Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/20

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга П.Рэнцэндорж,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Б-ны Г-т холбогдох эрүүгийн 1817002310012 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 16-нд Дундговь аймгийн Өндөршил суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 4 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  дугаар баг, Цагаан усны .....тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Б-ны Г /РД: ЗБ/

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Б.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 12 цагийн орчим Сүмбэр сумын 2 дугаар баг, Цагаан усны 3-317 тоот гэртээ хамтран амьдрагч буюу хохирогч У.А-н нуруун тус газар нь галын хайчаар цохих, нүүрэн болон цээжин тус газар гараараа самардах зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 12 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Цагаан усны 3-317 тоот гэртээ хамтран амьдрагч буюу хохирогч У.А-н нуруун тус газар нь галын хайчаар цохих, нүүрэн болон цээжин тус газар гараараа самардах зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

 

1.2. Шүүгдэгч Б.Г мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хамтран амьдрагч А хөдөөнөөс ирсэн. Тэгээд намайг янз бүрээр хэлж байгаад цүнхтэй хувцсаа аваад гарсан. Би тухайн үед А-д хандаад чи тэр чигтэй зайлаарай гэж хэлсэн. Маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ байж байтал 14 цагийн үед хамтран амьдрагч А гэрт орж ирсэн. Би тухайн үед хорих орж ахыгаа эргээд ирсэн байсан юм. Тэгсэн А чи ахыгаа эргээд хянагч нартай банзалдаж байгаад ирсэн үү гээд намайг хэл амаар доромжлоод байсан. Би А-г орж ирэхэд нь гэрээс гарах гээд байж байсан юм. Тэгтэл А миний зүүн гараас татаад баруун талын орон дээр намайг түлхэж унагаад миний дээрээс цээжээрээ дараад хэвтсэн. Тухайн үед амьсгал давчдаад дуугарч чадахгүй байсан. А-г түлхээд дийлэхгүй болохоор нь нүүрийг нь хоёр гараараа самардсан. Хаана, хаана нь самардсан талаар мэдэхгүй байна. Тэгтэл А босоод чи миний нүүрийг маажчихлаа гэсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь амьсгалж чадахгүй байхад чинь дээрээс дараад байсан биз дээ гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гараад явсан. А хойноос дагаад яваад байсан. Би таксинд суугаад явсан. А гудамжинд үлдсэн. Орой хүүхдээ цэцэрлэгээс авчихаад 18 цаг 30 минутын орчим гэртээ байж байтал А гаднаас гэрт архи үнэртүүлсэн архи уусан байдалтай орж ирсэн. Тухайн үед би хоолны мах хэрчээд сууж байсан чинь А надад хандаад чи ямар хүнд хоол хийж өгөх гээд байгаа юм бэ гээд намайг мөн хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би А-тай маргалдсан. Тэгээд би махаа хэрчиж дуусаад босоод гэрийн хойно очоод хүүхдийн тоглоом хамаад зогсож байтал А босож ирээд намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би өөрөөсөө түлхээд холдуулсан. Манай хоёр хүүхэд уйлсан чинь А больсон. Тэгэхээр нь би цагдаа дуудаж чамайг өгнө гээд утсаа автал гэрийн баруун хавчинд байсан хогийн савыг аваад над руу шидсэн. Хогийн сав миний баруун хөлийн өвдөг хэсэгт оносон. А гэрээс гараад яваад өгсөн. Тэгээд байж байтал А гаднаас 20 цагийн үед нилээн архи уусан байдалтай орж ирсэн. А надад хандаад чи намайг цагдаад барьж өгнө гэсэн яасан гээд буцаад гэрээс гарах гэж байгаад буцаж ирээд намайг үсдээд үүд рүү чирсэн. Би гадаа гаргаж намайг зодох нь гэж бодоод гэрийн баруун урд байдаг шкафны хаалганаас барьсан чинь миний үснээс барьж байгаад шкафны хаалга 1 удаа мөргүүлсэн. Тэгтэл гаднаас А эгч ороод ирсэн. А миний үснээс тавьсан. А чи цагдаа дуудаад өг тэр цагдаа чинь надад үйлчлэхгүй гэж хэлээд гараад явсан. Тэгээд удаагүй цагдаа ирсэн. А-г хажуу айлын хашаа даваад орж байхад нь цагдаа барьж аваад явсан.

...Тухайн үед би уурандаа А-г галын хайчаар цохисон байж магадгүй. Би уурласан байсан болохоор санахгүй байна. Манай галын хайч гадаа түлээн дээр байсан алга болсон байна лээ... гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/

 

1.3. Хохирогч У.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би Дорноговь аймгийн Айраг сум руу Мандах гэх хүний мал тууж явж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Говьсүмбэр аймагт ирсэн. Тэгээд ах О-н гэрт очиж хоночихоод маргааш өдөр 12 цагийн үед хамтран амьдрагч Г-н гэрт очсон. Тэгтэл Г гэртээ ганцаараа байсан. Г надад хандаад чи хаагуур янхандаж яваад ирж байгаа юм бэ, хөгшин залуу янхнуудтай явж байгаад ирсэн үү гээд хардаад хэрүүл хийгээд намайг гэрээсээ зайл гээд хөөсөн. Тэгэхээр нь өөрийнхөө хөнжил гудсыг хураагаад гэрийн гадаа гаргаж тавьсан. Тэгээд буцаад гэр лүү ортол Г зуухны хажууд байсан галын хайч аваад миний далны доод хэсэгт нуруун дээр нэг удаа цохиод авсан. Дахиад намайг галын хайчаар цохих гэхээр нь баруун гарынхаа шуугаар хаасан. Би Г-с галын хайчийг нь булааж авсан. Г миний нүүрийг самардахаар нь түлхсэн чинь баруун талын орон дээр унасан. Тэгээд миний өөдөөс самардах гээд дайрахаар нь би 2 гараас барьж аваад орон дээр дарсан. Тэгтэл Г хоёр гараа мулталж аваад миний нүүр, хацар, хамар, дух хүзүү, цээжний дээд хэсэгт хумсаараа самардаад байхаар нь босоод холдсон. Тэгтэл Г босож ирээд дахиад намайг самардах гээд дайрахаар нь гараад зугтаасан. Г-г гэрээсээ хөөгөөд байсан болохоор дотор давчдаад дэлгүүрээс 0.33 литрийн Ерөөл нэртэй архи аваад ганцаараа гудамжинд уусан. Тэгээд гадуур явж байгаад хүүхдийн цэцэрлэг тарсны дараа охиноо үнсчихээд явъя гэж бодоод Г-н гэрт очсон. Тухайн үед миний архи бараг гарсан байсан. Намайг ороход Г хоол хийж байхаар нь хоол идчихээд явъя гэсэн чинь чамд өгөхгүй янхан минь чи хөгшин янхныхаа гэрт ороод хоол идэхгүй юу гээд байсан. Тэгэхээр нь би гэрийн үүдэнд байсан хогийн савыг өшиглөсөн чинь Г-н хажууд унаж байгаа харагдсан. Г цагдаа дуудна гээд байхаар нь гарч явж байгаад 20 цагийн үед буцаад Г-н гэрт очсон. Г өөдөөс дайраад ирэхээр нь үснээс барьж аваад доош нь дараад буцаагаад түлхсэн. Тухайн үед А эгч ирсэн байсан. Тэгээд би гараад явж байгаад цагдаад баригдсан. Г цагдаагийн хажууд над руу дайраад элдэв бусаар хэлээд байсан. Би эрүүлжүүлэхэд ирээд хоносон. Өөр асуудал болоогүй.

....Миний биед урд нь ямар нэгэн гэмтэл байгаагүй. Энэ гэмтлүүдийг Г надад учруулсан. Дух, баруун зүүн хацар, хамрын нуруу, дээд доод уруул, хүзүүнд өвчүүний дээд хэсгээр зулгаралт гэмтлийг Г хумсаараа самардаж учруулсан. Баруун шуунд цус хуралт, нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтлийг Г галын хайчаар цохиж учруулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/

...Тухайн үед Г миний нүүрийг маажихаар нь 2 гарыг барьж аваад арагш түлхсэн орон дээр унасан. Би цээжээрээ Г-н дээр нь дараад 2 гарыг нь бариад өөрийгөө самардуулахгүй гээд хорьсон. Түүнээс Г-н амьсгалыг боосон зүйл байхгүй. Г хоёр гараа миний гараас мулталж аваад мөн миний нүүрийг дахиад маажсан. Тэгэхээр нь холдоод зугтаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

 

1.4. Гэрч У.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр А хөдөөнөөс ирлээ гээд манай гэрт хоночихоод явсан. Ирэхдээ Г-той муудалцсан гэж байсан. Маргааш өглөө нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө босоод гараад явсан. Тэр өдөртөө манайд ирж хоноогүй. 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Г над руу утсаар яриад танай дүү А-г цагдаад бариад өгсөн гэж хэлсэн. Тэгээд А-г авах гээд цагдаа дээр ирэхэд А-н нүүрийг нилэнхүйд нь маажсан шархтай байсан. А-с яасан талаар нь асуухад Г нүүр маажсан гэж хэлж байсан. Мөн Г нуруу руу, баруун гарын шуу руу нь галын хайчаар цохисон гэж А надад хэлж байсан. Баруун гарын шууг нь харахад хөхөрсөн байгаа харагдсан. Нурууг нь бол хараагүй… /хх-ийн 27 дугаар хуудас/ 

 

