Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 356

 

 

 

 

 

 

               

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6-р багт оршин суух  Боржигон овогт Ням-Осорын Лочин /РД:АЯ56062279/-ийн нэхэмжлэлтэй

Архангай аймгийн “Тунгалаг тамир” хоршоололд 1982 оны 9-р сарын 10-ны өдрөөс 1995 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт бүхий иргэний хэргийг хэлэлцэв.

 

                Шүүх хуралдаанд:

                Нэхэмжлэгч Н.Лочин,

                шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.

                                                            

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

               

Нэхэмжлэгч Н.Лочин шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ням-Осор овогтой Лочин намайг Архангай аймгийн Тунгалаг тамир хоршоололд ажиллаж байсан. 1982 оны 9-р сарын 10-ны өдөр ажилд орж автын жолоочоор тасралтгүй ажиллаж байгаад 1995 оны 1-р сарын 1-ний өдрийн 34 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болно. Гэвч миний ажлаас чөлөөлөгдсөн 34 дугаар тушаал архивын бүртгэлд байхгүй байгаа учир шүүхэд хандаж байна. Иймд намайг Архангай аймгийн Тунгалаг тамир хоршоололд 1983 оны 9-р сарын 10-ны өдрөөс 1995 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

               

                                Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

                                Нэхэмжлэгч Н.Лочин нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

                                Нэхэмжлэгч Н.Лочин нь Архангай аймгийн аж ахуй дундын “Тунгалаг тамир” хоршоололд 1982 оны 9-р сарын 10-ны өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор  ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

                1. Архангай аймгийн Архивын тасгаас олгосон:

                - Н.Лочингийн 1982 оны 9-12, 1983 оны 1-7, 9-12, 1985 оны 1-11, 1987 оны 1-12, 1988 оны 1-12, 1989 оны 1, 3-4, 6-9, 11, 1990 оны 1-6, 9-12, 1991 оны 1-6, 10-12, 1992 оны 1, 3-5, 7, 10, 12, 1993 оны 3-5, 12, 1994 оны 3-4, 12 дугаар саруудад ажиллаж авсан цалингийн тодорхойлолт,

                - Архангай аймгийн “Тунгалаг тамир” хоршооллын даргын 1983 оны 4-р сарын 13-ны өдрийн “Зарим хүмүүсийг ажилд томилох тухай” тушаалын хуулбар,

                                2. Ням-Осорын Лочингийн 1979 оны 4-р сарын 10-ны өдөр нээлгэсэн

                - 1977 оны 10-р сарын 1-ний өдөр “Барилгын материал бэлтгэгчээр авч ажиллуулав”,

                - 1982 оны 9-р сарын 2-ны өдөр “Өөр газар шиджин ажиллах болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв”,

                - 1982 оны 9-р сарын 10-ны өдөр “Тунгалаг тамир хоршоололд автын жолоочоор авч ажиллуулав” гэх бичилт бүхий зохих тамга дарагдсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

                3. Ням-Осорын Лочингийн 1980 оны 4-р сарын 19-ний өдөр нээлгэсэн 1979 оноос 1985 оныг хүртэлх хугацаанд цалингийн бичилт хийлгэж зохих тэмдэг дарагдсан Монголын үйлдвэрчний эвлэлийн бат илэрхийлэх эх хувиар,

                4. Н.Лочинийн ажиллаж байсан байдлын талаар

                гэрч Ч.Лхагвасүрэнгийн өгсөн ... Би цэргийн албанаас халагдаж ирээд Нэгдэл дундын үйлдвэрт нормчин, рамчин, шохойчноор ажиллаж байгаад 1978 оноос эхлэн 1982 оныг хүртэлх хугацаанд Нэгдэл дундын үйлдвэрийн цагаан идээний тасагт худалдагчаар ажилласан. 1982 онд Тунгалаг тамир хоршоолол байгуулагдах үеэс эхлэн тракторын жолоочоор 1995 оныг хүртэлх хугацаанд тасралтгүй ажилласан. Н.Лочин нь Архангай аймгийн Их тамир сумын сургуульд 8-р анги төгсөж Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт жолоочоор 1977 оноос 1982 оныг хүртэлх хугацаанд ажиллаж эхэлсэн. 1982 онд “Тунгалаг тамир” хоршооллыг байгуулагдахад жолоочоор 1995 оныг хүртэлх хугацаанд тасралтгүй ажилласан. Би Н.Лочинтой хамт ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ ... гэх мэдүүлэг,

                гэрч О.Эрдэнэбаатарын өгсөн ... Би цэргээс халагдаж ирээд Архангай аймгийн “Тунгалаг тамир” хоршоололд туслах ажилтнаар 1990 оныг хүртэлх хугацаанд тасралтгүй ажиллаж байгаад 1990 оноос 1999 оныг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Хүүхдийн төлөө төвд малчнаар ажилласан. Намайг цэргийн албанаас 1989 онд халагдаж ирэхэд Н.Лочин нь “Тунгалаг тамир” хоршоололд тракторын жолоочоор ажиллаж байсан. Н.Лочин нь тус хоршоололд 1995 оныг хүртэлх хугацаанд тасралтгүй ажиллаж байсныг сайн мэднэ ... гэх мэдүүлэг.

 

                Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

                Н.Лочингийн хөдөлмөрийн дэвтрийг шинжлэн судлаад ажилд авсан, өөр ажилд шилжүүлсэн ба чөлөөлсөн тухай бичигдсэн хэсэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй” байх нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан тул шүүхийн зүгээс үнэлсэн болно. 

 

                Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

                1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овгийн Ням-Осорын Лочингийн Архангай аймгийн аж ахуй дундын “Тунгалаг тамир” хоршоололд 1982 оны 9-р сарын 10-ны өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

                2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

                3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Т.БАДРАХ