Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 304

 

 

 

 

 

 

 

 

 

    2019        02          22                                   304

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч А.Сайнбаяр,   

Нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Хохиоргч нарын өмгөөлөгч М.Алтанцэцэг, И.Хонгор,

Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ш.Саранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эд холбогдох эрүүгийн 1806 08456 1964 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Б.Э.

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 08 дугаар сараас хойш хамтран амьдарсан С.Отгонбатыг 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд болсон сургуулийн ойн арга хэмжээ болон Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 5-90 тоотод байх гэртээ цохих өшиглөх, дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, 2018 оны 10 дугаар сарын 19-ний шөнө 22.30 цагийн үед Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цэргийн хотхоны 6 дугаар байрны 06 тоотод оршин суух Д.Эрдэнэбатын орон байранд оршин суугчийн зөвшөөрөлгүй цонхоор нь хүч хэрэглэн нэвтэрч, түүний болон эхнэр, 3 хүүхдийн нь халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, С.Отгонбатыг өөртэйгээ цуг явахыг шаардан нөхөр Д.Эрдэнэбатыг боох заамдах зэргээр хүч хэрэглэж, заазуурыг зэвсгийн чанартай хэрэглэн заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ.                                                                        

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад шүүгдэгч Б.Э нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг, зэвсэг хэрэглэж бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг,  хүч хэрэглэж оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Д.Эрдэнэбатын мөрдөн байцаалтанд өгсөн:

2018 оны 10 дугаар сарын 19-ний орой эхнэр хүүхдүүдийн хамт гэртээ унтах гээд хэвтэж байтал 22.30 цагийн үед хаалга нүдээд эхэлсэн. Тэгснээ хаалганы цоож оролдож байснаа гараад цонхны доор ирсэн бололтой гутлын чимээ сонсогдсон. Тэгээд бид чимээгүй хэвтэж байтал онгорхой салхивчаар цээжин биеэ оруулж ирээд гэрэл тусгасан. Тэгэхээр нь би "чи хэн юм бэ" гэхэд нөгөө нөхөр цонхоор унаад ороод ирсэн. Унахдаа доод талын цонхыг хагалсан. Тэгээд хартал Б.Э гэгч байсан ба охин Энхтуяа гэрэл асаатал Б.Э над руу ирээд заамдаад авсан. Би өөдөөс нь барьцалдаад автал эхнэр Отгонбат дундуур орж салгаад түлхтэл гал тогооны ширээн дээр унаж босч ирээд гал тогооны шүүгээн дээр байсан бор шаргал иштэй заазуурыг аваад над руу далайгаад чамайг яавал ч яана шүү, ална шүү, надаас холд гээд эхнэр Отгонбатыг хувцсаа өмсөөд гарч бай гэсэн. Тэгээд Б.Э нь баруун гартаа заазуур барьчихсан, нөгөө гараараа намаиг заамдчихсан бид зууралдаад байж байтал гэнэт намайг өөр лүүгээ татаад заазуураа миний хүзүү хэсэгт тулгаад Отгонбатыг хувцсаа өмс явъя гэсэн. Отгонбат за хоюулаа явъя гараад учраа олъё гээд гарсан. Араас нь Б.Э заазуураа хаячихаад гараад явсан. Тэгээд би цагдаа дуудсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, шаардлагагүй. Тухайн үед сэтгэл санааны хувьд маш хэцүү, мэдүүлэг өгөхөд хэцүү байсан. Би араас нь гараад харахад саарал өнгийн Приус-20 маркийн 41-75УБУ дугаарын машинаар эхнэрийг маань аваад явсан. Энэ асуудлаас болж манай эхнэр хүүхдүүдэд гар хүрээгүй боловч сэтгэл санааны маш их дарамтанд байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

 

Хохирогч С.Отгонбатын мөрдөн байцаалтанд өгсөн:

