| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 161/2019/0011/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/015 |
| Огноо | 2019-01-28 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.О |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/015
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,
орчуулагч, хэлмэрч А.Е,
улсын яллагч, хяналтын прокурор М.О,
шүүгдэгч Д.Е, П.В нарын өмгөөлөгч Т.К,
шүүгдэгч А.А, А.Б, Д.Е, П.В нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос “Хулгайлах” гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн “хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А, А.Б, Д.Е, П.В нарт холбогдох 1813002990187 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын харьяат, 1982 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 5 удаа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт шүүхээр ял шийтгүүлж байсан, Ш овгийн Аийн А, регистрийн дугаар БЮ...............
2. Монгол Улсын харьяат, 1989 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж овгийн Аын Б, регистрийн дугаар БЗ.................
3. Монгол Улсын харьяат, 1985 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 2008 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлж байсан, С овгийн Пы В, регистрийн дугаар БЛ...................
4. Монгол Улсын харьяат, 1989 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат сумд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овгийн Дын Е, регистрийн дугаар БГ...................
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.А, А.Б, Д.Е, П.В нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ архи уух мөнгө олох зорилгоор бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн орой 21 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тирлик” зах дотор байршилтай иргэн Р.Мийн 1-130 дугаартай барааны лангууны цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж 165000 төгрөгийн үнэтэй эд зүйл хулгайлсан,
Шүүгдэгч А.А, А.Б нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амар хялбар мөнгө олох зорилгоор бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 13 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тирлик” зах дотор байрлах иргэн Х.Ты 1-164 дугаартай барааны лангууны цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлахаар завдсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1 Шүүгдэгч А.А, А.Б, Д.Е, П.В нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ архи уух мөнгө олох зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдад мэдэгдэлгүй үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нууцаар орсон, хэн нэгэн хүнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан өмчийн эзэд нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй, бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэх аргаар бусдын өмчлөх эрхэд халдаж 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн орой 21 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тирлик” зах дотор байршилтай иргэн Р.Мийн 1-130 дугаартай худалдааны газарт, байшингийн хаалганы 1 цоожийг төмрөөр хөшиж эвдэлж, 1 цоожинд нь түлхүүр тааруулан орж, бүлэглэн 20000 төгрөгийн үнэтэй эмэгтэй цахилгаантай ноосон нимгэн цамц 2 ширхэг, 25000 төгрөгийн үнэтэй эрэгтэй цахилгаантай ноосон цамц 2 ширхэг, 25000 төгрөгийн үнэтэй эмэгтэй мөрөвчтэй жинсэн өмд 1 ширхэг, 25000 төгрөгийн үнэтэй эрэгтэй даавуун өмд 2 ширхэг зэргийг хулгайлж,
2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт байрлах “Секел баба” гэх дэлгүүрт зарж, оронд нь бэлэн 11000 төгрөг, “Ерөөл” нэртэй 0.5 литрийн 2 шил архи, талх 1 ширхэг, “Доширак” нэртэй гоймон 4 ширхэг, “This” нэртэй 1 хайрцаг тамхи, 4 ширхэг лаазтай махаар сольж авсан. Мөн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлах “Хулын” гэх дэлгүүрт зарж, оронд нь бэлэн 10000 төгрөг, огурцы 1 ширхэг, концерв 1 ширхэг, ундаа 1 ширхэг, касс пиво 2 ширхэг, Ерөөл” нэртэй 0.5 литрийн 2 шил архиар сольж авсан байна.
Дээрх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Иргэн Р.Мээс тус аймаг дахь Цагдаагийн газарт хандаж гаргасан “Өлгий сумын 5 дугаар багт “Тирлик” зах дотор байдаг хувцасны лангуунд хулгай орж эд зүйл алдагдсан” талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт "Тирлик" зах дотор байдаг хохирогч Р.Мийн эзэмшлийн 1-130 дугаартай хувцасны лангууны цоожийг эвдэлж, түлхүүр тааруулан хууль бусаар нэвтрэн орсон байдлыг харуулсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 16-18 дугаар хуудас/,
- Хохирогч Р.Мийн лангуунаас хулгайд алдагдсан бэлэн хувцаснуудыг иргэн Ж.Тгаас хураан авсан тэмдэглэл /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,
- Хохирогч Р.Мийн лангуунаас хулгайд алдагдсан бэлэн хувцаснуудыг иргэн Х.Хгаас хураан авсан тэмдэглэл /хх-ийн 22-23 дугаар хуудас/.,
- Хохирогч Р.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Миний бие Өлгий сумын 5 дугаар баг “Тирлик” захад хувиараа хувцасны лангуу ажиллуулдаг. Өчигдөр буюу 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр лангуугаа ажлуулаад зах хаах үеэр 18:00 цагийн үед лангуугаа хааж, 2 цоожоор бэхлэж цоожлоод даавуугаар цоожнуудыг ороогоод явсан юм. Тэгээд өглөө 08:30 цагийн үед Тирлик захын манаач ажилтай залуу бидний гар утас руу залгаж танай лангуунд хулгай орсон юм шиг байна ирж үзнэ үү гэж хэлсэн. ...1-130 тоот лангуундаа ирэхэд лангууны хаалганы дээд талд байрлалтай цоож байхгүй, доод талын цоожийг нь дээд талд нь хийж явсан байдалтай лангуунд гаднаас ямар нэгэн хүн нэвтэрч орсон байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. ...Манай лангуунаас эрэгтэй хүний ноосон цамц 2 ширхэг, эмэгтэ ногоон өнгийн задгай энгэртэй, товчтой даавуу цамц 1 ширхэг, эмэгтэй эрээн өнгийн задгай энгэртэй товчтой ноосон цамц 1 ширхэг, эмэгтэй мөрөвчтэй өмд 1 ширхэг, эрэгтэй даавуун өмд 2 ширхэг тус тус алдагдсан байна. Миний бие урд мэдүүлэг өгөхдөө өмдийг тусгаагүй байсан байна. Байцаагчаас хулгайд алдагдсан бүх зүйлээ буцааж авсан бөгөөд 1 ширхэг эрэгтэй даавуун өмд л дутуу байгаа. Гэхдээ уг өмдний үнийг нэхэмжлэхгүй. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27, 149-150 дугаар хуудас/,
- Гэрч Б.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ Би Тирлик захад 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 12 цагийн үед ээлжээ хүлээж аваад манаанд гарч эхэлсэн. Энэ үед 1-130 тоот лангууг бүрэн бүтэн хүлээж авсан. Харин 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өглөө 07 цагийн үед лангуунуудыг шалгаж явж байхад 1-130 тоот лангуу нь 2 цоожоор цоожлогддог бөгөөд түүний нэг цоож нь бүрэн бүтэн нөгөө цоожны нүх нь онгорхой цоожгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
- Гэрч Ж.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Өлгий сумын 9 дүгээр багт байрлах “Секел баба” дэлгүүрт маань 2018 оны 09 дүгээр сарын 22-ны шөнийн 21 цагийн үед өөрийгөө Олжас гэж танилцуулсан залуу хажуудаа нэг залуутай орж ирээд бэлэн хувцас байна үүнийг та хямд үнээр авах уу гэж хэлсэн. Тэгээд би ямар хувцас, хэнээс авсан, хулгай хувцас эсэх талаар асуухад Олжас гэх залуу нь би өөрөө Тирлик захад хувцас зардаг юм. Мөнгө хэрэгтэй болчихлоо та эдгээр хувцаснуудыг хэдэн төгрөгөөр авчихаач гэж гуйхаар нь би тэдний авч ирсэн хувцасыг худалдаж авсан юм. Сүүлд мэдэхэд өөрийгөө Олжас гэж танилцуулсан залуу нь В гэх нэртэй, харин хажууд нь явсан залуу нь А гэх нэртэй хүмүүс байна. Тэдгээр залуус надад саарал өнгийн эмэгтэй цамц 1 ширхэг, эмэгтэй хүний жинсэн өмд 1 ширхэг, эрэгтэй хүний даавуу өмд 2 ширхэг зэргийг авч ирж зарсан бөгөөд эдгээр хувцасыг би танд гаргаж өгөх болно” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,
- Гэрч Х.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2018 оны 09 дүгээр сарын 23-ны өглөө 10-11 цагийн үед байх ул тани 2 залуу ирж бид нар зах дээр хувцас зарж борлуулдаг бөгөөд бид нарт мөнгө төгрөгний хэрэгцээ гарчихлаа та бэлэн хувцас авч бид нарт мөнгө өгөөчгэж гуйсан. Тэгэхээр нь би хулгайн эд зүйл биш юм уу гэж хэлэхэд тэд нар үгүй гээд гуйсаар байгаад эрэгтэй хүний ноосон цамц 2 ширхэг, эмэгтэй хүний ноосон цамц 1 ширхэг тус тус зарж борлуулж явсан. ...Миний худалдаж авсан хувцаснууд одоо надад байгаа бөгөөд би танд гаргаж өгье” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,
- Гэрч Ж.Т, гэрч Х.Х нараас хураан авсан хувцаснуудад үзлэг хийж хохирогч Р.М хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 59-60 дугаар хуудас/,
- Иргэн Р.Мд нийт 165000 төгрөгийн хохирол учирсан тухай хулгайд алдагдсан бэлэн хувцаснуудын зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт” /хх-ийн 153 дугаар хуудас/,
- Шүүгдэгч П.Вгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ ...тухайн өдөр А.А, А.Б, Д.Е нартай цуг “Ах дам” захын биллъярдын газарт хэдүүлээ нийлж байгаад хэдэн шил архи уусан юм. Тэгээд тэр өдрийн орой 21 цагийн үед А.А бид нарт зах дээр миний ахын лангуу байгаа. Тэрнээс хэд хувцас аваад зараад архи авъя гэхээр нь А.Б, Д.Е бид гурав зөвшөөрөөгүй юм . Гэтэл А.А асуудал байхгүй, би арын даана гэж хэлээд бид нарыг ятгасаар байгаад хэдүүлээ захын хойд хаалгаар ороод А.Б, А.А хоёр очоод А нөгөө лангуунд ороод хоёр уутанд хийсэн хэдэн хувцзснууд аваад хүрээд ирсэн. Е бид хоёр тухайн үед А нарын орсон лангууны бжланд зогсож байсан юм. Тэгээд хэдүүлээ захаас гараад Өлгий сумын 9 дүгээр багт байрлах нэг дэлгуүрт очоод А нөгөө лангуунаас авсан хувцаснуудг дэлгүүрийн эзэнд зарсан. Зарахдаа уг хувцаснуудыг “Ерөөл” нэртэй 0.5 литрийн 3 шил архи, “Алтан навч” нэртэй 2 хайрцаг тамхи, 4 ширхэг лаазтай махаар солиод авсан юм. Тэгээд дөрвүүлээ авсан архи, тамхи, эд зүйлээ аваад Аы гэрт очоод хувааж уусан юм. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шүүгдэгч Д.Егийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...хэдүүлээ захын хойд хаалгаар ороод А.Аы зааж үзүүлсэн лангуунд бүгдээрээ ороод уутанд хэдэн хувцас хийж аваад гараад ирсэн. Тэгээд хэдүүлээ захаас гараад Өлгий сумын 9 дүгээр багт байрлах нэг дэлгүүрт очоод нөгөө лангуунаас авсан хувцаснуудыг дэлгүүрийн эзэнд зарсан. Аы зааж үзүүлсэн лангуу нь нийт 2 цоожтой байсан ба А халааснаасаа нэг түлхүүр гаргаж ирээд нэг цоожыг нь онгойлгосон. Харин нөгөө цоожыг А төмөр ашиглан хөшиж байгаад эвдээд онгойлгосон. Бид дөврүүлээ орсон байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 дугаар хуудас/,
Шүүгдэгч А.Аы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Миний бие 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр үдээс хойш Б, В, Е нарын хамт зах дээр хэдэн шил архи уугаад оройн уг залууст зах дотор ахын лангуу байгаа тэрнээс хувцас аваад дахиад хэдэн шил архи ууя гэж хэлээд дээрх залуусыг дагуулж аваад хамт захын хойд хаалгаар нь ороод өөрийн төрсөн ах Асетханы лангуу руу очоод халаасандаа явж байсан нэг түлхүүрийг цоож руу нь хийж үзэхэд таарч уг цоож онгойсон юм. Тэгээд нөгөө цоожын газарт байсан нарийн төмрөөр хөшиж эвдэд онгойлгосон. Тэгээд бүгдээрээ лангуу ороод 3 ширхэг эрэгтэй цамц, 2 ширхэг эрэгтэй өмд, 1 ширхэг эмэгтэй өмд, 2 ширхэг эмэгтэй цамц аваад гарсан. ...Миний бие гэм буруугаа хүлээн зевшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шүүгдэгч А.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ ...уг лангуу нь 2 цоожтой байсан. А нэг цоожыг нь халааснаасаа түлхүүр гаргаж ирээд онгойлгосон ба нөгөө нэгийг юугаар онгойлгосныг нь харж амжсангүй. Ямар ч л байсан нэг төмрөөр хөших шиг болсон. Тэгээд дөрвүүлээ дотогшоо ороод нэг нэг хувцас бариад зарим нь хоёр гурван ч хувцас бариад гарах шиг болсон. Тэгээд шууд хувцаснуудаа авч гараад Өлгий сумын 9 дүгээр багт байдаг дэлгүүрт ороод хувцаснуудыг " Ерөөл" нэртэй 0.5 литрийн 3 шил архи, " Алтан навч" нэртэй 2 хайрцаг тамхи, 4 ширхэг лаазтай махаар солиод авсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
1.2 Шүүгдэгч А.А, А.Б нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 13 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тирлик” зах дотор байрлах иргэн Х.Ты 1-164 дугаартай барааны лангуу буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай байрнаас архи уух мөнгө олох зорилгоор, бүлэглэн хувцас хулгайлахаар лангууны цоожийг төмрөөр хөшиж онгойлгох гэж байгаад тус захын манаач ирэхэд хулгай хийж чадалгүй зугтаж явсан байна.
Дээрх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Иргэн Х.Ты Тирлик захад байдаг 1-164 тоот лангуунд хулгай орсон талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 42 дугаар хуудас/,
- Хэргийн газар болох Өлгий сумын 5 дугаар багт байдаг Тирлик захад байрлалтай 1-164 тоот бэлэн хувцасны лангуунд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 43-45 дугаар хуудас/,
-Шүүгдэгч нар хулгай хийхээр задваж байгаад зугтаахдаа хэргийн газарт охиж явсан эд зүйлүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, уг эд зүйлүүдийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 48-49, 51 дүгээр хуудас/,
- Хохирогч Х.Ты мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Тирлик захын манаас над руу залгаж таны Тирлик захад байдаг хувцасны дэлгүүрт хулгай орж хулгай хийсэн этгээд намайг хараад зугтаж явсан гэж хэлсэн тул би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Миний хувцасны дэлгүүрт хятад. улсад үйлдвэрлэсэн жижиг цоожноос 2 ширхэг хийсэн байсан юм. Хулгай хийсэн этгээд цоожыг авч явсан байна. Гэхдээ дэлгүүрт орсон боловч дотор нь байсан зүйлүүд нь бүрэн бүтэн байна” гэх мэдүүлэг /хх-ийн 52, 64 дүгээр хуудас/,
- Гэрч М.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “миний бие Тирлик захад ажлын байрандаа манаа хийж байх үед 13 цаг 30 минутын үед иргэн Тектханы 164 тоот барааны дэлгүүрт хоёр залуу хулгай хийж байгаад надаас зугтаад явсан. Би ойртож очих үед нэг нь дэлгүүрээс гараад зугтаасан ба нэг нь дэлгүүрийн гадна байсан. Иргэн А гэгч хажуудаа нэг залуугийн хамт байсан. Дэлгүүрийн гадна талд А байсан ба дотор талд нь хар бараан өнгийн хувцастай нзг залуу орсон байсан. Тэд дэлгүүрээм ямар нэгэн зүйл авч чадаагүй ба дэлгүүрийн цоожыг авч явсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/,
Шүүгдэгч А.Аы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тэгээд үдээс хойш байх цагийн санахгүй байна архины гайгаар Бийг дагуулж аваад дахиад зах дээр очоод нэг лангууны 2 цоожыг нь темрөөр хөшиж эвдээд лангуу руу орох гэж байтал захын манаач хүрээд ирэхээр нь онгорхой үлдээгээд яваад өгсөн юм. Бид нар уг лангуунаас ямар нэгэн эд хулгайлаагүй болно. Гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шүүгдэгч А.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 09 сарын 23-ны ...14 цагийн үед байх А надад хоёулаа нэг газар яваад ирье гэж хэлэхээр нь би дагаад явахад А зах руу ороод нэг эгчийн лангуу гэж хэлээд цоожтой байсан лангууны цоожыг гартаа байсан жижиг төмрөөр хөшөөд онгойлгосон. Тэгээд А бид хоёр лангууг гаднаас нь харахад дотор нь харанхуй байсан ба тэр үед А манаач ирж байна гэж хэлэхээр нь би лангуу руу оролхгүй өөр тийшээ яваад өгсөн. 2018 оны 09 сарын 24-ний өдөр лангууны цоожыг хөшсний дараа лангууны цоож болон төмрөө нэг тийш шидэж байсан харагдсан. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Аы хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүх шинжлэн судалсан.Үүнд:
- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн Засаг даргын “Тус багийн иргэн А овогтой А нь БЮ.............. регистрийн дугаартай, ам бүл 1, эрхэлсэн ажилгүй, мал тоолуулаагүй, урьд өмнө гэмт хэрэгт 5-н удаа ял эдэлж байсан, өөрийн нэр дээр эд хөрөнгө байхгүй” гэх тодорхойлолт /хх-ийн 106-107 дугаар хуудас/,
- 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “РД:БЮ.............. овог:Ш, эцэг /эх/-ийн нэр:А нэр:А, яс үндэс:казах, хүйс:эрэгтэй, төрсөн газар:Баян-Өлгий, Өлгий, төрсөн огноо:1982/01/20, хаяг:Баян-Өлгий, Өлгий, 8-р баг, Ах хус тау, 25 гудамж, 19 тоот, хүчинтэй хугацаа:2027/01/20, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 109, 112 дугаар хуудас/,
- шүүгдэгч А.А нь урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 764 дугаартай “А.А /БЮ............../-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх тодорхойлолт /хх-ийн 111 дүгээр хуудас/,
- шүүгдэгч А.А нь ямар нэгэн дансгүй болохыг тодорхойлсон Хас, Капитрон, Капитал банкны албан бичиг /хх-ийн 113, 115 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын “иргэн А.А /БЮ............../-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар газар бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 114 дүгээр хуудас/,
- Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 240.3 дахь хэсэгт зааснаар 1 жил тэнсэх ял /хх-ийн 168-170 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял, /хх-ийн 171-175/ дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял, /хх-ийн 176-178/ дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэг, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 9 жил 10 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан байна” /хх-ийн 179-182 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч А.Бийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүх шинжлэн судалсан.Үүнд:
- шүүгдэгч А.Б нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 897 дугаартай “А.Б /БЗ89021311/-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх тодорхойлолт /хх-ийн 102 дугаар хуудас/,
- 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр олгосон “РД: БЗ89021311, овог:Ж, эцэг /эх/-ийн нэр:А, нэр:Б, яс үндэс:казах, хүйс:эрэгтэй, төрсөн газар:83,25, төрсөн огноо:1989/02/13, хаяг:Баян-Өлгий, Өлгий, 9-р баг, Хөх хад, 44 гудамж, 20 тоот, хүчинтэй хугацаа:2034/02/13, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 104 дүгээр хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн Засаг даргын “Тус багийн иргэн А овогтой Б нь БЗ89021311 регистрийн дугаартай, Өлгий, 9-р баг, Хөх хад 10-53 тоотод оршин суудаг, ам бүл 6, бэргэн эгч, 3 дүүгийн хамт амьдардаг, эрхэлсэн ажилгүй, мал хөрөнгөгүй, урьд өмнө ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, тус багийн төлөв даруу зантай иргэн мөн” гэх тодорхойлолт /хх-ийн 116-117 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.Егийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүх шинжлэн судалсан.Үүнд:
- шүүгдэгч Д.Е нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 897 дугаартай “Д.Е /БГ89060316/-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх тодорхойлолт /хх-ийн 102 дугаар хуудас/,
