Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/01641

 

Б.Сгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2023/01681 дугаар шийдвэртэй,

 

Б.Сгийн нэхэмжлэлтэй,

“Э” ХХК-д холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 110,232,630 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй,

Цалингийн урьдчилгаанд олгосон 34,247,585 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Хашчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Итгэлбат, Х.Шинэцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Г.Буянбадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “Э” ХХК-тай би 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Б/102 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дугаар тушаалаар ажлаас халагдсаныг үндэслэлгүй гэж үзэж байна.

1.2. Хөдөлмөрийн гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдолд бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан нэрлэн заасан байдаг.

Б/01 дугаар тушаалд “Э” ХХК-ийн “Баримт бичиг хөтлөлтийн үйл ажиллагаанд мөрдөх журмын 2.5.10-д “Монгол Улсын их хурлын 2002 оны 73 дугаар тогтоолын хавсралтад заасан төрийн өндөр албан тушаалтанд болон чиглэл хариуцсан яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарт хүргүүлэх албан бичгийг гүйцэтгэх захирлын, бусад албан тушаалтан, байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагад хүргүүлэх албан бичгийг гүйцэтгэх захирлын зөвшөөрлөөр гүйцэтгэх удирдлага болон холбогдох бусад албан тушаалтны гарын үсэгтэй явуулна” гэж заасныг зөрчиж өөрт олгогдсон албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, “Э” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 01/410, 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 01/411, 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 01/412 дугаартай “Дэмжлэг хүсэх тухай” албан бичгүүдийг өөрийн гарын үсгээр  баталгаажуулсан үйлдэл нь компанид их хэмжээний хохирол учруулахад нөлөөлсөн байх тул хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэж тодорхойлжээ.

Гэтэл дээрх үйлдэл нь хөдөлмөрийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчилд хамаарахгүй юм.   

Хөдөлмөрийн гэрээний 12 дугаар зүйлийн 12.3, 12.3.4-д ажил олгогчийн Б/01 дугаар тушаалд заасан “ өөрт олгогдсон албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, “Э” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 01/410, 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 01/411, 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 01/412 дугаартай “Дэмжлэг хүсэх тухай” албан бичгүүдийг өөрийн гарын үсгээр  баталгаажуулсан үйлдэл нь компанид их хэмжээний хохирол учруулахад нөлөөлсөн” гэх зөрчилтэй хамааралгүй байхад хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчилд тооцож ажлаас халсан нь илт хууль бус шийдвэр болсон байна.

1.3. Сахилгын шийтгэлийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу ногдуулаагүй, ажилтнаас холбогдох тайлбар аваагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-т “Хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах” гэж зааснаар  ажил олгогчид энэ үүргээ заавал биелүүлэхийг шаардсан, нөгөө талдаа ажитан ямар зөрчил гаргаж түүнд сахилгын шийтгэл ногдуулж байгаа талаар танилцуулах буюу мэдэгдэл хүргүүлэхийг заасан байдаг.

“Э” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу сахилгын зөрчлийг холбогдох нэгж хяналт тавьж, зөрчлийг шалган тогтоосон байх шаардлагатай. Гэтэл хууль, дүрэм, журамд заасан үүргээ “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал биелүүлээгүй, ямар үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа талаар, хөдөлмөрийн харилцааны ямар хэм хэмжээг зөрчсөн гэж ямар үйлдэл, эс үйлдэхүйд буруутгаж ямар арга хэмжээ авах гэж байгаа талаар ажилтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь тушаал хуульд заасан журмын хүрээнд гараагүйг нотлож байна.

Хөдөмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг нь зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд ажилтныг эрх ашгаа хамгаалах, тайлбар гаргах, зөрчлийг үгүйсгэх, үгүйсгэлтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөх боломжийг ажилдтанд олгосон хууль заавал хэрэгжүүлэхээр зохицуулсан шаардлага, зарчим юм. Гэтэл ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах гэж байгаа үндэслэлийн талаар ажилтанд мэдэгдээгүй, энэ талаар тайлбар аваагүй.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу ажилтанд мэдэгдэж холбогдох тайлбар өгөх боломж олгойогүйгээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт сахилгын шийтгэлийн төрлүүдий хүрээнд хөдөлмөрийн гэрээ өөрчлөгдөх гэж байхад дуусгавар болж байгаа хөдөлмөрийн гэрээг буруу тайлбарлан хэрэглэж сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байна.

1.4 Сахилгын шийтгэл ногдуулах хугацааг баримтлаагүй. Б/01 тушаалд сахилгын зөрчил гаргасан хугацааг 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гэжээ. Гэтэл сахилгын зөрчил  гарсан хугацаанаас хойш 6 сарын дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тушаал гаргаж, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тушаалыг танилцуулсан нь Хөдөлмөрийн тухай  хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

1.5. Ажилтны сурч боловсрох эрхэд халдсан. Компанид их хэмжээний хохиро учруулахад нөлөөлсөн гэж зөрчлийг тодорхойлсон нь ойлгожмгүй бөгөөд үндэслэлгүй байна. “Э” ХХК-ийн Сургалтын журам болон Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, сурч боловсрох эрхтэйгээс гадны Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар мэргэшил, ур чадвараа дээшлүүлэх үүрэгтэй байдаг. Гэтэл мэргэжил ур чадвараа дээшлүүлэх байгалийн баялгийг зөв зохистой иргэдэд хүртээх чигэлээр сурч боловсрохоор байгуллага болон төрийн албан тушаалтанд хандан дэмжлэг хүссэн бичиг явуулах нь хууль болон хөдөлмсөрийн хэм хэмжээг тогтоосон актыг зөрчсөн үйлдэл биш юм.

Тэгээд ч Ерөнхий сайд, Нийслэлийн засаг дарга нарт хандан байгалийн баялгийн өгөөжийг шударгаар хуваарилах гэсэн чиглэлээр сурахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн албан бичгээс компанид их хэмжээний хохирол учраагүй, учрах ч боломжгүй.

1.6. Тушаал гаргахдаа 2019 онд хүчингүй болсон тогтоолыг үндэслэсэн байдаг.

1.7. Тушаал гаргасан О.Хулан нь шийдвэр гаргах үедээ хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлаар бүртгэгдээгүй байсан. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд зааснаар компанийн гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээ нь Төлөөлөн удирдах зөвлөл болон хувьцаа эзэмшигчдээс гарсан шийдвэрийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсдэг. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой нэмэлт өөрчлөлтийг заавал бүртгүүлэх үүргийг хуулийн этгээд өөрөө хүлээдэг. Ковид цар тахлын үед байсан, зайнаас ажиллаж байсан гэдэг нь шалтгаан болохгүй. Тиймээс О.Хулан нь хэдийгээр зохих шийдвэр нь гарсан ч гэсэн гүйцэтгэх захирал болоогүй байсан байна.

1.8. Тухайлан заасан үндэслэл байхгүй байхад бага насны хүүхэдтэй хүнийг ажлаас халсан нь үндэслэлгүй байна.

1.9. Иймд тушаал үндэслэлгүй гарсан тул урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 110,232,630 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгаж  өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

2.2. Гэрээ, эрх зүйн хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байсан Б.С нь 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 01/411 дугаартай “Дэмжлэг хүсэх тухай” албан бичгийг Монгол Улсын Их хурлын даргад, 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 01/410 дугаартай “Дэмжлэг хүсэх тухай” албан бичгийг Монгол Улсын Ерөнхий сайдад, 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 01/412 дугаартай “Дэмжлэг хүсэх тухай” албан бичгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид тус тус хүргүүлсэн байна.

2.3. Гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/117 дугаар тушаалаар батлагдсан “Баримт бичиг хөтлөлтийн үйл ажиллагаанд мөрдөх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тушаалаар батлагдсан нэгжийн индекс 10-т зааснаар Гэрээ, эрх зүйн хамтын ажиллагааны газрын захирал нь өөрийн гарын үсгээр баталгаажуулан албан бичиг илгээх эрх бүхий албан тушаалтан байна.

2.4. “Э” ХХК-ийн баримт бичиг хөтлөлтийн үйл ажиллагаанд мөрдөх журмын 2.5.10-т “Монгол Улсын Их хурлын 2002 оны 73 дугаар тогтоолын хавсралтад заасн Төрийн өндөр албан тушаалтанд болон чиглэл хариуцсан яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарт хүргүүлэх албан бичгийг гүйцэтгэх захирлын, бусад албан тушаалтан, байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагад хүргүүлэх албан бичгийг гүйцэтгэх захирлын зөвшөөрлөөр гүйцэтгэх удирдлага болон холбогдох бусад албан тушаалтны гарын үсэгтэй явуулна” гэж заасан байх тул гэрээ, эрх зүйн хамтын ажиллагааны газрын захирал нь төрийн өндөр албан тушаалтанд компаниас явж байгаа албан бичгийг гарын үсгээр баталгаажуулах эрх олгогдоогүй бөгөөд дээрх албан бичгүүдийг өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж баталгаажуулсан байна.

