Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 338

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимдхаалттай хийсэн шүүх хуралдаанаар 
Нэхэмжлэгч: Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Цагаан сүмийн 4-01 тоотод оршин суух Боржигон овогт Нямлхагвын Цэрэн /РД:АМ89120401/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 2-р баг Өндөр хөхт гэх газар оршин суух Боржигон овогт Сармандахын Золбаяр /РД:АИ93061517/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Цэрэн, хариуцагч С.Золбаяр, нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
 Нэхэмжлэгч Н.Цэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2012 оны 2-р сард С.Золбаяртай танилцан улмаар дотносон 2012 оны 10-р сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болж аз жаргалтай амьдарч байсан. Нөхрийн маань ааш авир 2013 оноос эвдэрч намайг хэл амаар доромжлон удаа дараа зодож, хөөдөг болсон. Мөн ээж, дүү хоёрын маань зодсон. Энэхүү байдал нь цаашид хүү бид 2 түүнтэй амьдрахад нэн хэцүү болсон. Би энэ байдлыг цаашид тэвчихийн аргагүй болж өөрийн аавындаа амьдарч байна. 2013 онд хүү З.Ананд төрсөн бөгөөд одоо миний асрамжид байгаа. 2012 онд Золбаяртай гэр бүл болоход хоёр талаас нийлсэн эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд С.Золбаяраас гэрлэлтээ цуцлуулж хүүгээ өөрийн асрамжинд авч хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
            Нэхэмжлэгч Н.Цэрэн шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа дэмжихдээ: Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг С.Золбаяраар гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв. 
     Хариуцагч С.Золбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч С.Золбаяр миний бие эхнэр Н.Цэрэнтэй 2012 оны 10-р сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болж сайхан амьдарч байсан. Би эхнэр хүүхдээ зоддоггүй, хэл амаар доромжилж, хөөж тууж байгаагүй. Харин хадам ээж Амгаа нь хөдөөнөөс дээлийн материал авч өгч явуулаач гэхээр нь орой 22 цагийн үед оройтчихлоо дэмий байхаа гэж хэлсэн чинь эхнэр уурлаад хашгарч орилж сүйд болсон. Тэгэхээр нь 1 удаа түлхчихсэн чинь бөөн юм болсон. Маргааш өглөө нь уучлалт гуйсан чинь хүлээж аваагүй. Би хөдөө яваад ирсэн чинь гэртээ байхгүй, хувцас хунараа аваад гэрлүүгээ явчихсан байсан. Хэд хоногийн дараа уучлалт гуйсан хүлээж аваагүй. Гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд өгсөн байсан. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би эхнэрээсээ салахгүй, гэрлэлтээ цуцлуулахгүй, хүүхдээ өнчрүүлж хойд эцгийн гар харуулахгүй. Бид 2 хоорондоо сүйд болтол хэрэлцэж байгаагүй. Бие биенээ уучлаад аз жаргалтай, халуун дулаан уур амьсгалтай үр хүүхэдтэйгээ эвтэй найртай сайхан амьдармаар байна гэжээ.
             Хариуцагч С.Золбаяр шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлуулах, хүү З.Анандыг эх Н.Цэрэнгийн асрамжид үлдээх мөн хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.   
     Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
 Нэхэмжлэгч Н.Цэрэн нь С.Золбаярт холбогдуулж гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Н.Цэрэн, С.Золбаяр нар нь 2013 оны 1-р сарын 8-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2013 оны 1-р сарын 3-ны өдөр хүү З.Ананд төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон төрсний гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байна.
Хариуцагчийн тайлбар, хамтран амьдарсан хугацаа, бага насны хүүхэдтэй гэсэн нөхцөл байдлыг харгалзан шүүхийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон болно
Гэрлэгчид нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, шүүх хуралдааны явцад ч гэсэн цаашид хамтран амьдрах боломжгүй гэдгээ хэн аль нь илэрхийлсэн, зан харьцаа, сэтгэл санааны хувьд таарч тохирохгүй болсон байдлуудыг харгалзан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Хүүхдийн асрамж болон тэтгэлэгийн асуудлыг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан шаардлага, түүнийг зөвшөөрсөн хариуцагчийн тайлбарыг үндэслэн 3 настай хүү З.Анандыг эх Н.Цэрэнгийн асрамжид үлдээж, эхийн асрамжид үлдэж байгаатай нь холбогдуулан түүнийг эцэг С.Золбаяраар нь тэжээн тэтгүүлэхээр тогтоож байна. 
Зохигч нь дундын эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдвал зохино.
 
          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:
            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигон овогт Сармандахын Золбаяр, Боржигон овогт Нямлхагвын Цэрэн нарын гэрлэлтийг цуцалсугай.
 
            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2013 оны 1-р сарын 3-ны өдөр төрсөн хүү Золбаярын Анандыг эх Н.Цэрэнгийн асрамжид үлдээсүгэй.
     3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү З.Анандыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Золбаяраар тэжээн тэтгүүлсүгэй.
             4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
             5. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлд заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
             6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
     7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Золбаяраас 98 827 төгрөг гаргуулан 70 200 төгрөгийг Н.Цэрэнд, 1 жилийн хугацаанд төлбөл зохих 1 хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 28 627 төгрөгийг орон нутгийн орлогод тус тус олгосугай.
             8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
 
 
                          ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Т.БАДРАХ