- 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр олгосон “РД:БГ89060316, овог:Шеруши Т, эцэг /эх/-ийн нэр:Д, нэр:Е, яс үндэс:казах, хүйс:эрэгтэй, төрсөн газар:Баян-Өлгий, Бугат, төрсөн огноо:1989/06/03, хаяг:Баян-Өлгий, Баяннуур, 2-р баг, Баяннуур, хүчинтэй хугацаа:2014/06/03, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 103 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн Засаг даргын “Тус багийн 4-р иргэн Д овогтой Е нь ам бүл 1, БГ89060316 регистрийн дугаартай, төлөв даруу зантай, архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, багийн болон нийтийн ажилд идэвхтэй оролцдог, мал хөрөнгө байхгүй, тус багийн нэн ядуу өрхийн бүртгэлтэй” гэх тодорхойлолт /хх-ийн 119-121 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч П.Вгийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүх шинжлэн судалсан.Үүнд:
- шүүгдэгч П.В нь урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 897 дугаартай “П.В /БЛ................../-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх тодорхойлолт /хх-ийн 102 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн Засаг даргын “Тус багийн 4-р иргэн П овогтой В нь ам бүл 1, БЛ.................. регистрийн дугаартай, тус багт түр оршин суудаг” гэх тодорхойлолт /хх-ийн 118 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
1.1. Харин Монгол улсын Үнсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийнх нь гэм бурууг өөрөөр нь нотлуулахгүй байх тухай зарчмуудыг удирдлага болгон шүүгдэгч нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүх үнэлээгүй болно.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломжтой болсноор уг хэрэг үйлдэгдэж дууссанд тооцдог.
Шүүгдэгч нар нь хууль бусаар олсон эд зүйлсийг өөрийн дураар захиран зарцуулж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул дээрх хууль бус үйлдлүүд нь төгссөн гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч А.А, А.Б, Д.Е, П.В нар нь энэхүү хууль бус үйлдлүүдээ амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдад мэдэгдэлгүй бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нууцаар орсон, хэн нэгэн хүнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан өмчийн эзэд нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй, бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэх аргаар, бусдын өмчлөх эрхэд халдсан нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч архины мөнгө олохын тулд энэ гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр, санаатай үйлдсэнээр хохирогч Р.М, Х.Т нарт хохирол учирсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч А.А, А.Б, Д.Е, П.В нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ архи уух мөнгө олох зорилгоор бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн орой 21 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тирлик” зах дотор байршилтай иргэн Р.Мийн 1-130 дугаартай барааны лангууны цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар тогтоогдсон, мөн А.А, А.Б нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амар хялбар мөнгө олох зорилгоор бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 13 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тирлик” зах дотор байрлах иргэн Х.Ты 1-164 дугаартай барааны лангууны цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлахаар завдсан бөгөөд уг байшингууд нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хамаарах тул тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний эдгээр шинжид үндэслэн шүүхээс шүүгдэгч нарт Баян-Өлгий аймгийн прокурорын газраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.
Мөн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэргийн тайлбараас үзвэл орон байранд орж, машин механизм ашиглаж үйлдсэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хохирлын хэмжээ хэд байхаас үл хамаарч хүндрүүлэх нөхцөл байдалтай хулгай хийсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч А.А, А.Б, Д.Е, П.В нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч А.А, А.Б, Д.Е, П.В үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас буюу оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж 20000 төгрөгийн үнэтэй эмэгтэй цахилгаантай ноосон нимгэн цамц 2 ширхэг, 25000 төгрөгийн үнэтэй эрэгтэй цахилгаантай ноосон цамц 2 ширхэг, 25000 төгрөгийн үнэтэй эмэгтэй мөрөвчтэй жинсэн өмд 1 ширхэг, 25000 төгрөгийн үнэтэй эрэгтэй даавуун өмд 2 ширхэг зэргийг хулгайлснаас хохирогч Р.Мд 165000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 153 дугаар хуудас/, хохирогчийн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27, 149-150 дүгээр хуудас/, эд зүйлсийн зураг зэргээр нотлогдож байх тул учирсан хохирлын хэмжээ үнэн зөв гэж үзлээ.
Хохирогч Р.Мд мөрдөн байцаалтын шатанд эмэгтэй цахилгаантай ноосон нимгэн цамц 2 ширхэг, эрэгтэй цахилгаантай ноосон цамц 2 ширхэг, эмэгтэй мөрөвчтэй жинсэн өмд 1 ширхэг, эрэгтэй даавуун өмд 2 ширхэг зэргийг биет байдлаар нөхөн төлөгдсөн /хх-ийн 59,62 дүгээр хуудас/, 1 ширхэг даавуун өмдний үнийг нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 150 дугаар хуудас/ зэргийг үндэслэл болгож шүүгдэгч А.А, А.Б, Д.Е, П.В нарыг түүнд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэсэн байх тул дээрх иргэдэд учирсан үр дагавар бол гэмт хэргийн улмаас учирсан хохирол юм.
Хохирогч Р.Мд бага хэмжээний хохирлоос доош буюу 165000 төгрөгийн хохирол учирсан байна.
1.2 Шүүгдэгч А.А, А.Б нар нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдаж, бусдад мэдэгдэлгүй, цоожийг нь эвдэлж, хэн нэгэн хүнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан өмчийн эзэд нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад хууль бусаар нэвтрэх аргаар бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулахаар завдсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн дээрх баримтуудаар нотлогдож байна.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломжтой болсноор уг хэрэг үйлдэгдэж дууссанд тооцдог.
Гэтэл шүүгдэгч А.А, А.Б нар нь лангуунаас хувцас хунар хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл санаатай хийсэн боловч тэдний хүсэл зоригоос үл хамаарах буюу тухайн захын манаач хүрч ирсэн учраас хувцас хунар авч чадахгүй, өөрсдийнх нь хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас зугтсан буюу гэмт хэргээ төгсөөгүй тул дээрх хууль бус үйлдэл нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан шинжийг агуулж байна.
Шүүгдэгч А.А, А.Б нар иргэн Х.Ты1-164 дугаартай барааны лангуунд хууль бусаар нэвтрэн орохоор “хулгайлах” гэмт хэрэг үйлдэхээр завдсан нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг байшин нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хамаарна.
Иймд шүүгдэгч А.А, А.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэх хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.
Мөн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэргийн тайлбараас үзвэл орон байранд орж, машин механизм ашиглаж үйлдсэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хохирлын хэмжээ хэд байхаас үл хамаарч хүндрүүлэх нөхцөл байдалтай хулгай хийсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нар нь анхнаасаа архины мөнгө олох зорилгоор лангуунаас хувцас хунар хулгайлах зорилготой байсан нь шүүгдэгч А.Бийн “...А.А бид нарт “миний ахын лангуу зах дотор байгаа, бүгдээрээ очоод тэндээс юм аваад дахиад нэг, хоёр шил архины мөнгийг босгоё, би маргааш ахдаа өөрөө хэлчихнэ” гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул уг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзлээ.
Иймд шүүгдэгч А.А, А.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Агуулахад нэвтэрч, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлахыг завдсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэсэн байх тул дээрх иргэнд учирсан үр дагавар бол гэмт хэргийн улмаас учирсан хохирол юм.
