Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 307

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,

Улсын яллагч Э.Оюунтунгалаг,

Өсвөр насны шүүгдэгч У.М , түүний хууль ёсны төлөөлөгч М.Уранзул, тэдний өмгөөлөгч А.Мөнхсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч У.М эд холбогдох эрүүгийн 1806 07287 0021 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

         Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 5, эх, 3 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа  шагналгүй,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 1067 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял оноож, шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулсан, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, У.М .

 

          Холбогдсон хэргийн талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч У.М  нь 2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжын 4 дүгээр хэсэг 185 тоотод оршин суух иргэн Ч.Мөнхзулын гэрийн нойлын өрөөний цонхоор нэвтэрч “Dell” маркийн нотебүүк, хөөрөг хулгайлж нийт 830.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч У.М  мэдүүлэхдээ: “...2018

оны 9 дүгээр сарын 8-ны өдөр дүү У.Тэмүүлэнгийн төрсөн өдөр болсон. Өглөө нь ажил дээрээ ажлаа хийж дуусгаад явах гэтэл ажил олгогч явуулахгүй байсан. Намайг удаан хугацаагаар ажил хийлгэж, хоол унааны мөнгө надад өгөхгүйгээр ажил дээр саатуулаад байсан. Ажлын байрны хажууд айл байдаг. Айлыг түүний гэр гэж бодоод гэрээс нь хулгай хийсэн.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.Уранзул мэдүүлэхдээ: “...Манай хүүгийн ажилласан цалин хөлсийг өгөхгүй байж байгаад ийм хэрэгт холбогдуулсанд гомдолтой байна. Өөр хэлэх зүйлгүй.” гэв.

 

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ч.Мөнхзулын өгсөн мэдүүлэг /хх-14-15/, гэрч Г.Цогтмагнайгийн өгсөн мэдүүлэг /хх-17/, гэрч М.Чулуунбаатарын өгсөн мэдүүлэг /хх-18/, хөрөнгийн үнэлгээний “Тод үнэлгээ” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны 8/78 дугаартай дүгнэлт /хх-21/, өсвөр насны шүүгдэгч У.М ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

  

Прокуророос өсвөр насны шүүгдэгч У.М ийг 2018 оны 9 дүгээр сарын   8-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжын 4 дүгээр хэсэг 185 тоотод оршин суух иргэн Ч.Мөнхзулын гэрийн нойлын өрөөний цонхоор нэвтэрч “Dell” маркийн нотебүүк, хөөрөг хулгайлж нийт 830.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллаж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан “гэмт хэрэг хэзээ гарсан” байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар зөрүүтэй тогтоосон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-11/, хохирогч Ч.Мөнхзулын өгсөн “2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 13 цаг 30 минутад гэрээ түгжээд гарч яваад 2018 оны 9 дүгээр 9-ний оройн 21 цагийн үед ирэхэд хулгай орсон байсан” /хх-14-15/, гэрч Г.Цогтмагнайгийн өгсөн “2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр манай будах гэж байтал тог тасраад тогоо хүлээж байгаад У.М  нь хамт унтаж хоносон” /хх-17/, өсвөр насны шүүгдэгч У.Мөнхзулын гэрчээр өгсөн “2018 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр гражид байсан. Граж түрээслэдэг Цогтоо өөр нэг хүнтэй өдөржингөө архи уугаад 20 цаг хүртэл байж байгаад яваад өгсөн” /хх-16-17/ гэх мэдүүлгүүд болон баримтууд нотлогдож байх тул шүүхээс өсвөр насны шүүгдэгч У.М ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрт үйлдсэн гэмт хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр үйлдсэн гэж зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ. 

 

Мөн хэрэгт өсвөр насны шүүгдэгч У.М ийн насыг тоолоогүй, баримт үйлдээгүй ба шүүгдэгч нь хэрэг үйлдэхдээ 16 нас 11 сар 25 хоногтой байсан болохыг улсын яллагдагч Э.Оюунтунгалаг дүгнэлтэндээ тусгасан болохыг тэмдэглэж байна.

Харин өсвөр насны шүүгдэгч У.Мөнхзулын 2018 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжын 4 дүгээр хэсэг 185 тоотод оршин суух иргэн Ч.Мөнхзулын гэрийн нойлын өрөөний цонхоор нэвтэрч “Dell” маркийн нотебүүк, хөөрөг хулгайлж нийт 830.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Мөнхзулын өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 13 цаг 30 минутанд байшингаа түгжээд салхинд гараад маргааш өдөр нь 21 цагт гэртээ ирэхэд доторх эд зүйлийг сандаачиж 00-н өрөөний цонх онгойсон. “Dell” маркийн нотебүүк, хуучны хөөрөг хоёр алдагдсан байсан тул цагдаа дуудсан.” /хх-14-15/ гэх мэдүүлэг;

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Цогтмагнайгийн өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 20 цагийн үед би ажлаасаа гарах гээд гражаа цоожлох гэтэл У.М  “би энд хоночих уу” гэж гуйгаад байхаар нь хиам гоймон авч өгөөд үлдээсэн. Нохой сул тавих гэтэл У.М  “би гадаа гудамжинд бие засах юм уу” гэхээр нь нээрээ ч тийм дээ гээд нохойгоо суллаагүй. Маргааш өглөө нь ирэхэд граш онгорхой бүх зүйлийг дэлгэж онгойлгож үзсэн байдалтай У.М  өөрөө байхгүй байсан. Зулаа орж ирээд чи өчигдөр байгаагүй юм уу гээд надад хэлсэн. Тэгээд би У.Мөнхзул гэдгийг мэдсэн.” /хх-17/ гэх мэдүүлэг,

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Чулуунбаатарын өгсөн: “...Манай граш түрээсэлдэг Г.Цогтмагнайтай манай охин уулзаж ярилцахад 9 дүгээр сарын 9-ний орой У.М  гэх засвар хийхэд тусладаг хүүхэд үлдсэн гэж хэлсэн гэсэн. “У.М  грашийг онгорхой, цүнхээ орхиод явсан байсан” гэж Г.Цогтмагнай хэлсэн. Тэгээд би У.М ийг авсан мэдсэн хамгийн гол нь Г.Цогтмагнайгийн утсыг аваад үлдээсэн цүнхэндээ хийсэн байсан.” /хх-18/ гэх мэдүүлэг,

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны яллагдагч У.М ийн өгсөн: “...Хүлээн зөвшөөрж байна. Би 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдрөөс 9-ний өдрийн хооронд Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо байхаа сайн санахгүй байна. “Хангамж” гэдэг буудалтай газар кузов засварт ажиллаж байсан. Тэр засварын газар Цогтоо гэдэг даргатай. Би 2018 оны 9 дүгээр сарын 9-ний орой 19 цагийн үед гэр рүүгээ явсан. Тэгээд би грашаа харж үлдсэн. Тэгээд тухайн өдрийн орой 20 цагийн үед грашийн хойд талд байдаг /нэг хашаанд байдаг/ байшингийн вакум цонхыг түлхэж ороод дотроос нь зөөврийн комьпютер, жижиг хөөрөг авсан. Тэгээд хойшоо гараад “Улиастайн” шинэ замаас такси бариад сансарын тунел урд талд байдаг Ач тус гэдэг ломбарданд таксины жолоочид 13.000 төгрөг өгөөд үлдсэнийг нь аваад 13 дугаар хороололд байдаг ПС тоглоомын газар руу очоод тэндээ хоносон.” /хх-31-32/ гэх мэдүүлэг,

 

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-12/,

Хөрөнгийн үнэлгээний “Тод үнэлгээ” ХХК-ийн дүгнэлт /хх-21/,

Өсвөр насны шүүгдэгч У.М ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35/ зэрэг болно.

 

Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл өсвөр насны шүүгдэгч У.М  нь 2018 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжын 4 дүгээр хэсэг 185 тоотод оршин суух иргэн Ч.Мөнхзулын гэрийн нойлын өрөөний цонхоор нэвтэрч “Dell” маркийн нотебүүк, хөөрөг хулгайлж нийт 830.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ч.Мөнхзул, гэрч Г.Цогтмагнай, М.Чулуунбаатар нарын мэдүүлэг, өсвөр насны шүүгдэгч У.М ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар өсвөр насны шүүгдэгч У.М  нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Өсвөр насны шүүгдэгч У.М  нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн бөгөөд үүнийг шүүхээс өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно. Харин энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд өсвөр насны шүүгдэгч У.М эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасан “...гэмт хэрэг үйлдсэн  өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасна” гэж хуульчилсан байх тул түүнд оногдуулах хорих ялыг 2 дахин багасгаж шийдвэрлэх нь өсвөр насны шүүгдэгчийг эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр болно.

 

Мөн өсвөр насны шүүгдэгч нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1067 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасан “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг хэмжээг тогтооно” гэж заасны дагуу энэ шийтгэх тогтоолоор оногдуулах хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт хорих ялыг хугацааг тогтоох нь зүйтэй байна. 

 

Өсвөр насны шүүгдэгч У.М эд оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч У.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36,13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Өсвөр насны шүүгдэгч У.М ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Өсвөр насны шүүгдэгч У.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Өсвөр насны шүүгдэгч У.М  оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан хорих ялыг 2 дахин багасгаж 1 жилийн хугацаагаар тогтоож, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч У.М эд шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1067 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосугай.

           

            5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч У.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

 6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, өсвөр насны шүүгдэгч У.М эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

   7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

           8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч У.М эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                     Э.ЧИНГИС