Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 05

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Ганзориг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,

Шүүгдэгч С.Ч,

Шинжээч эмч: О.Баатаржав, Я.Ганхүү,

Нарийн бичгийн дарга С.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Адуучин овогт Сандагийн Чулуунд холбогдох эрүүгийн 1824000000037 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1971 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн Ирээдүй хорооллын 30-01 тоотод оршин суух, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, регистрийн дугаар ИЗ71121418, С.Ч

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч С.Ч нь 2018 оны 07 дугаар сарын 25-наас 2018 оны 07 дугаар сарын 26-нд шилжих шөнө Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн Идэр хорооллын 04-01 тоотод байрлах “Бичигт” нэртэй хүнсний дэлгүүрээс “Сэрүүн” нэртэй пиво 6 ширхэг, “CLUB LD” нэртэй бүдүүн тамхи 5 хайрцаг, “LD” нэртэй нарийн тамхи 1 хайрцаг, “SPUTNIK” нэртэй сахлын хутга 5 хайрцаг, “SAMSUNG G-7” маркийн гар утас 1 ширхэг, “NOKIA E-52” маркийн утас 1 ширхэг, “Сайра” нэртэй амталсан загас 5 ширхэг зэргийг хулгайлж иргэн Ц.Мөнхдэлгэрт 704,100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

Шүүгдэгч С.Ч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтэй адилхан учир мэдүүлэг өгөхгүй. Би дэлгүүрийн таазаар орсон. Хулгайлж авсан зүйлсээ гэрийнхээ гадаа нуусан байсныг цагдаа хурааж авсан. Хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан...” гэжээ

Шинжээч эмч О.Баатаржав шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...С.Ч хувьд биднийг үзэхэд засрал сайжралын байдал нь нэлээн удаан хугацаанд үргэлжилсэн байсан учраас хэрэг хариуцах чадвартай гэж үзэж дүгнэлт гаргасан. С.Ч 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр манай сэтгэлзүйн оношлогооны эмч Туяа нь эмгэг сэтгэц судлалын шинжилгээг хийсэн байдаг. Бид нар гэмт хэрэг үйлдэх үеийн сэтгэцийн байдлыг тогтоосон, С.Ч өвчин сэдрэх магадлалтай. Гэхдээ хэзээ сэдрэх талаар бид тогтоох боломжгүй. Энэ эмгэгийг эдгэрэх боломжгүй гэж үздэг удамшлын гаралтай архаг эмгэг юм. Эмгэг нь зарим үед сэдэрч болдог зарим үед засрал сайжралын байдалтай байдаг. С.Ч ажиглаж байхад 2000 оноос хойш засралын байдал нь давамгайлсан байдалтай байна гэж бид нар үзсэн. Энэ өвчин сэдэрсэн тохиолдолд өөртөө болон нийгэмд аюултай нөхцөл үүсгэх боломжтой. С.Ч нь засралын байдалтай байгаа учир албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Энэ өвчний хувьд засралын үедээ хэрэг хариуцах чадвартай байдаг. Өвчин сэдэрсэн тохиолдолд хэрэг хариуцах чадваргүй болдгоос биш насан туршдаа чадваргүй байх тохиолдол байдаггүй. С.Ч шүүх хуралдаанд мэдүүлэг өгч байгаа байдлаас харахад дүгнэлт гаргасан үеэс одоогоор өөрчлөгдсөн зүйл байхгүй байна. Биеийн байдлыг харахад сэдэрсэн гэсэн шинж тэмдэг харагдахгүй байна...” гэжээ