2.5. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ХЭГ/2819 дугаартай “Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах тухай” албан бичгийг ирүүлсэн. Албан бичигт дурдсан гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг арилгахтай холбогдуулан ирүүлсэн мөрдөн байцаагчийн мэдэгдлийн дагуу холбогдох шалтгаан нөхцөлийг арилгах санал боловсруулж Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх арга хэмжээ авахыг компанийн гүйцэтгэх удирдлагад даалгасан.

2.6. Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 118 дугаартай мэдэгдэлд дурдсаны дагуу гэмт хэргийн улмаас компанид их хэмжээний хохирол учирсан.

2.7. Иймд гэрээ, эрх зүйн хамтын ажиллагааны газрын захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.5 “Ажилтан нь өөрт олгогдсон албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах, эзэмшилдээ байгаа өмч хөрөнгийг ашиглан шамшигдуулах, дур мэдэн ажлын байрнаас авч гарах, өөр зориулалтаар хэрэглэх, байгууллагын нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, дотоод үйл ажиллагааг бусдад задруулах зэргийг хориглоно”, 4.2.4 “Албан тушаалын дагуу өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлснээс компанид /тухайн ажилтны 2 ба түүнээс дээш сарын цалинтай тэнцэх хэмжээний хохирол/ учирсан” гэж заасан зөрчлийг хөдөлмөрийн сахилгын  ноцтой зөрчилд тооцож ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахаар, Хөдөлмөрийн дотоод журмын 12.3, 12.3.4-т “Албан тушаалын дагуу өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлснээс компанид /тухайн ажилтны 2 ба түүнээс дээш сарын цалинтай тэнцэх хэмжээний хохирол/ учирсан” гэсэн үндэслэлээр Б.Сд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. Б.С нь “Э” ХХК-д ажиллах хугацаандаа цалинг урьдчилан олгох талаарх хүсэлтийг гаргаж, “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/235 дугаартай тушаалаар Б.Сд 60,000,000 төгрөгийн цалингийн урьдчилгааг олгож, урьдчилан олгосон цалинг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх нийт 30 сарын хугацааны цалингаас тухай бүр суутган тооцохоор тохиролцсон байдаг.

Мөн Б.С цар тахлын нөхцөл байдлын улмаас учирсан нийгэм эдийн засгийн хямралаас болон өөрийн хувийн байдлаас шалтгаалан 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр урьдчилан олгосон цалинг суутган тооцох хугацааг хойшлуулах, сунгах талаарх хүсэлтийг гаргаж, түүний хүсэлтийн дагуу урьдчилан олгосон цалинг суутгах хугацааг хойшлуулж байсан бөгөөд Б.Сгийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн хугацаа хүртэл төлөгдсөн цалингийн урьдчилгаа нийт 25,752,414 төгрөг байх ба урьдчилан олгогдсон цалингаас төлөгдөөгүй дүн нийт 34,247,585 төгрөг байна.

3.2. Б.С нь “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн ба цаашид тус компанид ажиллахгүй тул түүнд урьдчилан олгогдсон цалингийн үлдэгдэл төлбөрийг гаргуулж, “Э” ХХК-д олгож өгнө үү.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

4.1. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг би хүлээн зөвшөөрч байгаа учраас урьдчилан авсан цалингийн дүнг хасаж тооцох боломжтой гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь урьдчилан өгсөн цалин хөлс гэх тайлбартай явдаг. Тус мөнгийг авсан гэдэгтээ маргахгүй байдаг бөгөөд үлдэгдэл тоо хэмжээнд ч маргахгүй.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Сг хариуцагч “Э” ХХК-ийн гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч “Э” ХХК-аас нэхэмжлэгч Б.Сгийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 75,592,110 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 34,640,520 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Сгийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс шүүх хуралдаан болсон 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын дансанд шилжүүлэн, дэвтэрт нь зохих бичилтийг нөхөн хийхийг хариуцагч “Э” ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-ийн 34,247,585 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Б.С төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагч “Э” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 535,910 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,188 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Сгаас улсын тэмдэгтийн хураамжид 329,188 төгрөгийг гаргуулан хариуцагч “Э” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

6.1. Нэхэмжлэгч Б.С нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа 1. Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заагаагүй зүйлд буруутган ноцтой зөрчил гэж үзсэн, 2. Сахилгын шийтгэлийг хуульд заасан журмын дагуу ногдуулаагүй, 3. Хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацааг баримтлаагүй, 4 Ажилчдын сурч боловсрох эрхэд халдсан гэх байдлаар тодорхойлсон байдаг.

6.2. Анхан шатны шүүх хуралдааны шатанд талуудын гаргасан тайлбар, шинжлэн судлагдсан баримтууд, гэрчийн мэдүүлэг, мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр “Э” ХХК нь сахилгын шийтгэлийг хуульд заасан журмын дагуу ажилтан Б.Сд урьдчилан мэдэгдэж, тайлбар авч, хуульд заасан хугацааны дотор шийтгэл ногдуулсан, компанийн зүгээс Б.Сгийн хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн бусад журамд заасан хэм хэмжээг зөрчсөн үйлдэлд сахилгын шийтгэл ногдуулсан асуудал нь түүний сурч боловсрох эрхийг хязгаарласан асуудал огтхон ч биш болох нь тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж, шүүхийн шатанд мэтгэлцсэн дээрх үйл баримтуудын талаар шүүхийн шийдвэрт огтхон ч дүгнэлт хийгээгүй байна.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үзэхэд түүний хувьд хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн бусад журамд заасан хэм хэмжээг зөрчсөн гэх үйл баримтаа үгүйсгэдэггүй, харин энэ гаргасан зөрчил нь сахилгын ноцтой зөрчилд хамаарахгүй гэх үндэслэлээр маргадаг.

“Э” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасантай нийцүүлэн 10 төрлийн ноцтой зөрчлийг тусгасан ба эдгээр заалтуудыг ажилтан тус бүрд танилцуулж, талууд гарын үсэг зурж, хөдөлмөрийн гэрээг баталгаажуулсан.

Ажилтан Б.Стай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.4-т “албан тушаалын дагуу өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлснээс компанид /тухайн ажилтны 2 ба түүнээс дээш сарын цалинтай тэнцэх хэмжээний/ хохирол учирсан бол сахилгын ноцтой зөрчилд тооцож, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг зогсоож, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тодорхой тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайн ажилтны гаргасан ердийн зөрчил нь цаашид бий болгох үр дагавраас шалтгаалан ноцтой зөрчилд хамаарах талаар хуульчилсан байхад анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлын талаар дүгнэлт гаргаагүй орхигдуулж, Б.Сгийн шууд үйлдлээс хохирол учраагүй гэх байдлаар тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Шүүхээс Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж заасныг зөрчиж “ажилтны шууд үйлдлээс хамаараагүй байна” гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

Сахилгын шийтгэл ногдуулах болсон зөрчлийн шинжийг аваад үзвэл: ажилтан Б.С нь албан тушаалын дагуу өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлсэн болох нь тогтоогдсон /Баримт бичиг хөтлөлтийн журам, Сургалтын журам, иргэний хариуцагчаас татсан тогтоол, шүүхээс иргэний хариуцагчаар тогтоосон нь үндэслэлтэй байна гэж үзсэн шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл/, компанид ажилтны хоёр ба түүнээс дээш сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу 42,463 австрали долларын хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар хангалттай нотлон тогтоогдсон гэж үзэж байна.

6.3. Мөн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь Б.Сд сахилгын шийтгэл ногдуулах тухай 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 тоот тушаалыг гаргасан гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Хуланг эрх бүхий этгээд биш гэх тайлбар гаргасныг шүүх хүлээн авч, О.Хулан нь тушаал гаргах үедээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй учир эрх бүхий этгээд биш гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Тухайлбал, Компанийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу компанийн гүйцэтгэх захирал нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр эрх үүсэж, үүрэг хүлээх ба тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй ба хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын бүртгэл нь хуулийн этгээдийн хувийн хэрэгт тусгагдсан байх тухай хуульчлагдсан. Харин гүйцэтгэх захирал ажлаас чөлөөлөгдсөн, ээлжийн амралтаа авсан, хувийн чөлөө авсан, үүргээ гүйцэтгэхийг түдгэлзүүлсэн цаг хугацаанд түүний үүргийг орлон гүйцэтгэх этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэх хуульд заасан хэм хэмжээ байхгүй юм. Гүйцэтгэх захирлын эзгүйд түүний эрх, үүргийг гүйцэтгэх этгээдийг “Э” ХХК-ийн дүрэмд заасны дагуу томилж, О.Хуланг ажиллуулж байсан нь түүнийг шууд Компанийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан Гүйцэтгэх захирал гэж үзэн, заавал улсын бүртгэлд бүртгүүлэхийг шаардахгүй бөгөөд албан ёсоор Гүйцэтгэх захирлаар томилогдсон цаг хугацаанд улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс энэхүү асуудлыг шийдвэрлэхдээ “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан О.Хуланг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан гэж үзэж байгаа боловч аль хуулийн, ямар заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Б.Сгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй.

7.1.Талуудын маргааны зүйл болоод байгаа “Э” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 тушаалаар миний хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж, сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас шууд чөлөөлсөн. Хариуцагч нь ажлаас чөлөөлсөн үндэслэлээ хөдөлмөрийн гэрээний 4.2.4-т заасан албан тушаалын дагуу өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлснээс компани тухайн ажилтны 2 ба түүнээс сарын цалинтай тэнцэх хэмжээний хохирол учирсан гэх үндэслэлээр зөрчлийн шинж чанар хэр хэмжээг тодорхойлсон. Гэтэл өнөөдрийн байдлаар “Э” ХХК-д бодит мөнгөн хохирол учраагүй гэдгийг хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн нотлогдоно. Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн мэдэгдэл гэдэг нь хууль зүйн хувьд хэм хэмжээ тогтоосон акт биш. Мөн уг мэдэгдэл нь эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоол биш юм. Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн мэдэгдлийг үндэслэж намайг ажлаас чөлөөлсөн. Ингэж чөлөөлөхдөө “чи 3 албан бичиг бичсэн байна. Энэхүү 3 албан бичгээс болоод компанид хохирол учирсан” гэсэн үндэслэлийг ярьдаг. Гэтэл яг үнэндээ уг гурван албан бичгээр компаниас ямар нэгэн хэмжээний мөнгө гараагүй. Энэ 3 албан бичиг явснаар компанид хохирол учраагүй. Хөдөлмөрийн бусад журамд заасан хэм хэмжээг зөрчсөн гэх үйл баримтаа үгүйсгэдэггүй гэж хариуцагч тал гомдолдоо дурдсан. Намайг компанид хохирол учруулаагүй байхад хохирол учруулахад нөлөөлсөн гэх үндэслэлээр зөрчлийн шинж чанарыг тодорхойлж байгаатай санал нийлэхгүй байна.

Хариуцагчийн гомдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болох талаар хуульчилсан талаар дурдсан. Гэтэл энэ заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ танилцуулах үүрэгтэй. Мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт ажил олгогч үүргээ биелүүлснээр дээрх заалт хангагдах хуулийн шаардлага байна. Миний хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох талаар ажил олгогч талаас надад огт мэдэгдээгүй. Надад сахилгын шийтгэл ногдуулсан тушаал албажиж гарсны дараа цахим хаягаар тушаалаа авсан. Хэн ч надад гардуулж өгөөгүй. Гэрч нотолж чадаагүй. Хөдөлмөрийн гэрээг цуцлах талаарх үндэслэл, тайлбараа хэлж чадаагүй гэв.

Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Шүүхийн шийдвэрт хугацаа болон сахилгын шийтгэл ногдуулсан байдал, гэрч асуусантай холбоотой үйл баримтуудыг дүгнэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт ярьсан үндэслэлүүдийг бүхэлд нь дүгнэж бичээгүй гэж байгаа боловч нотлох баримт дутуу гэсэн үндэслэлээр 2 удаа хурал хойшилж байж шүүх хуралдаан болсон. Энэ үйл баримтуудын талаар нэхэмжлэгч, хариуцагч талаас хангалттай маргасан. Хариуцагч талаас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзсэн байна. Хэрэгт авагдсан баримтуудыг бүрэн үнэлээгүй гэж байгаа боловч яг ямар баримтыг хэрхэн, яаж үнэлэх нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс “Э” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь өөрөө хуульд заасан үндэслэл журмын хүрээнд гараагүй байна. Уг тушаалыг гаргасан этгээдүүд нь хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгэгдсэнээр 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр О.Хуланг гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх захирлын үүргийг орлон гүйцэтгэгчээр томилсон улсын бүртгэлийн шийдвэртэй байна. Тэгэхээр энэ хүн эрх бүхий албан тушаалтан биш гэж нэхэмжлэгчийн зүгээс маргаж байсан. Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь хариуцагчийн зүгээс яагаад маргаад байна гэхээр хоорондоо хамааралгүй хэд хэдэн үйлдлүүдийг нэгтгээд энэхүү тушаалыг гаргасан. 3 албан бичиг байгаа. Энэхүү албан бичгүүдийн хүрээнд нэг ч хариу ирээгүй. Энэхүү баримтуудыг шүүхээс нотлох баримт бүрдүүлэн гаргуулсан. Мөн хариуцагч байгууллага гаргаж өгсөн. Гадаадад сурах агуулгатай албан бичиг байсан. Байгууллагад хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Хохирол учирсан гэх үйл баримтыг нотолсон баримтыг дурдаагүй. Мэдэгдэл явуулсан нь өөрөө дотоод журмыг зөрчсөн үндэслэлээр сахилгын ноцтой зөрчил гэж тооцсон. Ноцтой зөрчил нь шууд үр дагавар буюу хохирол учруулаагүй. Шалтгаант холбоотой гэдэг дээр нэхэмжлэгч, хариуцагч нар маргаж байна. Энэхүү үйл баримтыг анхан шатны шүүх зөв үнэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулж урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 110,232,630 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч цалингийн урьдчилгаанд олгосон 34,247,585 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2/290 тоот албан бичгээс дүгнэвэл тус дүүрэгт хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хорооны бүрэлдэхүүн томилогдоогүй байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн маргааныг шийдвэрлүүлэх боломжгүй тул мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан нь зөв болжээ.   

 

4. Б.С нь 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хариуцагч байгууллагад гэрээт ажилтан, хууль эрх зүйн газарт хуулийн зөвлөх, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байсан талаар талууд маргаагүй

 

4.1. “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.2.5, 123.3, “Э” ХХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.7.4, 9.7.12, 9.7.16, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ХЭГ/2819 дугаартай албан бичиг, Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 118 дугаар мэдэгдэл, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.5, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.4, 4.2, 4.2.4, 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.3, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.6, 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.3, 12.3.4, “Э” ХХК-ийн баримт бичиг хөтлөлтийн үйл ажиллагаанд мөрдөх журмын 2 дугаар зүйлийн 2.5.10, 6 дугаар зүйлийн 6.3-т заасныг үндэслэн Б.Сг өөрт олгогдсон албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж албан бичгүүд үйлдсэн нь компанид их хэмжээний хохирол учруулахад нөлөөлсөн гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

5. Ажилтан Б.С нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын зөрчил гаргасан байна.  

5.1. Нэхэмжлэгч Б.С нь 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 01/410, 01/411, 01/412 дугаар дэмжлэг хүсэх тухай албан бичигт гарын үсэг зурж баталгаажуулан Улсын их хурлын дарга, Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт тус тус илгээсэн талаар маргаангүй.

 

5.2. “Э” ХХК-ийн “Баримт бичиг хөтлөлтийн үйл ажиллагаанд мөрдөх журам”-ын 2.5.5-т “Явуулах баримт бичгийг бүртгэх, Компаниас явах албан бичиг дараах албан тушаалтнуудын гарын үсгээр баталгаажуулж, нэгжийн индексээр дугаарлан явуулна. Үүнд: 1. Гүйцэтгэх захирал индекс 01” гэж заасан тул ажилтан Б.С нь албан тушаалтны хувьд өөрийн нэрээр компаниас гаргаж буй албан бичигт 01 гэсэн индексийг хэрэглэх эрх бүхий этгээд биш байна.

 

5.3. Мөн журмын 2.5.10-т “Монгол улсын Их хурлын 2002 оны 73 дугаар тогтоолын хавсралтад заасан төрийн өндөр албан тушаалтанд болон чиглэл хариуцсан яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарт хүргүүлэх албан бичгийг гүйцэтгэх захирлын, бусад албан тушаалтан, байгууллага, аж ахуй нэгжийн удирдлагад хүргүүлэх албан бичгийг гүйцэтгэх захирлын зөвшөөрлөөр гүйцэтгэх удирдлага болон холбогдох бусад албан тушаалтны гарын үсэгтэй явуулна” гэж заасны дагуу ажилтан Б.С нь дээрх 3 албан бичгийг төрийн өндөр албан тушаалтан болон бусад байгууллага болох Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид илгээхдээ компанийн гүйцэтгэх захирлаас зөвшөөрөл аваагүй байна.

 

5.4. Монгол Улсын Их хурал 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай” 19 дүгээр тогтоолыг батлахдаа 2002 оны 73 дугаар тогтоолыг хүчингүй болгожээ. Үүнтэй холбогдуулж “Э” ХХК нь “Баримт бичиг хөтлөлтийн үйл ажиллагаанд мөрдөх журам”-ын 2.5.10-т заасан 2002 оны 73 дугаар тогтоолтой холбоотой хэсэгт өөрчлөлт оруулаагүй ч агуулгын хувьд компанийн албан бичиг хүргүүлэх албан тушаалтны эрх хэмжээ тогтоосон эрэмбийн заалтыг хүчингүй гэж дүгнэхгүй юм.

 

5.5. Ажилтан Б.Сгийн үйлдсэн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 01/410, 01/411, 01/412 дугаар дэмжлэг хүсэх тухай албан бичгийн агуулга нь Баруун австралийн их сургуулийн эрдэс баялаг, олон улсын худалдааны эрх  зүйн магистрын хөтөлбөрт тэнцэж суралцах урилга хүлээж авсан, уг хөтөлбөрт суралцах зардлыг шийдвэрлэх талаар холбогдох байгууллага болон “Э” ХХК-ийн удирдлагад уламжилж дэмжлэг хүсчээ. Улсын их хурлын дарга, Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нараас уг албан бичгээр илэрхийлсэн хүсэлттэй холбогдуулан хариу ирүүлсэн эсэх талаар баримтгүй.

 

Гэвч ажил олгогч байгууллагыг төлөөлж гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа болон ажилтан Б.С нарын хооронд 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сургалтын ЭМГЛ/С-2021/08/02 тоот гэрээ байгуулагдсан, ажилтан Б.С нь ажил олгогчид хандаж “Мөнгө хүссэн өргөдөл ба төлбөрийн хүсэлт”-ийг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гаргасан, уг хүсэлтийн дагуу “Э” ХХК-ийн данснаас 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 42,163 австрали долларыг Баруун австралийн их сургуулийн холбогдох дансанд шилжүүлсэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/837 дугаар тогтоолд “Э” ХХК 2021 оны төсөвт гадаад улсад ажилтан сургах талаар тусгаагүй байхад шүүгчдэгч Д.Хаянхярваа нь холбогдох хууль болон хуулиар зохицуулагддаггүй “Э” ХХК-ийн дотоод журам зөрчиж, Б.Сг гадаад улсад сургалтанд хамруулах тухай шийдвэр гаргаснаа хүлээн зөвшөөрсөн, нөгөөтэйгүүр “Э” ХХК-аас гарсан 42.463 австрали доллар буюу 92,000,000 төгрөгийг Б.Сгийн сургалтын төлбөр хэлбэрээр Австрали улс руу гуйвуулсан болох нь тогтоогдсон” гэж дүгнэж холбогдох үйлдэлд нь ял шийтгэсэн, мөн тогтоолын 13 дахь заалтад “Иргэний хариуцагч Б.Сгаас нийт 92,000,000 төгрөгийг гаргуулж “Э” ХХК-д олгох”-оор шийдвэрлэсэн үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл ажил олгогчоос ажилтны гаргасан үйлдэл нь компанид их хэмжээний хохирол учруулахад нөлөөлсөн гэж зөрчлийг тодорхойлсныг буруутгах боломжгүй юм.

 

5.6. Талуудын хооронд 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байх ба гэрээний 4.2 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ноцтой зөрчлийн талаар харилцан тохиролцжээ. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.4-т “Албан тушаалын дагуу өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлснээс компанид хохирол /тухайн ажилтны 2 ба түүнээс дээш сарын цалинтай тэнцэх хэмжээний хохирол/ учирсан” нөхцлийг ноцтой зөрчилд хамааруулахаар талууд тохиролцсон бөгөөд ажилтны гаргасан үйлдэл гэрээний энэ нөхцөлд хамаана.

 

5.7. Хөдөлмөрийн тухай хуулийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр шинэчилэн найруулж, мөн хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш дагаж мөрдөх болсон бөгөөд үүнтэй холбоотойгоор хөдөлмөрийн гэрээний талууд гэрээнд өөрчлөлт оруулаагүй нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр бөгөөд тэдгээрийн хооронд тохиролцсон ноцтой зөрчлийн талаар тохиролцоо хүчинтэй болно.   

 

6. Ажил олгогч ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

6.1. Авилгатай тэмцэх газрын мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 118 дугаар мэдэгдэлд “... Д.Хаянхярваа нь ... Гэрээ эрх зүй, хамтын ажиллагааны газрын захирал Б.Сд хууль бус давуу байдал бий болгож түүний өөрийнхөө хүсэлтээр суралцах урилга авсан Австрали улсын “Баруун Австралийн их сургууль” руу гадаад гуйвуулгаар тус компанийн данснаас 42,463 австрали долларыг шилжүүлж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. “... Компанийн дүрэм, журам зөрчсөн гэрээ эрх зүйн хамтын ажиллагааны газрын захирал болон бичиг хэргийн ажилтанд хариуцлага тооцож, компанийн сахилга хариуцлагыг сайжруулах үүднээс ... мэдэгдэл бичив” гэсэн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ХЭГ/2819 дугаартай албан бичгээр дээрх мэдэгдлийг хүргүүлсэн байна.

