Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 09

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч О даргалж,

Улсын яллагч Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б,

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Х

Нарийн бичгийн дарга Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г-д холбогдох эрүүгийн 1824000890064 дугаартай хэргийг хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1*******,*******,*******,*******, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ******* багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадваргүй, ******* регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Г.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 07 цагийн орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт байрлах хашааны гаднаас  иргэн Б-ийн эзэмшлийн 11-89 ЗАА улсын дугаартай MITSUBISHI L-200 маркийн хар өнгийн автомашиныг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

Улсын яллагч Б нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Г нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 07 цагийн орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт байрлах хашааны гаднаас иргэн Б-ийн эзэмшлийн 11-89 ЗАА улсын дугаартай MITSUBISHI L-200 маркийн хар өнгийн автомашиныг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсгүүдэд зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна...” гэв.

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай хүүхэд анх 4-5 настай байхдаа 22 ширхэг нойрны эм ууснаас үүдэлтэй сэтгэцийн өвчтэй болчихсон юм. Г нь уг машиныг унаж яваад статерыг нь эвдсэн байсан. Б нь хохирол нэхэмжлэхгүй, төлбөр авахгүй гэсэн. Г-г өмнө Мамбадацанд хэвтүүлж, эмчлүүлсэн ч оргоод явчихсан байсан. Шөнө унтаж байхад 4-5 цагийн үед босоод явчихсан байдаг. Би өндөр настай учраас Г-г харж хандаж чадахгүй байна, миний хүч хүрэхгүй байна. Эмнэлгийн байгууллагад эмчлүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм буруугийн тухайд маргах зүйлгүй. Шүүгдэгчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах бол шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш шүүгдэгчийг эмнэлгийн байгууллагад 3 сарын хугацаагаар эмчлүүлэх арга хэмжээ авч өнгө үү..” гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 07 цагийн орчимд  Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Эрдмийн 303 тоот  хашаанд байрлалтай хаалга нь гадагшаа гудамж талруугаа харсан автомашины гражнаас иргэн Б нь өөрийн эзэмшлийн 11-89 ЗАА улсын дугаартай MITSUBISHI L-200 маркийн хар өнгийн автомашинаа гаргаж асаалттай нь түр үлдээсэн байхад нь автомашиныг завших, хулгайлах, дээрэмдэх санаа зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч  явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө 07 цаг өнгөрч байхад Дархан-Уул багийн нутагт байрлах хашаан дахь гражаасаа 11-89 ЗАА улсын дугаартай L-200 маркийн хар өнгөтэй тээврийн хэрэгслээ асааж гражийн хаалганы урд тавьчихаад буцаж орж гражийн хаалгаа дотроос нь түгжчихээд гараад иртэл миний машин алга болчихсон байсан... би машинаа сумын төв дотор хайгаад олдохгүй болохоор нь Цагаан шийртийн дөрөлжөөр даваад хайж явтал зам дээр нэг явган хүн явж байхаар нь дөхөөд очтол Г байсан. Би түүнээс чи юу хийж яваа юм бэ? гэхэд чоно ална, идшэндээ явж байна гэсэн... Чи миний машиныг эвдээд хаячихсан уу гэж  асуухад эвдээгүй, дээр байгаа гэж хэлсэн. Тэгээд Г-ээр заалгаад явсан чинь миний машиныг Хар үзүүрийн цаад талд аваачаад тавьчихсан байхад нь очиж авсан. Машины статер нь эргэхээ больчихсон байсан, өглөө гражнаас гаргахад хэвийн ажиллагаатай байсан. Би статераа өөрөө засаад авчихсан болохоор үнэлэхгүй, надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/,

Гэрч Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө 07 цаг өнгөрөөд Улаанбаатараас Тосонцэнгэл суманд ирэх автобус тосох гээд явж байхад Г Гандирас дэлгүүрийн зүүн талын замын уулзвар дээр зогсож байсан. Би автобуснаас тоссон хүмүүсээ хүргэж өгөхөөр сайрын цаана явж байхад надруу Б залгаад та таксинд явж байна уу, хүрээд ирээч гэхээр нь би Б-ийн гадаа очсон. Б гарч ирээд машинаа асаагаад гражааас гаргачихаад хаалгаа дотроос нь цоожилчихоод гараад ирсэн чинь машин байдаггүй гэж хэлсэн. Тэгээд гудамжаар явган явж мөр хайхад  хойшоо тойроод явсан бололтой байна гээд бид хоёр машинтай гудамжуудаар явж машиныг нь хайгаад олоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

Гэрч Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сары 20-ны өглөө манай нөхөр 07 цаг өнгөрч байхад машинаа гражаас гаргачихаад гражийн хаалгаа дотроос нь цоожилчихоод гартал машин нь алга болчихсон байна гээд гэртээ орж ирсэн... манай нөхөр гудамжаар машинаа хайхаар яваад удалгүй 10 цагийн орчимд миний машиныг Г унаж яваад Цагаан шийрт давуулаад замын хажууд аваачиж хаячихаад өөрөө зам дагаад алхаад явж байна гээд машинаа авчирсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

Гэрч А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө 08 цаг 40 минутын орчимд Б надруу залгаад би машинаа алдчихлаа, чи машинаа асаагаад хүрээд ирээч гэсэн. Тэгээд би тэдний гадаа очиж Б-г аваад мөр хайж Цагаан шийрт даваад үзье гээд бид хоёр Цагаан шийртээс уруудаад явж байтал засмал зам дээр нэг хүн явж байхаар нь бид хоёр яваад очтол Г байсан. Г-г машиндаа суулгаад машин хаана байна гэж асуухад тэнд байгаа гээд заахаар нь ойролцоогоор 1 км орчим яваад очиход Б-ийн эзэмшлийн L-200 маркийн машиныг Хар үзүүрийн цаад талын үзүүрийн тэнд замын хажууд унтраагаад орхичихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

Иргэний хариуцагч Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө 05 цаг болж байхад Г унтаж байснаа гараад явчихсан. Тэгээд буцаж орж ирээгүй 10 цаг өнгөрч байхад цагдаа дээр таныг хүрээд ир гэж байна гэхээр нь очиход манай хүү Г-г Б-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан гэсэн... Миний тухайд Г-г албадан эмчилгээнд явуулахыг хүсэж байна. Сүүлийн үед хүмүүсийн машины цонх, толь, айлын хаалга зэргийг эвдээд мөн гудамжаар явж байгаа сургуулийн хүүхдүүд рүү чулуу, мод шидээд байгаа, нэг л мэдэхэд хүн цохиод алчихаж магадгүй болчихоод байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/ ,

Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтууд болно.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах боломжгүй нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон буюу шүүгдэгч Г нь сэтгэцийн өвчтэй, хэрэг хариуцах чадваргүй болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүхийн сэтгэц эмгэг судлалын №17 дугаартай “1. Г нь сэтгэцийн хувьд Шизоаффектив эмгэгийн сэтгэл хөөрөх хэлбэр эмгэгтэй болно. 2. Уг эмгэг нь олон жилийн өмнөөс эхэлсэн дахилтын үе шатандаа байна. 3. Г нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэц мэдрэлийн хувьд Шизоаффектив эмгэгийн сэтгэл хөөрөх хэлбэр эмгэгтэй байсан бөгөөд өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байсан. 4. Г нь одоо хэрэг хариуцах чадваргүй болно. 5. Г нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй болно...” гэсэн дүгнэлт,

Г нь “ Органический рассе-во личность” оноштойгоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар, 12 сарын хугацаагаар тогтоосон Завхан аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2015, 2016, 2017, 2018 онуудын шийдвэрүүд,

Гэрч А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г нь 13 настайдаа эмнэлгийн хяналтанд орсон. Тэгээд нэг хэсэг зүгээр болчихсон байж байгаад 2000 оны эхээр группд орж эмнэлгийн хяналтанд байдаг болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

Гэрч Ө-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г нь 2000 оны эхээр сэтгэцийн хувьд өөрчлөлттэй болж эхэлсэн. Сүүлийн 2-3 жилд сэтгэцийн өөрчлөлт нь улам ихсэж, хааяа уурлаж бухимдаж, гадуур тэнэх нь ихэссэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

Гэрч П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г нь өөрийнхөө үйлдлийг хянах чадваргүй, биеэ авч явах чадвар муу, байнгын ар гэрийн хяналтанд байх ёстой, цочмог сэтгэл цочролын хам шинж өвчтэй. Өвчин нь нэг хэсэгтээ намжмал байдалтай байж болох бөгөөд нойргүйдэл, улирлын шинж байдлаас шалтгаалан хурцадмал байдалд орсон тохиолдолд өөрийнхөө үйлдлийг хянах чадваргүй, сэтгэцийн өвчний улмаас эмчийн хяналтанд байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

Гэрч П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г-ийн тухайд хүмүүсийн өмч хөрөнгөнд их халдаж устгаж гэмтээдэг. Хүмүүс түүнийг сэтгэл мэдрэлийн өвчтэй гэдгийг нь мэддэг учраас цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах нь бага байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Хэрэгт авагдсан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэнийг болон сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй болохыг нотолсон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд  шүүгдэгч Г-г автотээврийн хэрэгслийг завших, хулгайлах, дээрэмдэх зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 9 дэх хэсэгт зааснаар түүнд сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г-д хэрэглэсэн сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тусгай тасагт зургаан сарын хугацаагаар хэрэглэхээр тогтоож, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавихыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газарт даалгаж, гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гаргахыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх ******* багийн Засаг даргын “ Г нь /ИЦ74041411/ ам бүл 3 аав, ээжийн хамт тус багт амьдардаг” гэсэн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолт,

Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн  “Г нь нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, амьжиргааны түвшингийн шугамаас доогуурт багтсан байна” гэх тодорхойлолт,

Г-ийн нэр дээрх харилцах болон хадгаламжийн данс, зээлийн талаарх мэдээлэл бүхий Хас, Хаан, Төрийн, банкнуудын Тосонцэнгэл сумын тооцооны төвүүдийн тодорхойлолтууд,

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын Завхан аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн лавлагаа,

 “Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, мэдээллийн санд бүртгэгдээгүй” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

Цагдаагийн байгууллагын нэгдсэн санд байгаа этгээдийн талаарх мэдээллээс Г-д холбогдуулан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл ирүүлснийг бүртгэсэн байдлыг хуулбарлан ирүүлсэн жагсаалт, түүний жолоочийн үнэмлэхний хуулбар зэрэг нотлох баримтуудыг шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв нотлох баримт гэж үзэн үнэлж шийдвэрлэсэн болно.

  Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шүүгдэгчийг эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах эрх бүхий байгууллагад хүргүүлэх хүртэл түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г-г автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.4 дүгээр зүйлийн 1, 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-д сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г-д хэрэглэсэн сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тусгай  тасагт 6 /зургаа/ сарын хугацаагаар хэрэглэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г-д авсан сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд, хэрэгжүүлэхэд хяналт тавихыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газарт тус тус  даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гаргах болох, мөн шүүгдэгч Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шүүгдэгчийг эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах эрх бүхий байгууллагад хүргүүлэх хүртэл уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч Г-г сэтгэцийн эмгэг судлалын тусгай эмнэлэгт хүргэхийг Завхан аймгийн цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.О