Шинжээч эмч Я.Ганхүү шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...С.Ч үзэхэд шизоферний өвчний засрал сайжралын байдал нь нэлээн удаан хугацаанд үргэлжилсэн байсан учраас хэрэг хариуцах чадвартай гэж үзэж дүгнэлтийг бид гаргасан. С.Ч 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр манай сэтгэлзүйн оношлогооны эмч Туяа нь Эмгэг сэтгэц судлалын шинжилгээг хийсэн байдаг. Энэ өвчин бол үе үе дахиж хөдлөх, мөн үе үе урт хугацааны засрал сайжралын байдалд ордог онцлоготой. Бид нар гэмт хэрэг үйлдэх үеийн сэтгэцийн байдлыг тогтоосон. С.Ч өвчин сэдрэх магадлалтай. Гэхдээ хэзээ сэдрэх талаар бид тогтоох боломжгүй. С.Ч ажиглаж байхад 2000 оноос хойш засралын байдал нь давамгайлсан байдалтай байна гэж бид нар үзсэн. Сэдэрсэн тохиолдолд өөртөө болон нийгэмд аюултай нөхцөл үүсгэх боломжтой. Энэ өвчний хувьд засралын үедээ хэрэг хариуцах чадвартай байдаг бөгөөд өвчин сэдэрсэн тохиолдолд хэрэг хариуцах чадваргүй болдог. С.Ч шүүх хуралдаанд мэдүүлэг өгч байгаа байдлаас харахад дүгнэлт гаргасан үеэс одоогоор өөрчлөгдсөн зүйл байхгүй байна. Биеийн байдлыг харахад сэдэрсэн гэсэн шинж тэмдэг харагдахгүй байна...” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Ч  нь 2018 оны 07 дугаар сарын 25-наас 2018 оны 07 дугаар сарын 26-нд шилжих шөнө Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн Идэр хорооллын 04-01 тоотод байрлах “Бичигт” нэртэй хүнсний дэлгүүрийн дээврийн таазыг эвдэж ороод “Сэрүүн” нэртэй 2.500 грамм пиво 6 ширхэг, “CLUB LD” нэртэй бүдүүн тамхи 5 хайрцаг, “LD” нэртэй нарийн тамхи 1 хайрцаг, “SPUTNIK” нэртэй сахлын хутга 5 хайрцаг, “SAMSUNG G-7” маркийн гар утас 1 ширхэг, “NOKIA E-52” маркийн утас 1 ширхэг, “Сайра” нэртэй лаазалсан загас 5 ширхгийг хулгайлж хохирогч Ц.Мөнхдэлгэрт 704,100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ц.Мөнхдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 25-наас 2018 оны 07 дугаар сарын 26-нд шилжих шөнө Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн Идэр хорооллын 04-01 тоотод байрлах манай “Бичигт” нэртэй хүнсний дэлгүүрийн чардаакаар ороод таазны 3 ширхэг банзыг сугалаад ламперин таазыг дээрээс нь доош цөмлөж ороод дэлгүүрийн хойд талын өрөөнөөс “Сэрүүн” нэртэй 2,5 граммын пиво 6 ширхэг, урд талын өрөөний лангууны доор байсан хайрцаг дотроос “CLUB LD” нэртэй тамхи 5 хайрцаг, “LD” нэртэй нарийн тамхи 1 хайрцаг, мөн лангууны тавиур дээрээс “SPUTNIK” нэртэй сахлын хутга 5 хайрцаг, “Сайра” нэртэй лаазалсан загас 5 ширхэг, “SAMSUNG G-7” маркийн гар утас 1 ширхэг, “NOKIA E-52” маркийн утас 1 ширхэг зэргийг хулгайлж авсан байсан. ...С.Ч нь надад учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх 22-23/,

Гэрч С.Нарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 25-наас 2018 оны 07 дугаар сарын 26-нд шилжих шөнө Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн Идэр хорооллын 04-01 тоотод байрлах манай “Бичигт” нэртэй хүнсний дэлгүүрт хулгай орсон байсан. Хулгайд алдсан зүйлүүд нь “Сэрүүн” нэртэй пиво 6 ширхэг, “CLUB LD” нэртэй бүдүүн тамхи 5 хайрцаг, “LD” нэртэй нарийн тамхи 1 хайрцаг, “SPUTNIK” нэртэй сахлын хутга 5 хайрцаг, “SAMSUNG G-7” маркийн гар утас 1 ширхэг, “NOKIA E-52” маркийн утас 1 ширхэг, “Сайра” нэртэй амталсан загас 5 ширхэг, мөн таазны лампер 6 ширхэгийг эвдэлж гэмтээсэн байсан. Хоёр гар утас хойд талын лангууны зүүн захад цаасан хайрцаг дотор байсан, бэлэн тамхинууд хөлдөөгчийн хажуу лангууны доод талд хайрцагтай тамхинууд дотроос алдагдсан. “Сайраа” нь дэлгүүрийн баруун талын хананд байрлах лангууны гол хэсэгт тавиур дээр байсан юм. Претик нь зүүн хойд талын лангууны тавиураас зүүчихсэн байсан чинь таслаад авсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-19/,

Гэрч Б.Даваажавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай охин хүргэн хоёр хамт хувиараа дэлгүүр ажиллуулдаг юм. Би дэлгүүрт нь хааяа сууж ажил төрөлд нь тус нэмэр болдог юм. Тэгсэн манай хүргэн Ц.Мөнхдэлгэрийн Бичигт нэртэй хүнсний дэлгүүрт 2018 оны 07 дугаар сарын 25-наас 2018 оны 07 дугаар сарын 26-нд шилжих шөнө хулгай орж эд зүйл алдагдсан. Дэлгүүрээс нь “Сэрүүн” нэртэй пиво 6 ширхэг, “CLUB LD” нэртэй тамхи, “LD” нэртэй нарийн тамхи, “SPUTNIK” нэртэй сахлын хутга, гар утас, “Сайра” нэртэй амталсан загас зэрэг алдагдсан...” гэсэн мэдүүлэг /хх 30/,

Гэрч С.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би дүүтэйгээ ээжийн гэрт таарсан. Манай дүү С.Ч нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны шөнө Их-Уул сумын Ц.Мөнхдэлгэр гэдэг хүний дэлгүүрээс эд зүйл хулгай хийж авсан гэсэн гэхдээ би нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан хоёр ширхэг гар утас нь манай дүүд байсан гэсэн. Тэр хоёр гар утас нь дээрх дэлгүүрээс хулгайд алдагдсан гар утас байсан гэсэн. 2018 оны 07 дугаар сарын 27-ны шөнө ээжийнд согтуу унтаж байхад шөнө 03 цагийн үед манай дүү архи уучихсан согтуу намайг дуудахаар нь яах гэж байгаа юм бэ? гэхэд архи уухуу гээд 0,75 литрийн “Шар чингис” архи гартаа барьчихсан дунд гарын шаазан аяганд хийгээд надад өгөхөөр нь би нэг уучхаад унтаад өгсөн. Тэгэхээр С.Ч нь 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр архи уусан болж таараад байна...” гэсэн мэдүүлэг /хх 65-66/

Гэрч Ж.Хоролсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хэдний өдөр байсныг санахгүй байна өглөө манай гэрт гал тогооны өрөөний номын сан дээр байдаг хавтастай толины хажууд хоёр гурван хайрцаг тамхи, лаазтай бэлэн бүтээгдэхүүн тавьсан байхаар нь хэн авчирсан юм бол гэж бодоод өнгөрсөн. Энэ үед С.Ч гэртээ байхгүй байсан санагдаж байна...” гэсэн /хх 67-68/ мэдүүлэг,

Завхан аймгийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний үнэлгээчин шинжээч Ж.Уртнасангийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “... “Samsunga ji-7” маркийн гар утас 1 ширхэг 550,000 төгрөг, “Nokia E-52” маркийн гар утас 1 ширхэг хуучин 50.000 төгрөг, “CLUB LD” бэлэн тамхи /бүдүүн/ 5 хайрцаг шинэ 2700х5=13500 төгрөг, “CLUB LD” бэлэн тамхи /нарийн/ 1 хайрцаг шинэ 2600 төгрөг, “Sputnik” гэсэн бичигтэй сахлын хутга 5 хайрцаг, 5х500=2500 төгрөг, Поброфлот нэртэй сайра загас 5 ширхэг, 4500х5=22500 төгрөг, тайз ламфер хуучин 6х3500=21000 төгрөг, “Сэрүүн” нэртэй 2.5 граммын пиво 6х7000=42000 төгрөг, эд зүйлийн нийт үнэлгээ 704100 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-169/ болон эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-54/, эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлийн гэрэл зургийн үзүүлэлт /хх 55/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-57/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-2-3/, хэргийн газарт үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-10/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч С.Ч мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Их-Уул сумын төвд Идэр хороололд сайр дотор байдаг Мөөеөө гэх хүний дэлгүүрийн дээврээр 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 26-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед нэвтрэн орж эд зүйлийг хулгай хийж аваад сумын хэсгийн төлөөлөгчид баригдсан. Дэлгүүрээс “Сэрүүн” нэртэй пиво 6 ширхэг, “CLUB LD” нэртэй тамхи, “LD” нэртэй нарийн тамхи, “SPUTNIK” нэртэй сахлын хутга, гар утас, “Сайра” нэртэй амталсан загас зэргийг хулгайлж авсан. Би тэр үед 6 ширхэг пивыг дээш нь гаргаж чадахгүй нэг нэгээр нь таазны цоорхойгоор шидэж дээвэрлүү гаргаснаа сайн санаж байна. Мөн тэр дэлгүүрээс 2 ширхэг гар утсыг өмднийхөө баруун талын кармандаа хийсэн. Харин тэр сайраа болон тамхийг кармандаа хийсэн байсан. Би 6 ширхэг пивоноос нэг ширхэгийг нь тэр шөнө гэрийнхээ үүдний өрөөнд ганцаараа уусан. Бусад пивыг зүүн талынхаа эзэнгүй айлын хашааруу давуулаад хаясан өглөө босоод ирэхэд 1 ширхэг пиво үлдсэн байсан. “CLUB LD” нэртэй тамхинаас 1 хайрцгийг татсан бусад нь байгаа. Мөн тэр сахлын перетик 5 ширхэг, 2 ширхэг гар утас, 2 ширхэг сайраа надад байгаа. 3 ширхэг сайрааг нь хулгай хийсэн шөнө гээсэн байсан...” гэж гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж үзэв.   

Шүүгдэгч С.Ч холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Ч үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу хохирогч Ц.Мөнхдэлгэрийн “Бичилт” нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч шууд санаатай, шунхайн сэдэлттэйгээр бусдын эд зүйл, өмч хөрөнгийг өмчлөгч этгээдэд мэдэгдэхгүйгээр нууцаар авч байгаа үйлдэл нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байх тул түүний үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зөв, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Хулгайн гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын өмчлөлд байгаа эд зүйлийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бүрдүүлснээр төгссөнд тооцогддог.

Иймд шүүгдэгч С.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу ял оногдуулна...” гэж заасан байна.

            Шүүгдэгч С.Ч нь сэтгэцийн эмгэгийн шизофрений кататоник хэлбэрийн өвчтэй болох нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын “...С.Ч нь Шизофренийн кататоник хэлбэр, засрал сайжралын байдал сэтгэцийн эмгэгтэй байна...” гэсэн, дүгнэлт /хх 46-49 хуудас/, Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын “...С.Ч нь сэтгэл мэдрэлийн хувьд шизофрений кататоник хэлбэр, засрал намжмал байдалтай байна...” гэсэн дүгнэлт /хх 179-181/, шинжээч эмч М.Үржинхандын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...С.Ч нь шизофрений кататоник хэлбэрийн өвчтэй. Энэ өвчин нь даамжирч болно, өвчний явцын үе шат нь зарим үедээ намжмал байдалтай зарим үедээ дахилт өгч болно, нэгэн хэвийн байдалтай байхгүй гэж хэлж болно. Дахилт өгдөг учраас бүрэн эдгэх боломжгүй юм. Байнгын хүний асрамжид байх шаардлага байхгүй. Дахилт өгсөн үедээ эмчид үзүүлж мэргэжлийн эмчийн хяналтад байх ёстой...” гэсэн, шинжээч эмч О.Баатаржав, Я.Ганхүү нарын шүүх хуралдаанд өгсөн “...С.Ч нь шизофенийн кататоник хэлбэр буюу засрал сайжралын байдалтай сэтгэцийн өвчтэй. С.Чулууны өвчин сэдрэх магадлалтай. Гэхдээ хэзээ сэдрэх талаар тогтоох боломжгүй. Энэ эмгэгийг эдгэрэх боломжгүй гэж үздэг удамшлын гаралтай архаг эмгэг юм. С.Ч ажиглаж байхад 2000 оноос хойш засралын байдал нь давамгайлсан байдалтай байна гэж бид нар үзсэн...” гэсэн мэдүүлэг болон хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаа тогтоосон акт, амбулаториор эмчлүүлэгчдийн карт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

          Харин шүүгдэгч С.Ч нь хэрэг хариуцах чадвартай болох нь “...С.Ч нь шизофренийн кататоник хэлбэр, засрал сайжралын байдал сэтгэцийн эмгэгтэй. Энэ эмгэг нь засрал сайжралын байдалтай байгаа үедээ аливаа үйл явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Хэрэг үйлдэх үедээ шизофренийн кататоник хэлбэр, засрал сайжралын байдал сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Тухайн үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэх чадвартай байсан байна. Одоо шизофренийн кататоник хэлбэр. Засрал сайжралын байдал сэтгэцийн эмгэгтэй байна. С.Ч нь хэрэг хариуцах чадвартай байна....” гэсэн 715, 15 тоот шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн  /хх 46-49/,  /хх 179-181/  дүгнэлтүүдээр нотлогдож байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч С.Ч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогчийн “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Шүүгдэгч С.Ч ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Ч 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 9 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон 9 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хорих ялын биелэлтийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Ч үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Ч 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч цагдан хоригдсон 9 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ч авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хорих ялын биелэлтийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тооцсугай.

6. Шүүгдэгч С.Ч гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай,

7. Шүүхийг шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ӨЛЗИЙХИШИГ