Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 94

 

А.Х , С.Б , Н.Н ,

Г.Б  нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч А.Х ын өмгөөлөгч Э.Ганбат, шүүгдэгч С.Б ын өмгөөлөгч М.Цэрэндэжид, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюунбилэг, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 85 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 45 дугаар магадлалтай, А.Х , С.Б , Н.Н , Г.Б  нарт холбогдох 1935 00493 0044 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.Х ын өмгөөлөгч Э.Ганбат, шүүгдэгч С.Б ын өмгөөлөгч М.Цэрэндэжид нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1971 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гедротехникч мэргэжилтэй, “Нэтэнт” ХХК-ийн захирал ажилтай, А.Х

2. Монгол Улсын иргэн, 1965 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний бага эмч мэргэжилтэй, Увс аймгийн шуудан үйлчилгээний газрын дарга ажилтай, С.Б

3. Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, Г.Б

4. Монгол Улсын иргэн, 1961 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, Н.Н

Шүүгдэгч А.Х, С.Б, Г.Б, Н.Ннар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйл, шүүгдэгч А.Х  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгдэгч А.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар болгоомжгүйгээр хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн шүүгдэгч А.Х , С.Б , Н.Н , Г.Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр ан агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг 5 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар тэнссэн хугацаанд галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.Б ыг 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Н.Н г 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.Х ын өмгөөлөгч Э.Ганбат гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Алтанчимэгийн “Анхан шатны шүүх шүүгдэгч А.Х т ял оногдуулахдаа гэмт хэргийн гэм хор, хор уршгийн байдалд тохироогүй, хөнгөн ял оногдуулсан” гэсэн гомдлыг хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэхдээ “шүүгдэгч нарт” оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй байна гэж дүгнэсэн нь анхан шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч, хохирогчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хариуцлагын талаар тусгайлсан саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тайлбар, мэдүүлэг, хохирол төлсөн баримт зэрэгтэй нийцээгүй болно.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт: Давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж заасныг зөрчиж уг магадлалаар “ял хөнгөдсөн” гэх гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэстэй байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдалтай нийцээгүй”, “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэл анхан шатны шүүхийн шийдвэрт тогтоогдоогүй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ялын дээд хэмжээг 5 жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэгт хамааруулна.

4. Шүүгдэгч А.Х  нь гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн, хохирлыг сайн дураар нэхэмжилсэн үнийн дүнгээр бүрэн төлж барагдуулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Болгоомжгүй” гэмт хэргийг анх удаа үйлдсэн.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1- заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.6-д заасан нөхцөл байдлыг буруугаар төсөөлж, андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж, хор уршгаа арилгасан бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж заасныг үндэслэн шүүхээс А.Х т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг 5 жилийн хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар албадлагын арга хэмжээ авсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн болно.

8. Шүүх А.Х т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Алтанчимэгээс шүүхэд ирүүлсэн шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй, шүүхийн шийдвэрийг хүндэтгэж үзнэ гэсэн хүсэлт, түүний өмгөөлөгч Болормаагийн “Эрүүгийн хариуцлагын талаар санал хүсэлтгүй” гэсэн дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюунбилэг болон түүний өмгөөлөгч Батгэрэл нарын “Эрүүгийн хариуцлагын талаар санал хүсэлтгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн үг, дүгнэлтийг шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзан үзсэн. Иймд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү. ...

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд чиглэсэн байдаг бөгөөд үүнийг үндэслэж анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан хэм хэмжээг анхан шатны шүүх буруу хэрэглээгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын хувьд тохиолдлын шинж чанартай, болгоомжгүй үйлдэл байсан. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн асуудлын хувьд хэргийн материалаас харахад 88.000.000 төгрөгийг шилжүүлсэн баримт байгаа.

Шүүгдэгчийн хувьд хохирогчтой найз нөхөд байсан бөгөөд үнэхээр харамсаж, гэмшиж, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөр, ар гэрийн нөхцөл байдалд нь туслалцаа үзүүлэх чин санаагаар өнөөдрийг хүртэл явсан. Хохирол, төлбөрт нийт 515.000.000 төгрөг төлсөн. Үүнээс 88.000.000 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргасан. Бусад баримтыг яагаад хийгээгүй гэхээр хохирогч талын байр суурь хийх хэрэггүй, бэлнээр авъя гээд найз нөхөд байсан учир өгсөн байдаг. Тухайлбал хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Оюунбилэгт 60.000.000 төгрөг өгсөн, хүү Галбадрахад 100.000.000 төгрөг, 88.000.000 төгрөгийг дансаар, буяны ажилд нь 100.000.000 төгрөг, Оросын холбооны улсад сурдаг охин Оюунсувдад 105.000.000 төгрөг, Алтанчимэгт 62.000.000 төгрөг өгч, хүү нь Улаанбаатар хот, Нарны хороололд 2 өрөө байр авсан байдаг. Энэ бүгд итгэлцэл дээр явсан. Хохирогч тал өнөөдрийн шүүх хуралдаанд тайлбараа хэлэх байх. Хохирогчийн тухайн үед авч байсан цалинг ойролцоогоор авч үзэхэд 30-35 жилтэй тэнцэх төлбөрийг төлж барагдуулсан.

Гэмт хэрэг үйлдэхэд нөхцөл байдлыг буруугаар төсөөлж, андуурсны улмаас ийм харамсалтай зүйл болсон байдаг. А.Х ын хувьд зүрхний архаг цус хомсрох өвчинтэй, энэ өвчнөөрөө эмчийн хяналтад байдаг. ...Давж заалдах шатны шүүх дээр хохирол төлбөрийн асуудлыг яриагүй. Би энэ мэдээллийг аваагүй байсан, миний үйлчлүүлэгч хохирлын асуудлыг яриад яах вэ гээд тохирсон учраас надад хэлэхгүй байсан.

Мөрдөн байцаалтын шатанд прокурор “зэрлэг гахай агнасан, байгаль орчинд учруулсан хохирлыг буруу дансанд хийлгэсэн. Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах ёстой байсныг Увс аймгийн Өндөрхангай сумын “Байгаль хамгаалах сангийн” дансанд хийсэн. Давж заалдах шатны шүүх энэ нь Байгаль орчны тухай хуулийн 49.1 дүгээр зүйлийг буруу хэрэглэж, өөр дансанд хийлгэсэн байна гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тохиолдолд энэ өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Б ын өмгөөлөгч М.Цэрэндэжид гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх нь С.Б ын анх удаа тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлаас гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд тохирох ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Иймд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюунбилэгийн өмгөөлөгч Б.Батгэрэл хяналтын шатны шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... 1. Ял хөнгөдсөн гэх гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзсэн үндэслэлийн хувьд:

Давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үздэг. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 4-т “давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэжээ.

Энэ нь давж заалдах шатны шүүхэд тухайн зохицуулалтыг хэрэглэж болох буюу эрх олгосон зохицуулалт байх ба заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгоогүй байна. Давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн заалтыг хэрэглэж эсхүл хэрэглэхгүй байж болохоор хуульчлагдсан байна. Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй гэх үндэслэлийн хувьд:

Хэдийгээр тухайн төрлийн гэмт хэрэг хөнгөн ангиллынх боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилаагүй, энэ гэмт хэргийн нийгмийн хор аюул их, хүний амь насыг үнэлэх боломжгүй. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн” зэргийг харгалзан үзэхээс гадна гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, хохирол зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн хэрэглэх учиртай. Давж заалдах шатны шүүх “хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

3. Гомдлын бусад үндэслэлийн хувьд:

Хохирогч эрүүгийн хариуцлагын талаар санал хэлээгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба энэ байдал нь анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэж тийнхүү шийдвэрлэсэн гэж гомдлын үндэслэлээ тодорхойлж байгааг хүлээн зөвөөрөхгүй байна. Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг бүхэлд нь хянан үзэж дүгнэлт хийх ёстой. Шүүгдэгч нар нь хэрэг учрал болсны дараа эмнэлэг, цагдаагийн байгууллагад хандаагүй, ар гэрт нь мэдэгдээгүй, хэргийн ул мөрийг балласан, агнасан гахайгаа нуусан, галт зэвсэг эзэмшиж байгаа этгээд түүнийхээ аюулгүй байдлыг хангаагүй, отолтонд сууж байгаа 2 хүнийхээ зүг буудаж байгаа зэрэг нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийх шаардлагатай.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар оршуулгатай холбоотой зардлаа төлүүлж авсан цаашид нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн нь гэмт хэргийн хор уршиг бүрэн арилсан гэж үзэх үнэслэл болохгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Алтанчимэг нь гэмт хэрэг гарснаас хойш эрүүл мэндийн хэвийн байдал нь алдагдсан ба сэтгэл заслын эмчилгээ хийлгэж байгаа /өвчтний түүх хэрэгт хавсаргагдсан/. Амь хохирогчийн орон зай түүний гэр бүлд хэзээ ч нөхөгдөхгүй юм. Эрүүгийн хариуцлагын зорилгыг хангах үүднээс, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх хүрээнд хэрэгт авагдсан бүхий л нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийх шаардлагатай.

Иймд Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 сарын 06-ны өдрийн 45 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн Э.Ганбат болон шүүгдэгч А.Х  нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюунбилэг хяналтын шатны шүүхэд хэлсэн саналдааАнхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс бидний гомдлыг хангаж шийдвэрлэсэн. Аавынхаа амь насыг ямар ч мөнгөөр үнэлье гэж энэ хүнтэй тохиролцож, мөнгө төгрөг нэхэж авсан зүйл байхгүй. Хүний амь насыг ямар ч зүйлээр үнэлэх боломжгүй. Уг гэмт хэргийн хор уршиг арилахгүй, улам бүр нэмэгдэж байгаа бөгөөд манай ээж хүн биш болсон, сэтгэцийн эмнэлгээр явж байгаа, мөн эмэгтэйчүүдийн хорт хавдрын хагалгаанд ороод гарч ирсэн байгаа. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна” гэв.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа шударга ёсны зарчмыг удирдлага болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримталж, ял оногдуулсан. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь хянаж, эрүүгийн хариуцлагыг оногдуулдаг. Энэ хэргийн хувьд шүүгдэгч А.Х ын үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон. Өнөөдрийг хүртэл хор уршиг арилаагүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, 5 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн. Энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Х ын өмгөөлөгч Э.Ганбат, шүүгдэгч С.Б ын өмгөөлөгч М.Цэрэндэжид, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюунбилэгийн өмгөөлөгч Б.Батгэрэл нарын гомдлыг үндэслэн А.Х , С.Б , Н.Н , Г.Б  нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Х , Г.Б , С.Б , Н.Н  нарыг бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газар нутаг гэдгийг мэдсээр байж, тус газарт зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ан агнах үйлдлээ урьдчилан тохиролцож, төлөвлөн бэлтгэж 4 тооны зэрлэг гахай агнасан,

мөн дээрх хууль бус үйлдлийн явцад шүүгдэгч А.Х  нь галт зэвсэг эзэмшдэг хүний хувьд буудлага үйлдэхдээ өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх боломжтой ч уг үйлдэлдээ хайхрамжгүй хандаж буудлага үйлдсэний улмаас Б.Сүх-Очирын амь нас хохирсон үйлдлүүдийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн асуудлыг зөв зүйлчилж шийдвэрлэсэн, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар хийсэн дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

Учир нь хавтаст хэрэгт шүүгдэгч нар нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар 4 тооны зэрлэг гахай агнасны улмаас учирсан эколого эдийн засгийн үнэлгээний 5.160.000 төгрөгийг нөхөн төлсөн боловч төлөлт хийхдээ Увс аймгийн Өндөрхангай сумын байгаль хамгаалах сангийн дансанд төлсөн, мөн шүүгдэгч А.Х  нь хэрэгт авагдсан баримтаар 88.000.000 төгрөг болон баримтгүйгээр амь хохирогчийн ар гэрийнхэнд туслалцаа үзүүлэн гэмшсэн сэтгэлээ илэрхийлж нийт 515.000.000 төгрөгийг төлсөн талаар өмгөөлөгч Э.Ганбатын хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюунбилэг болон түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нар үгүйсгээгүйн гадна шүүгдэгч нарын дээрх хохирол, хор уршигт нөхөн төлсөн төлбөрийг үгүйсгэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй байдал, гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдсон тогтсон ажил, орлоготой, хөдөлмөр эрхэлдэг зэргээс дүгнэн үзэхэд шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан, хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулах нийтлэг үндэслэл, журам, түүний зорилго, холбогдох хэм хэмжээний агуулгыг буруу тайлбарлаж, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон үр дагавар гарсан тохиолдол бүрт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, ялыг тэнсэх зохицуулалтыг шүүхээс огт хэрэглэх ёсгүй гэж, өөрөөр хэлбэл, тухайн гэмт хэргийн ангилал, гэм буруугийн хэлбэр, гэм хорын хэр хэмжээг үл харгалзан шүүх заавал ял шийтгэл оногдуулах үүрэгтэй гэж ойлгогдохоор илт өрөөсгөл дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимтай нийцээгүй, түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Нэгэнт хууль тогтоогчоос тодорхой нөхцөл хангагдсан тохиолдолд хэрэглэх эрх олгосон зохицуулалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд хуульчилж, үүнийг нь анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд тайлбарлан хэрэглэснийг буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч А.Х ын өмгөөлөгч Э.Ганбат, шүүгдэгч С.Б ын өмгөөлөгч М.Цэрэндэжид нарын “шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх” агуулга бүхий гомдлуудыг хүлээн авахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь 4 гахайны экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон 5.160.000 төгрөгийг Увс аймгийн Өндөрхангай сумын байгаль хамгаалах сангийн дансанд төлсөн байх тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч А.Х , Г.Б , С.Б , Н.Н  нарын Увс аймгийн Өндөрхангай сумын “Байгаль хамгаалах сан”-ийн дансанд төлсөн 5.160.000 төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан “Байгаль орчин, уур амьсгалын сан”-д шилжүүлэхийг Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 45 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч А.Х ын өмгөөлөгч Э.Ганбат, шүүгдэгч С.Б ын өмгөөлөгч М.Цэрэндэжид нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хангаж шийдвэрлэсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                     Ч.ХОСБАЯР

                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН