа хэрэглэсэн болохыг хэлсэн. Уг мөнгийг цалингаасаа хасуулъя гэсэн. Үүнээс хойш дур мэдэн кассаас мөнгө авч болохгүй талаар мөн хүмүүст дур мэдэн зээл өгөхгүй байх талаар хатуу сануулж 528700 төгрөгөөс цалин болох 200000 төгрөгийн хасаж үлдсэн 328700 төгрөгийг авч ирсний дараа тооцоо хийхээр болсон. Тэгээд 10 хоногийн дараа надад 100000 төгрөг, дахиад 10 хоногийн дараа 40000 төгрөгийг авч ирж өгсөн. Тэр өдрөөс хойш би хувийн ажил болох байшин барьж завгүй байсан учраас 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тооцоо хийхэд 1928620 төгрөгийн бараа дутсан. Дутсан дээрх мөнгөнөөс 1200000 төгрөгийн цалинг суутгахад цаана нь 728620 төгрөг үлдэж байсан. Уг дутсан 728620 төгрөгийг Х.Н надад бусдад өгсөн зээл хэмээн тайлбарлаж, мөн үүнийг хэн хэн авсан талаарх тэмдэглэлийг үзүүлж байсан. Зээл өгсөн зарим хүмүүсийг өөрийн тэмдэглэлийн дэвтэрт тэмдэглээгүй болохыг би сүүлд олж мэдсэн. Би тэр үед Х.Н миний эд хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулж байж гэдгийг мэдсэн. Дахин хянахад бараа хүлээлгэж өгсөн дэвтрээс 4 хуудас орхигдуулан тоолуулсан байсан. Утсаар 3-4 удаа дуудаж дахин тооцоо хийх талаар хэлэхэд хөдөө явна гэх шалтгаанаар ирээгүй. 2016 оны 03 дугаар сарын 10-14-ны хооронд дахин тооцоо хийж иргэн Х.Н нь тухай үед хариуцуулж өгсөн эд бараанаас миний зөвшөөрөлгүйгээр бусдад бараа өгч тарааж 5791540 төгрөгийн хохирол учруулсан. Ингэхдээ 45 иргэнд 88 удаагийн үйлдлээр зээл өгсөн болох нь Х.Нын хувийн дэвтэрт бичигдсэн баримтаар, мөн өөрийнх нь хүлээн зөвшөөрсөн тайлбараар нотлогдсон юм. Нийт дутсан 5791540 төгрөгийн тараасан зээл 1777300 төгрөг, 1063000 төгрөгийг өөрсдөө цуглуулан авсан, авч чадаагүй үлдэгдэл 714300 төгрөг, цалин 1500000 төгрөг хасаж тооцлоо гэхэд цаана нь 2514240 төгрөгийн бодит хохирол үлдээд байна. Иймд Х.Нын надад учруулсан бодит хохирол болох нийт 2514240 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулан шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулж гаргасан тайлбарын агуулга: А.Хын надаас нэхэмжилж байгаа 2389390 төгрөг нь ямар ч үндэслэлгүй байна. Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө тооцоо хийхэд ямар нэгэн зөрүү гараагүй, нэхэмжлэгч бараа материалаа бүрэн хүлээж авсан ба надаас өөрийн нөхрийн гэм буруугийн улмаас бусдад учруулсан хохиролд төлсөн 1000000 төгрөгийг нэхэж миний эд зүйлийг барьцаалж авсан юм. Миний бие нэхэмжлэгчийн гаргасан тооцоог хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч энэ асуудлыг шүүх өөрөө шийдвэрлэнэ чи гарын баримт үйлдэж нотариатаар баталгаажуулаад өг энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй гэж хууран мэхлэх замаар надаас гарын баримт авсан юм. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад 2389390 төгрөг гаргуулахаар заасан боловч нэхэмжлэлийн сүүлд 2514240 төгрөг гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэж 125000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд түүний хийсэн тооцоо нь буруу болох нь үүнээс илт харагдаж байна. Иймд нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 211 дүгээр шийдвэрээр: 1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Т овогт Айн Хаас 957131 /есөн зуун тавин долоо мянга нэг зуун гучин нэгэн/ төгрөг гаргуулан мөн Х.Нын Монгол Улс Эрүүл мэндийн шинжлэх ухааны Их сургууль Говь-Алтай аймаг дахь салбар сургуулиас олгосон Монголын Уламжлалт эмнэлгийн сувилагч мэргэжлийн 201401065 дугаартай диплом, болон түүний өдөр тутам өмсдөг хувцас хунарыг нь тус тус гаргуулж Ж овогт Хын Нд олгож, Ж овогт Хын Наас 3057109 /гурван сая тавин долоон мянган нэг зуун есөн/ төгрөгийг гаргуулж Т овогт Айн Хт олгосугай; 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 тус тус зааснаар нэхэмжлэгч Х.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97622 төгрөг, А.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55178 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Хаас 97721 төгрөгийг гаргуулж Х.Нд олгож, Х.Наас 63864 төгрөг гаргуулж А.Хт олгосугай. гэж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.Нын нэхэмжлэлийг хүлээж авахдаа хуульд заасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг бүрэн аваагүй бөгөөд шүүх тэмдэгтийн хураамж төлөөгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Үүний дагуу тухайн эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байх ёстой. Хариуцагч нь тухайн эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор өмчлөгчийн зөвшөөрлөөр түүний эд зүйлсийг эзэмшиж байсан. Энэхүү эд хөрөнгө барьцаалах явдал нь Иргэний хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга бөгөөд үүнийг хууль бус арга гэж үзэхгүй. Шүүх хариуцагчаас 957131 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг хариуцагч өөрт учирсан хохирлоос хасаж нэхэмжилсэн байхад шүүх тухайн нотлох баримтуудыг дутуу үнэлэн тухайн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь хууль бус болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын агуулга: А.