Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/41

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Шүүгдэгч Л.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Л.Б-, 

Шүүгдэгч Л.Б- нь 2018 оны 12 дугаар сарын11-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумаас Улаанбаатар хот орох замдаа Истана маркийн тээврийн хэрэгсэл дотор архидан согтуурч С.П, Г.Э- нартай маргалдан, Г.Э-гийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь дээд уруулын зүүн хэсэг, уруулын дотор хэсгийн салстад шархны сорви бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Б- нь 2018 оны 12 дугаар сарын11-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумаас Улаанбаатар хот руу Истана маркийн тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа С.Пүрэвсүрэн, Г.Э- нартай маргалдан улмаар хохирогч Г.Э-гийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь дээд уруулын зүүн хэсэг, уруулын дотор хэсгийн салстад шархны сорви бүхий хөнгөн учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Г.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өөрийн нөхөр Пүрэвсүрэн болон бусад нутгийн хүмүүсийн хамт Истана маркийн хүн тээврийн автомашинд суугаад явсан юм. ...Л.Б- манай нөхөр Пүрэвсүрэнтэй морь мал ярилцаад явж байсан юм. Тэгтэл манай нөхөр “Чиний морь хэзээ түрүүлж байсан юм бэ” гэтэл Л.Б- уурлаад л хэрүүл маргаан болж эхлээд манай нөхрийг дээрэлхээд хэл амаар доромжпоод байхаар нь Би Л.Б-д хандаж, “чи одоо болиоч, манай нөхрийг юу гээд байгаа юм бэ” гэтэл Л.Б- намайг “Гунаажавын гөлөг чамайг мэднэ шүү дээ” гэхээр нь би гэнэт уурлаад ууж байсан ундааныхаа саваар Л.Б-ы араас ёвортол эргэж хараад намайг цохичихсон юм. Би одоо өөрийнхөө эрүүл мэндэд учирсан хохирлыг барагдуулж авмаар байна. Гоо сайхны хагалгаанд орж тогтсон шар сорвио арилгуулах хүсэлтэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р тал/,

Гэрч С.П-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Тариалан сумаас Улаанбаатар хот орох зорилгоор өөрийн эхнэр Г.Э-гийн хамтаар Тариалангаас Улаанбаатар чиглэлд явдаг Истана маркийн автомашинд суугаад явсан юм. ...Тэгээд унтаж байхад Л.Б- үглээд яваад байхаар нь “унтъя” гэж хэлээд унтаж байхад нь манай эхнэр орилох шиг болсон сэрээд харахад манай эхнэр Г.Э-гийн уруулнаас цус гарчихсан эхнэр Л.Б-ы дээлийн захнаас барьчихсан байхаар нь салгасан. Г.Э-гийн нүүр лүү гэрэл тусгаад харахад уруул нь сэтэрсэн цус гарч байсан. Юунаас болж маргалдсан болохыг нь мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/,

Шүүгдэгч Л.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би гэм буруутай үйлдлийн улмаас бусдын биед гэмтэл учруулсан нь үнэн. Тухайн үед би бага зэргийн архи уучихсан. Согтуу байдалтай байсан учраас бусадтай хэрүүл маргаан үүсгэж зодоон хийгээд хүний биед халдаж гэмтээсэн нь үнэн. Бм Г.Э-гийн  нүүрэн хэсэгт нь нэг удаа гараараа цохиж гэмтээсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 38-р тал/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2-р тал/

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаартай:  Г.Э-гийн биед дээд уруулын зүүн хэсэг, уруулын дотор хэсгийн салстад шархны сорви бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Г.Э-гийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 30-р тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Л.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумаас Улаанбаатар хот руу Истана маркийн тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа хохирогч Г.Э-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт тусгагдсан шинжээчийн дүгнэлт, болон бусад нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Л.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Б-ы гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Шүүгдэгч Л.Б- нь хохирогч Г.Э-тай харилцан тохиролцож уучлалт гуйж эвлэрсэн тухай хүсэлтийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно./хх-ийн 51-р тал/,

Эрүүгийн 1938000090061 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, бичиг баримтгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Л.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн 1938000090061 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР