Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 04

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Ганзориг,

Шүүгдэгч Р.Б

Нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Б холбогдох эрүүгийн 1824000830066 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, “Завхан АЗЗА” Төрийн өмчит хувьцаат компаний Агуйтын хөтлийн хэсгийн мастер ажилтай, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 53 дугаар гудамж 492 тоотод оршин суух хаягтай, одоо Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Хөгжил хэсгийн 4-416 тоотод түр оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ИЗ84051414 регистрийн дугаартай Р.Б

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Р.Б нь хуурамч баримт бичгийг /диплом/ хуурамч болохыг мэдсээр байж 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Завхан АЗЗА” ТӨХК-д ерөнхий инженерээр түр томилогдон орж ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Р.Б нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Би хуурамч диплом ашиглаж “Завхан АЗЗА” ТӨХК-д ерөнхий инженерийн ажилд түр орсон нь үнэн. Ийм гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Прокуророос сонсгосон 450,000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож байгаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж байна...” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Шүүгдэгч Р.Б нь 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Завхан АЗЗА” Төрийн өмчит хувьцаат компанид ерөнхий инженерийн ажилд түр томилогдохдоо Монголын Үндэсний дээд сургуулийн авто замын барилгын инженерийн бакалаврын №D 20145761 дугаартай дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

“...Монгол Улсын иргэн Р.Б  2010-2014 онд Монголын Үндэсний дээд сургуульд АВТО ЗАМЫН БАРИЛГА /73202/ мэргэжлээр суралцаж төгссөн тул төгсөлтийн шалгалтын комиссын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шийдвэрийг үндэслэн захирлын 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02/155 тоот тушаалаар барилгын инженерийн БАКАЛАВР-ын зэрэг олгов...” гэсэн Монголын Үндэсний дээд сургуулийн №D20145761 гэсэн дугаартай бакалаврын дипломын хуулбар, /хх 74-76/

Монголын Үндэсний Их сургуулийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №01/256 дугаартай “...Р.Б нь 2010 онд тус сургуулийн авто зам гүүрийн инженер бэлтгэх хөтөлбөрт элсэн орж суралцаж байгаад хичээлийн кредитийн тооцоо, сургалтын төлбөрийн үлдэгдлээс шалтгаалж 2014 онд төгсөлтийн улсын шалгалтад ороогүй...” гэсэн албан бичиг /хх-18/,

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 4/14046 дугаартай “...Р.Б нь Монголын Үндэсний Их сургуулийг 2014 онд төгссөн мэдээлэл байхгүй тул төгссөн сургуулиас нь лавлана уу” гэсэн албан бичиг /хх-12/,

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06/3276 дугаартай “...Р.Б Монголын Үндэсний дээд сургуулийг 2010-2014 онуудад авто замын барилга мэргэжлээр суралцаж төгссөн, D20145761 дугаартай бакалаврын диплом олгогдсон талаарх мэдээлэл манай газрын мэдээллийн сан болон сургуулийн архивд тус тус бүртгэгдээгүй байна. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас дээд боловсролын дипломын дугаарыг 9 оронтойгоор олгодог болно...” гэсэн албан бичиг /хх-5/,

Монголын Үндэсний Их сургуулийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №02/1028 дугаартай “...Р.Б нь 2010-2014 онд Монголын Үндэсний Их сургуульд авто замын барилгын мэргэжлээр суралцаагүй бөгөөд 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02/155 тоот тушаалаар барилгын инженерийн бакалаврын /D20145761/ дугаартай диплом олгоогүй нь үнэн болно...” гэсэн албан бичиг /хх-6/,

Гэрч Г.Шийравын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан тоотын хариуд тус сургуулийн бүртгэл мэдээллийн албаны бүртгэлийн системийн мэдээллийг үндэслэж Р.Батсүхийн талаарх мэдээллийг хүргүүлсэн. Р.Б нь манай сургуульд суралцаж байсан нь бүртгэлээс харагдах бөгөөд харин сургууль төгсөөгүй талаарх албан хариуг өгсөн.  Манай сургууль нь барилгын инженерийн мэргэжлээр түргэвчилсэн хөтөлбөр 2014-2016 онд хэрэгжүүлж төгсөлтөө хийсэн. 2012 онд манай сургууль Монголын Үндэсний Их сургууль болж өргөжсөн байсан. Харин дипломын бичилтийг харахад Монголын Үндэсний дээд сургууль гэсэн байна. Тухайн үеийн түргэвчилсэн ангийн сургалтыг хариуцаж байсан багш нь Р.Б авто замын инженер мэргэжлээр суралцаж байсан. Хичээлийн дүнгийн тооцоо, төлбөрийн үлдэгдэлтэй гэсэн шалтгаанаар улсын шалгалтад ороогүй гэсэн мэдээлэл ирүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 36-37/,

Гэрч Ц.Булганы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2013 онд Зам тээврийн яамны захиалгаар авто замын салбарт ажиллаж байсан өөр дээд боловсролтой хүмүүсийг авто замын мэргэжлээр түргэвчилсэн орой, эчнээ ангид элсэлт авч, 2016 онд төгсөлтөө хийсэн. 2014 онд манай сургууль авто зам барилгын инженерийн мэргэжлээр төгсөлт хийгээгүй, D20145761 дугаартай дипломын хуулбарт байгаа гарын үсэг нь миний гарын үсэг биш байна. Учир нь Н.Дамиран захирал бид хоёрын овгийн үсэг, албан тушаал буруу байна. Н.Дамиран захирал Дамдин овогтой. Р.Б авто замын мэргэжлээр түргэвчилсэн орой ангид сурч байсан эсэхийг мэдэхгүй байна. Б нэртэй 2-3 хүн байсан. Би 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс авто танхимын эрхлэгчээр ажиллаж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-38/,

Гэрч М.Болдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Р.Б нь анх 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар “Завхан АЗЗА” Төрийн өмчит хувьцаат компаний Улаанбаатар хот дахь суурин төлөөлөгчийн албан тушаалд томилогдон ажиллах болсон. Дараа нь 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Б/05 тоот тушаалаар тус компанийн ерөнхий инженерийн ажилд түр томилогдсон. Би Р.Б Монголын Үндэсний Дээд сургуулийн “Авто зам барилгын инженер” мэргэжлийн дипломын хуулбар болон авто замын барилга, байгууламжийн төсөвчний анхан шатны сургалтад суралцаж төгссөн гэрчилгээний хуулбар зэргийг үндэслэн тус компани ерөнхий инженерийн ажилд түр томилсон. Тухайн дипломын хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байсан учраас хуурамч эсэх талаар мэдээгүй. Уг дипломыг эх хувиар нь хараагүй, хуулбарыг нарийн бичгийн дарга түүний хувийн хэрэгт хавсаргасан байгаа..” гэсэн мэдүүлэг /хх 29-30/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Завхан АЗЗА” Төрийн өмчит хувьцаат компани төлөөлөгч Ц.Ариунжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Р.Б нь тус компани ерөнхий инженерээр 6 сар 15 хоног ажиллаад өөр албан тушаалд томилогдсон. Р.Б нь хийснээрээ цалин авдаг байсан болохоор сард 600,000-850,000 төгрөгийн цалин бодогддог байсан. Манай компани хэдий төрийн өмчийн компани боловч өрсөлдөөний буюу тендерт оролцож ажлаа олдог ашгийн төлөө компани. Р.Б нь манай компанид учруулсан хохирол байхгүй. Тухайн ажилтны хийсэн ажилд нь тохирсон цалинг бодож олгосон болохоор компанид учирсан хохирол байхгүй. Р.Батсүхээс нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх 32-33/

“...Улаанбаатар хот дахь төлөөлөгч ажилтай Р.Б 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж энэ өдрөөс эхлэн ерөнхий инженерээр түр томилсугай...” гэсэн ажил үүргийг өөрчлөн ажилд түр томилох тухай “Завхан АЗЗА” Төрийн өмчид хувьцаат компани захирлын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн тушаал, Р.Б “Завхан АЗЗА” Төрийн өмчид хувьцаат компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Р.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2012 онд Монголын Үндэсний Их сургуулийн Барилгын инженерийн сургуулийн авто замын инженерийн орой, эчнээ ангид дээд сургууль төгссөн ажилчдаас элсэлт авч байна гэсний дагуу тус сургуульд суралцаж эхэлсэн. Тухайн үед би сургалтын төлбөр, кредит цагийн оноо хүрээгүйн улмаас шалгалтад орж чадаагүй. 2014 оны 01 дүгээр сард Н.Дамиран багштай утсаар ярьж уулзахад “Чи энэ дипломын хуулбарыг авч бай, тэгээд сургалтын төлбөр зохицуулна шүү” гээд надад миний овог, нэр бичсэн дипломын хуулбарыг өгсөн. Би тухайн дипломын хуулбарыг “Завхан АЗЗА” Төрийн өмчид хувьцаат компани захиралд үзүүлж тус компани ерөнхий инженерийн ажилд түр томилогдсон. Тус компаний бичиг хэрэг хариуцсан ажилтанд дипломын хуулбарыг өгч хувийн хэрэгтээ хавсаргасан...” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.    

Шүүгдэгч Р.Б холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Прокуророос шүүгдэгч Р.Б холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, ял сонсгон хэргийг шүүхэд шилжүүлснийг хянавал шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Р.Б “Завхан АЗЗА” Төрийн өмчид хувьцаат компанид ерөнхий инженерийн ажилд түр томилогдохдоо Монголын Үндэсний дээд сургуулийн №D20145761 гэсэн дугаартай бакалаврын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйлдэл нь боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.

Иймд шүүгдэгч Р.Б үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Р.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх бөгөөд түүнд ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Р.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Монголын Үндэсний дээд сургуулийн №D20145761 дугаартай бакалаврын дипломын хуулбарыг хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгө болох “TOSHIBA” маркийн хөргөгчийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 5/01 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Р.Б боловсролын бакалаврын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б нь оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Р.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Монголын Үндэсний дээд сургуулийн №D20145761 дугаартай бакалаврын дипломын хуулбарыг хавтаст хэрэгт хавсаргаж үлдээсүгэй. 

7. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгө болох “TOSHIBA” маркийн хөргөгчийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 5/01 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ӨЛЗИЙХИШИГ