1.5. Гэрч С.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Тухайн өдөр манай танил дүү Г над руу яриад хамтран амьдрагч А ирээд намайг орон дээр дараад амьсгал авч чадахгүй болохоор нь А-н нүүрийг нь самардсан гэж хэлсэн. Тэгээд муудалцсан талаар хэлсэн. Тэгээд ажил тараад гэр лүүгээ явж байхдаа Г-г хамтран амьдрагч А-гаа муудалцсан гэсэн юу болж байгаа бол гэж бодоод Г-н гэрт орох гээд хашаа руу нь ортол Г А нар хоорондоо маргалдаж байсан. Г надад хандаад бичлэг хийгээдэх гэхээр нь би утсаа оролдож байтал энэ хоёр гэртээ орсон. Би араас яваад ортол А Г-н үснээс бариад гэрийнхээ баруун талд байдаг хувцасны шкафыг толгойгоор нь мөргүүлсэн. Би наанаас нь хүүе чи боль гэж хэлсэн. А гараад явсан. Тэгээд буцаад өшиглөх гээд хөл нь хаалгаар орж ирээд байсан. А байн байн орж ирээд хэрүүл хийгээд байсан. Тэгээд цагдаа дуудсан чинь А зугтаагаад өөрийнхөө хашаанаас зүүн тийш 2 дахь хашаа руу орсон. Тэндээс цагдаа нар барьж аваад явсан. Тухайн үед А архи уусан согтуу байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

 

1.6. Гэрч О.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би сар өдрийг нь мэдэхгүй байна. 2018 оны сүүлээр санагдаж байна А манай гэрээр орж ирээд гарсан. Тухайн үед А-н нүүр нь нилэнхүйдээ маажуулсан шархтай байсан. Би яасан талаар нь асуухад эхнэр Г-т маажуулсан гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/

 

1.7. Гэрч О.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө манай нөхөр О А цагдаад баригдаад явсан байна гээд цагдаа руу явсан. Тэгээд нилээн байж байгаад А-г дагуулаад гэртээ ирсэн. А-г харахад нүүрийг нь улаан эрээн болтол нь самардсан байсан. Би яасан талаар асуухад Г намайг самардаад нуруу болон гар луу галын хайчаар цохиод цагдаад барьж өглөө. Цагдаад эрүүлжүүлэгдэж хоночихоод ирлээ гэж хэлсэн. Тэгээд тэр өдрийнхөө маргааш хөдөө явлаа гээд явсан. Өөр мэдэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/

 

1.8. Гэрч Б.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би тухайн өдөр Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд 24 цагаар эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр У.А гэх хүн эрүүлжүүлэх байранд хүргэгдэж ирсэн. А эхнэртэйгээ хэрүүл маргаан үүсгэсэн гэсэн зөрчлөөр эрүүлжүүлэгдсэн байна.

...Нүүрэндээ дух, хацар, хамар, уруул, цээжний хэсэгт зулгарсан шархтай, мөн баруун шуунд хөхөрсөн байсан.

...нуруу орчмоор хүндүүртэй гэж хэлж байсан санагдаж байна. Ил харагдах шарх байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/

 

1.9. Насанд хүрээгүй гэрч Ө.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

А ах намайг ална шүү гэж загнаж байсан. Түүнээс зодож цохисон зүйл байхгүй… гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/

 

1.10. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 312 дугаартай дүгнэлтэд:

- У.А-н биед дух, баруун зүүн хацар, хамрын нуруу, дээд доод уруулаар, хүзүүнд, өвчүүний дээд хэсгээр зулгаралт, баруун шуунд цус хуралт, нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2018 оны 11 дүгээр сарын 13-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Уг гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Ж гэжээ. /хх-ийн 40 дүгээр хуудас/

 

1.11. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 314 дугаартай дүгнэлтэд:

- Б.Г-н биед толгойн үс зулгаагдалт, зүүн гарт зулгаралт гэмтэл учирчээ.

-Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2018 оны 11 дүгээр сарын 13-нд үүсгэгдсэн байх боломжтой.

-Уг гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Ж гэжээ. /хх-ийн 44 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Г-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Г нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Б.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Б.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Хохирогч У.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Г-той сайн дураараа эвлэрсэн. Хохирлын тал дээр ямар нэгэн маргаангүй болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/

 

2.2. Гэрч М.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Г-той 10 орчим жил найз явж байна. Г-н хувьд яриа хөөрөөтэй. Найз нөхөдтэй эвсэг, нийтэч харилцаатай. Элдэв янзын ааш зан байхгүй. Ер нь ааш зангийн хувьд гайгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/

 

2.3. Хохирогч У.А-н мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 50 дугаар хуудас/

 

2.4. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 дүгээр хуудас/

 

2.5. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 79-82 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Б.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

          Иймд шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

          Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.

         

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасаныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ны Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Т.ЭНХМАНДАХ