Х бид хоёрын дунд Хөлсөөр ажиллах гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан болохыг анхан шатны шүүх тогтоосон ба үүнийг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн. Би анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үнэлэх боломжгүй эд хөрөнгөд 70200 төгрөг, мөнгөн дүнд 27.422 төгрөг, нийт 97622 төгрөг төлсөн байхад тэмдэгтийн хураамж төлөөгүй гэж маргаж байгааг ойлгохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсгийг хэвээр үлдээж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн учраас шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна. Дараах үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3.-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, мөн зүйлийн 168.3.-т зааснаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
1. Нэхэмжлэгч Х.Н нь хариуцагч А.Хт холбогдуулан (1) ажлын хөлс 953000 төгрөг, (2) дээд боловсролын диплом, (3) худалдагчаар болон үйлчлэгчээр ажиллах хугацаанд өдөр тутам хэрэглэж байсан хувцас хунар зэргийг гаргуулахаар шаардсан бөгөөд түүний хувцас хунар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх тодруулалгүйгээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т заасан агуулгад нийцээгүй байна. Хувцас хунар гэдэг нь хүний биед өмсч хэрэглэх эдийн ерөнхий нэр бөгөөд Х.Н нь чухам ямар хувцасаа хариуцагчаас нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байхад шүүх маргааныг шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгч нь хариуцагчаас ажлын хөлс 953000 төгрөг гаргуулахаар шаардаж үүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 27422 төгрөг төлсөн, харин хариуцагч нь нэхэмжлэгчээс дутаасан, бусдад зээлээр тараасан барааны үнэ буюу хохирол 2514240 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, улсын тэмдэгтийн хураамжид 55178 төгрөг төлсөн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмаар нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тус тус ихэсгээгүй байхад анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчаас 957131 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчээс 3057109 төгрөг гаргуулж, хариуцагчид олгохоор шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг алдагдуулжээ. Түүнчлэн, мөн зүйлийн 6.6.-д заасан Нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана. гэсэн заалтыг шүүх зөрчсөнөөс гадна хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т заасан маргааныг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх агуулгыг анхаараагүй байна.
3. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн талаар дүгнэхдээ 1500000 төгрөгөөс нэхэмжлэгчийн авах ёстой гэх 957131 төгрөгийг хасч, гарсан дүнг сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд нэмж, нийт 3051109 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан, хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаагүй, үндэслэлгүй болжээ. Энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэстэй.
Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргасан шийдвэрийг үндэслэлтэй байх шаардлагыг хангасан гэж үзэх бөгөөд сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн шүүхийн дээрх дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.3.-т заасан журмыг зөрчсөн, баримтанд үндэслэгдээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
4. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулан үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулах, түүнчлэн үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдлыг шаардах эрхийн талаарх Иргэний хуулийн үүрэг гүйцэтгэхтэй холбоотой хэрэглэвэл зохих зохицуулалтыг тайлбарлаж хэрэглээгүй байна. Шийдвэрийн Тогтоох хэсэгт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 359 дүгээр зүйлийн 359.1.-т заасныг баримтлан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хангаж шийдвэрлэсэн боловч Үндэслэх хэсэгт материаллаг хуулийн заалтыг тайлбарлаж хэрэглээгүй, маргааны үйл баримтын талаар хууль зүйн болон бодит үндэслэлийг үнэлж, дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т нийцээгүй.
Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 97620 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагч А.Хт буцаан олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 211 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97620 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, хариуцагч А.Хт буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН
С.ӨМИРБЕК