Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/17

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга П.Рэнцэндорж,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Г-н Б-т холбогдох эрүүгийн 1917000060011 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 21-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум,  дугаар баг, Б-ны .......тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан гэх Б овогт Г-н Б /РД: ДВ/

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Г.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 18 цагийн орчим Сүмбэр сумын 3 дугаар баг, 8 дугаар байрны 23 тоот гэртээ эхнэр Д.С-тай маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 18 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 8 дугаар байрны 23 тоот гэртээ хохирогч буюу эхнэр Д.С-тай маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Уурхай дээр байж байгаад 12 дугаар сарын 28-ны өдөр ирсэн. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэрээсээ гарах гэсэн чинь эхнэр гаргахгүй байсан. Урьд нь жоохон маргаантай байсан. Тэгээд гэрээс гараад хүний машин янзалж өгөх гэсэн чинь нөгөө машин нь янзлагдахгүй байхаар нь он жавтайгаа уулзчихаад орой гэртээ ирсэн. Гэртээ орсон чинь эхнэр ууртай байсан тэрнээс болоод маргалдаж байснаа санадаг. Тэгээд нэг хэсэг ухаан балартсан байсан. Нэг мэдсэн чинь хаалга цохиод байхаар нь очоод тайлсан чинь хоёр цагдаа гэртээ агсам тавиад байгаа юм уу гээд орж ирэхээр нь үгүй би агсам тавиагүй гэсэн чинь эхнэр ариун цэврийн өрөөнөөс хамрынх нь цус нь гойжчихсон гарж ирсэн. Тэгээд та зүгээр байсан хүн биш байна гээд цагдаа аваад явсан гэв.

 

1.2. Шүүгдэгч Г.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эхнэр Д.С-г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан асуудлаар шалгагдаж байна. Би эхнэр Д.С-тай гэр бүл болоод хоёр жил болж байна. Бид хоёрын дундаас 2 хүүхэд гарсан. Том охин 3 настай. Бага хүү 10 гаран хоногтой болж байгаа. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 13 цагийн үед найз С-тэй уулзахаар машинтайгаа явах гэсэн эхнэр машины түлхүүр нуучихаад өгөхгүй байсан. Тэгээд таксигаар С-н гэрт очсон. С бид хоёр цэрэгт он жавууд байсан юм. Тэгээд С-тэй хамт 2 шил 0.5 литрийн Хараа нэртэй архи уусан. С-н гэрээс гараад явж байснаа мэдэж байгаа юм. Гадаа гараад салхинд цохиулаад согтсон юм шиг байна лээ. Тэгээд гэртээ орж ирээд орон дээрээ хэвтэх гэтэл эхнэр архи дарс уулаа зайл гэж намайг хөөж байсан санагдаж байна. Тэгээд яасан талаар мэдэхгүй байна. Нэг мэдсэн хоёр цагдаа гаднаас орж ирсэн байсан. Тэр хоёр цагдаа дуудлагаар явж байна гэж хэлсэн. Тэгээд намайг цагдаа дээр авчираад эрүүлжүүлсэн. Би сайн санахгүй байгаа. Тэгээд маргааш өглөө эрүүлжүүлэх байрнаас гараад байж байтал манай эхнэр ирсэн явж байхаар нь намайг авах нь гэж бодоод байж байтал яваад өгсөн байсан. Тэгээд цагдаад байцаалт өгөөд эхнэр С-г согтуудаа зодсон байна гэж мэдсэн. Би өөрөө цохиж зодсоноо санахгүй байна. Тухайн өглөө эхнэр С-тай маргалдсан асуудлаасаа болоод маргалдсан юм байна. Эхнэр С-с дараа нь тэр асуудлаас болоод маргаан үүссэн гэж мэдсэн. Тэгээд эхнэр С-г зодож цохисон байна. Энэ үйлдэлдээ гэмшиж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

 

1.3. Хохирогч Д.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Манай нөхөр хөдөө ажил хийж байгаад 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ирсэн. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээсээ гарч найзуудтайгаа уулзана гээд байхаар нь машиных нь түлхүүрийг нь нуучихаад өгөөгүй. Тэр өдөртөө жоохон ууртай гэртээ өнжсөн, тэр найзуудтайгаа нийлэхээр архи уучихаад байдаг юм. Маргааш нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 12 цагийн үед найзтайгаа уулзана гээд гэрээс гараад явсан. Тэгээд орой Б 18 цагийн үед гэртээ архи уусан согтуу орж ирсэн. Тэгээд орж ирээд хоол нэхээд байхаар хоол хийж өгчихөөд том өрөөндөө орж ирээд охиныхоо хамт кино үзээд сууж байтал манай нөхөр араас орж ирээд надад хандаад чи утасныхаа дугаарыг сольдоггүй, ах дүү нартайгаа хов ярьдаг гэх зэргээр доромжилоод байхаар нь уур хүрээд өөдөөс нь хэдэн үг хэлсэн. Тухайн үед юу гэж хэлснээ санахгүй байна. Тэгээд Б-тай маргалдсан. Б уурлаад  босож ирээд чи миний өвчнийг хөдөлгөчихлөө гээд миний дух руу гараа зангидаж байгаад 2 удаа цохисон. Тэгэхээр нь би чи миний духыг хавдагачихлаа гэж хэлсэн. Тэгтэл Б духан дээр дараад хойш гэдийлгэж байгаад хамар луу 2-3 удаа цохисон. Миний хамраас цус гарсан. Тэгтэл манай хүүхэд уйлсан. Би Б-н эгч Б, мөн өөрийн төрсөн ах Б нартай утсаар яриад Б-г зодоод байгаа талаар хэлсэн. Тэгээд 00 өрөөнд ороод цусаа угаагаад зогсож байтал гаднаас цагдаа ирсэн. Араас Б ах удаагүй орж ирсэн. Өөр асуудал болоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/

