Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдорж Золзаяа |
Хэргийн индекс | 102/2022/02952/И |
Дугаар | 210/МА2023/01409 |
Огноо | 2023-07-19 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2023/01409
2023 07 19 210/МА2023/01409
Т.Ганбаатарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/01807 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Т.Ганбаатарын нэхэмжлэлтэй
Хариуцагч Эм Ди констракшн ХХК-д холбогдох
Гэрээний үүрэгт 4,820,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хохирол 17,319,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Талуудын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 давхар барилга угсралтын 1, 2 давхрын мужааны ажил хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Барилгын мужааны ажлыг 336 м.кв гэж тохирсон бөгөөд 1 м.кв талбайг 40,000 төгрөг, нийт ажлын хөлсийг 15,120,000 төгрөгөөр тохиролцсон. Үүнээс 233 м.кв талбай буюу 9,320,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. Мөн 1,000,000 төгрөгийн хөлстэй бетон арчилгааны ажил хийсэн. Нийт ажлын хөлс 10,320,000 төгрөгөөс 5,500,000 төгрөгийг авсан. Үлдэгдэл 4,820,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Манай компани 2021 оны 11 дүгээр сард Т.Ганбаатартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Бүх зүйл хэвийн явагдаж байсан боловч Т.Ганбаатар ажлаа гүйцэт хийж чадаагүй, манай компанийг маш их алдагдалд оруулсан. Т.Ганбаатарын бетон зуурмаг асгасан, бетон цутгалт дутуу хийсэн ажлыг тухай бүр өөрт нь үзүүлэхэд Т.Ганбаатар ажлаа хаяад явсан. Ажлаа хаяж явсны улмаас манайх үлдэгдэл хөлсөөр өөр мэргэжилтнээр ажлыг хийлгэсэн. Гэрээнд ажлаа дутуу хаясан болон доголдол гаргасан тохиолдолд өөрөө засах буюу ажлын хөлсөөс хасаж тооцно гэж заасан. Т.Ганбаатар ажлаа дутуу хаяад явсан учир үлдэгдэл хөлсийг өгөөгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Ажил гүйцэтгэх гэрээний дагуу Т.Ганбаатарын хийсэн ажил нь шинжээчийн дүгнэлтээр доголдолтой гэж гарсан. Мөн бетон зуурмаг асгаж, хэв хашмал эвдэж хохирол учруулсан. Хариуцагч нь 9 өдөр 11 хүн ажиллуулсан ажлын хөлс 6,930,000 төгрөг, дутуу үлдээсэн нүхийг бөглөсөн 3 ширхэг HILTI цавууны үнэ 540,000 төгрөг, Б.Баттамирын бригадад төлсөн ажлын хөлс 4,501,800 төгрөг, мөн эвдсэн хэв хашмалын панер сольж зассан зардал 3,507,700 төгрөг, асгасан 8 куб.м бетон зуурмагийн үнэ 1,840,000 төгрөг, бүгд 17,319,500 төгрөг болсон тул Т.Ганбаатараас нэхэмжилж байна гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:
4.1. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй, нэхэмжлэлийн хариуцагч, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байна.
4.2. Ажил гүйцэтгэх гэрээгээр захиалагч тал бараа материалаар хангасан. Шинжээчийн дүгнэлтэд бетон зуурмаг захиалагчийн үүрэг учир хохиролд тооцохгүй гэж дүгнэсэн. Мөн ажлын хөлсөнд 6,930,000 төгрөгийн цалин зарцуулсан гэж байгаа боловч ажлын хөлс төлсөн баримт байхгүй. Т.Ганбаатарын дутуу гүйцэтгэсэн ажлыг засаж залруулж хийсэн юм уу, эсвэл 2 давхрын ажлыг хийж гүйцэтгээд нийт гүйцэтгэсэн ажлын цалин олгосон юм уу гэдэг нь тодорхойгүй.
4.3. Ажил гүйцэтгэх гэрээ болон шинжээчийн дүгнэлтэд арматур зангидах барилгын зураг төслийн ажлыг захиалагч хариуцна гэж заасан. Арматур зангидахдаа 2 нүх үлдээсэн нь зургийн дагуу хийсэн. Одоо 1 нүх байх ёстой гэж байгаа нь үндэслэлгүй.
4.4. Б.Баттамир гэдэг хүнээр ямар ажил хийж гүйцэтгүүлсэнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй. Мөн хэв хашмал эвдэлсэнтэй холбоотой суутгал хийгдсэн баримт нь 2021 оных биш, 2022 оны 02 дугаар сарынх байна. Иймээс 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ажил дууссанаас хойш хэв хашмалыг дараагийн ажил гүйцэтгэсэн хүмүүс эвдсэн, Т.Ганбаатарын бригад тухайн хэв хашмал эвдсэн эсэх нөхцөл байдал тодорхойгүй байна.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Эм Ди констракшн ХХК-аас 3,064,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Ганбаатарт олгож, нэхэмжлэлээс 1,756,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1, 352.2.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Т.Ганбаатарт холбогдох хохирол 17,319,500 төгрөг гаргуулах тухай хариуцагч Эм Ди констракшн ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Т.Ганбаатараас төлсөн 92,070 төгрөг, хариуцагч Эм Ди констракшн ХХК-аас төлсөн 242,048 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 63,974 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрт манай компаниас 3,064,000 төгрөг гаргуулан Т.Ганбаатарт олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлгээр Т.Ганбаатар нь барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу мужааны ажил хийж гүйцэтгэхдээ хана хэсгийг тэгш бус хийж тус ажлаа хаяж явсан нь нотлогддог. Гэтэл энэ талаарх нотлох баримтыг шүүхээс үнэлээгүй.
Мөн Т.Ганбаатарын доголдолтой хийсэн ажлыг Б.Баттамираар гүйцэтгүүлсэн нотлох баримт, гэрчийн тайлбар мэдүүлэг байхад үнэлээгүй бөгөөд Б.Баттамирын ажлын хөлсийг юунд хэрхэн зарцуулж байгаа нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
6.2. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Учир нь тус сөрөг нэхэмжлэлээр шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг бодит болсон үйл байдалд нийцүүлэн гаргасан байхад бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий, хууль ёсны байх зарчмыг зөрчсөн, нотлох баримтыг үнэлээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн бөгөөд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээсэн талаар үндэслэл бүхий дүгнэсэн.
Т.Ганбаатар гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөрийг авахаар нэхэмжилсэн ба ажлын гүйцэтгэлд тохирсон хөлс төлөх нь захиалагч буюу хариуцагчийн үүрэг. Үлдэгдэл төлбөр 3,820,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хянаж, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Т.Ганбаатар нь хариуцагч Эм Ди констракшн ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4,820,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хохирол 17,319,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
3. Талуудын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч Т.Ганбаатар нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 давхар барилга угсралтын 1, 2 давхрын 336 м.кв талбайд мужааны ажил, бетон арчилгааны ажлыг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч Эм Ди констракшн ХХК нь ажлын хөлсөнд нэг м.кв талбайд 40,000 төгрөг, нийт 15,120,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.
4. Хариуцагчаас ажлын хөлсөнд 5,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн талаар зохигч маргаагүй.
5. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 233 м.кв талбайд 9,320,000 төгрөгийн мужааны ажил, 1,000,000 төгрөгийн хөлстэй бетон арчилгааны ажил хийсэн үндэслэлээр ажлын хөлсний үлдэгдэл 4,820,000 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч нь нэхэмжлэгч ажлаа гүйцэд хийгээгүй тул 9 өдөр 11 хүн ажиллуулсны хөлс 6,930,000 төгрөг, доголдол арилгуулахаар Б.Баттамирын бригадад төлсөн ажлын хөлс 4,501,800 төгрөг, нүх бөглөсөн 3 ширхэг HILTI цавууны үнэ 540,000 төгрөг, мөн эвдсэн хэв хашмалыг зассан зардал 3,507,700 төгрөг, асгасан 8 м.куб бетон зуурмагийн үнэ 1,840,000 төгрөг, нийт хохирол 17,319,500 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
5.1. Хариуцагчийн хүсэлтээр хийгдсэн шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 70 дугаар дүгнэлтээр нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын талбайн хэмжээг 238.95 м.кв болохыг, мөн барилгын хана тэгш бус цутгасан доголдолтой, уг доголдлоос болж хана тэгшилж, шавардах, хөөс наах, 2 дугаар давхрын ханыг цутгахдаа догол гарган дахин арматурчилж шилжүүлсэн, мөн нүх бөглөх зэрэгт нэмэлт зардал гарсныг тус тус тогтоосон ба уг дүгнэлтийг зохигчид маргаагүй байна.
5.2. Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ дээрх байдлаар тогтоогдсон тул шүүх хариуцагчаас дутуу олгогдсон ажлын хөлс 3,064,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байна. Үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй.
5.3. Түүнчлэн шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил доголдолтой болох нь тогтоогдсон тул хариуцагч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар доголдлыг арилгаж, үүнтэй холбоотой гаргасан зардлаа нөхөн төлүүлэхээр нэхэмжлэгчээс шаардах эрхтэй. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.
Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ доголдол арилгуулахаар Б.Баттамирын бригадад төлсөн ажлын хөлс 4,501,800 төгрөг, дутуу үлдээсэн нүхийг бөглөсөн цавууны үнэ 540,000 төгрөгийг нэхэмжилсэн ба уг зардал нотлох баримтаар тогтоогдоогүйг шүүх зөв дүгнэсэн. Тодруулбал, Хаан банкин дахь Б.Мягмаржавын 5030251464 тоот данснаас 5076435325 тоот дансанд 4,501,800 төгрөг шилжүүлсэн, мөн гэрч Ц.Отгон доголдлыг бусдаар засуулсан гэж мэдүүлсэнд үндэслэн хариуцагч доголдол арилгахад 4,501,800 төгрөгийн зардал гаргасан нь хөдөлбөргүй тогтоогдсон гэж дүгнэх үндэслэлгүй.
5.4. Мөн гэрээнд заасан нэхэмжлэгчийн хийгээгүй ажлыг бусдаар гүйцэтгүүлж төлсөн ажлын хөлс 6,930,000 төгрөг, эвдсэн хэв хашмалыг зассан зардал 3,507,700 төгрөг, асгасан 8 м.куб бетон зуурмагийн үнэ 1,840,000 төгрөгийн хохирлын талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан ба хариуцагч нь хохирол учирсан гэх байдлаа баримтаар нотлоогүй байна.
Дээр дурдсанаар хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлоогүй тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд маргааны үйл баримтыг тогтоож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан Нотлох баримтыг зөв үнэлээгүй гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.
6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/01807 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 727,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.ЗОЛЗАЯА