Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 016

 

Х.Дөрбетханы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 249 дүгээр шийдвэртэй, тус аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багт оршин суух Хазбек овогт Хуанышын Дөрбетханы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нэмэгдэл хөлс 793035 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Би Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж сарын Төрийн захиргаан 7/5 дугаар шатлалаар 733863 төгрөгөөр цалинжиж байгаа. 2009 оноос хойш иргэдийн төлөөлөгчдийн болон Засаг дарга, багийн Засаг дарга нарын нийтдээ 37 хүний Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг түүнийг бүртгэх, хяналт тавих, хадгалах, тайлагнах эрх бүхий албан тушаалтны ажлыг хавсран ажиллаж байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 05 тоот тогтоолоор батлагдсан Албан тушаалтны хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журмын 1 дүгээр хавсралтын 3 дугаар зүйлд заасан эрх бүхий албан тушаалтны нэмэгдлийг үндсэн цалингийн 40 хүртэлх хувиар олгож болно гэсэн заалтыг үндэслэн 61 тоот тогтоолоор миний үндсэн цалинг 20 хувиар тооцож, 146772 төгрөгөөр тогтоож, 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгохоор шийдвэрлэсэн юм. Миний 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны ажил хавсран гүйцэтгэхтэй холбоотой эрх бүхий албан тушаалтны урамшуулал нэмэгдэл цалинд нийтдээ 146772 төгрөг /14х146772=2054808/ төгрөг гарч байгаа. Энэ мөнгөнөөс би нийтдээ 1261773 төгрөгийг авсан. Үлдсэн цалин 793035 төгрөг аваагүй байна. Иймд ажил хавсран гүйцэтгэхтэй холбоотой эрх бүхий албан тушаалтны урамшуулал нэмэгдэл цалин 793035 төгрөгийг хурлын байгууллагын төсвөөс гаргуулан өгөхийг хүсье. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 61 дүгээр тогтоолоор Албан тушаалтны хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам-ын 1 дүгээр хавсралтын 3 дугаар зүйлд заасан эрх бүхий албан тушаалтны нэмэгдлийг үндсэн цалингийн 40 хүртэлх хувиар олгож болно гэсэн заалтыг үндэслэн Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргад уг нэмэгдэл олгохоор болсон. Уг нэмэгдлээс 1261773 төгрөгийг Х.Дөрбетхан 2015 оны эцсээр тус Иргэдийн төлөөлөгчдийн хурлын санхүүгээс авчээ. Харин Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 10 дугаар тогтоолоор Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 61 дүгээр тогтоолыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосон юм. Уг тогтоолыг хүчингүй болгосон шалтгаан нь Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны төсөвт 2016 онд тухайн албан тушаалтанд нэмэгдэл цалин олгох тухай зардал тусгагдаагүй юм. Х.Дөрветхан 2016 оны 01, 02 дугаар сарын үндсэн цалинд ногдох нэмэгдлийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Х.Дөрбетханы нэхэмжилж буй 793035 төгрөг Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны 2016 оны төсөвт тусгагдаагүй тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 249 дүгээр шийдвэрээр: 1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, Авилгын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, Албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журмын 3.1-ийг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 499491 төгрөг гаргуулж Хуанышын Дөрбетханд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 293544 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай; 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Дөрбетханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 15635 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Дөрбетханд олгосугай. гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 29.4 дэх хэсэгт зааснаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга нь хурлын ажлын алба учраас байгууллагын төсвийн зарцуулалтын 1 дүгээр гарын үсгийг Х.Дөрбетхан, 2 дугаар гарын үсгийг нягтлан бодогч нар зурж байсан. 2015 оны жилийн эцэст хүрэлцэхүйц хэмжээний мөнгө байвал нэмэгдэл цалингаа Х.Дөрбетхан өөрөө авах эрхтэй байсан. Хурлын төсөвт мөнгө үлдээгүй нь хурлын даргын буруу биш юм. Х.Дөрбетханы төсвийн хөрөнгийг зарцуулах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь хурлын даргын буруутай үйл ажиллагаа байсан эсэхийг нэхэмжлэгч нотолж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн Х.Дөрбетханд 499491 төгрөг олгох тухай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Ногооннуур сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 61 дүгээр тогтоолоор Албан тушаалтны хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам-ын 1 дүгээр хавсралтын 3 дугаар зүйлд заасан эрх бүхий албан тушаалтны нэмэгдлийг үндсэн цалингийн 40 хүртэлх хувиар олгож болно гэсэн заалтыг үндэслэн Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга надад уг нэмэгдэл олгохоор болсон. 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурал болоогүй. Тогтоол гаргаагүй, хуурамч баримт гаргасан нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа. Иймд миний нэхэмжилсэн 793035 төгрөгийг хурлын байгууллагын төсвөөс гаргаж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Дөрбетхан нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан үндсэн ажлынхаа зэрэгцээ ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 793035 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг судлавал, ажилтан сард 733863 төгрөгийн үндсэн цалинтай бөгөөд үүний 20 хувьд тэнцэх хэмжээний нэмэгдэл хөлс олгохоор ажил олгогчоос шийдвэрлэсний дагуу 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 14 сарын нэмэгдэл хөлс (146773 х 14 сар) 2054822 төгрөг авахаас 1261733 төгрөгийг авсан, үлдсэн 793035 төгрөгийг (793049) ажил олгогчоос гаргуулахыг шаарджээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй боловч нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг зөв тодорхойлоогүйгээс хууль хэрэглээний алдаа гаргасан байна. Иймээс давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-т зааснаар, дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 61 дүгээр тогтоолоор албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах, тайлагнах эрх бүхий албан тушаалтны ажлыг 2009 оноос эхлэн хавсран хариуцан ажиллаж ирсэн Хурлын нарийн бичгийн дарга Х.Дөрбетханд 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үргэлжлүүлэн, хавсран хариуцуулан ажиллуулах, нэмэгдэл цалинг түүний үндсэн цалингийн 20 хувиар тооцож сард 146772 төгрөгийн нэмэгдэл хөлсийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нөхөж олгохоор шийдвэрлэсэн байна.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 61 дүгээр тогтоолыг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 10 дугаар тогтоолоор 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосон бөгөөд уг тогтоолын хүчин төгөлдөр байдлын талаар нэхэмжлэгч маргасан боловч энэ талаар иргэний хэргийн шүүх дүгнэлт хийх боломжгүй юм.

