Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01513

 

 

 

 

 2023 оны 08 сарын 02 өдөр Дугаар 210/МА2023/01513

 

Юу Би металл цонх ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/01522 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Юу Би металл цонх ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Гантулгад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 7,028,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Отгонжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Уртнасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Юу Би металл цонх ХХК нь 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр №2020/07/16/006 тоот худалдах, худалдан авах гэрээг Хүлэгт гүрэн ХХК-тай байгуулан 3 давхар шил бүхий металл цонхыг Төв аймгийн нийтийн номын санд 2020 оны 09 дүгээр сарын 15-ны дотор бүрэн нийлүүлж дуусгасан ба төлбөрийг Хүлэгт гүрэн ХХК нь цаг хугацаандаа бүрэн төлсөн.

1.2. 2020 оны 12 дугаар сард Хүлэгт гүрэн ХХК-ийн захирал Б.Баттүвшин мөн Э.Гантулга 8810-0767 дугаартай утаснаас манай компани луу залгаж Төв аймгийн нийтийн номын санд танайх металл цонх нийлүүлсэн байна дахиад Төв аймгийн номын санд 2021 оны 01 дүгээр сарын 10-ны дотор металл хаалга, хана, хуванцар хаалга хана нийлүүлээд өгөөч тендерийн хугацаа дуусах гээд байна гэж гуйсан.

1.3. Хүлэгт гүрэн ХХК-ийн захирал Б.Баттүвшин өөрөө утсаар ярьсан тул Э.Гантулгад итгэн 10,028,100 төгрөгийн хаалга, хана захиалж худалдан авахаар болж Э.Гантгулга нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр урьдчилгаа 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

1.4. Бид Э.Гантулга-ын захиалгын дагуу металл хаалга 9м2 -ийг 1 м2-ийг 530,000 төгрөгөөр тооцон нийт 4,770,000 төгрөг, металл хана 6,4 м2-ийг 1м2-ийг 300,000 төгрөгөөр тооцон 1,920,000 төгрөг, хуванцар хаалга 9м2-ийг 1м2-ийг 220,000 төгрөгөөр тооцон 1,980,000 төгрөг, хуванцар хана 7.6м2-ийг 1м2-ийг 180,000 төгрөгөөр тооцон 1,358,100 төгрөгөөр тус тус тооцон үйлдвэрлэсэн ба нийт 10,028,100 төгрөгийн хаалга, ханыг Төв аймгийн номын сангийн байранд суулган нийлүүлсэн. Манай компанийн зүгээс хугацаандаа хаалга ханаа нийлүүлсэн бөгөөд Э.Гантулга захиалсан хаалга ханаа 2021 оны 01 дүгээр сарыэ 10-ны өдөр бүрэн авсан одоог хүртэл гэрээ байгуулахгүй зугтааж байгаа юм.

Иймд Э.Гантулгаас нийлүүлсэн хаалга хана-ын үлдэгдэл мөнгө болох 7.028.100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

2.1. Нэхэмжлэгч Юу Би Металл нь Хүлэгт гүрэн ХХК-тай цонх нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу нийлүүлсэн цонхыг хүлээн авч байсан, төлбөр тооцоог Хүлэгт гүрэн ХХК гэрээний дагуу хариуцах ёстой.

2.2. Нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө тодорхойлох эрхтэй хэдий ч Хүлэгт гүрэн ХХК-ийг хариуцагчаар татах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

2.3. Нэхэмжлэгчийн нийлүүлсэн цонх чанар, стандартын шаардлага хангахгүй, салхи нэвт сийгдэг, зарим цонхны битүүмж муу учраас борооны ус шууд дотогш орж ирдэг, энэ асуудлыг нэхэмжлэгчд удаа дараа хэлж байсан боловч нийлүүлсэн цонхондоо засвар үйлчилгээ хийж засч сайжруулж өгөөгүй, энэ байдлыг Хүлэгт гүрэн ХХК-ийн захирал сайн мэдэж байгаа.

2.4. Хариуцагч Э.Гантулгын хувьд нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй, зөвхөн утсаар холбогдож цонх захиалсан, цонхны урьдчилгаа төлбөрийг төлсөн.

2.5. Нэхэмжлэгч өөрийн хийсэн ажлаа ямар нэгэн акт үйлдэж хүлээлгэн өгдөггүй, ажлын хөлсний тооцоо зөрүүтэй мөн төлбөр тооцоог хувийн дансаар авдаг, компанийн дансаар авч НӨАТ-ын баримтын шивэлт хийдэггүй.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн зүйлийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Гантулгаас 7,028,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Юу би металл цонх ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Юу би металл цонх ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146,120 төгрөгөөс илүү төлсөн 18,720 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан, хариуцагч Э.Гантулгаас улсын тэмдэгтийн хураамжид 127,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Юу Би металл цонх ХХК-д олгож, шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний 01522 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Шүүх гэрээний нэг тал болох Хүлэгт гүрэн ХХК болон хариуцагч Э.Гантулга нарын хооронд ямар харилцаатай байсан талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

4.2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч буюу захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч акт үйлдсэн баримт хэрэгт авагдаагүй.

2.3. Зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлгүй.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний 01522 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хариу тайлбарын агуулга:

5.1. Хүлэгт гүрэн ХХК нь цонхны ажил хийлгэж, төлбөрөө төлж дуусгасан. Э.Гантулга нь Ц.Отгонжаргал руу залгаж, вакум хана, хаалтыг хийлгүүлэх ажлын санал тавьсан. Тухайн үед цар тахлын нөхцөл байдалтай байсан бөгөөд урьдчилгаа болгож 3,000,000 төгрөгийг өөрийн данснаас Ц.Отгонжаргалын данс руу шилжүүлсэн. Иймд Хүлэгт гүрэн ХХК болон Э.Гантулга нарын хоорондын харилцаа хамаарлын талаар дүгнэлт хийгээгүй гэх гомдол нь үндэслэлгүй.

5.2. Шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, Э.Гантулга өөрөө ажил гүйцэтгүүлэх санал тавьсан, 3,000,000 төгрөг төлсөн үйл баримт, тухайн цонхны хаалт болон хаалгатай холбоотой хийж гүйцэтгэсэн ажлын нэхэмжлэхийг тус тус үндэслэн 7,028,100 төгрөг төлөх ёстой гэж үзсэн нь үндэслэлтэй.

5.3. Өөрөөр хэлбэл, гэрээний гол зүйл болох хаалт, ханыг Юу Би металл цонх ХХК Э.Гантулгад хүлээлгэж өгсөн. Энэ нь хэрэгт авагдсан Ц.Отгонжаргал болон Э.Гантулга нарын зурвасуудаар нотлогддог гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Юу Би металл цонх ХХК нь хариуцагч Э.Гантулгад холбогдуулан гэрээгээр нийлүүлсэн хаалга, ханын үлдэгдэл төлбөр 7,028,100 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, уг гэрээг байгуулаагүй, гэрээ Хүлэгт гүрэн ХХК болон нэхэмжлэгчийн хооронд үүссэн харилцаа, мөн ажлын үр дүн доголдолтой, актаар хүлээлгэн өгөөгүй гэж маргажээ. /1хх 1-2, 25 дугаар тал/

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хүлэгт гүрэн ХХК-тай 3 давхар шил бүхий металл цонх худалдах, худалдан авах гэрээ байгуулан Төв аймгийн Нийтийн номын санд бүрэн нийлүүлсэн гэж, хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Юу Би металл цонх ХХК нь Хүлэгт гүрэн ХХК-тай цонх нийлүүлэх гэрээ байгуулсан, гэрээний дагуу нийлүүлсэн цонхыг хүлээн авч байсан, төлбөр тооцоог Хүлэгт гүрэн ХХК хариуцах ёстой, цонх чанар стандартын шаардлага хангаагүй, цонхны урьдчилгаа мөнгийг Э.Гантулга төлсөн, нэхэмжлэгч ажлаа акт үйлдэж хүлээлгэн өгөөгүй гэж тус тус тайлбарласан. /хх/

4. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тодруулаагүй, хэргийн оролцогчдын хэрэгт ач холбогдолтой хүсэлтийг хангаагүй алдааг давж заалдах шатны шүүх залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй.

4.а. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэгт хамааралтай шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчжээ.

Өөрөөр хэлбэл, Юу Би металл цонх ХХК-ийн гүйцэтгэсэн хаалганы ажил нь Хүлэгт гүрэн ХХК-ийн захиалсан ажлын үр дүнд хамаарах эсэх, уг ажлын хэмжээ, үнэлгээг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

4.б. Төв аймгийн Нийтийн номын сангийн метал хаалганы ажлыг ямар хуулийн этгээд хариуцаж бариулсан , уг ажлыг захиалсан гэх Э.Гантулга, Хүлэгт гүрэн ХХК-ийн алиных нь хооронд гэрээ байгуулагдсан, Хүлэгт гүрэн ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж байгаа эсэхийг тодруулахгүйгээр давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

5. Иймд дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/01522 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 127,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ш.ОЮУНХАНД

  ШҮҮГЧИД  Д.БЯМБАСҮРЭН

 

С.ЭНХБАЯР