| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0289/э |
| Дугаар | 0319 |
| Огноо | 2019-02-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 0319
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: А.Номин-Эрдэнэ
улсын яллагч: М.Эрдэнэзаяа
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов
шүүгдэгч: Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж овогт Д Т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906005700278 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж овогт Д Т, 19 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо байрны өрөөнд түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2003 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 216 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 05 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан РД:,
Холбогдсон хэргийн талаар:
Д.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн дугаар хорооны байрны харуулын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ З.Б зүүн гар тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр өглөө 8.40 цагийн орчимд ажлын байран дээрээ очсон. Ээлж солигдож харуул ажлаасаа буухдаа хоёулаа ганц зуу татчихья гээд 0.5 литрийн Хамаг Монгол архинаас уусан. Тэгээд орой 18.00 цагийн орчимд ажлын байран дээрээ байхад манай байрны оршин суугч Ж гэгч орж ирээд дүү ганц юм татчих уу зүгээр үү гэхээр нь би зүгээр зүгээр гэж хэлээд бид хоёр 0.5 литрийн Хар Чингис архи 2 шилийг хувааж уусан. Сүүлийн архиа хувааж ууж байснаас хойших үйл явдлыг би санахгүй байна. Нэг мэдэхэд манай байрны оршин суугч болох Б ороод ирчихсэн чи намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Би тэр үед ухаан ороод СӨХ-ийн дарга Ц.Э эхнэр А нартай холбогдож дуудсан. Б бид хоёр өмнө нь маргалдаж байгаагүй. Би согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байсан учир болсон явдлын талаар санахгүй байгаа юм гэжээ. /хх-ийн 15/
Хохирогч З.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр би 2 найзтайгаа уулзаад архи уусан. 01.00 цаг өнгөрч байхад гэртээ орох замдаа байрны хажуу талын манаачийн өрөө рүү ороход манаач Т, түүний эхнэр болон найз нь гээд нэг танихгүй хүнтэй байсан. Тэд нар архи ууж байсан ба би тэндээс гараад иртэл 30б байрны 55 тоотод байдаг зүс мэдэх хүн надтай таарч бид хоёр нэг шил архи тэдний гэрт уусан. Тэгээд 03.00 цагийн орчимд гэртээ орох гээд байрны гадаа явж байтал байрны жижүүр Т намайг дуудсан. Тэгээд ороод бид хоёр маргалдсан ба Т цэнхэр иштэй хутга гаргаж ирээд над руу далайхад нь би зайлахад зүүн гарын булчин хэсэгт дүрсэн. Гарнаас цус гарсан ба намайг байж байхад манай СӨХ-ийн дарга Ц.Эр гарч ирсэн байсан. Тэгээд цагдаа эмнэлэгт дуудлага өгсөн байсан. Би хутгалуулсан газартаа 4 оёдол тавиулсан. Бид хоёрын дунд маргаантай асуудал байсан хуулийн дагуу шалгуулна гэжээ. /хх-н 5-7,9/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 3-4/, илтгэх хуудас /хх-н 8/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 10-11/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 1611 тоот шинжилгээ дүгнэлтэд :
1.З.Б биед зүүн бугалганд шарх, цус хуралт, гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-п зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашд ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.
5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. /хх-ийн 12/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 13-14/
Гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр манай байрны жижүүр харуулаар Т гарч ажиллаж байсан. Орой 00.00 цагийн орчимд цонхоор харахад байрны граж руу машин оруулж байгаа харагдаж байсан. 01.00 цагийн орчимд дотуур холбоогоор Т руу холбогдож тайван эсэхийг лавлаж асуухад тайван байна гэж байсан. Мөн өмнө нь 22.00 цагийн орчимд холбоогоор холбогдож хяналт тавихад Т эхнэр А ирсэн байсан хоол цай өгч байна гэсэн. Тэгээд 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 17-нд шилжих шөнө 03.00 цагийн орчимд дотуур холбоогоор Т холбогдоход цаана нь хүн байх шиг чимээ гарсан. Тэгэхээр нь би гараад харуулын байрны цонхоор харахад 30а байрны 25 тоотын З.Б сууж байсан мөн харуулын байрны дотор тал цусаар бохирлогдсон байсан тул би З.Б гэрт орж эхнэрт нь хэлсэн. Тэгээд түргэн дуудаж цагдаад дуудлага өгсөн. Т 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажилд орсон юм. Өмнө нь Т ажилд ороод удаагүй байхад манай байрны оршин суугч З.Б согтуу харуулын байр луу орж ирээд Тг зодож үүдэн хоёр шүдийг нь унагаасан байсан. Үүнээс болоод хоорондоо өс санасан байж магадгүй. З.Б тухайд байнга согтууруулах ундаа хэрэглээд ер нь байнга агсам согтуу тавьж байдаг юм гэжээ. /хх-н 16-17/
Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 17-ний 03.00 цагийн орчимд манай СӨХ-ийн дарга над руу залгаад хурдан хүрээд ирээч танай хүний шүдийг булгалсан хүнтэй маргалдсан юм шиг байна хурдан хүрээд ир гэсэн. Тэгээд би гэрээсээ гараад манаачийн байранд яваад очиход 2 цагдаа ирчихсэн байсан ба СӨХ-ийн дарга болон манай нөхөр бүгд гадна зогсож байсан. Юу болсон талаар асуутал дуудлагын цагдаа танай нөхөр хүн хутгалсан байна гэж хэлсэн. Ер нь тэр залуу архи уусан үедээ жижүүрийн байран дээгүүр байнга явж байдаг юм. Гэр орондоо ордоггүй юм шиг байсан. Өмнө нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны үеэр манай нөхөр жижүүр хүлээж авах үед нь тэр залуу орж ирээд үүдэн шүдийг нь мөргөж унагааж байсан юм. Тухайн үед манай нөхөр өргөдлөө цагдаад өгөөд буцаагаад авч байсан юм. Бид хоёр нийлээд 12 жил болж байна. Дундаасаа 5 хүүхэдтэй. Манай нөхөр архи нэг их уудаггүй юм гэжээ. /хх-н 18/
Д.Т иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 21/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 22 /, захиргааны зөрчлийн талаарх баримт /хх-н 23-24/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 25-28 /
Д.Т Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 29/, прокурорын тогтоол /хх-н 30-31/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 32-34/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 38/, З.Б эмчилгээний зардлын талаарх баримт /хх-н 40/ зэрэг болно.
Д.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны 30б байрны харуулын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ З.Б маргалдан улмаар түүний зүүн гар тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 1611 тоот шинжилгээний дүгнэлтээр З.Б биед зүүн бугалганд шарх, цус хуралт, гэмтэл тогтоогдсон, гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-п зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ./хх-ийн 12/
Хохирогч З.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .... 03.00 цагийн орчимд гэртээ орох гээд байрны гадаа явж байтал байрны жижүүр Тал намайг дуудсан. Тэгээд ороод бид хоёр маргалдсан ба Т цэнхэр иштэй хутга гаргаж ирээд над руу далайхад нь би зайлахад зүүн гарын булчин хэсэгт дүрсэн. Гарнаас цус гарсан ба намайг байж байхад манай СӨХ-ийн дарга Ц.Э гарч ирсэн байсан. Тэгээд цагдаа эмнэлэгт дуудлага өгсөн байсан. Би хутгалуулсан газартаа 4 оёдол тавиулсан гэсэн мэдүүлэг /хх-н 5-9/
Гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... би гараад харуулын байрны цонхоор харахад 30а байрны 25 тоотын З.Б сууж байсан мөн харуулын байрны дотор тал цусаар бохирлогдсон байсан тул би З.Б гэрт орж эхнэрт нь хэлсэн. Тэгээд түргэн дуудаж цагдаад дуудлага өгсөн. ...З.Б согтуу харуулын байр луу орж ирээд Т зодож үүдэн хоёр шүдийг нь унагаасан байсан. Үүнээс болоод хоорондоо өс санасан байж магадгүй. З.Б тухайд байнга согтууруулах ундаа хэрэглээд ер нь байнга агсам согтуу тавьж байдаг юм гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/, шүүгдэгч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Ж гэгч орж ирээд дүү ганц юм татчих уу зүгээр үү гэхээр нь би зүгээр зүгээр гэж хэлээд бид хоёр 0.5 литрийн Хар Чингис архи 2 шилийг хувааж уусан. Сүүлийн архиа хувааж ууж байснаас хойших үйл явдлыг би санахгүй байна. Нэг мэдэхэд манай байрны оршин суугч болох Батмөнх ороод ирчихсэн чи намайг хутгалчихлаа гэж хэлсэн гэсэн мэдүүлэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Д.Т нь харуулын өрөөнд бусадтай архи уугаад согтуу байх үедээ харуулын байрны хажуугаар явж байсан З.Батмөнхийг дуудаж урьдын асуудлыг ярьж хоорондоо маргалдан улмаар айлгах зорилгоор хутга авч түүний зүүн бугалганд хутгалж бугалганд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд Д.Түвшинжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Т нь хохирогч З.Б нийт 630.000 төгрөг төлсөн ба хохирогч нэмж шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Д.Т З.Б хутгалсан гэх хутгыг хураан авч эд мөрийн баримтаар тооцож шүүхэд ирүүлсэнийг шүүх хуралдаанаар хэлэлцээд хутгыг устгахаар шийдвэрлэв.
Д.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ж овогт Д Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Т нь торгох ялыг 6 сарын дотор нэг сард 100.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Т нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Д.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт урт нь 26,1 см, ажлын хэсэг нь 14,9 см, ирний урт нь 14,9 см, ажлын хэсэг дээрээ YUANFEI бичигтэй цэнхэр өнгийн иштэй жижиг нэг ширхэг хутгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Т бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН