Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2022/0024

 

“МБМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

МУЗГ, СС,БХБС-д тус тусхолбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:                          Ц.Цогт

            Танхимын тэргүүн:                       Ч.Тунгалаг

            Шүүгчид:                                            М.Батсуурь                                   

                                                                           Х.Батсүрэн

            Илтгэгч шүүгч:                                 П.Соёл-Эрдэнэ

            Нарийн бичгийн дарга:                Т.Даваажаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 674 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаар магадлалтай,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 120 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, өмгөөлөгч О.Б, С.Э, хариуцагч СС итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г, Н.Т нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 44 дүгээр хуралдааны тэмдэглэлээр “МБМ” ХХК-ийн барилгын материалын үйлдвэрлэл барих зориулалтаар импортоор оруулж ирсэн тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлүүлэхийг БХБС-д даалгасан үүрэг даалгавар, уг асуудлаар удаа дараа хандсан хүсэлтийг судалж шийдвэрлэхгүй байгаа СС ын эс үйлдэхүй, өөрийн гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахгүй, Улсын Их Хурлаас баталсан бодлогын хүрээнд үйл ажиллагаа явуулахгүй, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхгүй байгаа Засгийн газрын эс үйлдэхүй тус тус хууль бус болохыг тогтоолгох, гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах;

2.Хэргийн нөхцөл байдал: “МБМ” ХХК нь барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар техник, тоног төхөөрөмж импортоор оруулж ирсэн байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Доор дурдсан тохиолдолд импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг "0" хүртэлх хувь, хэмжээгээр ногдуулж болно”, 11.2.1-т “барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих” гэж заасан, энэ эрхээ эдлэхээр нэхэмжлэгч хуулийн этгээдээс захиргааны байгууллагад хандсан байна.

3.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Хөрөнгө оруулагчид үзүүлэх энэ хуулийн 11.1, 11.2-т заасан дэмжлэгийг татварын тухай хууль тогтоомжоор зохицуулна” гэж заасан, гэвч холбогдох татварын хуулиар барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортолсон техник, тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөх, нэмэгдсэн өртгийн албан татварыг "0" хүртэл хувь ногдуулах асуудлыг зохицуулаагүй, хууль батлан гаргаагүй байна.

4.Нэхэмжлэгч “МБМ” ХХК-иас “...Барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар оруулж ирсэн тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг хууль санаачлах эрхтэй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан” гэж, хариуцагч нараас “...хууль санаачлах эрхэд халдсан, ганц компанийн татвар чөлөөлөх асуудлаар хууль санаачлах нь шударга ёсонд нийцэхгүй, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх, хуулийн төсөл боловсруулах шаардлага үүсээгүй” гэж тус тус маргажээ.

5.Анхан шатны шүүх: “...М барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортолсон техник, тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөх, нэмэгдсэн өртгийн албан татварын “0” хүртэлх хувь хэмжээг хэрэглэх тухай хуулийн төсөл санаачлах эрх нь Засгийн газарт хадгалагдаж байна, БХБС, СС  нар нь уг хүсэлтийг эцэслэн шийдвэрлэх эрх хэмжээгүй атлаа уг хүсэлтийг шийдвэрлэхээр эрх бүхий этгээд болох Засгийн газарт өргөн мэдүүлээгүй, хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлээгүй, БХБСаас “татвараас чөлөөлөхийг дэмжсэн”, СС аас “татвараас чөлөөлөх боломжгүй” гэж Засгийн газрын гишүүдийн санал зөрүүтэй байсан тул татварын дэмжлэг үзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх үүрэгтэй, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд “татварын дэмжлэгийг үзүүлэх” эсхүл “үзүүлэхгүй” аль шийдвэр гаргахыг шүүх урьдчилан таамаглах боломжгүй тул татвараас чөлөөлөх асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг даалгах боломжгүй, Хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах үүрэгтэй тул уг хуульд заасан “...гаалийн албан татвараас чөлөөлж, ...татварын “0” хувь хэмжээг хэрэглэж болно” гэснийг хэрэглэх эсэхийг шийдвэрлэхээр байсан, барилга угсралтын ажил дууссан “гаалийн албан татвараас чөлөөлөх, ... “0” хувь хэмжээг хэрэглэх” эсэхийг эцэслэн шийдвэрлэгдэхэд дүгнэгдэхээр байна, захиргааны байгууллагаас эцэслэн шийдвэрлээгүй асуудлаар шүүх дүгнэлт хийх боломжгүй, хүсэлтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж хууль санаачлах эрхээ хэрэгжүүлэх эсэхийг шийдвэрлүүлэх нь Засгийн газрын хууль санаачлах эрхэд халдахгүй, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах шаардлага нь хууль санаачлахыг даалгах агуулгагүй...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 44 дүгээр хуралдааны тэмдэглэлээр “МБМ” ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулж ирсэн тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлүүлэхийг БХБСад даалгасан үүрэг, даалгавар, “МБМ” ХХК-ийн уг асуудлаар хандсан хүсэлтийг судалж шийдвэрлэхгүй байгаа СС ын эс үйлдэхүй тус тус хууль бус болохыг тогтоож, “МБМ” ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортолсон техник, тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхийг хариуцагч БХБС болон СС ад даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

6.Давж заалдах шатны шүүх: “СС нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч Сангийн яам нь энэхүү үүргээ биелүүлээгүй, уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар олгоогүй байхад шууд “татвараас хөнгөлж, чөлөөлөх боломжгүй гэх хариуг өгсөн нь буруу” гэсэн үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

7.Хариуцагч СС-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж, шийдвэрийн 1 дэх хэсгийн “...хариуцагч БХБС болон СС ад даалгаж” гэсэн хэсгийг болон 2 дахь хэсгийг, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ. Үүнд:

7.1.СС эрх хэмжээнийхээ хүрээнд БХБС-аас ирүүлсэн саналыг судлан үзэж татварын бодлогын асуудлаар байр сууриа илэрхийлсэн нь Засгийн газрын эрхийг хөндөхгүй.

7.2.Хууль тогтоомжийн тухай хуульд зааснаар СС нь Засгийн газрын санаачлах хууль тогтоомжийн төсөл төсвийн зардал нэмэгдүүлэх, орлого бууруулах эсэхийг хянаж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгох бүрэн эрхтэй. Уг эрхээ хэрэгжүүлж нэхэмжлэлд дурдсан агуулга буюу төсвийн орлого бууруулах чиглэлийн хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзсэн.

7.3.Татварын ерөнхий хууль болон Төсвийн тухай хуулийн дагуу 2020, 2021, 2022 оны төсвийн төслийг боловсруулах хэлэлцүүлэх шатанд “МБМ” ХХК-ийг татвараас хөнгөлөх, чөлөөлөх шийдвэр гаргаагүй бөгөөд энэ Татварын ерөнхий хуульд заасны дагуу Засгийн газраас энэ асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэхээр байгаа тул татвартай холбогдох хуулийн төслийг санаачлах боломжгүй.

7.4.Шүүхүүд Засгийн газрын 2018 оны 44 дүгээр хуралдааны тэмдэглэлд болон Засгийн газрын шийдвэрээр СС-д үүрэг болгоогүй асуудлыг даалгаж шийдвэрлэсэн нь Засгийн газрын тухай хуульд заасантай нийцээгүй гэжээ.

8.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч компаниас 2018 оноос хойш холбогдох эрх бүхий байгууллагууд болох Засгийн газар, Ерөнхий сайд, БХБС болон СС, яамдад удаа дараа хандсан. СС-ын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 4-2/3593 тоот “Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн уг дэмжлэгийг холбогдох татварын хууль тогтоомжийн дагуу эдлэх боломжтой” гэсэн хариу өгсөн боловч татварын хөнгөлөлт, чөлөөлөлт хэрэгжүүлэх асуудлыг шийдвэрлэлгүй өдийг хүрсэн.

8.1.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3 дахь хэсгийг баримтлан Монцемент үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлаар хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж компанийн санхүүгийн чадавхад маш ноцтойгоор нөлөөлж, эрх ашиг хөндөгдөж байна.

8.2.Засгийн газрын хуулиар үүрэг даалгавар болгосон асуудлыг салбарын сайд болох БХБС болон татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой асуудлыг СС  судалж, хоорондоо саналын зөрүүтэй байх тохиолдолд заавал Засгийн газрын хурлаар оруулж шийдвэрлүүлэх үүрэгтэй байхад тийнхүү шийдвэрлэхгүй, Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэхгүй байгаа эс үйлдэхүй гаргаж байгаа нь хууль бус юм.

9.Хариуцагч СС-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Гүлжан, Б.Тэлмүүн нарын хяналтын журмаар гомдол гаргасан гомдлыг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 120 дугаар тогтоолоор гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

10.Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч СС ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

11.Анхан шатны шүүхээс “Засгийн газар хууль бус эс үйлдэхүй гаргаагүй” гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч хуулийн этгээдээс гомдол гаргаагүй, мөн хариуцагч БХБС-аас шүүхийн шийдвэрт давж заалдах болон хяналтын гомдол гаргаагүй учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д зааснаар хяналтын шатны шүүхээс зөвхөн хариуцагч СС-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлын хүрээнд хэргийг хянасан болно.

12.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Доор дурдсан тохиолдолд импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг "0" хүртэлх хувь, хэмжээгээр ногдуулж болно”, 11.2.1-д “барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих” гэж, улмаар 11.3-т “Хөрөнгө оруулагчид үзүүлэх энэ хуулийн 11.1, 11.2-т заасан дэмжлэгийг татварын тухай хууль тогтоомжоор зохицуулна” гэж тус тус зохицуулжээ.

13.“МБМ” ХХК-иас  “Улсын Их Хурлаас татварын хууль тогтоомж гаргаж, хөрөнгө оруулагчид татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх асуудлыг зохицуулахгүй байгаа тул хууль санаачлах эрхтэй Засгийн газарт хандаж, эрхээ эдлэхээр удаа дараа хандсан боловч Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан” гэх агуулгаар маргажээ.

14.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах” гэж заасан, энэ тохиолдолд СС-аас хууль бус эс үйлдэхүй гаргаагүй байна.

15.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэж, улмаар Хууль тогтоомжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд Засгийн газрын санаачилсан хууль тогтоомжийн төсөлд санал авах, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх харилцааг нарийвчлан тогтоосон байна.

16.Тодруулбал, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.7-д “санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газрын санаачлах хууль тогтоомжийн төсөл төсвийн зардал нэмэгдүүлэх, орлого бууруулах эсэхийг хянаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгоно” гэж заасныг энэ маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортолсон техник, тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөх, нэмэгдсэн өртгийн албан татварыг тэг хувь хүртэл ногдуулах хууль батлах эсэхийг Сангийн яамнаас “Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагагүй” гэж үзсэн нь захиргааны байгууллагын эрх хэмжээний хүрээнд байна.

17.Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “СС Засгийн газрын өмнөөс дангаараа шийдвэрлэх эрхгүй” гэх тайлбар хуулийн дээрх заалтаар няцаагдсан, СС аас өөрийн эрх хэмжээний хүрээнд гааль, татварын бодлого тогтоох, төсвийн тогтвортой байдлыг хангах, зохистой удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд “хөнгөлөлт, чөлөөлөлтийг үе шаттайгаар бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, тусгайлсан салбар, үйл ажиллагаа, аж ахуйн нэгжийг татвараас чөлөөлөхгүй байх бодлого баримталж” хуулийн төсөл санаачлахаас татгалзсаныг хуульд заасан заавал хийж гүйцэтгэх чиг үүргээ биелүүлээгүй “эс үйлдэхүй гаргасан” гэж үзэх үндэслэлгүй.

18.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газар энэ хууль, бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ асуудал, түүнчлэн Улсын Их Хурлаас даалгасан, Ерөнхийлөгчөөс санал болгосон асуудлыг хуралдаанаараа хэлэлцсэний үндсэн дээр шийдвэрлэнэ. Түүний дотор дор дурдсан асуудлыг хуралдаанаараа заавал хэлэлцэнэ”, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5-д “Ерөнхий сайд дангаар шийдвэрлээгүй болон Засгийн газрын гишүүдээс эрхлэх асуудлаараа өөрсдөө тохиролцож чадаагүй саналын зөрөөг шийдвэрлэх асуудал” гэж зааснаас үзэхэд энэ хэргийн маргаан бүхий асуудлыг Засгийн газрын хуралдаанаар заавал хэлэлцүүлэх асуудал биш байна.

19.Өөрөөр хэлбэл, дээрх зохицуулалтын “Засгийн газрын гишүүд эрхлэх асуудлаараа тохиролцож чадаагүй, саналын зөрөө үүссэн байх” урьдчилсан нөхцөл бий болоогүй байх тул уг зохицуулалтыг энэхүү маргаанд хэрэглэхгүй юм.

20.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 7-д зааснаар СС-ын эрхлэх асуудлын хүрээнд татварын бодлого, гаалийн бодлого, төсвийн орлого, зарлага, зарцуулалтын бодлого хамаарч, БХБСын эрх хэмжээний хүрээнд хамааралгүй байх тул “эрхлэх асуудлын хүрээнд саналын зөрөө үүссэн” гэж үзэхгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

21.Түүнчлэн, Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 44 дүгээр хуралдааны тэмдэглэлээр “МБМ” ХХК-ийн барилгын материалын үйлдвэрлэл барих зориулалтаар импортоор оруулсан тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлүүлэхийг БХБС-ад даалгасан, харин СС-д даалгаагүй тул СС-ыг хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй.

22.Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа”-нд захиргааны ерөнхий хууль үйлчлэхгүй байхаар заасан буюу Улсын Их Хурал, Засгийн газраас төсөв санхүү, гааль татвартай холбоотой бодлого тогтоож, төсөвт тохируулан ямар харилцааг татвараас чөлөөлөх, хөнгөлөхийг шийдвэрлэх бүрэн эрхтэй.

23.Иймээс нэхэмжлэгчийн “тэгш бус хандсан, зарим салбарт, тухайлбал газрын тосны салбарт хуулиар хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлсэн” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, захиргааны байгууллагаас эрх хэмжээний хүрээнд төсвийн зүй зохистой бодлого, улс орны тулгамдсан асуудлын хүрээг өөрөө тогтоож, тэргүүлэх ач холбогдлоор ангилж шийдвэрлэснийг захиргааны хэргийн шүүхээс хянах хууль зүйн үндэслэлгүй.

24.Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 674 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаар магадлалын “тогтоох” хэсгээс “Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 44 дүгээр хуралдааны тэмдэглэлээр “МБМ” ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлүүлэхийг БХБС-ад даалгасан үүрэг, даалгавар, “МБМ” ХХК-ийн уг асуудлаар хандсан хүсэлтийг судалж шийдвэрлэхгүй байгаа СС-ын эс үйлдэхүй тус тус хууль бус болохыг тогтоож, СС-ад даалгаж” гэснийг хасч, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч СС ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      Ч.ТУНГАЛАГ

                             ШҮҮГЧИД                                                                             М.БАТСУУРЬ

                                                                                                      Х.БАТСҮРЭН

                              П.СОЁЛ-ЭРДЭНЭ