Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/01478

 

 

 

2023  07  28                                                        210/МА2023/01478

 

“******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2023/01572 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Контлайн” ХХК, “******* *******” ХХК, БНСУ-ын иргэн ******* ******* ******* (Канг Мин Хо)-д тус тус холбогдох

Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 951,846.4 ам.доллар буюу 2,712,407,540 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэл, “******* ******* *******” ХХК, “Контлайн” ХХК, ******* ******* ******* (Канг Мин Хо) нарын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан 400,000 ам.долларын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогтбаатар, хариуцагч “Контлайн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сугар, түүний өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, хариуцагч “******* *******” ХХК, БНСУ-ын иргэн ******* ******* ******* (Канг Мин Хо) нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сайнгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “******* ******* *******” ХХК болон хариуцагч “Контлайн” ХХК, Канг Ми Хо нар 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн 3 гэрээг байгуулсан. Манай компани нь БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг “******* *******” ХХК-ийн охин компани бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага юм. Хариуцагч “Контлайн” ХХК нь мөн БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг “Cи Жи Ложикс Инк” ХХК-ийн охин компани юм.

а. Дээр дурдсан БНСУ-ын “******* *******” ХХК болон “Cи Жи Ложикс Инк” ХХК нарын хооронд хэрэглээний зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний өр төлбөр төлөх “Cи Жи Ложикс Инк” ХХК-ийн үүргийг хариуцагч "Контлайн" ХХК, Канг Ми Хо нар, “******* *******” ХХК-ийн шаардах эрхийг нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК тус тус Иргэний хуулийн 123, 124 дүгээр зүйлд заасны дагуу шилжүүлэн авсан. Зээлийн гэрээ байгуулсан “******* *******” ХХК болон “Cи Жи Ложикс Инк” ХХК-аас албан ёсны хувьцаа эзэмшигчийн шийдвэрүүдийг үндэслэсэн бөгөөд манай компани нь “Контлайн” ХХК-тай зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр 400,000 ам.долларыг жилийн 6 хувийн хүүтэй, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулсан.

б. 357,911.66 ам.долларыг жилийн 9 хувийн хүүтэй, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлдүүлсэн. “Контлайн” ХХК нь “Богд банк” ХХК-тай байгуулсан 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ/048 дугаар зээлийн гэрээний үүрэг болох 357,911.66 ам.долларыг төлөх зорилгоор уг зээлийг авсан болно.

в. 100,000 ам.долларыг жилийн 9 хувийн хүүтэй, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлдүүлсэн. Уг зээлийг “Контлайн” ХХК нь “МИАТ” ХХК-д төлөх төлбөрт зориулж зээлсэн болно.

1.2. Дээрх зээлийн 3 гэрээний үүргийг нэгтгэн “******* ******* *******” ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төлбөр барагдуулах гэрээг хариуцагч “Контлайн” ХХК-тай байгуулсан бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 400,000 ам.доллар, 357,911.66 ам.доллар, 100,000 ам.долларын зээлүүдийг нэгтгэн нийт гүйцэтгэвэл зохих мөнгөн төлбөрийн үүргийг 857,911.66 ам.доллар болгож, жилийн хүүг 9 хувиар тохирч, төлбөрийг 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон.

1.3. Төлбөр барагдуулах гэрээний үүргийн гүйцэтгэлд дор дурдсан хөрөнгийг барьцаалж 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 4 барьцааны гэрээ байгуулагдсан.

а. “Контлайн” ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0701000442 дугаартай, Дорноговь аймаг, Айраг сум, 4 дүгээр баг, Цагаан дөрвөлж гудамж, Контлайн гаалийн хяналтын 586 м.кв талбай,

б. “Контлайн” ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0701000447 дугаартай, Дорноговь аймаг, Айраг сум, 4 дүгээр баг, Цагаан дөрвөлж гудамж, Контлайн хяналтын талбайд байрлах, суурилагдсан кран зориулалттай 33.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

в. “Контлайн” ХХК-ийн өмчлөлийн, 2013 онд үйлдвэрлэсэн Doosan sd300 загварын улбар шар өнгөтэй, 10042 арлын дугаартай авто ачигч,  

г. “Айраг контейнер *******” ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0701000391 дугаартай, Дорноговь аймаг, Айраг сум, 4 дүгээр баг, Улсын нөөцийн газрын хойно байрлах, 404,49 м.кв бүхий талбай,

д. мөн “Айраг контейнер *******” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 10011030121 дугаартай, Дорноговь аймаг, Айраг сум, Улсын нөөцийн гарын хойно байрлах, 5.44 га талбай бүхий газар.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, тэдгээрийг үндэслэж хийсэн төлбөр барагдуулах гэрээ, барьцааны гэрээ тус бүрийг БНСУ дахь толгой компаниудаас албан ёсны зөвшөөрлийг авч байгуулж, бүртгэлийн газар бүртгүүлж баталгаажуулсан.

1.4. Төлбөр барагдуулах гэрээний дагуу “Контлайн” ХХК, Канг Ми Хо нар үндсэн төлбөрт 857,911.66 ам.доллар буюу 2,443,804,259 төгрөг, 11 сарын хүүнд 70,777.74 ам.доллар буюу 201,613,931 төгрөг, 9 хоногийн алдангид 23,157 ам.доллар буюу 66,989,350 төгрөг, нийт 2,712,407,540 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Төлбөр барагдуулах гэрээний 3.6-д зээлийн хүү нэг жилийн 9 хувь байна, 3.2-т төлбөр төлөх хугацааг 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр улна гэж заасан. Иймд нэг жилийн 9 хувийн хүүг 12 сард хувааж, нэг сарын хүүг 0.75 хувь буюу 11 сарын хүүг 8.25 хувиар тооцож нэхэмжилсэн. Харин алдангийг гэрээний 3.7-д гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги гэсний дагуу нэг хоногийн 2,573 ам.доллар нийт 5 хоногоор тооцсон. Нэхэмжлэл гаргахдаа Монголбанкнаас 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр зарласан ам.долларын ханш 2848,55 төгрөгөөр тооцсон болно.

