Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
Хэргийн индекс | 129/2016/00338/и |
Дугаар | 355 |
Огноо | 2016-06-22 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 355
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг, Засаг даргын Тамгын газрын байранд байрлах “Дэлгэрэх” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Архангай аймгийн Эрдэнэбулган сум 2-р баг 1-48 дугаар байр 34 тоотод оршин суух Бямбаагийн Алтангарьд /РД:ЦГ68093011/-д холбогдох
дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний хөлс 138 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Шагдарсүмбэрэл,
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхбаяр,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Дэлгэрэх” СӨХ нь: шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бямбаа овогтой Алтангарьд нь “Дэлгэрэх” СӨХ-д төлөх ёстой дундын өмчлөлийн эд хөрөнгийн завсар үйлчилгээний зардал болох сарын 6 000 төгрөгийн хураамжийг 2014 оны 7 сар төлөөгүйгээс 42 000 төгрөг, 2015 оны 12 сар төлөөгүйгээс 72 000 төгрөг, 2016 оны 4 сар төлөөгүйгээс 24 000 төгрөг нийт 138 000 төгрөгийн өртэй байна. Иймд Алтангарьдаас 138 000 төгрөгийг гаргуулан өгч байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Шагдарсүмбэрэл шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихдээ: Манай холбоонд хамаардаг 48-р байрнаас энэ Алтангарьдынх сууц өмчлөгчдийн холбооны мөнгөө өгөхгүй байгаа юм. Бусад айлууд нь өгөөд байхад энэ айл өгөхгүй байгаа болохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч Б.Алтангарьд нь: шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Дэлгэрэх” СӨХ-ны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. “Өрнөх” СӨХ гэсэн нэрээр өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаад тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасан шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхбаяр хариуцагчийн тайлбарыг шүүх хуралдаанд дэмжихдээ: Өмнө нь Өрнөх сууц өмчлөгчдийн холбоо нэртэй сууц өмчлөгчдийн холбоо нь сум дундын шүүхэд 2015 оны 1-р сар, 2014 оны 7 сарын мөнгө 114 000 төгрөг төлөөгүй гэж нэхэмжлэл гаргасан байдаг. Ингээд нэхэмжлэгч тал өөрөө нэхэмжлэлээсээ татгалзаж шүүгчийн захирамжаар шийдвэрлүүлсэн байдаг. Шүүгчийн энэ захирамж өнөөдөр хүчин төгөлдөр байна. Гэтэл өнөөдөр нэрээ солиод дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь зохимжгүй байна. Өмнө нь гаргасан нэхэмжлэл дээр нэмэгдээд 2016 оны эхний 4 сарын сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг нэхэмжилсэн байсан. Үүнийг төлөхийг хүлээн зөвшөөрч болох юм. Харин өмнөх асуудлыг нь шүүхээр шийдвэрлэсэн учир дахин нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрх байхгүй байх. Нэхэмжилсэн 114 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Харин 2016 оны эхний 4 сарын төлбөр 24 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Дэлгэрэх” СӨХ нь хариуцагч Б.Алтангарьдаас дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний хөлс 138 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагаас 114 000 төгрөгийг төлөхгүй гэсэн мэтгэлцээний байр суурьтай байсан болно.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний 2016 оны эхний 4 сарын зардал болох 24 000 төгрөгийг төлөх саналтай байгаагаа илэрхийлсэн тул нэхэмжлэлийн шаардлагаас уг хэсгийг хангаж шийдвэрлэв.
Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2015 оны 11-р сарын 30-ны өдөр “Дэлгэрэх СӨХ шинээр зохион байгуулж, гүйцэтгэх захирал томилох тухай” тогтоолоор “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбоог байгуулжээ.
Харин “Өрнөх” СӨХ-ноос Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасан журмын дагуу Б.Алтангарьдаас 2014 оны 7 сар, 2015 оны 12 сарын дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал 114 000 төгрөгийг шаардах эрхийг “Дэлгэрэх” СӨХ-нд шилжүүлсэн эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас уг хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Түүнчлэн “Өрнөх” СӨХ-ноос “Дэлгэрэх” СӨХ-нд шаардах эрхээ шилжүүлсэн эсэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан нотлох баримт гаргаж өгөх замаар нэхэмжлэгч тал нотолж чадаагүй.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 4 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хариуцагч нь эрх ашгаа өмгөөлөгчөөр хамгаалуулж байгаа тул өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар Б.Алтангарьдаас дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардал 24 000 төгрөг гаргуулан “Дэлгэрэх” СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 114 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 790 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Б.Алтангарьдаас 4 550 төгрөг гаргуулж “Дэлгэрэх” СӨХ-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