Ажилтан Х.Дөрбетхан нь үндсэн ажлынхаа зэрэгцээ ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс нийт 1261773 төгрөг авсан талаар талууд маргаагүй бөгөөд тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.-т зааснаар үлдсэн нэмэгдэл хөлсөө ажил олгогчоос шаардах эрхтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдсон дээрх үйл баримтуудаас дүгнэвэл, Х.Дөрбетхан нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл буюу 12 сар ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлсийг шаардах эрхтэй ба түүнд олгогдох нэмэгдэл хөлсний хэмжээг тооцвол, (146772 х 12 сар) 1761264 төгрөг байна. Үүнээс түүний авсан 1261773 төгрөгийг хасаж тооцоход, 499491 төгрөгийн нэмэгдэл хөлсийг ажил олгогч Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санхүүгээс гаргуулж, нэхэмжлэгч Х.Дөрбетханд олгох үндэслэлтэй.

Харин Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 10 дугаар тогтоолоор 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 61 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон учраас нэхэмжлэгчийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх нэмэгдэл хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Хэдийгээр, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоолоор анх ажилтанд нэмэгдэл хөлс олгохоор шийдвэрлэсэн тогтоолыг хүчингүй болгосон боловч энэ хугацаанд ажилтан Х.Дөрбетхан нь ажил хавсран гүйцэтгэж байсан талаар шүүхэд нотлох үүргээ биелүүлээгүй тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

 

Ажилтан Х.Дөрбетхан нь хамгийн сүүлд 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэмэгдэл хөлс авч байсан, улмаар 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан зэргээс дүгнэвэл, ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Хуульд зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 249 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, Авилгын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, Албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журмын 3.1-ийг тус тус баримтлан гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 50 дугаар зүйлийн 50.2.-т заасныг баримтлан гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч төсвийн байгууллага давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 

С.ӨМИРБЕК