Би Б.Этэй 10 жилийн нэг ангийн хүүхдүүд бөгөөд 2018 оны 08 сарын 15-ны өдөр ангийн найз Гомбосүрэнгийн буяны ажил дээр тааралдсан. …түүнээс хойш Б.Эийн Чингэлтэй дүүрэгт байх гэрт нь амьдарсан юм. 9 дүгээр сарын 14, 15-ны үед 3 хүүхдээ Б.Эийнд авчирсан. Удалгүй манай 10 жилийн сургуулийн ой болоод бид хоёр 9 сарын 24-нд Сэлэнгэ аймаг руу явсан. 28-нд ангийнхантайгаа уулзаад Ганжаргалынд байхад Б.Э уурлахаар нь хүмүүсээс санаа зовоод гараад явтал шар 5 давхар байрны арын гаражийн ард оруулаад элэг бөөр рүү цохиж, газар унаад босч чадахгүй байхад хүчээр бос гээд байхаар нь би ах Хангайгийнд очоод энэ намайг зодоод байна гэхэд ах Б.Эийг тэгж болохгүй гэсэн чинь ширээн дээр байсан хутгыг аваад та хоёрыг ална шүү гэхэд ах тэгж болохгүй гэж тайвшруулж байгаад гараад зугтсан. Тэгтэл Б.Э намайг ахынхаас авч гараад Сахилтын амны цаадхи жалганд аваачаад цохиогүй газар байхгүй цохиж зодсон. Тэгээд гуйсаар байж болиулаад Ганжаргалынд очиж машины түлхүүрээ аваад Шаамарын салдаг замаас эргээд модон дунд очиж зогссон. Тэгээд элдэв янзын хардсан юм яриад хавирга, нүүр орчимд цохиод байсан. Би гуйсаар байж болиулаад Дулаанхаанд байдаг эгчийндээ очоод ЭнхБ.Эс айсандаа шатнаас уначихлаа гэж эгчдээ худлаа хэлээд босч явж чадахгүй, бие засч чадахгүй хэвтэж байгаад 29-ний өдөр Б.Эийнд ирсэн. 10 сарын 03 хүртэл гэрт нь өвчин намдаах эм уугаад хэвлийгээрээ юм ороогоод хэвтээд байтал Б.Э намайг эмнэлэг рүү авч явсан. Тэгээд гэмтэлд очиж рентген зураг авхуулахад 3 хавирга хугарсан байна гэсэн. 06-наас ажилдаа ороод Б.Э өглөө хүргээд орой нь авдаг байсан. Тэгээд 12-ны өдөр найз Удвалын байрны найранд очоод бага зэрэг архи айраг ууж байгаад ирсэн. Тэр үед манай 3 хүүхэд тэднийд байсан бөгөөд би аав нь гайгүй, өнгөтэй зүстэй явна гэнэ гэж 3 хүүхдэдээ хэлтэл чи хуучин нөхрөө ярилаа гээд алгадаад авсан. Тэгснээ нүүр нүдгүй цохиж гарсан. Миний 3 хүүхдийг алчих вий ухаан алдаж л болохгүй шүү гэж бодоод л зодуулаад байсан. Миний хүүхдүүдэд хутга тулгаад дуугүй бай, танай аав чинь ээжийн чинь хавиргыг хугалсан биз дээ, хугалсан гэж хэл гээд айлгаад байсан. Миний нүүр толгой маш том болоод хавдсан байсан. Тэгээд нөгөөдөр нь Б.Эийг байхгүй хойгуур нөхөр рүүгээ яриад, манай нөхөр дүүтэй хамт ирж аваад цагдаагийн байгууллагад хандсан. Намайг ямар ч хамаагүй хүнтэй хардаад зодоод байдаг.

Би 2018 оны 10 сарын 19-ний 16 цагийн үед гэмтлийн эмнэлгээс гараад гэртээ ирсэн. Б.Э олон удаа залгаад чат бичээд байсан. Миний хувьд их айдастай, тайван байж чадахгүй, сэтгэл санаа их хэцүү байсан. Тэгтэл орой 22.30 цагийн үед Б.Э манай гэрийн цонхоор орж ирээд цонх хагалаад, манай нөхөр чи хэн бэ, яагаад байгаа юм гэхэд гэрлээ асаа гээд байсан. Тэгээд охин маань гэрэл асаасан чинь Б.Э манай нөхөртэй зууралдаж аваад би дундуур нь орж салгаад түлхэхэд хойшоо унаад босч ирэхдээ шүүгээн дээрээс заазуур аваад Эрдэнэбатыг цохих гээд далайсан. Улмаар Эрдэнэбатын хоолойд заазуур тулгаж намайг хувцсаа өмсөөд гар гэсэн. Тэгэхээр нь би за за гараад учраа олъё гээд түрүүлээд гарсан. Араас Б.Э гарч ирээд машинд нь суугаад Монелийн хойшоо нэг уул руу явахаар нь наад дугуй мугуй чинь хагарчихна, наанаа зогсчих гэсэн чинь хүмүүсээс хол аваачиж байгаад чамтай учраа олно гээд яваад байсан. Тэгснээ удалгүй зогсоод би чамаас салахгүй салах юм бол чамайг ална. Үхэн үхтлээ хамт байна гэж хэлээ биз дээ гэхээр нь би амыг нь дагуулаад л байсан. Би ял авлаа гэхэд 3-5 жил л болно биз, нахөр хүүхдүүдийг чинь мэднэ, мөнгө олж хүнд өгч алуулна гэх зэргээр дарамталж байснаа жоохон тайвшрахаар нь чи намайг гэр рүү хүргэж өгөхгүй бол танайх руу очъё миний бие өвдөөд байна гэхэд нөхөр чинь цагдаа дуудсан байлгүй яриатах гэхээр нь нөхөр рүүгээ залгаад цагдаа дуудаагүй биз дээ гэхэд дуудаагүй гэсэн. Тэгээд гэр рүү нь явсан. Гэрт очоод байж байтал шөнийн 01.30 цагийн үед цагдаа ирээд Б.Эийг баривчлаад явсан. Тухайн үед намайг болон хүүхдүүдийг зодож цохисон зүйл байхгүй. Манай нөхөрт заазуур тулгасан боловч гэмтэж бэртээгүй. Тухайн өдөр би эмнэлгээс дөнгөж гарсан байсан. Хэн аль нь архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Хүүхдүүд үүнийг хараад уйлж орилж байсан. 2018 оны 10 сарын 12-ны өдөр 3 хүүхдийг маань хутга барьж айлгасан, алгадсан боловч хүүхдүүд маань зүгээр, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 16, 55-57, 60-61/,

 

Насанд хүрээгүй гэрч Э.Энхбилгүүний мөрдөн байцаалтанд өгсөн:

2018 оны 10 дугаар сарын 19-ний орой 22, 23 цагийн үед жижиг өрөөндөө эгч болон дүүгийн хамт унтаж байтал цонх хагарах чимээ гараад хүмүүс шуугилдахаар нь босоод ирсэн чинь Б.Э гэгч цонхоор орж ирсэн байсан. Тэгээд Б.Э гэрлээ асаа гээд орилохоор нь эгч гэрэл асаатал аавтай барьцалдаж аваад шүүгээн дээрээс заазуур аваад аавын хоолойд тулгаад манай ээжийг хувцсаа өмс гээд шаардаад байсан. Тэгээд ээж за за би гаръя гээд хувцсаа өмсөөд гарсан. Б.Э заазуураа шидчихээд араас нь гараад ээжийг машиндаа суулгаад аваад явсан. Бид их айж орилсон. Бид ээжтэй Б.Эийнд cap орчим хамт амьдарсан. Энэ үед ээжийг маань зодож гэмтээсэн гэх мэдүүлэг /хх-ийн 33/,

 

Насанд хүрээгүй гэрч О.Энхтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2018 оны 10 сарын 12-ны шөнө ээж хамтран амьдрагч Б.Эийн хамт айлын байрны найранд яваад ирсэн. Б.Э ээжийг эрэгтэй хүмүүстэй чат бичлээ гээд хардаад байсан. Мөн аавын ажлын газрын эрэгтэй хүмүүстэй юм ярьж зургаа авахуулсан гээд хардаад манай ээжийн толгой дээр дэвсээд элэгдээд өвдөглөж нүүррүү нь цохиод чихрүү нь алгадаад байсан. Би дүү нарынхаа хамт айгаад уйлаад орилоод байсан чинь нэг үг дугарах юм бол ээжийг чинь ална шүү гээд ээжийг үсдээд толгойг нь саваад хутга бариад бид 3-т тулгаад дугарч болохгүй гээд байсан. Тэгээд ээж нэг ухаан алдаад нэг сэргээд нүүр нь хөхрөөд хавдаад ирсэн. Ээж болилдоо Б.Э гээд гуйгаад байсан. Би яаж ийж байгаад цагдаа дуудъя гээд бодсон чинь та дөрөвийг ална гээд байсан. Бас гэрийн гадуур хүн явах машин явахаар орилвол ална шүү гээд айлгаад байсан. Ээжийг зодож байхдаа би удлаа гэхэд 5 жилийн ял авна. Гарч ирээд хүнд захиалаад та хэдийг алчихаж чадна гэж хэлсэн. Тэр өдөр би утсаараа цагдаа дуудах гэхэд ээж болон миний дүү нарын утсыг бүгдийг нь хураагаад авчихсан. Ээж тэр өдөр босох  тэнхэлгүй зодуулчихсан байхад босож нүүрээ, цусаа угаа гээд зодоод байсан. Би гарч зугатаах гэхэд гарч зугатах юм бол ээжийг чинь ална гэж айлгасан. Ээжийн чинь хоолойг хэрчих үү та нарын хоолойг хэрчих үү гэж хэлчихээд энэ шөнө яргалал ямар байдгыг та нарт үзүүлнэ гэж хэлсэн. Тэгээд нэг үгээ давтаад л ээжийг цохиод байсан юм. Маргааш нь ээжийн хажуунаас холдохгүй байсан бөгөөд та нар цагдаа дуудах учраас та нараас холдохгүй гэж хэлээд бид нараас холдохгүй байсан. Бүтэн сайн өдөр нь таксиндаа явахаар нь ээж Амраа ах, аав хоёрыг дуудаад бид нар явсан юм. Мөн хутга барьчихаад танай аав чинь ээжийн чинь хавиргыг хугалсан гэж хэл гээд хүчээр хэлүүлэхэд ээж үгүй ш дээ гэж хэлсэн чинь ээжийг алгадсан. Бид нарыг тэгж хэлэхгүй л бол ээжийг чинь ална гээд байсан. Тэр ээжийг зодсон шөнө ээж ухаангүй ярих болон хөдлөх тэнхэлгүй байхад ээжийг үсдээд бид 3-н өмнө авчирчихаад намайг болон манай 7 настай дүү Мөнхбилгүүн бид хоёрыг үсдээд унт гээд байсан. Тийм байдалд айгаад унтаж чадахгүй байсан. Тэгсэн манай дүү 10 настай Энхбилгүүний толгой дээр хөлөөрөө унтацгаа гээд дэвсээд байсан. Би ээжийгээ хараад аймаар их өрөвдсөн. Ээж маань утас дугарахаар одоо аймаар айдаг сандраад байдаг болчихсон.

Би 2018 оны 10-р сарын 19-ний орой ойролцоогоор 22, 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 24-р хороо цэргийн 6-6 тоот гэртээ жижиг өрөөндөө 2 дүүгийн хамт унтах гээд хэвтэж байтал хаалга нүдэх чимээ гарсан. Аав ээж хоёр босохгүй байсан болохоор би ч босоогүй чимээгүй байж байтал хаалганы цоожинд түлхүүр тааруулах гээд оролдоод байх шиг байсан. Тэгээд коридоороор нөгөө хүн гарч байгаа бололтой, удалгүй манай цонхны гадна талд хүн ирж байгаа нь сонсогдсон. Гэтэл том өрөөний цонх хагарах чимээ сонсогдоод би цочоод босож ирээд хартал үл таних биерхүү эрэгтэй хүн орж ирсэн бөгөөд аавтай барьцалдаж авсан. Нөгөө эрэгтэй гэрлээ асаа гээд орилхоор нь би гэрлээ асаасан. Тэгтэл нөгөө эрэгтэй аавыг түлхэж унагаагаад ээжийг хөтлөөд гарах гээд байсан. Аав болиоч гээд ээжийг холдуулаад нөгөө эрэгтэйг түлхээд унагаасан. Босож ирээд гал тогооны шүүгээн дээр байсан заазуурыг аваад аавыг барьж аваад хоолойд нь тулгаад ээжийг хувцсаа өмс гэж шаардаад байсан. Тэгтэл ээж за би явъя, би явъя, явахгүй бол болохгүй байна гээд түрүүлээд гарсан. Араас нь нөгөө Б.Э гэх залуу гарсан. Тэгээд тэр эрэгтэй ээжийг машиндаа суулгаад яваад өгсөн. Аав араас нь гараад явчихлаа гээд эргээд ороод ирсэн. Тэгээд аав цагдаад мэдэгдсэн. Б.Э гэгч нь манай том өрөөний буюу ээж аав хоёрын өрөөний цонхыг хагалаад хүчээр ороод ирсэн. Биднийг болон ээж, аавыг зодсон зүйл байхгүй. Харин аавтай барьцалдаж авсан, нэг нэгийгээ түлхэж унагаасан.  Энэ асуудал маш хурдан болоод өнгөрсөн би айж сандарсан байсан өөр юу гэж хэлж байсныг нь нарийн сайн санахгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 35, 65/,

 

Гэрч Ч.Амартүвшингийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2018 оны 10 сарын 14-ний өдөр нагац эгч Отгонбат яриад намайг Б.Эийн гэрээс ирээд аваач, Эрдэнэбат ахтайгаа хүрээд ир гэсэн. Тэгээд бид хоёрыг очиход Отгонбат эгчийн нүүр нь бөөрөнхий том болоод битүү хавдартай, нэг нүд нь нээгдэхгүй хөхөрч няцарсан байсан. 5 дахь өдөр зодуулаад хагас сайн өдөр утаснуудыг нь хураагаад авчихсан, тэгээд бүтэн сайнд нь утсаа аваад ярьсан гэсэн. Замдаа цагдаад өргөдөл өгчихөөд шүүх эмнэлэг дээр очиход зургаа авхуул гэхээр нь гэмтлийн эмнэлэгт очоод шинжилгээ өгөөд үзүүлсэн чинь шууд хэвт гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/,

 

Гэрч С.Хангайгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2018 оны 09 сарын 28-ны өдөр төрсөн дүү Отгонбат нь Улаанбаатар хотоос Б.Э гэж залууг дагуулж ирээд энэ залуутай гэр бүл болж байгаа гэсэн. Тэгээд ойн арга хэмжээнд яваад шөнө 00 цагийн үед Отгонбатын хувцас нь урагдаж шороо тоос болсон байдалтай орж ирсэн. Тэгээд юу болсныг асуухад Б.Э хардаад зодоод байна гэсэн. Тэгтэл араас нь Б.Э орж ирэхээр нь юун зодоон болоод байгаа юм гэхэд та намайг хүргэнээ гэж зөвшөөрөхгүй байна гээд байсан. Тэгтэл Отгонбат гэнэт орилохоор нь босоод хартал Б.Э нэг гараараа заамдаад нөгөө гартаа хутга барьсан далайж байсан. Би яаж байнаа гэхэд Б.Э та хоёрыг алаад шоронд явахад 15 жил л авна гэхээр нь би утсаа авах гэтэл миний утсыг цохиод орон доогуур оруулчихсан. Тэгээд би хутгатай гарнаас нь барьж түлхэж холдуулаад хажуу айлаас утсаар ярьж цагдаа дуудсан. Цагдаа ирэхээр нь дагуулаад гэртээ ороход тэр 2 байхгүй байсан. Отгонбат зодуулсан байдалтай байсан боловч гэмтэж бэртсэнийг нь мэдээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 74-75/,

