Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
Хэргийн индекс | 129/2016/00387/и |
Дугаар | 359 |
Огноо | 2016-06-23 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 359
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч “Смарт-Инновейшн” ХХК-ий нэхэмжлэлтэй
Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ч.Гантулга
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Смарт-Инновейшн” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иргэн Д.Энх-Амгаланг хуулийн дагуу эрэн сурвалжилж түүний оршин буй хаягийг тодорхой болгож дээрх хүсэлтийн дагуу нэхэмжлэл үүсгэж бидний хохирлыг зохих хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжжлэгч байгууллагын төлөөлөгч Ч.Гантулга шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихдээ: Манай байгууллага нэхэмжлэлд дурьдсанаар 15 тонн цагаан будааг Д.Энх-Амгалан гэх хүнд нийлүүлсэн. Тэр хүн 1 жил орчим хугацаанд төлбөрөө төлнө гэж явсан бөгөөд сүүлд нь 2015 оны 12-р сарын 1-ний дотор төлбөрөө төлнө гэсэн баталгаа бичиж өгөөд гарын үсэг зурсан. Үүний дараа 2015 оны 12-р сарын 1-ний өдрөөс эхлэн алга болсон байна. Бид нар сураглаж үзэхэд Франц улсыг зорьсон гэсэн мэдээлэл ирсэн учраас байгууллагынхаа хохирлыг барагдуулах зорилгоор шүүхэд хандаж байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Смарт-Инновейшн” ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Энх-Амгаланг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, 2014 оны 10-р сарын 16-ны өдөр “Смарт-Инновейшн” ХХК болон иргэн Д.Энх-Амгалан нарын хооронд байгуулсан “Бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах” гэрээний нотариатаар батлуулсан хуулбар зэргээр Д.Энх-Амгалан нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцох үндэслэл үүссэн байна.
Д.Энх-Амгалан нь албан ёсны хаяг болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг Бор толгойн 59-1 тоотод оршин суухгүй байгаа болох нь Архангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газраас ирүүлсэн Доржийн Энх-Амгалангийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р багийн засаг даргын ... Д.Энх-Амгалан нь Бор толгойн 59-1 тоотод оршин суудаг нь үнэн болно. Дээрх хаягт байхгүй байгаа нь үнэн болно... гэсэн 2016 оны 6-р сарын 23-ны өдрийн №1394 тоот албан бичиг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овгийн Доржийн Энх-Амгалан /РД:АЕ69101667/-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энх-Амгаланг Франц улс руу явсан талаар тайлбар өгснийг дурдвал зохино.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Боржигон овгийн Доржийн Энх-Амгалан /РД:АЕ69101667/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Энх-Амгаланг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаяг, ажлын газрын хаяг, байршлыг тогтоохыг Архангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