| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2017/0761/З |
| Дугаар | 221/МА2019/0345 |
| Огноо | 2019-06-20 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2019/0345
“Т” ХХК болон нэр бүхий
7 компанийн нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч О.Номуулин, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч “Т” ХХК-ийн өмгөөлөгч Б.Б, нэхэмжлэгч “Г” ХХК-ийн өмгөөлөгч Д.Х, нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, түүний өмгөөлөгч Ц.М, нэхэмжлэгч “С Б Э Э” ХХК-ийн төлөөлөгч С.Н, нэхэмжлэгч “А” ХХК-ийн төлөөлөгч С.А, нэхэмжлэгч “СС” ХХК-ийн төлөөлөгч Э.Ам, нэхэмжлэгч “СС” ХХК болон “С Б Э Э” ХХК-уудын өмгөөлөгч Б.Ц, нэхэмжлэгч “ТЗ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, С.Энхжаргал, гуравдагч этгээд “ХБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.И нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0233 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Т” ХХК, “Г” ХХК, “М” ХХК, “СС” ХХК, “С Б Э Э” ХХК, “А” ХХК, “ТЗ” ХХК-уудын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0233 дугаар шийдвэрээр: ”Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2, 43 дугаар зүйлийн 43.1, Газрын хэвлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн “Т” ХХК, “М” ХХК, “Г” ХХК, “СС” ХХК, “С Б Э Э” ХХК, “А” ХХК, “ТЗ” ХХК-уудад холбогдох хэсгийг хүчингүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК, “М” ХХК, “Г” ХХК, “А” ХХК, “ТЗ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан тус бүр төлсөн 70.200 төгрөг, нийт 351.000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 351.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХХК, “М” ХХК, “Г” ХХК, “А” ХХК, “ТЗ” ХХК-д олгож, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “СС” ХХК, нэхэмжлэгч “С Б Э Э” ХХК-аас тус бүрээс 70.200 төгрөг, нийт 140.400 төгрөг гаргуулж төсвийн орлогод оруулж” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э давж заалдах гомдолдоо: “... “Г” ХХК, “М” ХХК, “А” ХХК, “ТЗ” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүстэй давхацсан, “М” ХХК, “Г” ХХК, “А” ХХК, “С Б Э Э” ХХК-ууд Газрын хэвлийн тухай хуулийн 21.2.1-д заасан зөрчил гаргасан, “СС” ХХК, “Т” ХХК-ууд Улсын байцаагчийн актыг биелүүлээгүй, “ТЗ” ХХК улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй тул эдгээр компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон.
... Гэтэл шүүх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагууд тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлж байсан болохыг дүгнээд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 23, 24 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллаж байсан бол бусад тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмших эрх нь хадгалагдаж байх онцгой эрхтэй гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй.
... Өөр бусад зөрчил гаргасан эсэхээс үл хамааран зөвхөн төлбөрөө төлснөөр тусгай зөвшөөрөл цуцлагдахгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлж байсан нь бусад үүрэг, хариуцлагаас чөлөөлөгдөх ёсгүй.
... Шүүх Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор тогтоосон бүсэд хамаарч байгаа эсэх талаар Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас ирсэн нотлох баримтыг үнэлээгүй, тухайн байрлалд ашигт малтмал хайх, ашиглах боломжтой эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөхгүй байгаа нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үнэлэлт дүгнэлт өгөх чиг үүргээ хэрэгжүүлээгүй болно.
... Шүүх маргаан бүхий захиргааны актын зорилго, үр дагавар, нэхэмжлэгч нарын үйл ажиллагаа хууль ёсны байсан эсэхийг бүрэн үнэлж дүгнээгүйгээс шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитоор хангагдах зарчимд нийцэхгүй байна.
... Маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байгаа ба нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол хангагдах зарчимд нийцэхгүй байна.
Маргаан бүхий захиргааны акт нь 95 аж ахуйн нэгж байгууллагад хаяглагдсан тул захиргааны акт гаргахаас өмнө Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн байгаль орчны газраас 2017 оны 03 дугаар сарын 11, 04 дүгээр сарын 12-ны өдрүүдэд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байсан ба 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгууллагынхаа өдөр тутмын үйл ажиллагааг мэдээлдэг веб сайтад хууль зөрчсөн, зөрчлөө арилгаагүй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох талаар мэдээлж байсан талаар тайлбар, нотлох баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Шүүх үүнийг сонсох ажиллагаа хийсэн гэж үзээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол ... хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэсэнтэй зөрчилдөж байна.