Дээрх үндэслэлүүдээр төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 857,911.66 ам.доллар буюу 2,443,804,259 төгрөг, хүүнд 70,777.74 ам.доллар буюу 201,613,931 төгрөг, алдангид 23,157 ам.доллар буюу 66,989,350 төгрөг, нийт 2,712,407,540 төгрөгийг “Контлайн” ХХК, Канг Ми Хо, “Айраг контейнер *******” ХХК нараас гаргуулж манай компанид олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч “Контлайн” ХХК, иргэн ******* ******* ******* (Канг Мин Хо) нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Тус компани нь тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн 2 жилийн хугацаанд дэлхий нийтэд тохиолдоод буй тахал өвчний гамшиг бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл саад их учирч, бусдаас авсан мөнгөн төлбөрийг цаг хугацаанд нь түргэн шуурхай төлөх боломжгүйд хүрсэн.  

2.2. Манай компанийн хувьд “Богд банк” ХХК-ийн зээлийн төлбөрийг төлөхөөр авсан 357,911 ам.доллар, мөн “МИАТ” ХХК-ийн төлбөрт зориулж авсан 100,000 ам.долларын төлбөр тооцоог төлөхийг хүлээн зөвшөөрч, авсан өдрийн Монголбанкны ханшаар төгрөгөөр тооцон буцаан төлөхөд татгалзах зүйлгүй байна. Гэхдээ уг зээлүүдийн хүү, алдангийг төлөх боломжгүй. Учир нь, зээлийн гэрээнүүд нь Монгол Улсын хэд хэдэн хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохоор байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт бизнесийн үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүд нь Компанийн тухай хууль болон Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу үйл ажиллагааны чиглэлд тодорхойлсон бизнесийн үйл ажиллагааг явуулах ёстой байдаг. Шүүхэд өгсөн баримтаас үзвэл “******* ******* *******” ХХК нь үйл ажиллагааны чиглэлд тодорхойлоогүй зээл, хүүгийн үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүй явуулж ашгийн зорилгоор “Контлайн” ХХК-тай зээлийн гэрээнүүдийг байгуулсан байна. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчилж буй Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1, 4.4-т заасан болон Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т зааснаар ам.долларын зээлийн үйлчилгээг зөвхөн эрх олгогдсон банк, банк бус санхүүгийн байгууллагаас бусад аж ахуйн нэгж явуулахыг хориглосон.

Тиймээс 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр талуудын хооронд байгуулсан 357,911 ам.долларын, 100,000 ам.долларын зээлийн гэрээнүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

2.3. Хариуцагч нар нь 400,000 ам.долларын өрийг шилжүүлэн авсан зээлийн гэрээг аргагүйн эрхэнд шахаанд орж байгуулахад хүрсэн. Уг гэрээг байгуулбал 457,911 ам.долларыг өгч болно гэхээр аргагүйн эрхэнд байгуулсан. Тэгээд ч Монгол улсын нутаг дэвсгэрт хийгдээгүй, “******* ******* *******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, “Контлайн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хооронд БНСУ-д явуулж байсан ажил үүргийн явцад үүссэн өр төлбөрийг огт хамааралгүй Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй компаниар зээлийн өр хэлбэрт оруулан гэрээг байгуулж төлүүлэхээр болж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг гэрээ нь анхнаасаа хуулийн шаардлага хангахгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл болсон гэж үзэж байна гэжээ.

 

3. Хариуцагч “******* *******” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Нэхэмжлэгч нь 3 зээлийн гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэхдээ төлбөр барагдуулах гэрээний үүргийн гүйцэтгэлд гэх агуулгаар бүртгүүлсэн. Хүү шаардах эрх төлбөр барагдуулах гэрээгээр үүсэхгүй. Төлбөр барагдуулахтай холбоотой гэрээнд шаардах эрхийн тухай зохицуулалт байхгүй. Уг гэрээнд төлбөр тооцоо нийлэх замаар гэрээний 3.2 дугаар зүйлд 800 мянган ам.доллартай холбоотой гэрээ байгуулав гэсэн.

Бодит нөхцөл байдал дээр 400,000 ам.долларыг шилжүүлсэн нотолгоо баримт байхгүй. Үндсэн зээлийн гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ БНСУ-д хийгдсэн. Үндсэн гэрээнд маргааныг Сөүлийн нэгдүгээр шүүхээр шийдвэрлүүлэхээр тохирсон. Тиймээс уг улсын шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байсан. Талуудын эрх шилжүүлэх гэрээнд хэрэг шийдвэрлэх харьяаллын талаарх асуудал тусгагдаагүй. Хариуцагч нь үндсэн зээл болох 357,911, 100,000 ам долларын дүн дээр маргадаггүй.

3.2. Хүү 70,774 ам.долларыг төлөх үүрэггүй гэж үзэж байна. Мөн яг аль гэрээнээс аль дүнг нэхээд байгаа нь ойлгомжгүй. “******* ******* *******” ХХК үндсэн үйл ажиллагааны үндсэн чиглэлээсээ зөрчсөн үйл ажиллагаа явуулж болохгүй. Зээлийн үйл ажиллагааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаар банк, банк бус санхүүгийн байгууллага явуулах эрхтэй. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх тухай хуульд зааснаар валютын зээлийг зөвхөн банк, эрх зүйн хуулийн этгээд олгоно гэж заасан байдаг. 400,000 ам.долларыг зээлсэн зээлийн гэрээ байгаа ч зээл олгогдсон нь нотлох баримтаар нотлогдоогүй гэжээ.

 

4. Хариуцагч “Контлайн” ХХК, БНСУ-ын иргэн ******* ******* ******* (Канг Мин Хо) нарын сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

4.1. 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “******* *******” ХХК болон “Cи Жи Ложикс Инк” ХХК нарын байгуулсан 400,000 ам.долларын хэрэглээний зээлийн гэрээг Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд заасны дагуу шилжүүлж, “******* ******* *******” ХХК болон БНСУ-ын иргэн Кан Мин Хо , “Контлайн” ХХК нарын хооронд зээлийн гэрээ байгуулсан нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байна. Учир нь, тус гэрээнд заасны дагуу 400,000 ам.долларыг Кан Мин Хо, “Контлайн” ХХК нар зээлж аваагүй, дансанд ороогүй байхад зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзнэ.

4.2. Мөн дээрх хэрэглээний зээлийн гэрээ нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгээгүй тус гэрээний 7 дугаар зүйлд уг гэрээтэй холбоотой маргаан гарах тохиолдолд зээл олгогч болон зээл авагч нь харилцан итгэлцлийг сууриа болгон шийдвэрлэх боломжтой. Гэвч маргааныг шийдвэрлэж үр дүнд хүрч чадахгүй шүүхэд хандах тохиолдолд Сөүлийн төв шүүх 1 дүгээр газар, харьяа шүүхээр шийдвэрлүүлнэ гэж тухайн зээлтэй холбоотой маргаан гарвал хэргийг харъяалан шийдвэрлэх шүүхийг маш тодорхой заасан байхад Монгол Улсын шүүхээр харъяалуулан шийдвэрлүүлэх үндэслэлгүй байна.

4.3. Мөн зээл олгогч болон зээл авагч нар нь тус гэрээнд оролцогчийн эрх, үүргийг бусдад шилжүүлэх талаар нэг ч зүйл заалт байхгүй байсаар байтал БНСУ-ын хуулийн этгээд болох “Cи Жи Ложикс Инк” ХХК-ийн үүргийг манай талаас шаардаад байгаа нь мөн адил үндэслэлгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.4, Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-т заасныг тус тус зөрчиж зээлийн гэрээ байгуулсан.  

Иймд 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “******* ******* *******” ХХК болон БНСУ-ын иргэн Кан Мин Хо, “Контлайн” ХХК нарын хооронд байгуулсан 400,000 ам.доллар буюу 1,139,200,000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож барьцаа хөрөнгө “Контлайн” ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0701000442 дугаартай, Дорноговь аймаг, Айраг сум, 4 дүгээр баг, Цагаан дөрвөлж гудамж, Контлайн хяналтын талбайд байрлах, 586 м.кв талбай, “******* *******” ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0701000391 дугаартай, нэгж талбарын 10011030121 дугаартай, Дорноговь аймаг, Айраг сум, 4 дүгээр баг, Улсын нөөцийн газрын хойно байрлах, 404.49 м.кв талбай, Д-000298146 дугаартай, нэгж талбарын 10011030121 дугаартай, Дорноговь аймаг, Айраг сум, Улсын нөөцийн газрын хойно байрлах, 5.44 га талбайтай эзэмшлийн газар, “Контлайн” ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0701000447 дугаартай, Дорноговь аймаг, Айраг сум, 4 дүгээр баг, Цагаан дөрвөлж гудамж, “Контлайн” хяналтын талбайд байрлах, суурилагдсан кран зориулалттай 33.5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Doosan sd300 загварын улбар шар өнгөтэй, 10042 арлын дугаартай авто ачигчийг чөлөөлөхийг Дорноговь аймгийн улсын бүртгэлийн хэлтэст даалгуулж өгнө үү гэжээ. 

 

5. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:

Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Учир нь 400,000 ам.долларын зээлийн гэрээний талууд хуульд зааснаар эрх шилжүүлсэн. 400,000 ам.долларын зээлийн гэрээг төлбөр барагдуулах гэрээг байгуулан өөр үүргээр сольсон. Хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлд дурдсан гэрээний харилцаа дуусгавар болсон гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу хариуцагч “Контлайн” ХХК, БНСУ-ын иргэн ******* ******* ******* (Канг Мин Хо) нараас 942,619.7 ам.доллар буюу 2,685,099,733 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Сеожүн ложистик *******” ХХК-д олгож, үлдэх 9,226.7 ам.доллар буюу 27,307,807 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу “Контлайн” ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0701000442 дугаартай, Дорноговь аймаг, Айраг сум, 4 дүгээр баг, Цагаан дөрөлж, Цагаан дөрөлж гудамж, Контлайн хяналтын талбай хаягт байрлах, 586 м.кв талбай, “******* *******” ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0701000391 дугаартай, нэгж талбарын 10011030121 дугаар, Дорноговь аймаг, Айраг сум, 4 дүгээр баг, Улсын нөөцийн газрын хойно байрлах, 404.49 м.кв талбай, Д-000298146 дугаартай, нэгж талбарын 10011030121 дугаартай, Дорноговь аймаг, Айраг сум, Улсын нөөцийн газрын хойно байрлах, 5.44 га талбай бүхий эзэмшлийн газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, “Контлайн” ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0701000447 дугаартай, Дорноговь аймаг, Айраг сум, 4 дүгээр баг, Цагаан дөрөлж, Цагаан дөрөлж гудамж, Контлайн хяналтын талбай хаягт байрлах, суурилагдсан кран зориулалттай 33.5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Doosan sd300 загварын улбар шар өнгөтэй, 10042 арлын дугаартай авто ачигчаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1-т заасан үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д холбогдох “******* ******* *******” ХХК, “Контлайн” ХХК, ******* ******* ******* нарын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан 400,000 ам.долларын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх тухай хариуцагч “Контлайн” ХХК, БНСУ-ын иргэн ******* ******* ******* (Канг Мин Хо) нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,790,187 төгрөг, хариуцагч “Контлайн” ХХК, иргэн ******* ******* ******* (Канг Мин Хо) нараас сөрөг нэхэмжлэлд төлсөн 5,853,950 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 5,783,750 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хариуцагч нарт, хариуцагч нараас 13,653,648 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол, тайлбарын агуулга:

7.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг эс зөвшөөрч байна. Дээрх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгохдоо “... суурилагдсан кран зориулалттай 33.5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө салхинд унаж устсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан зураг, хариуцагчийн тайлбараар нотлогдож байна ... Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “дараахь тохиолдолд барьцааны эрх дуусгавар болно”, 160.1.5-д “барьцааны зүйл устаж үгүй болсон” гэж заасан. Хариуцагч тус хөрөнгө салхинд унаж эвдэрсэн гэснийг нэхэмжлэгч няцааж тайлбар, баримт гаргаагүй...” гэх үндэслэлийг заасан.

Хариуцагч тал уг шаардлагаас татгалзаж буй үндэслэлээ барьцаа хөрөнгө нурсан гэх агуулгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбар гаргаж мэтгэлцээгүй. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж барьцааны гэрээний дагуу барьцаалагдсан хөрөнгүүдийг чөлөөлүүлэх агуулгаар сөрөг нэхэмжлэл гаргаж мэтгэлцсэн.

7.2. Хэргийн 3 дугаар хавтасны 32-25 дугаар талд авагдсан гэрэл зургийн үзүүлэлт нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн тэмдэг дарагдсан боловч тухайн баримт нь эх хувь эсвэл нотариатаар баталгаажуулсан хувь биш байна. Өөрөөр хэлбэл, шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй баримтыг үнэлсэн гэж үзэхээр байна.

Гэтэл анхан шатны шүүхээс газарт суурилагдсан кран нурснаар тухайн барьцаа хөрөнгөд хамаарч буй 33.5 м.кв талбай бүхий Контлайн хяналтын талбайг устсан мэтээр холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт “Контлайн” ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0701000447 дугаартай, Дорноговь аймаг. Айраг сум, 4 дүгээр баг, Цагаан дөрвөлж, Цагаан дөрвөлж гудамж, Контлайн хяналтын талбай хаягт байрлах, суурилагдсан кран зориулалттай 33.5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагч “Контлайн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

8.1. “Контлайн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сугар БНСУ-д яаралтай очиж хамтран ажиллах компанитай гэрээг байгуулах гарцаагүй нөхцөл байдал үүсч БНСУ руу зорчих болж 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр зарлагдсан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргасан. Энэ талаарх баримтыг хуулбарлан өгсөн. Гэвч шүүх намайг удаа дараа хуралдааныг хойшлуулж байсан мэтээр ор үндэсгүй дүгнэж талуудын тэгш байдлыг хангахгүй, биечлэн оролцуулалгүй, шүүх хуралдааныг явуулж миний төлөөлүүлж буй “Контлайн” ХХК-ийн эрхийг үндэслэлгүй хязгаарласанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож биечлэн оролцох эрхийг минь хангаж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү.

8.2. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр хариуцагч “Контлайн ХХК, БНСУ-ын иргэн Канг Мин Хо нараас 2,685,099,733 төгрөгийг гаргуулан “******* ******* *******” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-т заасан “Тогтоох хэсэгт ....хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч бүр ямар эрх эдэлж үүрэг хүлээхийг тусгана” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

8.3. “Контлайн” ХХК нь 457,911 ам.долларын хувьд маргадаггүй. Харин хүү 70,777.74 ам доллар буюу 201,613,931 тогрөг, алданги 23,157 ам.доллар буюу 66,989,350 төгрөгийг төлбөр барагдуулах гэрээгээр нэхэмжлэх боломжгүй, уг гэрээ хүчин төгөлдөр бус хууль зөрчиж байгуулагдсан гэж маргасан. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчилж буй Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4-т заасан болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т зааснаар ам.долларын зээлийн үйлчилгээг эрх олгогдсон банк, банк бус санхүүгийн байгууллагаас бусад аж ахуйн нэгж явуулахыг хориглосон байдаг.

8.4. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан төлбөр тооцооны гэрээ гэж маргасан. Гэтэл шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний зохицуулалтад нийцсэн гэж дүгнэсэн. Гэрээний утга агуулгыг шүүх зөв дүгнэж тодорхойлоогүй. Иймд төлбөр барагдуулах гэрээний 3.6, 3.7 дахь заалт нь хуульд нийцээгүй хүчин төгөлдөр бус юм.

8.5. Мөн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “******* ложистик *******” ХХК болон “Cт Жи Ложикс Инк” ХХК нарын байгуулсан 400,000 ам.долларын “Бэлэн мөнгөний зээлийн гэрээ” нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгээгүй тус гэрээний 7 дугаар зүйлд маргааныг Сөүлийн төв шүүх 1 дүгээр газар, харьяа шүүхээр шийдвэрлүүлэхээр тодорхой заасан байхад Монгол Улсын шүүхээр харьяалан шийдвэрлүүлэх үндэслэлгүй байсан.

8.6. Мөн шүүх бэлэн мөнгөний гэрээний хүчин төгөлдөр эсэх байдалд дүгнэлт хийснээс бус харьяаллын асуудалд огт дүгнэлт хийгээгүй. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

9. Хариуцагч “******* теминал” ХХК болон БНСУ-ын иргэн Канг Мин Хо нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

9.1. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 9-д "... Талуудын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээний үүргийг нэгтгэн төлбөр барагдуулах гэрээ байгуулжээ...” гэж дүгнэсэн хэрнээ үндэслэх хэсгийн 10-т “...Талууд хүсэл зоригоо илэрхийлж, өмнө үүссэн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийн үүргийг нэгтгэн 857,911.66 ам.долларт зээлийн гэрээ байгуулагдсан” гэж нэг гэрээг 2 янзаар нэрлэн “Төлбөр барагдуулах гэрээ”-г "Зээлийн гэрээ” болгон нэрлэсэн байна. Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг агуулгын хувьд дүгнэх эрхтэй ч нэршлийг өөрчлөх эрхгүй юм.

9.2. Нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч “******* ******* *******” ХХК нь 400,000 ам.долларыг            хариуцагч “Контлайн” ХХК, БНСУ-ын иргэн Канг Мин Хо-д шилжүүлж өгөөгүй бөгөөд шүүхийн шатанд ч энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй нь хэргээс тодорхой харагддаг. Тэгэхээр            энэхүү гэрээ нь агуулгын хувьд зээлийн гэрээ байж болох ч үр дагаврын хувьд гэрээ байгуулагдсанд тооцох боломжгүй.

9.3. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Талуудын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан 857,911.66 ам.долларт зээлийн гэрээний 3.6-д зээлийн хүү нэг жил 9 хүвь, 3.7-д алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дунгийн 0.3 хувь байна” гэж дүгнээд зээлдэгчийн аваагүй 400,000 ам.долларт хүү, алданги тооцон төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой. Нэгэнт аваагүй зээлийг эргэн төлөх үүрэг хүлээхгүй нь хуулийн дээрх зохицуулалтаас харагддаг.

9.4. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ “... Барьцааны гэрээг талууд хүсэл зоригоо илэрхийлэн, хуульд заасан хэлбэрээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул хэлцэл хучин төгөлдөр байна...” гэж үндэслэх хэсэгтээ дүгнэжээ.

Үл хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээгээр “Контлайн” ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0701000442 дугаартай, Дорноговь аймаг, Айраг сум, 4 дүгээр баг, Цагаан дөрвөлж гудамж, Контлайн хяналтын талбай хаягт байрлах, 586 м.кв талбайг барьцаалсан. Энэ гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч тухайн газрыг барьцаалах эрхтэй эсэх нь нотлогддоггүй. “Контлайн ХХК нь 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай бөгөөд Монгол Улсад газрыг зөвхөн ашиглах эрхтэй. Өөрөөр хэлбэл бусдад барьцаалах болон захиран зарцуулах эрхгүй байхаар хуульчлагдсан байхад шүүх уг хууль бус барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

9.5. “******* *******” ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0701000391 дугаартай, нэгж талбарын 1001100121 дугаар, Дорноговь аймаг, Айраг сум, 4 дүгээр баг, Улсын нөөцийн газрын хойно байрлах, 404,49 м.кв талбай болон Д-000298146 дугаартай, нэгж талбарын 10011030121 дугаартай, Дорноговь аймаг, Айраг сум, Улсын нөөцийн газрын хойно байрлах, 5.44 га талбайг тус тус барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ байгуулагдсан боловч Дорноговь аймгийн Айраг сумын газрын даамал баталгаажуулсан улсын бүртгэлд бүртгэгдээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрээний нотариатаар баталгаажсан хуулбараар бүрэн нотлогддог.

Дээрхтэй нэгэн адил гадаадын хөрөнгө оруулалттай “******* *******” ХХК нь Монгол Улсад газрыг зөвхөн ашиглах эрхтэй байхаар хуульчлагдсан байхад шүүх хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор дүгнэж шийдвэрлэлгүйгээр Газрын тухай хууль зөрчиж хийгдсэн үл хөдлөх хөрөнгө барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж дүгнэж уг хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой.

9.7. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалт буюу сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Толгой компанийн хооронд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 400,000 ам.долларын хэрэглээний зээлийн гэрээг Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд заасны дагуу шилжүүлж “******* ******* *******” ХХК нь иргэн Канг Мин Хо, “Контлайн” ХХК нартай зээлийн гэрээ байгуулсан нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байсан. Учир нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасны дагуу гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл маань Богд банкинд эргэн төлөгдөх байсан 357,911.66 ам долларыг, мөн “МИАТ” ХК-д төлөх 100,000 ам.долларыг тус тус зээлэх зорилготой байсан. Гэвч нэхэмжлэгч компанийн тулган шаардаж гарцаагүй байдалд оруулснаар “Cи Жи Ложикс Инк” ХХК-ийн 400,000 ам.долларын өрийг шилжүүлж авсан нь өөрийн сайн дурын хүсэл зориг байгаагүйг харуулж байна. Мөн 2020 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн 400,000 ам.долларын зээлийн гэрээнд эрх, үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэх талаар нэг ч заалт тусгагдаагүй атал шүүх “Cи Жи Ложикс Инк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч ТУЗ-ийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн зээлийн гэрээний дагуу өр шилжүүлсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй, нотлох баримыг дутуу үнэлсэн байна.

9.8. Хэрэглээний зээлийн гэрээний 7 дугаар зүйлд маргааныг Сөүлийн төв шүүх 1 дүгээр газар, харьяа шүүхээр шийдвэрлэхээр заасан байх ба уг гэрээ болон талуудын хоорондох бусад гэрээ БНСУ-ын нутаг дэвсгэр дээр хийгдсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс шүүхийн харьяалалтай холбоотой санал хүсэлтийг шүүхэд удаа дараа гаргасан боловч шүүх хүсэлтийг авч хэлэлцэлгүй, уг хэрэг маргааныг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын үнийн дүнгээс 400,000 ам.доллар түүнд ногдох хүү, алдангийг хасч 2, 3 дугаар заалтыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

10. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч “Контлайн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

11. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч “******* *******”” ХХК, БНСУ-ын иргэн ******* ******* ******* (Канг Мин Хо) нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан тайлбарын агуулга:

      Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

12. Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбарын агуулга:

12.1. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг хангасан. Хэргийн оролцогч нараас асууж тодруулан шүүх хуралдааныг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр товлосон бөгөөд талууд гарын үсэг зурж, баталгаажуулсан. Гэвч хариуцагч нь хувийн ажлаа зохицуулахгүй, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар баримтыг хавсаргасан. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

12.2. Хариуцагч нараас мөнгөн хөрөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн тухайд тус гэрээ нь “******* ******* *******” ХХК, “Контлайн” ХХК, БНСУ-ын иргэн ******* ******* ******* (Канг Мин Хо) нарын хооронд байгуулагдсан бөгөөд гэрээний талууд ямар хувь хэмжээгээр хариуцлага хүлээх талаар тохиролцоогүй. Өөрөөр хэлбэл талууд гэрээний үүргийг хувааж тооцох нь үндэслэлгүй. Хэрэв мөнгөн дүн давхардсан шалтгаанаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй гэж үзвэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдол гаргах эрхтэй. Иймд шүүхийн шийдвэрт заасан мөнгөн хөрөнгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн.

12.3. Гэрээний утга, агуулгын талаар анхан шатны шүүх хуралдаанд хангалттай мэтгэлцсэн бөгөөд шүүх гэрээг зөв дүгнэсэн тул дэлгэрэнгүй тайлбарлахгүй. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 123, 124 дүгээр зүйлд заасны дагуу гэрээний эрх үүргийг шилжүүлж авсан. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт зааснаар шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлэхийг шаарддаг. Тус гэрээг талууд зөвшөөрсний дагуу шилжүүлсэн тул хууль зөрчсөн үйлдэл биш.

12.4. Мөн БНСУ-д байгуулсан гэрээг тус улсын шүүхээр шийдвэрлүүлнэ гэж тайлбарладаг. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасныг анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл нэг үүргийг нөгөө үүргээр сольсон тул Монгол Улсад байгуулсан зээлийн гэрээг нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй. Хариуцагч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангасан хүчин төгөлдөр бус гэрээ гэж маргадаг боловч үндэслэлийг тайлбарлаж чаддаггүй.

Иймд давж заалдах гомдлуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 951,846.4 ам.доллар буюу 2,712,407,540 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч “Контлайн” ХХК, БНСУ-ын иргэн ******* ******* ******* (Канг Мин Хо) нарт, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг “Контлайн” ХХК, “Айраг контейнер *******” ХХК-д тус тус холбогдуулан гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч “Контлайн” ХХК, БНСУ-ын иргэн ******* ******* ******* (Канг Мин Хо) нар нь 2020 оны 09 дүгээр сарын сарын 11-ний өдрийн 400,000 ам.долларын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, барьцаа хөрөнгүүдийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3.1. Талуудын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дор дурдсан нөхцөл бүхий 3 зээлийн гэрээ байгуулагджээ. Үүнд:

а. Зээлдүүлэгч “******* ******* *******” ХХК нь 100,000 ам.долларыг жилийн 9 хувийн хүүтэй, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаатай, “Контлайн” ХХК-ийн “МИАТ” ХК-д төлөх мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэх зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч “Контлайн” ХХК, БНСУ-ын иргэн ******* ******* ******* (Канг Мин Хо) нар нь зээлийн төлбөрийг буцаан төлөх,

б. Зээлдүүлэгч “******* ******* *******” ХХК нь 357,911.66 ам.долларыг жилийн 9 хувийн хүүтэй, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаатай, “Контлайн” ХХК-ийн “Богд банк” ХХК-тай байгуулсан 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ/048 тоот гэрээний үүргийг гүйцэтгэх зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч “Контлайн” ХХК, БНСУ-ын иргэн ******* ******* ******* (Канг Мин Хо) нар нь зээлийн төлбөрийг буцаан төлөх,

в. Зээлдүүлэгч “******* ******* *******” ХХК нь 400,000 ам.долларыг жилийн 6 хувийн хүүтэй, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаатай, “******* *******” ХХК (“Seojoong logistics” Co.ltd) болон “СЖ Ложикс Инк” ХХК (“CJ Logix inc” Co.ltd) нарын хэрэглээний зээлийн гэрээг шилжүүлсний төлбөрийг гүйцэтгэх зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч “Контлайн” ХХК, БНСУ-ын иргэн ******* ******* ******* (Канг Мин Хо) нар нь зээлийн төлбөрийг буцаан төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

3.2. Мөн талууд 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, төлбөр төлөгч “Контлайн” ХХК, БНСУ-ын иргэн ******* ******* ******* (Канг Мин Хо) нар нь дээрх 3 зээлийн гэрээний нийт төлбөр 857,911.66 ам.долларыг жилийн 9 хувийн хүүтэй, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлбөр авагч “******* ******* *******” ХХК-д төлөхөөр тохирчээ.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд 857,911.66 ам.долларын үнийн дүн бүхий зээлийн гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн ба шүүхийн дүгнэлтийн 100,000 ам.доллар, 357,911.66 ам.долларын зээлийн гэрээтэй холбоотой хэсэг үндэслэлтэй, гэрээний талуудын хүсэл зоригийг зөв тайлбарласан байна.

4.1. Хариуцагч нар нь нэхэмжлэгчийг үйл ажиллагааны үндсэн чиглэлээ зөрчсөн, зээлийн үйл ажиллагааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаар банк, банк бус санхүүгийн байгууллага эрхлэх эрхтэй, мөн Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр валютын зээлийг зөвхөн банк, эрх бүхий хуулийн этгээд олгохоор заасан үндэслэлээр зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргасан.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэхээр заасан нь бараа, ажил, үйлчилгээнд хамаарах бөгөөд нэг удаагийн шинжтэй зээлийн харилцаанд хамаарахгүй. Иймээс гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар гаргасан хариуцагчийн татгалзал болон энэ агуулгаар гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдол тус тус үндэслэлгүй байна.

4.2. Талууд зээлийн гэрээгээр хүү төлөх, мөн зээлдэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд алданги тооцохоор тохирсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн тул хүү, алдангийг хэрэгсэхгүй болгуулах тухай хариуцагч нарын гомдол үндэслэлгүй.

4.3. Зээлдэгч “Контлайн” ХХК, БНСУ-ын иргэн ******* ******* ******* (Канг Мин Хо) нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид бөгөөд мөн хуулийн 242.11 дэх хэсэгт “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж заасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч “Контлайн” ХХК, БНСУ-ын иргэн ******* ******* ******* (Канг Мин Хо) нараас зээлийн гэрээний үүргийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй. Энэ талаар гаргасан гомдлыг мөн хангах үндэслэлгүй байна.

5. Харин шүүх 400,000 ам.долларын зээлийн талаар хуулийн этгээд хоорондын эрх зүйн харилцааг зөв дүгнээгүй, хуулийн нарийвчилсан зохицуулалтыг анхаараагүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.

5.1. Талууд уг зээлийн гэрээ байгуулах болсон үндэслэлийг нэхэмжлэгч, хариуцагч нарын толгой компани болох БНСУ-ын хуулийн этгээд “******* *******” ХХК (“Seojoong logistics” Co.ltd) болон “СЖ Ложикс Инк” ХХК (“CJ Logix inc” Co.ltd)-ийн хооронд 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан 400,000 ам.долларын үнийн дүн бүхий хэрэглээний зээлийн гэрээтэй холбож тайлбарласан.

Тодруулбал, нэхэмжлэгч нь зээл олгогч “******* *******” ХХК (“Seojoong logistics” Co.ltd)-ийн шаардах эрхийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар, хариуцагч “Контлайн” ХХК, БНСУ-ын иргэн ******* ******* ******* (Канг Мин Хо) нар нь зээл авагч “СЖ Ложикс Инк” ХХК (“CJ Logix inc” Co.ltd)-ийн өрийг Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар тус тус шилжүүлэн авсан байна.

5.2. Гэвч дээрх харилцаа нь БНСУ-ын 2 хуулийн этгээдийн хооронд үүссэн байх ба Иргэний хуулийн 550 дугаар зүйлийн 550.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн шаардах эрх шилжих нь хуучин үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгч нарын тухайн гэрээг байгуулахдаа баримталсан улсын хуулиар тодорхойлогдох зохицуулалттай. Өөрөөр хэлбэл Бүгд Найрамдах Солонгос Улсын хуулийг баримтлах тул нэхэмжлэгч, хариуцагч нарт дээр дурдсан шаардах эрх болон өр нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар шилжих үндэслэлгүй тул тэдгээрийн хооронд 400,000 ам.долларын зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 400,000 ам.доллар болон түүнд бодогдсон хүү 33,000 ам.доллар (400,000*0.75%*11сар), алданги 6,495 ам.доллар (433,000*0.3%*9хоног), нийт 439,495 ам.доллар буюу 1,251,923,482 төгрөгт (439,495*2,848.55) холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон, мөн нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэрийг алдаатай тусгасныг залруулсан өөрчлөлтийг оруулна. Хариуцагч нарын давж заалдах гомдлыг энэ агуулгаар хангах үндэстэй.   

5.3. Хариуцагч “Контлайн” ХХК, БНСУ-ын иргэн ******* ******* ******* (Канг Мин Хо) нар нь дээрх гэрээ байгуулагдсан эсэх талаар бус, харин гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргасан тул хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байна. Харин шүүх сөрөг нэхэмжлэлд төлөгдсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-т гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор заасныг анхаараагүйг залруулна.

6. Талуудын хооронд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр барьцааны гэрээ байгуулагдаж, дор дурдсан хөрөнгийг барьцаалуулахаар харилцан тохиролцжээ. Үүнд:

- “Контлайн” ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0701000442 дугаартай, Дорноговь аймаг, Айраг сум, 4 дүгээр баг, Цагаан дөрвөлж гудамж, Контлайн гаалийн хяналтын талбай хаягт байрлах, төмөр замын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- “Контлайн” ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0701000447 дугаартай, Дорноговь аймаг, Айраг сум, 4 дүгээр баг, Цагаан дөрвөлж гудамж, Контлайн хяналтын талбай хаягт байрлах, төмөр замын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- “******* *******” ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0701000391 дугаартай, Дорноговь аймаг, Айраг сум, 4 дүгээр баг, Улсын нөөцийн газрын хойно хаягт байрлах, ачаа тээврийн *******ын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- “******* *******” ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын 10011030121 дугаартай, Дорноговь аймаг, Айраг сум, Улсын нөөцийн газрын хойно байрлах, 5.44 га талбай бүхий газар эзэмших эрх.

6.1. Дээрх барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

            Харин шүүх хариуцагч “Контлайн” ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0701000447 дугаартай, Дорноговь аймаг, Айраг сум, 4 дүгээр баг, Цагаан дөрвөлж гудамж, Контлайн хяналтын талбай хаягт байрлах, төмөр замын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө буюу суурилагдсан кран нь салхинд унаж устсан үндэслэлээр уг хөрөнгөд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.5-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

Учир нь, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6/973 дугаар лавлагаанд уг үл хөдлөх эд хөрөнгө хариуцагчийн өмчлөлд бүртгэлтэй болохыг тодорхойлсон. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд үндэслэн тодорхойлох бөгөөд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.7-д өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө устсан тохиолдолд мэдүүлэг гаргагчийн өргөдөл, холбогдох нотлох баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэсэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийг хаахаар зохицуулжээ.

Хавтаст хэрэгт дээрх үл хөдлөх хөрөнгө устсан талаар нотлох баримт авагдаагүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, дээрх барьцаа үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийн мэдээлэл алдаатай бичигдсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6/973 дугаар лавлагаанд нийцүүлж найруулгын өөрчлөлт оруулна.

 

6.2. Хариуцагч “******* *******” ХХК нь Дорноговь аймаг, Айраг суманд байршилтай 5.44 га талбай бүхий газрын эрхийг “ашиглах эрх” гэж тодорхойлон барьцаалах эрхгүй гэж маргаж, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргасан нь үндэслэлгүй. Учир нь, Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 112 дугаар лавлагаа болон хавсралт баримтуудаар тус газар нь эзэмших эрхтэй газар байх ба барьцааны бүртгэлд бүртгэгдсэн болохыг тодорхойлсон, уг бүртгэл нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт “газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ” гэж заасантай нийцсэн байна.

Харин барьцааны зүйл болох газар эзэмших эрхээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахад Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсгийн зохицуулалтыг баримтлахыг анхан шатны шүүхийн шийдвэрт тусгаагүйг залруулах нь зүйтэй.

Хариуцагч “Контлайн” ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0701000442 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан нь газарт хамааралгүй тул тухайн газрыг барьцаалах эрхтэй эсэх нь нотлогдоогүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

6.3. Хариуцагч “Контлайн” ХХК-ийн өмчлөлийн авто ачигчаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс дүгнэх шаардлагагүй болно.

           

7. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна. Хариуцагч “Контлайн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сугар хувийн хэргээр БНСУ руу явсан шалтгааныг шүүх хүндэтгэн үзэх шалтгаанд тооцоогүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэхгүй. Учир нь, хариуцагч нь хуулийн этгээд учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулах боломжтой. Үүнээс гадна анхан шатны шүүх хуралдаанд “Контлайн” ХХК-ийн өмгөөлөгч оролцсон байна. Хариуцагчийн гаргасан “шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2023/01572 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “...942,619.7 ам.доллар буюу 2,685,099,733 төгрөг...” гэснийг “1,433,176,251” гэж, “...“******* ложистик *******” ХХК-д...” гэснийг ““******* ******* *******” ХХК-д” гэж, “...9,226.7 ам.доллар буюу 27,307,807 төгрөгт...” гэснийг “1,279,231,289” гэж,

2 дахь заалтыг “2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Контлайн” ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0701000442 дугаартай, Дорноговь аймаг, Айраг сум, 4 дүгээр баг, Цагаан дөрвөлж гудамж, Контлайн гаалийн хяналтын талбай хаягт байрлах, төмөр замын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-0701000447 дугаартай, Дорноговь аймаг, Айраг сум, 4 дүгээр баг, Цагаан дөрвөлж гудамж, Контлайн хяналтын талбай хаягт байрлах, төмөр замын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч “******* *******” ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0701000391 дугаартай, Дорноговь аймаг, Айраг сум, 4 дүгээр баг, Улсын нөөцийн газрын хойно хаягт байрлах, ачаа тээврийн *******ын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 10011030121 дугаартай, Дорноговь аймаг, Айраг сум, Улсын нөөцийн газрын хойно байрлах, 5.44 га талбай бүхий газар эзэмших эрхийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлээс Doosan sd300 загварын улбар шар өнгөтэй, 10042 арлын дугаартай авто ачигчид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

4 дэх заалтын “...5,853,950 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 5,783,750 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хариуцагч нарт...” гэснийг “5,853,950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж” гэж, “...13,653,648...” гэснийг “7,394,031” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн төлсөн 70,200 төгрөг, хариуцагч “Контлайн” ХХК-ийн төлсөн 13,719,988 төгрөг, “******* *******” ХХК-ийн төлсөн 5,855,950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД  Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ЗОЛЗАЯА