Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 01

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Ганзориг,

Шүүгдэгч Ю.Х

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа

Орчуулагч Ж.Доржпагам

Нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн БНХАУ-ын иргэн Ю.Х холбогдох эрүүгийн 1824000500043 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:  Улсын иргэн, 1 төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролтой, техникийн инженер мэргэжилтэй, “ ажилтай,  түр оршин суугч Ю.Х  

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ю.Х  нь Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг дэвсгэрт 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 02-нд шилжих шөнө 04 цагийн орчимд О.Э маргалдаж, улмаар модоор түүний гар болон толгойн тус газарт нь 7-8 удаа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Ю.Х нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг адилхан. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирол төлбөрийг төлсөн, хохирогч гомдол саналгүй гэж мөрдөн байцаалтын шатанд хүсэлт гаргасан байгаа. Хохирогчийн нэхэмжилсэн цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөд татгалзах зүйл байхгүй...” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ю.Х нь 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 02-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг дэвсгэрт хохирогч О.Э маргалдаж, улмаар түүний гар, толгойн тус газарт модоор цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч О.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 02-нд шилжих шөнө ээлжинд ажиллаж байсан. Ю.Х гурван эгнээгээр асгах ёстой шороог нэг эгнээгээр асгаад байхаар нь тэнэг юм уу гэх янзаар дүр үзүүлээд явсан. Тэгтэл Ю.Х утсаар яриад хятадуудыг дуудсан байсан. К.В гэдэг хятад ирээд надтай гар бариад байж байхад Ю.Х хажуугаар мод барьж ирээд зүүн талын хөмсөгний дээд талын хэсэгт цохисон. Би толгойгоо гараараа дартал зүүн гарын сарвууны ар хэсэгт цохисон, мөн дал, мөр, нуруу, цээж хэсэгт 3-4 удаа өшиглөсөн. Миний биед учирсан гэмтлийг Ю.Х  модоор цохиж учруулсан, намайг толгойгоо хамгаалах гэж гараараа хаахад миний хурууны үерүү цохиж хугалсан, намайг газарт унахад хамран тус газарт өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-18, 226-227-р хуудас/,

Гэрч О.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 02-нд шилжих шөнө 04 цагийн орчимд гадаа бороо ороод миний машин дотор Ю.Х, Ш Ч Х нар суусан. Гэтэл О.Э ирээд шороогоо буруу газар буулгаад байна гэж Юу Ханд хэлэхэд тэр хятадаар юм яриад байсан. Тэгтэл О.Элдэв-Очир ойлгохгүй байна уу гээд Ю.Х толгойн ар хэсэг рүү түлхээд авсан. Удалгүй Ю.Х хэдэн хятадуудтай ирсэн. Нэг хятад хүн ******* загнаж эхлэхэд хажуу талаас нь Ю.Х ******* зодож эхэлсэн. О.Элдэв-Очир газарт унаад босоод зугтаасан. ******* хажууд очиход нүүр нь цус болчихсон байсан. Гэрэлд харахад Ю.Х гарт замын тэмдэг тавьдаг мод байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-52-р хуудас/,

Гэрч Ши Чунь Хан /Shi Chun Han/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 02-нд шилжих шөнө О.Элдэв-Очир, Ю.Х нар шороо буулгах асуудлаас болж маргалдаад Ю.Х ******* зодох гэж хөөтөл О.Элдэв-Очир газар унасан. Ю.Х нь зам дээр хэрэглэж байсан модоор ******* толгой тус газарт цохиж, зодож байгааг би харсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

Гэрч Ян Жие /Yan Jie/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад Ши Чунь Хан нь О.Элдэв-Очир, Ю.Х нарыг маргалдсан гэж хэлсэн. О.Элдэв-Очир Кан Вэн Бин даргатай маргалдаад байж байтал наанаас нь Ю.Х очоод ******* зодох гээд дайрахад О.Элдэв-Очир цаашаа зугтаад гүйж байгаа харагдсан. Тухайн үед бороо орсон байсан болохоор О.Элдэв-Очир халтирч унахад Ю.Х зам дээр хэрэглэж байсан модоор ******* зодоод байгаа харагдсан. Харанхуй байсан болохоор биеийн аль хэсэгт хэдэн удаа цохисныг хараагүй. ******* Юу Ханаас өөр хүн зодоогүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,

Гэрч Н.Дуламсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 08 цаг 30 минутын үед очиход ******* биеийн байдал хүндэвтэр, нүүр нь цусанд будагдсан, духны шарханд боолт хийж нэвтэрсэн байдалтай байсан. Гарын хуруунд нь шарх үүссэн, цус гоожсон, долоовор хуруу үеэрээ мултарсан, зүүн гарын мөр маш их эмзэглэл ихтэй, мөрний орчмоор хавдсан байсан. ...Сумын эмнэлэгт авчраад шарханд оёдол тавьж, цус тогтоох боолт хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О.Элдэв-Очир 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тархины битүү гэмтлийн улмаас нүдээ нээж, ярьж чадахгүй ирсэн. Түүний зүүн талын хөмсөгний дээд хэсэгт язарсан шархтай, оёдол тавиулсан байсан. Зүүн талын 3-р хурууны савх яс ташуу хугаралтай, гарын арьс шалбарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-45-р хуудас/,

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 02-нд шилжих шөнө Ян Жие цагдаа дуудаарай гэж хэлсэн. ...О.Элдэв-Очиртой очиж уулзахад толгойн зүүн хэсэгт язарсан, цус гарч байсан. Мөн зүүн гарын чигчий хуруу нь мултарчихсан юм уу гэмээр эвгүй муруйсан харагдаж байсан. Энэ талаар Кан Бен Винд хэлэхэд эмнэлгийн ороох боох материал өгөөд ******* шархыг боож өг гэсэн. Би буцаж очоод нэг танихгүй залуугийн хамт ******* толгойг боож өгөөд эмч дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр танихгүй хүн утсаар залгаад танай хүүхэд О.Элдэв-Очир хүнд зодуулсан байна гэж хэлсэн. ...О.Элдэв-Очир гэмтлийн эмнэлэгт дээр ирэхдээ хэвтээ байдалтай, толгойг нь боосон, ярих чадваргүй, зүүн гарын сарвуу хэсэг нь халцарсан байсан. Ирэхдээ ухаан санаа самууралтай байгаа юм уу гэмээр янз янзын юм яриад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/,

Кан Бен Бинийн яллагдагч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 01-нээс 2018 оны 07 дугаар сарын 02-нд шилжих шөнө 04 цагийн орчим Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутагт байрлах “Монгол ЛЗ” зам гүүр компанийн кемп буюу төв дээрээ байж байтал О.Элдэв-Очир, Ю.Х нар муудалцаж О.Элдэв-Очир Ю.Х зодсон талаар Баатараас сонсоод Ганбат, Баатар нарын хамт тэдний байгаа газарт очсон. Би тэнд очоод О.Элдэв-Очирт чи хоёр дахь удаагаа хятад хүн зодлоо, яагаад хүн зодоод байгаа юм бэ? гэхэд О.Элдэв-Очир уурлаад намайг цохих гэхэд би түүний гарыг түлхэж зайлуулсан. Гэтэл Ю.Х О.Элдэв-Очирлуу дайраад О.Элдэв-Очир зугтаасан бөгөөд хойноос нь Ю.Х  хөөгөөд гүйтэл тухайн үед бороо орсон байсан учраас О.Элдэв-Очир халтираад унасан. Ю.Х замын тэмдэг тавьдаг модоор ******* зодсон. ...Би орчуулагч Ж.Хонгорзулыг явуулаад ******* биеийн байдлыг мэдээд ир гэхэд толгой нь хагарсан байна гэж надад хэлсэн. Ж.Хонгорзул надаас шархны боолт аваад ******* шархыг боож өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,

Завхан аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 201820161 дугаартай “...******* биед зүүн долоовор хурууны 3-р үеийн хугарал, тархи доргилт, хамрын таславч ясны муруйлт, хамрын хянга ясны хугарал, духны зүүн талд шарх, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Иргэн ******* биед учирсан зүүн долоовор хурууны 3-р үеийн хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тархи доргилт, хамрын таславч ясны муруйлт, хамрын хянга ясны хугарал, духны зүүн талд шарх, зүүн сарвуунд зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа Гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бүгд нийлээд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-р хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч О.Элдэв-Очирт учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 70-73-р хуудас/, хохирогчийн өвчний түүх, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, компьютер томографийн оношлогоо зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ю.Х “...Би зургийн дагуу шороо буулгаж байтал О.Элдэв-Очир ирээд надтай маргалдсан. Кан Вэн Бин ирээд чи яагаад хүн зодож байгаа юм бэ гэж О.Элдэв-Очирт хэлсэн. Би хажуу талаас нь ******* зодох гээд дайртал О.Элдэв-Очир цаашаа зугтаасан, би хойноос нь хөөхөд О.Элдэв-Очир газарт унахаар нь хажууд нь байсан модоор 7-8 удаа цохиж зодсон...” гэж гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн болно.   

Шүүгдэгч Ю.Х холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Прокуророос шүүгдэгч Ю.Х холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, ял сонсгон хэргийг шүүхэд шилжүүлснийг хянавал шүүгдэгч нь прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Ю.Х хохирогч ******* гар, толгойн тус газарт модоор цохисон үйлдэл хохирогч ******* эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол буюу гэмтэл нь өөр хоорондоо шууд шалтгаант холбоотой байх бөгөөд Ю. Х дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.

Иймд шүүгдэгч Ю.Х үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ю.Х нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх бөгөөд түүнд ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ю.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчид хохирол төлбөрт 10,000,000 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Л.Элдэв-Очирт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “...Солонгос улсад эмчилгээ хийлгэнэ, эмчилгээ хийлгэхтэй холбогдсон зардлыг нэхэмжилнэ...” гэж тайлбарласнаас үзэхэд хохирогч цаашид эмчилгээ хийлгэх зардал хэдэн төгрөг нэхэмжилж байгаа болох нь тодорхойгүйн дээр эмчилгээний зардлыг тооцоолох боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч цаашид гарах эмчилгээ зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ю.Х хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Х 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Х нь оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Ю.Х нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдолгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ю.Х авсан авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч О.Элдэв-Очир нь цаашид гаргах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ӨЛЗИЙХИШИГ