 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 сарын 18-ны өдрийн 12462 дугаартай:

С.Отгонбатын биед баруун талд 8, 9, 10, 11, зүүн талд 4, 5, 6, 7-р хавирга, бүсэлхийн 1, 2-р нугалмуудын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, уушигны авчилт, зүүн нүдний ухархайн дотор болон доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт 2 нүдний зовхи, хацар, шанаа, зүүн чамархай, чих, дух, дагзны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 2 нүдний салстын цус харвалт, баруун бугалга шуу, зүүн бугалга, тохой, шуу, сарвуу, цээжинд цус хуралт зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 77-78/,

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2018 оны 12 сарын 04-ний өдрийн  133 дугаартай:

Б.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Б.Э нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадвартай байсан байна. Үйлдсэн хэргийн талаар үнэн зөв тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Э нь сэтгэцийн эмнэлгийн байнгын хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. Цаашид сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байх шаардлагагүй болно. Б.Э нь одоо сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Б.Э нь хэрэг хариуцах чадвартай байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 165-166/,

 

Шүүгдэгч Б.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

С.Отгонбаттай Сэлэнгэ аймгийн нэгдүгээр арван жилийн сургуулийг хамт суралцаж төгссөн. Төгссөнөөс хойш ямар нэгэн харилцаа холбоо байгаагүй бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ангийн хүүхэд болох Гомбосүрэнгийн ажил явдал дээр анх уулзаад тэр өдрөөс эхлэн хамтран амьдарч эхэлсэн юм. 2018 оны 09 дүгээр сарын 20-д гаргаад С.Отгонбатын хамт Сэлэнгэ аймагруу С.Отгонбатын ахын хүүхдийн үсний найранд очоод дараа нь 10-н жилийн сургуулийнхаа 80-н жилийн ойд оролцохоор болоод ангийн хүүхэд Ганжаргалын гэрт нийлж байгаад тэдний гэрийн тагтан дээр Оргилбулаг, Наранчимэг нарыг секс хийж байхыг нь Отгонбат хараад уурлаад гарч явахдаа замын хажуу талын боржур дээр хальтирч унах гэхэд би татаж авах гэж байгаад давхралдаад дээрээс нь унахад миний хавирга эвгүй болоод өвдөг, мөр зулгарчихлаа гэж хэлж байсан. Тэгээд тэр өдөртөө Отгонбатын ах Хангайгийн гэрт оччихоод бид хоёр хотруу буцаад гарсан замдаа нэг эгчийнх нь гэрт очсон. Хэдэн хавирга хугарсан талаар би асууж тодруулаагүй бөгөөд ямар ч байсан хавирга хугарсан байна гэж хэлж байсан. Урд нь нөхөр нь зодоод ясыг нь бэртээж байсан учир Отгонбат үнэтэй эм авч уугаад хэрэггүй гэж хэлсэн юм. Миний ажигласнаас хамрын хагалгаанд орсон нь ажиглагдаж байсан бөгөөд надад хэлэхдээ нөхөр Эрка нь зодоод хамрыг нь хугалж, зүүн гарын шууг нь хугалсан талаар надад хэлж ярьж байсан. Зүүн талын нүд нь том жижиг харагдаж байсан юм тэгэхээр би урд нь гэмтэж байсан гэж өөрөө дотроо бодсон юм. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр С.Отгонбат халамцуу байсан болохоор айлын найран дээр хуучин нөхрөө сайн сайхан явсан талаараа яриад мөн боржуран дээр унаж хавиргаа гэмтээсэн асуудлаа намайг зодож гэмтээсэн гэж хүүхдүүддээ ойлгуулаад надтай нэг оронд унтахгүй гэхээр нь уурандаа 2 удаа алгадсан.

С.Отгонбат 2018 оны 10 сарын 19-ний өдөр эмнэлгээс гараад зурагтад эгчийндээ байна гэж хэлсэн. Утас нь холбогдохгүй байхаар нь Шархадны гэрт нь очиход хаалгаа тайлахгүй байсан. Цонхоор нь очоод гар чийдэнгийн гэрэл тусаагаад харахад Отгонбат нөхөртэйгээ орондоо хэвтэж байсан. Тэгээд хаалгаа тайлаач гэсэн чинь Отгоо чи яах гээд байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би салхивчаар орохдоо өвдгөөрөө  цонхны шилийг хагалсан. Нөхөр нь гарч гүйх гээд надтай зууралдаад байхаар нь хоолойноос нь бариад цааш түлхсэн. Удалгүй нөхөр нь гарч яваад Отгоо хувцасаа өмсөөд надтай хамт явъя гэсэн. Тэгээд Отгоо бид 2 гэртээ ирээд  ярилцаад эвлэрсэн. Отгоо намайг хүргээд өгөөрэй гэхээр нь үүрээр хүргэж өгье гээд хамт унтаж байтал  цагдаа ирсэн.  Отгоотой ярилцаж ойлголцох гэж, хоорондын харилцаагаа тодруулах гэж гэрт нь очиж хаалгаа тайлахгүй байхаар нь цонхоор нь орсон гэх мэдүүлэг /хх-ийн 87-88, 92/,

 

-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “Баянзүрх Дүүргийн 24 дүгээр   хороо, Цэргийн хотхоны 6 дугаар байрны 06 тоот өреөнд ертөнцийн зүгзэр урагш харсан 2 цонх байгаагийн баруун талын 6 тасалгаатай цонхны баруун дээд салхивчийг түлхэн орж ирсэн гэснийг 74 дугаар тавьж гэрэл зургаар бэхжүүлсэн, доод салхивч шилгүй, шилний үйрмэг гадагш унасан байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 3-8/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 сарын 30-ны өдрийн 12434 дугаартай:

-шинжилгээнд ирүүлсэн хутга болон заазуур дээр цус илрээгүй гэх биологийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41/,

 

-эрүүгийн хэргийг нэгтгэх тухай 2018 оны 11 сарын 20-ны өдрийн 424 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 45/,

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 2, 50-52/,

-хохирогч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 114-116/,

Хохирогчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн амбулаториор эмчлүүлэгчдийн карт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн Б.Эийн харилцах данснаас С.Отгонбатын харилцах данс руу 3.400.000 төгрөг шилжүүлж хохирол барагдуулав гэх баримт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хавтаст хэргээс Б.Эийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94, 100/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн.  

 

Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон болно.

 

Шүүгдэгч Б.Э нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, зэвсэг хэрэглэж бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг, хүч хэрэглэж оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруутай нь шүүхийн хэлэлцүүлэгт нотлогдсон учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “эрүүгийн хариуцлага нь тухай хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Эийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

 

Хохирогч нарт учирсан хохиролыг бүрэн төлж барагдуулсаныг Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, эрхшээлдээ байгаа хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндэрүүлэх нөхцөл байдалд  тооцов.

 

Шүүгдэгч Б.Эд ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн зэвсэг хэрэглэж бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг, хүч хэрэглэж оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргүүдийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, үйлдсэн гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт, нөхцөл, хувийн байдал зэргийг нь харгалзан хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгуулагад ял эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг хөнгөн ялыг хүнд ялд нэмж нэгтгэх зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Э нь хэргийн учир 125 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч нь хохиролд 3.400.000 төгрөг төлсөн, хохирогч нар нь нотлох баримтаар нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тэмдэглэв.

 

Хохирогч нар нь уг гэмт хэргийн улмаас учирсан бусад хохиролын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн заазуур болон хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүлэн шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Эийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг,

зэвсэг хэрэглэж бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг,

хүч хэрэглэж оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Б.Эийг шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих хүнд ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих хөнгөн ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 90 хоногийн хугацаагаар хорих хөнгөн ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 жил, 90 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 7 жил, 90 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийн цагдан хоригдсон нэг зуун хорин таван хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нар нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  хутга, заазуур тус бүр 1 ширхэгийг устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.БААСАНБАТ