 

6.2. Ажил олгогч талаас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ажилтан Б.Сд цахим шуудангаар Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичигт дурдсан шалтгаан нөхцлийг арилгуулах асуудлаар ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлэх, өөрт нь холбогдуулж арга хэмжээ авах тухай асуудал хэрэгжих талаар мэдэгдсэн, ажилтан Б.С нь цахим шуудангаар мөн өдөртөө хариу хүргүүлжээ.

 

6.3 Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлаас шалтгаалан бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд “Э” ХХК нь ажилтнуудыг зайнаас ажиллуулж байсан хугацаанд дээрх цахим захидлаар ажил олгогч болон ажилтан харилцаж байжээ.

 

6.4. Дээрх нөхцөл байдлуудыг харьцуулан дүгнэвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авсан гэж дүгнэхээр байна.

 

6.5. Б.Сг иргэний хариуцагчаар татсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор яллах дүгнэлтийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр үйлдсэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж 2021/ШЦТ/837 дугаар тогтоол гаргасан, иргэний хариуцагч Б.Сгийн гаргасан давж заалдах гомдлоор хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн, мөн түүний давж заалдах гомдлоос татгалзсан үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 3 тоот захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүйгээр буцаасан байдлуудаас дүгнэвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.6 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 123.4 дэх хэсэгт заасан ажил олгогч сахилгын зөрчлийг илрүүлсэн өдрөөс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хугацааг татсалджээ. Иймд ажил олгогч нь хуульд заасан хугацааны дотор ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр ажилтан Б.С нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлтэй, ажил олгогч  Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, 123.5,  компанийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2.6, 12 дугаар зүйлийн 12.1.3, 12.3.4, компанийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.7.4, 9.7.12, 9.7.16-т тус тус заасан өөр олгогдсон эрх хэмжээний дотор тушаалыг гаргажээ.

 

8. “Э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 18 тоот тогтоолоор О.Хуланг тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон тул ажилтныг ажлаас халах тушаалыг гаргах эрхтэй гэж дүгнэх юм. Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийг улсын бүртгэлд бүртгүүл, гэрчилгээнд тэмдэглүүлээгүй нь тус Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг үгүйсгэх үндэслэл болохгүй. /2 хх-ийн 196 дахь тал/

 

9. Иймд анхан шатны шүүх үйл баримтыг буруу тогтоож, ажилтныг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдоогүй гэж дүгнэж нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь буруу болжээ. Ажил эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул түүний үр дагавар болох ажилгүй байсан хугацааны олговор болон нийгмийн, эрүүл мэндийн даатгалтай холбоотой нэхэмжлэлийг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах  тул нэхэмжлэгчийн холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо шаардлагыг нь хуульд нийцүүлэн найруулах нь зүйтэй болно.

 

Энэ үндэслэлээр хариуцагч байгууллагын давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийн 1 болон 2 дахь заалтыг нэгтгэж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

10. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Б.Сд холбогдуулан цалингийн урьдчилгаанд олгосон 34,247585 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаас шийдвэрлэсэн байх ба энэ шийдэлд хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй. Талуудын зарчмыг үндэслэн шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээв.

 

11. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэрийг буруу бичсэн байгааг техникийн алдаанд тооцож залруулах нь зүйтэй.

 

12. Шийдвэрт өөрчлөлт оруулж буй тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилж, шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулна.

 

13. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2023/01681 дугаар шийдвэрийн 1 болон 2 дахь заалтыг нэгтгэж “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан “Э” ХХК-д холбогдох урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 110,232,630 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай Б.Сгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 2 гэж дугаарлаж уг заалтад “Б.Сүндэрьяа” гэснийг “Б.С” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг 3 гэж дугаарлаж, уг заалтад “58 дугаар зүйлийн 58.1”, “хариуцагч “Э” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 535,910 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах,” гэснийг тус тус хасч, “Б.Сүндэрьяа” гэснийг “Б.С” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 5 дахь заалтыг 4 гэж дугаарлан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Э” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 535,910 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ш.ОЮУНХАНД

 

                                           ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА