| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2021/00817/И |
| Дугаар | 210/МА2023/01614 |
| Огноо | 2023-08-16 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2023/01614
| 2023 оны 08 сарын 16 өдөр | Дугаар 210/МА2023/01614 |
С.Сын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/02010 дугаар шийдвэртэй,
С.Сын нэхэмжлэлтэй,
“К” ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохиролд 21,582,660 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. С.С нь “К” ХХК-ийн захирал Ц.Этай танилцаж нийт 75,660,000 төгрөгөөр 80 м.кв талбайтай төмөр рам бүхий амины орон сууцыг 30 м.кв талбайтай гараашийн хамт бариулахаар тохиролцож, 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 37,830,000 төгрөгийг “К” ХХК-ийн захирал Ц.Эын эхнэр Н.Аын эзэмшлийн, “Хаан банк” ХХК дахь - тоот данс руу 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн.
1.2. Тухайн компанийн ажилчид гэх хүмүүс барилгын ажил эхэлсэн боловч гэрээнд заасан хоног хугацааг хэтрүүлсэн.
1.3. 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч нэмж 10,000,000 төгрөг авсан боловч үр дүн гараагүй.
1.4. Мөн хариуцагч 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 12,000,000 төгрөгийг дансаар авсан. Нийт 59,830,000 төгрөгийг өгсөн.
1.5. Дутуу барьсан барилгаа хүлээлгэж өгөөгүй, доголдолтой хийсэн ажлын жагсаалт бичиж гүйцэтгэгч талд шуудангаар хүргүүлсэн. “К” ХХК-ийн захирал Ц.Э хариу өгөөгүй, утсаа авахаа больсон тул 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс гэрээг цуцласан.
1.6. Барилгын доголдолыг арилгуулахаар 26,945,000 төгрөгийн дүнтэй гэрээг иргэн Н.Гомбожавтай байгуулсан. Иргэн Н.Гомбожавын бригадаар гүйцэтгүүлсэн ажлын зургуудыг тухай бүр гэрэл болон видео бичлэг хийж баримтжуулсан. Хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний урьдчилгаанд нийт 6,500,000 төгрөг шилжүүлсэн.
Одоо гараашийн болон дундын хаалга гэмтэлтэй, хана хооронд дулаалга хийгээгүй, тааз нурж унах гээд илт гэмтэлтэй, дээврээс ус гоожиж байгаа, бохирын шугамыг доош гүн суулгах гэх мэт олон ажил дутуу байгаа.
Доголдолтой хийсэн ихэнх ажлыг дахин хийлгэхэд худалдан авсан бараа материалын үнэ 3,279,700 төгрөг, гэрээг цуцлах хүртэлх 52 хоногийн алдангид 11,802,960 төгрөг, хохиролд 6,500,000 төгрөг, нийт 21,582,660 төгрөгийг “К” ХХК-аас гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Манай компани нь иргэн С.Стай 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, захиалагчийн даалгавраар 80 м.кв хэмжээтэй, амины орон сууц, 30 м.кв хэмжээтэй 1 автомашины гараашийн хамт 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаанд барьж гүйцэтгэх харилцан тохиролцсон.
Хариуцагчийн зүгээс гэрээнд зааснаар ажлыг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор дуусгаж хүлээлгэж өгөхөөр тохиролцсон боловч уг хугацааг 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 20 хоног хэтрүүлсэн. Талууд харилцан тохиролцож, ажлаа үргэлжлүүлсээр байсан.
2.2. 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн цар тахалтай холбоотойгоор улс орон даяар хөл хорионы дэглэм тогтоосноор ажлыг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул ажил гүйцэтгэгч буюу хариуцагчаас үл хамаарах, давагдашгүй хүчин зүйлийн улмаас хугацаа хэтрүүлсэнд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.
Түүнчлэн ажлыг доголдолтой гүйцэтгэсэн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэгч гэрээний хавсралтаар баталгаажуулсан хийгдэх ажлын тоо хэмжээ, чанарт нийцүүлэн бүх ажлуудаа хийж гүйцэтгэсэн ба ажлын явц нь бидний тооцоогоор 80 хувийн гүйцэтгэлтэй байхад 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс нэхэмжлэгч С.С нь гэрээгээ цуцалсан гэх үндэслэлээр ажилчдыг ажлын талбайд оруулахаа больсон тул ажлаа бүрэн дуусгаж чадаагүй.
2.3. Түүнээс хойш нэхэмжлэгч нь манай хийж гүйцэтгэсэн ажлуудыг хэрхэн яаж өөрчилж, эвдэснийг мэдэхгүй.
2.4. Нэхэмжлэгч нь 52 хоногийн хугацаа алдсан гэж алдангийг тооцон 11,802,960 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх ба ямар хугацаанд, ямар үүргээс алдангийг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, гэрээний 11.3-т заасан давагдашгүй хүчин зүйлийг тооцоогүй зэргээс үзэхэд шаардлага нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах хэсэгт тус тус заасанд нийцэхгүй гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “К” ХХК-аас 11,168, төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ст олгож, нэхэмжлэлээс 10,413,856 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,870 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “К” ХХК-аас 193,650 төгрөгийг гаргуулж С.Ст олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгсдэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
4.1. Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ хэрэгжиж дуусах хүртэл хугацаанд хөл хорио тогтоосон байсан нь нийтэд илэрхий байтал шүүх энэ нөхцөл байдлыг хариуцагч урьдчилан мэдэж байсан, мэдэх боломжтой байсан гэж дүгнэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
4.2. Гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хэмжээг нэхэмжлэгч 64 хувь гэж, хариуцагч 80 хувь гэж маргасан.
Шүүх зохигчийн маргаж байгаа асуудлаар тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт байхгүй байхад гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг дан ганц нэхэмжлэгч талын тайлбар, гэрэл зургаас дүгнэж байгаа нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний онцлог нь доголдолгүй үр дүнг захиалагчид шилжүүлэх байхад анхан шатны шүүхээс нотлох баримтуудыг буруу үнэлж тодорхойгүй гэрэл зургуудыг шийдвэрийн үндэслэл болгож, ажлын гүйцэтгэл нь дутуу, ажлыг доголдолтой гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийн тайлбараар ажлын гүйцэтгэлийг 64 хувь гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна.
Түүнчлэн туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгүүлсний улмаас ажил доголдолтой хийгдсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхад шүүхээс туслан гүйцэтгэгч оруулахгүй гэсэн үүргээ зөрчсөн гэж дүгнэсэн нь хууль зөрчиж байна.
4.3. Нэхэмжлэгчээс иргэн Н.Гомбожаваар ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан талаарх баримтыг гаргаж өгсөн боловч тэр нь бодит байдал дээр хэрэгжээгүй, ирээдүйд хэрэгжих эсэх нь тодорхойгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаанд тайлбарлахдаа “гэрээ байгуулсан хэдий ч ажил нь хийгдээгүй, бүх ажлууд нь хэвэндээ байгаа” талаар дурдсан бөгөөд тэрхүү гэрээ нь 2021 оны 03 сард байгуулагдаж, 2 жил гаруй хугацаа өнгөрсөн, мөн ямар дутуу ажил, ямар доголдлыг засах талаар заагаагүй, хавсралт гэх баримт нь гарын үсэг тамгагүй, хэн бичсэн нь тодорхойгүй баримтыг нотлох баримтаар үнэлж байгаа нь анхан шатны шүүх хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
Мөн хаанаас, хэн, хэзээ авсан нь тодорхойгүй, худалдагч, худалдан авагчийн нэр гарын үсэг, тамга байхгүй баримтуудыг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.
Цаашилбал нэхэмжлэгч нь иргэн Н.Гомбожавтай байгуулсан гэрээнд ажлын хөлс, материалын зардлыг багтааж 26,945,000 төгрөгөөр тохиролцсон атлаа тэрээр 3,279,700 төгрөгийн бараа материал авч өгч ажлыг гүйцэтгүүлсэн гэж тайлбарласныг шүүх хүлээн авч, хариуцагч компаниар төлүүлэхээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй.
4.4. Шүүх зохигчийн хооронд байгуулагдсан гэрээнд заасан ажлын гүйцэтгэлийн хувь хэмжээг тогтоогоогүй хэрнээ алдангийг тооцон гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч С.С нь хариуцагч “К” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохиролд 21,582,660 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.1. С.С нь “К” ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр “К” ХХК нь 80 м.кв амины орон сууцыг 30 м.кв 1 автомашины гараашийн хамт 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд барьж гүйцэтгэх, С.С нь ажлын хөлс 75,660,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон, талууд энэ талаар маргаагүй.
Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
3.2. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу хариуцагч компанид нийт 59,830,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нь барилгын ажлыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй тул нэхэмжлэгч гэрээг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр цуцалсан, энэ талаар зохигч маргаагүй.
3.3. Талууд ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болох гүйцэтгэсэн ажлын хэмжээнд маргасан байхад нэхэмжлэгчийн тайлбар, гэрэл зургийгг үнэлж ажлын үр дүнг тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зохицуулалтыг зөрчжээ. Учир нь барилгын ажлын гүйцэтгэлийн хэмжээг тогтооход тусгай мэдлэг шаардагдах бөгөөд нэхэмжлэгчийн тайлбар нь дангаараа уг үйл баримтыг нотлох баримт болохгүй юм. Түүнээс гадна хэрэгт баримтаар авагдсан гэрэл зургаас ажлын хэмжээг тодорхойлохгүйгээс гадна уг гэрэл зургаар бэхжүүлсэн үйл баримт нь маргааны зүйл болохыг тодорхойлох боломжгүй бөгөөд нэхэмжлэгч талаас үзлэг хийлгүүлэх хүсэлтийг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь буруу болжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх замаар залруулах боломжгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/02010 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “К” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193,650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Э.ЗОЛЗАЯА