Мөн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр маргаан бүхий захиргааны актыг гарсан талаар сайтад мэдээлж, байршуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 43.6-д “Захиргааны актыг мэдэгдвэл зохих этгээд 20 буюу түүнээс дээш тооны байх тохиолдолд төлөөлөгчид, төлөөлөгч байхгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж болно” гэсэнтэй нийцэж байгаа болно.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0233 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэгч тус бүрт холбоотой маргааны үндэслэлд бүрэн дүгнэлт өгөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн байгаль орчны газар хамтарч “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд Ашигт малтмалын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Газрын хэвлийн тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиуд, “Байгаль орны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам” болон бусад норм, стандартын хэрэгжилтийг шалгаж, хууль журам зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах“ зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх тухай” 2017/16 дугаар удирдамжийг батлан хяналт, шалгалтыг гүйцэтгэсэн,
улмаар Нийслэлийн Засаг дарга Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.6, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн 1 дэх заалтаар Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны ус хамгаалалтын бүсэд орсон аж ахуйн нэгжүүдийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсны дотор
Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр 2005 онд олгогдсон[1] “Т” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын MV-020497,
Ашигт малтмал, газрын тосны Хэрэг эрхлэх газрын даргын шийдвэрээр 2008 онд олгогдсон[2] “СС” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын 13322А, 13323А,
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр 2015 онд олгогдсон[3] “ТЗ” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын MV-011893 дугаар тусгай зөвшөөрлүүд,
2 дахь заалтаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй, газрын хэвлий ашиглах эрхийг нь дуусгавар болгосон аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад
Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр 2010, 2011 онд тус тус олгогдсон[4] “М” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын MV-017002, 15523А,
Г” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын MV-015608[5]“,
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр 2013 онд олгогдсон[6] “С Б Э Э” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын MV-017341,
Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 2014 онд олгогдсон[7] “А” ХХК-ийн MV-017569 дугаар тусгай зөвшөөрлүүд тус тус хамаарчээ.
НЭГ. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн тухайд:
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Хяналт шалгалтын 02-01/307 дугаар удирдамж[8]-ийн дагуу Налайх дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрүүдэд “Т” ХХК-ийн тоосгоны үйлдвэрийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар зөрчил, дутагдлууд илрүүлсэн, түүний дотор байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй үйл ажиллагаа явуулсан, 2014, 2015 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөгүй, байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн ажлын 50 хувийг төлсөн, барьцаалсан баримт байхгүй, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг хийлгээгүй, гүний худгийн зөвшөөрөл, дүгнэлтгүй зэрэг зөрчлүүдийг илрүүлж, тус компанид тухайн зөрчлүүдийн талаар холбогдох арга хэмжээ авч, биелэлтийг 2015 оны 08 дугаар сарын 23-ны дотор албан бичгээр ирүүлэх талаар улсын байцаагчийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 30-06-271/99 дүгээр албан шаардлага[9]-ыг гаргасан,
мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02-05-196/384 дүгээр акт[10]-аар уурхай дээр зайлшгүй байх ёстой баримт бичгийн бүрдүүлэлт дутуу, байгаль орчны менежментийн тайлан, төлөвлөгөөгүй, уурхайн ашиглалт явуулж эвдрэлд оруулсан газрыг нөхөн сэргээлт хийгээгүй зэрэг зөрчилд “Т” ХХК-ийн үйл ажиллагааг 2 сарын хугацаагаар түр зогсоож байсан бөгөөд тухайн албан шаардлага, акттай уг компани маргаж байгаагүй байна.
Үүний дараа Нийслэлийн Засаг даргад хандан Нийслэлийн байгаль орчны газраас хүргүүлсэн “Тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 дүгээр дүгнэлт[11]-ийн хавсралтын 68-д “улсын байцаагчийн актын биелэлт хангаагүй” үндэслэлээр “Т” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг хүргүүлсэн байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбартай холбогдуулан шаардлагатай баримтуудыг цуглуулж, тодорхой дүгнэлт өгөөгүй байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хариуцагч албан тушаалтан “Т” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг маргаан бүхий захирамжийн 1-д заасан “байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлд хамруулсны учир шалтгаан, энэ нь дээр дурдагдсан улсын байцаагчийн албан шаардлага, актуудтай холбоотой эсэх, холбоотой бол Нийслэлийн байгаль орчны газраас хариуцагч албан тушаалтанд хүргүүлсэн “Тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2017 оны 02/959 дүгээр дүгнэлттэй хэрхэн уялдаж байгаад тодорхой дүгнэлт өгөх шаардлагатай.
ХОЁР. Нэхэмжлэгч “СС” ХХК-ийн тухайд:
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02-05/132/299 дүгээр акт[12]-аар тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, холбогдох байгууллагаар батлуулаагүй, биелэлтийг тогтоосон хугацаанд холбогдох газарт тайлагнаагүй, нөлөөллийн үнэлгээгээр тогтоосон шаардлага биелүүлээгүй, уурхайн ашиглалт явуулж эвдрэлд оруулсан газрыг нөхөн сэргээлт хийгээгүй, байгаль хамгаалах үүргээ биелүүлээгүй, өмнөх шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар хүргүүлсэн улсын байцаагчийн албан шаардлагыг биелэлтийг хангаж, биелэлтийг тогтоосон хугацаанд ирүүлээгүй гэх үндэслэлээр тус компанийн үйл ажиллагааг 2 сарын хугацаагаар түр зогсоожээ.
Нэхэмжлэгч “СС” ХХК-аас 2017 онд нөхөн сэргээлт хийгээгүй байсан, үйл ажиллагааг түр зогсоосноос хойш нөхөн сэргээлтийг хийсэн, тусгай зөвшөөрөл эзэмшсэнтэй холбогдуулан төрийн захиргааны болон холбогдох бусад байгууллагад хандсаар ирсэн гэх боловч шүүх эдгээр нөхцөл байдлуудыг тодруулж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулж, дүгнэлт өгөөгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгчээс 2017 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Байгаль орчин, аялал жуулчлалын яам баталсан, тухайн төлөвлөгөө болон тус ордыг уурхайн аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэл, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, тус компаниас Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсийн даргатай хамтран баталсан ашигт малтмалын ашиглалтын MV-013322, MV-013323 дугаар тусгай зөвшөөрөлтэй элсний ордын 2017 оны ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг гаргуулсан гэх боловч тэдгээр баримт бичгийн нүүр хуудас хэрэгт авагджээ.
Зүй нь анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргийн хүрээнд тухайн баримт бичгүүдийг нотлох баримтаар авсны үндсэн дээр дүгнэлт өгөх байжээ.
Энэ талаарх нотлох баримтуудыг цуглуулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн байгаль орчны газар 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 02/959 дүгээр дүгнэлтийн хавсралтын 65, 66-д тус компанийн ашигт малтмалын ашиглалтын MV-013322, MV-013323 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбай нь улсын байцаагчийн актын биелэлт хангаагүй үндэслэлээр “СС” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах талаарх дүгнэлтийг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэнтэй холбогдуулж улсын байцаагчийн актаар тавьсан шаардлагыг биелүүлсэн эсэхийг тогтоох нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөр байна.
ГУРАВ. Нэхэмжлэгч “ТЗ” ХХК-ийн тухайд:
Нэхэмжлэгч “ТЗ” ХХК 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлөөр ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан ашиглалтын үйл ажиллагаа явуулах хүсэлттэй байгаа” талаар Ашигт малтмалын газрын Уул уурхайн кадастрын хэлтэст хандаж байсан гэж тайлбарласан, харин хамтарсан шалгалтаар ашиглалтын үйл ажиллагааг явуулсантай холбоотой зөрчлүүд илрүүлж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02-05-201/763 дугаар албан шаардлага[13]-аар “ТЗ” ХХК-ийг олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газар болон нутгийн захиргааны байгууллагаас зааж өгсөн газарт газрын хэвлийг ашиглах явцад эвдэрсэн газрыг аюул осолгүй болгож, аж ахуйн хэрэгцээнд цаашид ашиглаж болохуйцаар засаж тохижуулаагүй гэх үүрэг даалгаврыг өгсөн байгаа зэргээс харвал “ТЗ” ХХК-ийн түгээмэл тархацтай ашиг малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулж байсан эсэх нь тодорхойгүй, шүүх энэ талаарх нотлох баримтуудыг цуглуулаагүй байна.
Үүнээс гадна Нийслэлийн байгаль орчны газрын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 02/959 дүгээр дүгнэлтэд тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолд тогтоосон хамгаалалтын бүстэй давхацсан, улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй үндэслэлүүдээр тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар Нийслэлийн Засаг даргад ханджээ.
Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбай Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар ашигт малтмал ашиглах, хайхыг хориглосон талбай буюу Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор /Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон/ баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагтай 96 хувийн давхцалтай байж болохоор байна.
Үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүх холбогдох нотлох баримтуудыг цуглуулж, дээрх хуулиар хориглосон талбай болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор тогтоосон хамгаалалтын бүстэй давхцаж байгаа эсэх, уг компанийн тусгай зөвшөөрлийг 50 дугаар тогтоолын хамгаалалтын бүстэй давхацсан гэх үндэслэлд хамааруулсны учир шалтгаанд дүгнэлт өгөх шаардлагатай.
Эдгээрээс гадна маргаан бүхий актын 1 дэх заалтад дурдсанчлан дээрх компаниудтай холбоотой байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар ундны усны хамгаалалтын бүсэд орсон гэх асуудлуудын талаар нэхэмжлэгч тус бүрт хамаарах нотлох баримтуудыг цуглуулахдаа шүүх нутгийн захиргааны байгууллагаас хуульд заасны дагуу санал ирүүлсэн эсэхийг тодруулах ёстой.
ДӨРӨВ. Нэхэмжлэгч “М” ХХК, “Г” ХХК, “А” ХХК, ”С Б Э Э” ХХК-уудын тухайд:
Маргаан бүхий захиргааны актаар “М” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын MV-015523, MV-017002, “Г” ХХК-ийн MV-015608, “А” ХХК-ийн MV-017569 дүгээр тусгай зөвшөөрлүүд нь “түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсоноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй” гэх үндэслэлээр дуусгавар болсон гэж үзжээ.
Нэхэмжлэгч компани тус бүр тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүйгээ өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй, төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнуудаас тавьсан шаардлагыг биелүүлж, үйл ажиллагаа явуулаагүй, газрын хэвлийг акт үйлдэн хүлээлгэн өгөөгүй гэх үндэслэлүүдээр тайлбарлан маргасан, тухайлбал, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 05/72 дугаар албан бичиг[14]-ээр “М” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3, Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолын Усан сан бүхий газартай давхацсан талаар мэдэгдэж, үйл ажиллагаагаа зогсоож, нөхөн сэргээлт хийх талаар мэдэгдсэнээр тус компани ашигт малтмал ашиглах эрхээ хэрэгжүүлж чадаагүй гэжээ.
Шүүх тэдгээрийн тайлбартай холбогдуулан нотлох баримтуудыг цуглуулж, тухайн компани тус бүрийн үйл ажиллагаа явуулаагүй нөхцөл байдалд дүгнэлт өгөх шаардлагатай.
Нөгөөтэйгүүр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2016 оны 50 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэхдээ Ундны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсийн зургийг 1, Энгийн цэгийн солбицлын жагсаалтыг 2, Ундны эх үүсвэрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн зургийг 3, Эргэлтийн цэгийн солбицлын жагсаалтыг 4, Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн зургийг 5, Эргэлтийн цэгийн солбицлын жагсаалтыг 6, Усны сан бүхий энгийн хамгаалалтын бүсийн зургийг 7 дугаар хавсралтуудаар тус тус тогтоосон бөгөөд хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ирүүлсэн ““М” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын MV-015523, MV-017002 дугаар тусгай зөвшөөрлүүд 82.1, 29, “Г” ХХК-ийн MV-015608 дугаар тусгай зөвшөөрөл 99.4, “А” ХХК-ийн MV-017569 дүгээр тусгай зөвшөөрөл 1 хувийн давхцалтай” гэх баримтууд нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс тогтоосон дээрх Ундны эх үүсвэрийн эрүүл ахуйн, Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын, Усны сан бүхий энгийн хамгаалалтын бүсүүдийн алинд хамаарч байгаа нь тодорхойгүй байна.
Хэдийгээр маргаан бүхий захиргааны актад тухайн үндэслэлээр хамааруулаагүй ч уг нөхцөл байдлыг тодруулах нь тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөхөд ач холбогдолтой.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хамтарсан шалгалтаар “А” ХХК нь бичиг баримтын бүрдэл дутуу, хэрэгжилт хангалтгүй, уурхайн ашиглалт явуулж эвдрэлд оруулсан газарт нөхөн сэргээлт хийгээгүй, байгаль хамгаалах үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчилд улсын байцаагчийн акт, албан шаардлагыг хүргүүлсэн боловч шаардлагын дагуу арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй, тусгай зөвшөөрөлтэй талбай нь ундны усны хамгаалалтын бүстэй давхцалтай, мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрыг хэвлийг ашиглаж эхлээгүй зэрэг зөрчилтэй байсан” гэх нь бодитой эсэхийг тодруулах шаардлагатай.
“А” ХХК-аас “Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын 15-д заасан “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Налайх дүүрэг дэх 40.28 га талбай бүхий MV-017569 дүгээр тусгай зөвшөөрлийн газрын хэвлий ашиглах эрхийг сэргээлгэх тухай” шаардлага гаргасантай холбогдуулан шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШЗ2018/7118 дугаар захирамжаар “ГШ” ХХК болон нэр бүхий 12 компанийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргээс “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг тусгаарласан боловч анхан шатны шүүх “Т” ХХК болон нэр бүхий 6 компанийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэгтгээгүй атлаа “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.
Анхан шатны шүүх хариуцагчийн “тухайн ордыг олгосноос хойш ”С Б Э Э” ХХК үйл ажиллагаа явуулж байсан”, харин нэхэмжлэгч компанийн “MV-017341 дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй” гэх тайлбаруудтай холбогдуулан нотлох баримтуудыг, мөн тус компанийн тухайн барилгын чулууны ордын техник эдийн засгийн үндэслэл болон 2017 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Байгаль орчин, аялал жуулчлалын яам баталсан эсэх, баталсан бол тухайн төлөвлөгөөг хэрэгт нотлох баримтаар цуглуулах шаардлагатай.
Үүнээс гадна тухайн нэхэмжлэгч компаниуд тусгай зөвшөөрөл бүхий талбайд олборлолт явуулаагүй ч гэсэн олборлолт явуулахтай холбоотой бусад үйл ажиллагааг явуулж байсан эсэхийг тодруулах, өөрөөр хэлбэл, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг гаргуулах зэрэг ажиллагааг явуулж байсан эсэхийг тодруулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой.
Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дутуу явуулж, нэхэмжлэгч тус бүрийн маргааны үйл баримтад дүгнэлт өгөөгүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил нь захиргааны хэргүүдийг нэгтгэн хянан шийдвэрлэсэнтэй холбоотой байна.
Захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 /Аль нэг захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн маргаантай хэрэг байгаа, эсхүл нэг нэхэмжлэгчээс өөр өөр хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй хэд хэдэн хэргийг шүүх нэг ажиллагаагаар нэгтгэн хэлэлцэж болно/-д зааснаар хэд хэдэн хэргийг нэгтгэн нэг ажиллагаагаар хянан шийдвэрлэж болох боловч тэрхүү нэгтгэн хянан шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчдод хүндрэл, чирэгдэл үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сунжруулж, удаашруулах үндэслэл болох учиргүй.
Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актын холбогдох заалт зөвхөн нэг зөрчилд үндэслээгүй, хэд хэдэн зөрчлүүдийг нэгтгэн дурдсан, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон маргаж байгаа нөхцөл байдал харилцан адилгүй байхад маргаан бүхий акт нэг гэдэг агуулгаар нэгтгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан зорилготой нийцэхгүй байна.
Иймд давж заалдах шатны шүүх дурдсан зөрчлүүд арилаагүй тохиолдолд маргааны үйл баримтад дүгнэлт өгч хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0233 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
[1] 1 дэх хавтсын 6 дахь тал.
[2] 1 дэх хавтсын 196, 194 дэх талууд.
[3] 5 дахь хавтсын 105 дахь тал.
[4] 1 дэх хавтсын 153, 154 дэх тал.
[5] 1 дэх хавтсын 124 дэх тал.
[6] 1 дэх хавтсын 234 дэх тал.
[7] 5 дахь хавтсын 223 дахь тал.
[8] 1 дэх хавтсын 78 дахь тал.
[9] 1 дэх хавтсын 83 дахь тал.
[10] 3 дахь хавтсын 39-41 дэх тал.
[11] 3 дахь хавтсын 194 дэх тал.
[12] 3 дахь хавтсын 32 дахь тал.
[13] 5 дахь хавтсын 144 дэх тал.
[14] 1 дэх хавтсын 155 дахь тал.