Б-тай 2018 оны 07 дугаар сард маргалдсан юм. Тухайн үед би Б-н ар талд сууж байсан. Тэгтэл Б цаашаа битгий хэрүүл хийгээд бай гээд над руу харалгүй гарынхаа ар талаар савахдаа миний зүүн нүдний орчимд цохисон. Тухайн үед Б санаандгүй цохисон юм. Би 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр мэдүүлэг өгөхдөө урд нь цохиж байсан уу гэж асуухад энийг хэлсэн. Түүнээс урд нь намайг санаатай цохиж зодож байгаагүй. Тухайн үед эмнэлэг цагдаад хандаагүй. Тухайн үед Болдбаатар бид хоёр хоёулаа байсан. Өөр хүн байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

 

1.4. Гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Тухайн өдөр гэртээ байж байтал 18 цагийн үед манай дүү Б-н эхнэр С над руу утсаар яриад Б согтуу ирчихээд байна. Цагдаа ирэхээс өмнө энийг ирж ав гэж хэлсэн. Тухайн үед би унтаж байсан юм, босоод хувцсаа өмсөөд гарах гэтэл С эргэж залгаад цагдаа ирээд аваад явчихлаа гэж хэлсэн. Тухайн үед С зодсон талаар юм хэлээгүй. Маргааш өглөө нь С-тай утсаар ярихад миний хамраас цус гарсан байсан, цагдаа ирж харчихаад аймар зодсон байна гээд Б-г аваад явсан гэж байсан. С-н нэг тал хацар шанаа нь төрөлхийн хөх мэнгэтэй юм. Тэрийг харчихаад цагдаа аймар зодсон байна гэж харсан юм шиг байна лээ. Мөн би Б-с яасан талаар нь асуухад С орилоод байхаар нь хүнээс санаа зовоод хацар луу нь алгадсан, өөр цохиж зодоогүй гэж хэлсэн. Би хажууд нь байгаагүй болохоор яасан талаар нь мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

 

1.5. Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ байж байтал 18 цагийн үед манай төрсөн дүү С над руу утсаар яриад нөхөр Б-гаа агсам тавиад байна гэж ярьсан. Би гэрээсээ гараад дүүгийнхээ гэрт яваад ортол цагдаа нар ирсэн байсан. Манай дүү уйлчихсан байж байсан. Цагдаа нар гарсны дараа харахад орны бүтээлэг, 00 өрөөний угаалтуур зэрэг цус болсон байсан. С-с асуухад Б хамар луу цохиод цус гарсан гэж байсан. Маргааш өглөө нь С-тай хамт цагдаа дээр ирэхэд С-н дух хэсэгт хавдсан байгаа харагдсан. Цагдаа хэн дуудсан талаар мэдэхгүй байна. Б-г цагдаа нар эрүүлжүүлэх байр луу аваад явсан. Б-г харахад архи уусан байсан. Гэхдээ ухаанаа алдатлаа согтоогүй байсан. Намайг таниад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/

 

1.6. Шүүгдэгч Г.Б-н согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/

 

1.7. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 26 дугаартай дүгнэлтэд:

- Д.С-н биед духанд, зүүн нүдний зовхинд цус хуралт, толгойн хэсэг, хамрын нуруугаар зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /хх-ийн 27 дугаар хуудас/

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Г.Б-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Г.Б нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Г.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Г.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Хохирогч Д.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Б надаас уучлалт гуйсан. Бид хоёр эвлэрсэн. Хохирлын тал дээр маргаангүй болсон. Хэрэгт нэмж шалгуулах зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

Би төрөөд 20 хэд хонож байгаа. Тийм учраас шүүх хуралд суухгүй. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй. Болдбаатартай сайн дураараа эвлэрсэн. Б-г хөнгөн шийтгэж өгнө үү. Өөр нэмж хэлэх ярих зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/

 

2.2.  Гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Б-н хувьд хүнд хар буруу зүйл санахгүй. Цайлган цагаан сэтгэлтэй, ер нь хүүхэд шиг ааштай. Өөрийнхөө хариуцсан ажлыг сайн хийдэг. Янз бүрийн зүйл сонирхоод хийж үзэж байдаг. Миний нүдэнд архи ууж байгаа харагдаагүй. Ер нь элдэв янзын ааш зан байхгүй. Хүнтэй эвсэг харилцаатай, хүнд тусархуу зантай... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

 

2.3. Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Дуугүй томоотой залуу байдаг. Урд нь элдэв янзын ааш зан гаргаж байгаагүй. Хүнтэй эвсэг харилцаатай. Амьдралынхаа төлөө гэсэн сэтгэлтэй. Хар бор ажил голохгүй хийдэг... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/

 

2.4. Гэрч Д.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Б-н хувьд хар бор ажилд сайн. Найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай. Эвсэг харилцаатай. Ер нь элдэв янзын ааш зан байхгүй. Хүнд их тусархуу зантай... гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/

 

2.5. Хохирогч Д.Сарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 33 дугаар хуудас/

 

2.6. Шүүгдэгч Г.Б, хохирогч Д.С нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

 

2.7. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар хуудас/

 

2.8. Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 58-62 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Г.Б нь урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан боловч прокуророос шүүгдэгч Г.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргасныг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

          Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болно.

         

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасаныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Г-н Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Т.ЭНХМАНДАХ