Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01540

 

 

 

 

2023 08 04 210/МА2023/01540

 

Улаанбаатарбарилга ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч М.Баясгалан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/02002 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Улаанбаатарбарилга ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Уламбаяр, Б.Ууганбаатар нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 36,198,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Өлзий, хариуцагч Б.Уламбаяр, Ууганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч ******* ХХК нь иргэн Б.Уламбаяр, Б.Ууганбаатар нартай байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01 дугаартай Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ-гээр өөрийн эзэмшлийн Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлчилгээний төвийн 150 м.кв ажлын байрны талбай бүхий паб, караокетэй өрөөнүүдийг хөлслүүлсэн.

1.2. Улмаар уг гэрээг сунгасан 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаартай болон 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаартай Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ-г байгуулсан. Тэд гэрээний үүргийн гүйцэтгэлд 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Тооцоо нийлсэн акт-аар 24,132,000 төгрөгийн өр төлбөр үүсгэснийг төлөөгүй болно.

Иймд Б.Уламбаяр, Б.Ууганбаатар нараас гэрээний үүргийн гүйцэтгэлд 24,132,000 төгрөг, тус гэрээний 1.5 дахь хэсэгт заасан заалтын дагуу төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хоног тутам төлөөгүй үнийн дүнд төлөх 0,5 хувийн алдангид 12,066,000 төгрөг, нийт 36,198,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.Уламбаярын тайлбар, татгалзлын агуулга: Миний бие караоке түрээслэн ажиллуулж байгаагүй. Анх манай ах Б.Ууганбаатар нь Улаанбаатарбарилга ХХК-ийн М-Паб караокег түрээслэхээр гэрээ хийх үед түрээслэгч тал хөдөөний хаягтай байна, хотын хаягтай хүн хэрэгтэй гээд намайг иргэний үнэмлэхээ авчраад хамт гэрээ хийгээд өгөөч гэж гуйсан. Би 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01 дугаартай Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ болон 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцэл зэрэгт гарын үсэг зурсан нь үнэн. Өөрөөр би хамааралгүй гэжээ.

3. Хариуцагч Б.Ууганбаатарын тайлбар, татгалзлын агуулга:

3.1. 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зарын дагуу Л.Бат-Өлзий гэх хүнтэй холбогдож, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах М-Паб караокег очиж үзээд сарын түрээс, барьцааны мөнгө болох 3,000,000 төгрөгийг бэлнээр өгч гэрээ хийх болоход хотын харьяалалтай хүний бичиг баримт хэрэгтэй гэхээр нь үсчин дүү Б.Уламбаярыг бичиг баримтаа аваад ирээч гэж гуйн тус компанийн менежер Д.Шарав гэх хүнтэй гэрээ хийсэн. Б.Уламбаяр нь гэрээнд гарын үсэг зураагүй.

3.2. 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл гэрээний хугацаанд бүх төлбөр тооцоог Л.Бат-Өлзий өөрийн хувийн данс руу болон байнга бэлнээр ирж авдаг байсан.

3.3. Энэ хугацаанд олсон орлого түрээсийн төлбөрийн хаана нь ч хүрдэггүй байсан бөгөөд түрээсийн төлбөрийг цаг тухайд нь төлөхийн тулд ах, дүү, хамаатан садан, найз нөхдөөсөө зээлж өгсөөр их өрөнд орж эхэлсэн. Цалингийн зээл бүх зүйлээ зориулаад орсон учраас өөр гарах гарц, очих газаргүйн улмаас дотор нь амьдарч ийм хүнд байдалд орсон. Ингээд бага ч гэсэн өрөө дарна гэж бодоод гэрээг дахин 1 жилээр сунгасан.

Тус компани түрээсийн төлбөрийг бууруулж гадна, дотор орчинг сайжруулж, орлого нэмэгдэхэд туслана хэмээн гэрээ хийсэн. Түрээсийн төлбөрийг бага багаар төлж, Л.Бат-Өлзий нь өөрийн данс руу болон бэлнээр ирж авсаар байсан. Сунгалт хийсэн гэрээг мөн л Д.Шарав гэх хүнтэй хийсэн.

3.4. Төлбөр тооцоо хоцроож байсан боловч нөхөж хийсээр 2,900,000 төгрөгийн үлдэгдэлтэй энэ газраас гарсан. Энэ төлбөрийг төлөхийг зөвшөөрнө. Гэтэл энэ хүнд итгэж бэлнээр өгсөн мөнгийг огт тооцолгүйгээр, одоо маш их хэмжээний мөнгө нэхэж байгаад үнэхээр гомдолтой байна.

Түүгээр ч зогсохгүй тус компани болон өөртэй нь огт харилцаж байгаагүй дүү Б.Уламбаярын бичиг баримт, нэг удаа нотариат дээр хийсэн гэрээний гарын үсгийг ашиглан 01, 03 дугаартай гэрээг хуурамчаар үйлдэж, нэхэмжлэл гаргасан нь түүний нэр хүнд, гэр бүл, ажил төрөлд ноцтой халдаж байна гэж үзэж байна.

Л.Бат-Өлзий нь надаас авсан түрээсийн төлбөрөө Улаанбаатарбарилга ХХК-д огт өгөөгүй учраас өрөнд орж тэр мөнгөө биднээс гаргуулахаар улайран ийм үйлдэл хийж байгаад харамсаж байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1, 466.2, 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Уламбаяр, Б.Ууганбаатар нараас 24,132,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Улаанбаатарбарилга ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,066,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338,940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 278,610 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/02002 дугаар шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,066,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай" гэсэн хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, давж заалдах гомдлыг гаргаж байна.

5.1. Шүүх нэхэмжлэгч "Улаанбаатарбарилга" ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн зарим хэсгийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Зохигчдын хоорондын 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаартай "Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлийг дүгнэсэн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн "Тооцоо нийлсэн акт",

Хариуцагчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн өргөдлийн...гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцлах" хүсэлтийг хангаж, гэрээг дуусгавар болгох зорилгоор Зохигчдын хоорондын 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаартай "Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлийг дүгнэсэн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн "Тооцоо нийлсэн акт" баримтууд нь талуудын хооронд үүссэн өр төлбөрийн үлдэгдлийг харилцан хүлээн зөвшөөрсөн нэг удаагийн шинжтэй акт баримт болохоос, ажил хэргийн харилцаанаас үүссэн олон үйлдэл, олон шаардлагыг хангах гэрээний хэлбэр биш болно.

5.2. Түүнчлэн, Зохигчдын хоорондын 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар болон 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаартай гэрээний 1.5 дахь заалт, 2018 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн "Төлбөр барагдуулах хэлцэл"-ийн талуудын хүлээх хариуцлага, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн "Өр барагдуулах хэлцэл"-ийн 3 дахь заалт, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн "Өр барагдуулах хэлцэл"-ийн 2, 3 дахь заалт тус бүрээр төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцох үүргийг зохицуулж, харилцан хүлээн зөвшөөрсөн байдаг.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/02002 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд хариуцагч Б.Ууганбаатарын гаргасан тайлбарын агуулга: Тооцоо нийлсэн актад 24,000,000 төгрөгөөс 0,5 хувийн алданги тооцно гэж заагаагүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Улаанбаатарбарилга ХХК нь хариуцагч Б.Уламбаяр, Б.Ууганбаатар нарт холбогдуулан 36,198,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /1хх 1, 23, 55 дугаар тал/

3. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтыг харьцуулан дүгнэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.

3.а. Нэхэмжлэгч Улаанбаатарбарилга ХХК болон хариуцагч Б.Ууганбаатар, Б.Уламбаяр нар 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ байгуулж, уг гэрээгээр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Үйлчилгээний төвийн талбайг паб, караоке ажиллуулах зориулалтаар хөлслүүлэх, хөлслөгч нар нь сарын 2,500,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1хх. 5-7 дугаар тал/

3.б. 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ-г тус тус сунгажээ. /1хх. 8-10, 12-14 дүгээр тал/

3.в. Талууд 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гэрээний төлбөрийн үлдэгдэл 24,132,000 төгрөг болохыг тооцоо нийлж, баталгаажуулжээ. /1хх. 15 дугаар тал/

4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасан тооцоо нийлэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэж талуудын хооронд байгуулсан эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.

4.а. Тооцоо нийлэх гэрээ нь аж ахуй эрхлэгч нарын хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар үүргийг хаахаар тохиролцох хэлцлийг ойлгоно.

Талуудын хооронд байгуулсан нэг удаагийн шинжтэй түрээсийн гэрээний тооцоо нийлсэн баримт нь Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасан тооцоо нийлэх гэрээнд хамаарахгүй.

4.б. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцааг дүгнэн дуусгавар болгож, зохигчдын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүрэг үүсгэсэн хэлцэл байгуулагдаж, уг актаар хариуцагч нар нь 24,132,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг үүссэн гэж үзнэ.

5. Талуудын хооронд байгуулсан тооцоо нийлсэн актад хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар алданги төлөхөөр бичгээр тохиролцоогүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрт хэрэглэх ёсгүй хуулийн хэрэглэсэн алдааг залруулна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт заасан үүргийн тэнцүү хуваарилалттай холбоотой зохицуулалт нь шаардах эрхтэй холбоогүй тул тогтоох хэсэгт баримтлах шаардлагагүй.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/02002 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1, 466.2, 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэг гэснийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Улаанбаатарбарилга ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 208,010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ш.ОЮУНХАНД

  ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

 

С.ЭНХБАЯР