Шүүгдэгч А.А, А.Б нарын үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас хохирогч Х.Ты өмчлөх эрхэд халдаж 16000-30000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 70-р хуудас/, хохирогчийн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг /хх-ийн 64-р хуудас/, эд зүйлсийн зураг зэргээр нотлогдож байх тул учирсан хохирлын хэмжээ үнэн зөв байна.
Хохирогч Х.Т нь шүүх хуралдаан болохоос өмнө хохирлоо төлүүлж авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул А.А, А.Б нарыг хохирогч Х.Тд төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Мөн шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж...” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.А, А.Б, Д.Е, П.В нарын үйлдсэн гэмт хэрэг тус бүрд нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүгдэгч А.А, А.Б, Д.Е, П.В нь үйлдсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо биет байдлаар буцаан төлсөн, хохирогч нарт төлөх төлбөргүй зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн зүйлийн 1.2, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай байна гэж шүүх үзлээ.
Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч тус бүрд байгааг дурдаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч А.А, А.Б, Д.Е, П.В нарыг уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзлээ.
Шүүгдэгч А.А, П.В нар урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь хавтаст хэргийн /97,110/ хуудсанд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 165-182 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулаагүйг тэмдэглэж байна.
Харин А.Б, Д.Е нар нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Шүүгдэгч А.Аы удаа дараа хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.А, А.Б, Д.Е, П.В нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан, мөн гэмт хэрэгт шалгагдаж байхад дахин гэмт хэрэг үйлдсэн зэрэг түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалтай, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналууд зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон хуульд заасан хорих ялыг гэмт хэрэг тус бүрд нь оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Ингэхдээ шүүгдэгч А.А, А.Б, Д.Е, П.В нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухамсарлан гэмшиж буй байдал, хохирол төлбөрийг төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг шүүх харгалзан Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх гэмт хэрэг үйлдэхээс завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасныг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж...болно”, 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж зааснаар гэмт хэрэг тус бүрд нь хуульд зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.А, А.Б, Д.Е, П.В нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ архи уух мөнгө олох зорилгоор бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн орой 21 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тирлик” зах дотор байршилтай иргэн Р.Мийн 1-130 дугаартай барааны лангууны цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж 165000 төгрөгийн үнэтэй эд зүйл хулгайлсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч тус бүрийг 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,
Мөн А.А, А.Б нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амар хялбар мөнгө олох зорилгоор бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 13 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тирлик” зах дотор байрлах иргэн Х.Ты 1-164 дугаартай барааны лангууны цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлахаар завдсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус бүрийг 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.А, А.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч А.А, А.Б нарын тус бүрийн эдлэх нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч А.А, А.Б, Д.Е, П.В нар нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл тус тус 5 хоног баривчлагдаж, цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч А.А, А.Б, Д.Е, П.В нарын баривчлагдаж, цагдан хоригдсон 5 хоногийг хорих ялын 5 хоногоор тооцож, тэдний биечлэн эдлэх хорих ялаас хасаж шийдвэрлэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Р.М, Х.Т нарт төлөх төлбөргүй, битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч А.Аы эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Аийн А, Ж овогт Аийн Б, С овогт Пы В, Т овогт Дын Е нарыг “Үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Ш овогт Аийн А, Ж овогт Аийн Б нарыг “Үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.А, А.Б, Д.Е, П.В нарыг тус бүрийг нь 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.А, А.Б нарыг тус бүрийг нь 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.А, А.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус бүр оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус бүр оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, тэдний тус бүрийн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Е, П.В нарт тус бүр оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.А, А.Б нарт тус бүр оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч А.А, А.Б, Д.Е, П.В нар нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч А.А, А.Б, Д.Е, П.В нарын тус бүр цагдан хоригдсон 5 хоногийг тэдний эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.
7. Хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч А.Аы эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А, А.Б, Д.Е, П.В нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.А