Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 279

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,

Улсын яллагч А.Сайнбаяр,

Хохирогчийн өмгөөлөгч Одонтунгалаг,

Шүүгдэгч Ш.А , түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.А д холбогдох эрүүгийн 1806 06269 2247 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, “тасагт сувилагч ажилтай, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Ш.А .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Ш.А  нь 2018 оны 7 дугаар сарын 22-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Генерал” баарны гадна иргэн Б.Дэлгэрмааг түлхэж унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.А  мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас

хохирогч Б.Дэлгэрмаагийн өгсөн мэдүүлэг /хх-33-34, 64/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9064 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-21/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9036 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-20/, гэрч Д.Пүрэвсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-36-37/, гэрч Ж.Адъяажавын өгсөн мэдүүлэг /хх-39/, гэрч Д.Болорын өгсөн мэдүүлэг /хх-66-67/, Ш.А гийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-11/, шүүгдэгч Ш.А гийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-80/ шинээр 12 хуудас хохирол нэхэмжилсэн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

  

Шүүгдэгч Ш.А  нь 2018 оны 7 дугаар сарын 22-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Генерал” баарны гадна иргэн Б.Дэлгэрмааг түлхэж унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Дэлгэрмаагийн өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Ш.А , Ж.Адъяажав бид 3 тараад харих гэж байтал Болор, Ууганбаяр нар согтуу ирээд бид “Улиастай”-н тийшээ гол дээр очсон. Тэгээд манай нөхөр Д.Пүрэвсүрэнг дуудсан. Тэгээд идэж ууцгаагаад ЖАдъяа бид 2 бие засчихаад иртэл Ш.А  манай нөхөр Д.Пүрэвсүрэнтэй маргалдаад байж байсан. Би нөхрийгөө “согтуу байна, согтуу хүний үгийг битгий тоо” гээд болиулсан. Гол дээрээс Ш.А гийн машинд сууж хөдлөөд замдаа караокед орохоор болоод Болор, Ууганбаяр, манай нөхөр бид 4 буугаад Ш.А  машинтайгаа хөдлөх гэж байхад нь манай нөхөр Ш.А гийн машин руу өөрийнхөө өмсөж явсан табчикныхаа өрөөснийг аваад шидсэн. Тэгэхэд машиных нь хойд хэсэгт онох шиг болсон. Яг хаана гэдгийг нь би хараагүй. Тэгтэл Ш.А  машинаасаа буугаад ирсэн. Тэгэхээр нь би урдаас нь “миний дүү хэрэггүй” гээд гараа алдлаад хаагаад зогсоход Ш.А  намайг 2 гараараа цээж хэсэг рүү түлхсэн. Тэгэхэд нь би хойшоогоо зүүн гараараа тулаад унасан. Тэгээд Ш.А  манай нөхөр рүү гүйсэн. Тэр үед нь би “болиоч ээ” гээд араас нь хэлээд босоод ирэхэд миний зүүн гар нэг л эвгүй болоод байсан. Ш.А  намайг түлхэж унагаагаад манай нөхөр рүү дайраад л байсан. Тэр хооронд юу болсонг би хараагүй. Би хохирлоо барагдуулж авмаар байна. 1-2 жилийн дараа гартаа хийлгэсэн. 12 хадаасыг авахуулах хагалгаанд орно, одоог хүртэл хэрэглэсэн эм тариа боолт, эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгө нийлээд 2.115.669 төгрөгийн зардал гарсаныг нэхэмжилж байна. Мөн цалингийн зөрүү, цаашид гарах зардлаа нэхэмжилнэ. “ГССҮТөв”-д 4 удаа хагалгаанд ороод байна. Гараа хадуулаад тэр нь үрэвсээд яс руугаа идээлээд байгаа юм. Маргааш дахиад хагалгаанд орно. Ямар зардал гарахыг мэдэхгүй байна. Миний эмчилгээний зардалд 350.000 төгрөг өгсөн. Би гомдолтой байна.” /хх-33-34, 64/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Пүрэвсүрэнгийн өгсөн: “...Голын эрэг дээр байна хүрээд ир” гэхээр нь очоод...өмнө нь сонсож байсан ярианаасаа болоод Ш.А д “чи тариа хийдэггүй асаргаа хийдэггүй тэнгэрийн сувилагч” гэлүү гэхэд уурлаад машиндаа суусан. Тэгээд удалгүй тараад Ш.А гийн машинаар “Генерал” гэдэг караокены гадна ирээд Болор, Ууганаа, Б.Дэлгэрмаа бид 4 буугаад Ш.А  хөдлөөд явсан. Тэгэхээр нь араас нь сандаалаа аваад шидтэл Ш.А  машинаасаа бууж ирээд “чи миний машин руу чулуу шиддэг хэн юм” гээд над руу дайрсан. Тэр үед Б.Дэлгэрмаа урдуур нь ороод “миний дүү согтуу хүнтэй битгий хэрүүл хий, маргааш эрүүл дээр нь учраа ол” гэсэн. Тэгтэл Ш.А  Б.Дэлгэрмаагийн цээж хэсэг рүү нь 2 гараараа түлхээд унагаасан. Тэгээд над дээр ирээд “битгий давраад байгаарай” гээд над руу баахан зүйл хэлсэн. Тэгэхэд Б.Дэлгэрмаа “миний гар эвгүй болчихлоо” гээд байсан. Харахад гар нь тахийчихсан харагдаж байсан. Тэгэхээр нь “эхнэрийн гар хугалчихлаа” гээд заамдах гэхдээ хальт заамдаад цээж хэсэгт нь урчих шиг болсон. Тэгээд Ууганаа хүрч ирж салгаад Б.Дэлгэрмаа, Ж.Адъяажав 3 гэмтлийн эмнэлэг явсан.” /хх-36-37/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Адъяажавын өгсөн: ...”Тэгээд Ш.А  бид 2 хөдлөөд явахад машин руу нь нэг зүйл шидэх шиг болсон. Тэгтэл Ш.А  уурлаад машинаасаа буугаад Д.Пүрэвсүрэн рүү дайрсан. Б.Дэлгэрмаа эгч урдуур нь ороод Ш.А г тэврээд автал Б.Дэлгэрмаа эгчийг “та холд” гээд 2 гараараа цээж рүү нь түлхсэн. Тэгтэл Б.Дэлгэрмаа эгч “гар хугарчихлаа” гээд орилоод байхаар нь яваад очтол зүүн гар нь мурийгаад халцарчихсан байсан. Д.Пүрэвсүрэн ах Ш.А  руу “чи миний эхнэрийн гарыг хугалдаг хэн юм” гээд дайрсан. Энэ үед такси зогсоод эмнэлэг рүү явсан. Д.Пүрэвсүрэн Б.Алигэрмааг яг зодож цохисон асуудал байхгүй. Ш.А  руу дайраад Болор эгч, Ууганаа ах 2 салгаж байсан. Ш.А  ч Б.Дэлгэрмааг зодож цохисон зүйл байхгүй, арагш нь хүчтэй түлхэж унагаасан.” /хх-39/ гэх мэдүүлэг,

  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 9036 дугаартай дүгнэлтэд:

1. Ш.А гийн биед хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” /хх-20/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 9064 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Дэлгэрмаагийн биед зүүн шуу ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

        2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

        3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна.” /хх-21/ гэх дүгнэлт,

 

Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-40-44/,

Шүүгдэгч Ш.А гийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-80/ зэрэг болно.

 

Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Ш.А  нь 2018 оны 7 дугаар сарын 22-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Генерал” баарны гадна иргэн Б.Дэлгэрмааг түлхэж унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Дэлгэрмаа, гэрч Д.Пүрэвсүрэн, Ж.Адъяажав, Д.Болор нарын мэдүүлэг, шүүгдэгч Ш.А гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9036, 9064 дугаартай дүгнэлтүүд болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Ш.А гийн 2018 оны 7 дугаар сарын 22-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Генерал” баарны гадна иргэн Б.Дэлгэрмааг түлхэж унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

         Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

     

         Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

         Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Ш.А д Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан төрөл хэмжээний дотор ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

            Шүүгдэгч Ш.А  нь хохирол болон эмчилгээний зардалд 500.000 төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

         Хохирогч Б.Дэлгэрмаа нь эмчилгээний зардал 4.515.000 төгрөг, цалин хөлсний зөрүү 5.372.000 төгрөг, тахир дутуугийн тэтгэврийн зөрүү 986.000 төгрөг, нийт 10.873.700 төгрөгийг шүүгдэгч Ш.А гаас нэхэмжилсэн боловч шүүх эмчилгээний зардал болох 4.515.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар тогтов.

 

         Хохирогч Б.Дэлгэрмаа нь хэдийгээр хавтаст хэрэгт цалин хөлсний зөрүү 5.372.000 төгрөг, тахир дутуугийн тэтгэврийн зөрүү 986.000 төгрөг, нийт 6.358.000 төгрөгийн нотлох баримтыг гаргаж өгсөн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д заасан “...гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар” гэж тооцохгүй учир энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч Ш.А  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Ш.А г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Ш.А д 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ш.А  нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ш.А  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ш.А  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.         

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар Ш.А гаас 4.515.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Дэлгэрмаад олгосугай.

 

7. Хохирогч Б.Дэлгэрмаа нь цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох Э.Бат-Эрдэнэ урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

   9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

              

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС