Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2019/0376

 

“МД” ХЗХ-ны гомдолтой

зөрчлийн хэргийн тухай

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гомдол гаргагчийн төлөөлөгч Д.Д, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч Б.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0365 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “МД” ХЗХ-ны гомдолтой, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч улсын байцаагч Б.Д-д холбогдох зөрчлийн хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0365 дугаар шийдвэрээр: ”Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 18 дугаар зүйлийн 18.1.2, Зөрчлийн тухай хуулийн 11.9 дүгээр зүйлийн 3.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0055514 тоот шийтгэлийн хуудсыг хэргийн нөхцөл байдлыг дахин сайтар шалгаж тодруулсны үндсэн дээр дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаан сарын/ хугацаагаар түдгэлзүүлж,

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдаж” шийдвэрлэжээ.

        Хариуцагч Б.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нар давж заалдах гомдолдоо: “Шүүх “нэг зөрчилд хоёр шийтгэл ногдуулсан” гэж дүгнэсэн байх бөгөөд гишүүнээс хасах тохиолдолд мэдэгдэх үйлдэл хийх шаардлага хангаагүй тохиолдолд хариуцлага ногдуулахаар заасны дагуу “МД” ХЗХ нь тус зөрчлөө хүлээн зөвшөөрч торгуулиа төлсөн.

        Харин хоршооны гишүүн бус этгээдээс хадгаламж татахыг хориглосон үйлдлийг хийсэн. Энэ 2 зөрчлийн нэг нь эс үйлдэхүй бол нөгөөдөх нь үйлдэл байгаагаараа ялгаатай тул нэг зөрчилд 2 торгууль ногдуулсан гэсэн нь үндэслэлгүй.

        Хорооны улсын байцаагчийн захиргааны актыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд дээд шатны албан тушаалтан Хорооны даргад гомдол гарган шийдвэрлүүлэх шаардлагыг зөрчсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байсан.

        Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0365 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс давж заалдах шатны шүүх гомдлын агуулгад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

        Захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус байсан эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөх замаар хэргийг хянан шийдвэрлэх ёстой.

        Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.3-д заасан гомдлоор үүсэх хэрэгт мөн адил хамаарна.

        Тиймээс шүүх энэ төрлийн маргаанд Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан арга, журмын дагуу явагдсан эсэхэд дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх ёстой.

        Гэтэл анхан шатны шүүх “зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой ялгаж харах боломжгүй”, “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад санхүүгийн баримтыг үзэж тулгаагүй, хадгаламж зээлийн хоршооны захирлын аман тайлбараар зөрчил нь нотлогдсон гэж үзэж, зөрчлийн нөхцөл байдлыг сайтар тодруулалгүйгээр шийтгэл ногдуулсан” гэх буюу маргаан бүхий шийтгэлийн хуудас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн агуулгаар дүгнэлт хийсэн атлаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 103.3.11-д заасны дагуу дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д нийцээгүй байна.

        Өөрөөр хэлбэл, гомдол гаргагчаас хариуцагч албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хууль зөрчсөн гэж үзэж хүчингүй болгуулахаар нэхэмжлэл, түүний үндэслэлээ тодорхойлсон байтал тухайн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрт тодорхой дүгнэлт өгөлгүй зөвхөн зөрчлийг дахин шалган тогтоолгох зорилгоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан буюу “тодруулах шаардлагатай, тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн нь хуулийн дээрх агуулгад харшилсан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцээгүй шийдвэр болжээ.

        Хэрэгт авагдсан нотлох баримт, ялангуяа хэргийн оролцогчдын тайлбартай холбогдуулан анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 /Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ/-д заасан үүргийн дагуу хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг, тухайлбал, нэхэмжлэгчийн “гомдол гаргагчаас маргаж буй хоршооны гишүүн бус этгээдээс хадгаламж татсантай холбоотой, мөн тус хоршоо урьд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасны дагуу тайлагнасан, тэрхүү баримтуудыг Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч улсын байцаагчид өгсөн  огт хянаж, дүгнээгүй, хариуцагчийн ““МД” ХЗХ улсын байцаагчид баримт гаргаж өгөөгүй”, тус хоршоо холбогдох баримтуудыг авч ирээгүй, амаар мэдээлэл өгсөн” гэх тайлбаруудтай холбоотойгоор холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж дүгнэлт өгөх байжээ.

        Үүнээс гадна Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хуулийн этгээд буюу “МД” ХЗХ-нд шийтгэл ногдуулсан байгаа тохиолдолд зөрчилд холбогдох хуулийн этгээдийн үйлдлийг хэрхэн тодорхойлсон, шалган шийдвэрлэх ажиллагаанд тухайн хуулийн этгээдийн эрхийг хэрхэн хангаж, зохих этгээдийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан асуудалд зайлшгүй дүгнэлт өгөхөөр байна.

        Мөн анхан шатны шүүх гомдол гаргагч “МД” ХЗХ-оос маргаагүй, Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хийсэн хяналт, шалгалтаар 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгосон асуудлаар “нэг өдөр, нэг зөрчилд өөр улсын байцаагчаас дахин шийтгэл ногдуулсан” талаар маргааны үйл баримтад хамааралгүй асуудлаар дүгнэлт хийснийг дурдах нь зүйтэй.

        Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.7 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0365 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                        ШҮҮГЧ                                                                 О.НОМУУЛИН

                                        ШҮҮГЧ                                                                 Ц.САЙХАНТУЯА

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР