Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2019/0220

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2019/0220 

Улаанбаатар хот

Л.О-ы нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч Л.О, түүний өмгөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ё, өмгөөлөгч М.А нарыг оролцуулан хийж, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 159/ШШ2019/0005 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ё-н гаргасан давж заалдах гомдлоор, Л.О-ы  нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 159/ШШ2019/0005 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “2002 оны Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 27 дугаар зүйлийн 27.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгож, Л.О-ыг өмнө нь эрхэлж байсан албан тушаал болох Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилж”,

2 дахь заалтаар: “2002 оны Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч Л.Од 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны буюу ажлын 144 хоногийн цалин 7927124 /долоон сая есөн зуун хорин долоон мянга нэг зуун хорин дөрвөн/ төгрөгийг Сэлэнгэ аймгийн Засаг даргаас гаргуулан олгож, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцож, нөхөн бичилт хийхийг даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...Маргаан бүхий актын үндэслэл болсон дээрх хуулиуд нь нэхэмжлэгчийг ажлаас шууд чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэл нотлогдохгүй байна гэж шүүх үзлээ. Учир нь нэхэмжлэгч Л.О нь Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандан 2018 оныг дуусгавар болтол ажиллан өндөр настны тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй байгааг илэрхийлсэн байна. Уг хүсэлтийг шууд ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гэж ойлгон эрх зүйн акт гаргасан нь учир дутагдалтай болсон байна” дүгнэсэн нь “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлд заасан “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг”, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтуудыг хангаагүй гэж үзэж байна.

Учир нь Хушаат сумын иргэн Л.О нь Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 55 нас хүрч ажилтан өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн байхад ажил олгогчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн дагуу нөхцөл байдлыг тогтоон, 2019 оныг хүлээх шаардлагагүй гэж үзэж шийдвэрээ гаргасан.

Мөн иргэн Л.О нь үнэхээр “Төсвийн тухай” хууль тогтоомж зөрчөөгүй ажлын алдаа дутагдалгүй ажиллаж байсан бол заавал 2018 оны сүүлийн улиралд /9-12 дугаар саруудад/ хүсэлтээ гаргах боломж нь нээлттэй байсан. Гэтэл Л.О нь аймгийн Аудитын газрын 2017 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд нь санал дүгнэлт өгөхөөс татгалзсан Хушаат сумын бүрэн дунд сургуулийн захирал Л.Од холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох тухай “СЭА-05/82-СТА-ТЕЗ" тоот албан шаардлагаар ажлаас халагдах болсноо мэдээд 2018 оны 6 сард буюу хагас жилийн өмнө хүсэлтээ гаргасан нь хариуцлагаас чөлөөлөгдөх зорилгоор ийнхүү хүсэлт гаргасан гэж үзэхээр байна.

...өөрийнх нь хүсэлтийг үндэслэн, 2019 он хүртэл дахин хууль тогтоомж зөрчигдөх нөхцөл байдлыг таслан зогсоож, аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд Боловсролын тухай хуулийн дагуу Боловсрол, соёл, урлагийн газрын даргатай зөвшилцөн, харилцан санал солилцож ажлаас нь чөлөөлсөн.

Л.О-ы Хушаат сумын Засаг дарга Л.А-р уламжлан аймгийн Засаг дарга Ш.Оргилд гаргасан хүсэлтэд “...энэ оныг дуусгавар болгон өндөр насны тэтгэвэр тогтоолгох тул” гэсэн нь тухайн иргэн тэтгэврээ хэдийд тогтоолгох нь өөрийн асуудал байхад шүүх үүнийг зөвхөн нэг талаас харж шийдсэн байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно”, 24 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар “өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагч тэтгэвэр тогтоолгон авахыг хүссэн хугацаандаа” гэж тухайн иргэн хэдийд ч тэтгэврээ тогтоолгох нь нээлттэй байдлаар зохицуулсан байхад шүүх зөвхөн “энэ оныг дуусгавар болгон” гэдэгт ач холбогдол өгч, харин “...ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна” гэснийг харгалзан үзэхгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

...Мөн Аймгийн Төрийн аудитын газраас 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “...2017 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд нь санал дүгнэлт өгөхөөс татгалзсан Хушаат сумын бүрэн дунд сургуулийн захирал Л.Од холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох тухай “СЭА-05/82-СТА-ТЕЗ” тоот албан шаардлагыг аймгийн Засаг дарга Ш.Оргил миний нэр дээр ирүүлсэн. Энэ шаардлагаар бол тус сургуулийн захирал Л.Од Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т зааснаар ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулахаар байсан” гэх нөхцөл байдал, нотлох баримтыг мөн үнэлээгүй гэж үзэж байна.

...Энэ тухай Л.О нь мэдээд 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хушаат сумын Засаг даргаар уламжлан аймгийн Засаг даргын нэр дээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт ирүүлсэн.

Аймгийн Засаг даргын 2018 оны Б/58 тоот захирамжаар Л.О-ыг өөрийн хүсэлтийг нь үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасны дагуу нөхцөл байдлыг тогтоон, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4.1-д заасны дагуу 55 нас хүрч, тэтгэвэр авах эрхтэй болсон, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40 1.3-т зааснаар “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” тул 38 дугаар зүйлийн 38.1.1, дэх заалтыг үндэслэн чөлөөлж, Төрийн албаны тасралтгүй байдлыг хангах үүднээс Хөдөлмөрийн тухай хуулийн 26.1, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т зааснаар “төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох...” гэсэн үндэслэлээр нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхийг нь дурьдаж, мөн Л.О-ы ажилласан хугацааны цалин, ээлжийн амралтын цалин болон холбогдох тооцоог хийхийг Хушаат сумын ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогчид даалгаж шийдвэрлэсэн.

Иймд шүүх нотлох баримтыг дутуу үнэлж, хэт нэг талыг баримталсан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүй, шүүх үзлэг хийгээгүй байх тул Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар буруу дүгнэж, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/58 дугаар захирамжаар “Л.О нь өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэсэн үндэслэлээр түүнийг Хушаат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Л.О нь 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргаар уламжлан “...2018 онд 55 нас хүрч энэ оныг дуусгавар болгон өндөр насны тэтгэвэр тогтоолгох тул ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна”, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мөн аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргаар уламжлан “...Л.О би өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул Боловсролын тухай хуулийн дагуу олгодог тэтгэмжийг олгоно уу” гэх хүсэлтүүдийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандаж гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д зааснаар “...20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд ...55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл...” өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй бөгөөд Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т төрийн албан хаагчийн тэтгэвэрт тогтоолгох насанд хүрч, төрийн албанаас чөлөөлөгдөхөөр гаргасан хүсэлтийг “...тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх ...шийдвэр” гаргахаар зохицуулсан байна.

Эндээс үзвэл, нэхэмжлэгч Л.О нь 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 55 нас хүрсэн байх хуульд заасан болзлыг хангаж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэж, улмаар уг эрхээ эдлэхээр 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандаж “ажлаас чөлөөлөгдөх хүсэлт” гаргасан байх бөгөөд хуулийн дээрх зохицуулалтын дагуу тус хүсэлтийг шийдвэрлэх бүрэн эрхийнхээ хүрээнд Хушаат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлыг чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан болох Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/58 дугаар захирамжаар нэхэмжлэгч Л.О-ыг үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Л.Од хуульд зааснаар өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн хэдий ч уг эрхээ эдэлж, эрх бүхий албан тушаалтанд хандаж ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргалгүйгээр, тухайн албан тушаалдаа 2018 оныг дуустал үргэлжлүүлэн ажиллах боломжтой байжээ.  

Гэтэл анхан шатны шүүх “Л.О нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтдээ 2018 оныг дуусгавар болтол ажиллаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байхад уг хүсэлтийг шууд ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гэж ойлгон эрх зүйн акт гаргасан нь учир дутагдалтай” гэх дүгнэлтээр маргаан бүхий актыг хууль бус гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр, Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Хариуцлага тооцуулах тухай” СЭА-05/82-СТА-ТЕЗ дугаартай албан шаардлагаар Төсвийн тухай хууль, Төрийн аудитын тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөрчсөн гэсэн үндэслэлээр Л.Од холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож, албан шаардлагын биелэлтийг 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор ирүүлэхийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгасан, Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 222 дугаар албан бичгээр Л.О-ыг гаргасан зөрчлүүдтэй нь холбогдуулж Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасныг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх саналыг тус аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргаас эдгээр болон нэхэмжлэгчээс өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй үүднээс, өөрийнх нь хүсэлтэд дурдсан үндэслэлээр ажлаас чөлөөлж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Эдгээр үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны акт нь хууль бус, түүний улмаас нэхэмжлэгч Л.О-ы эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.          

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 159/ШШ2019/0005 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.О-ы “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/58 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ё-н гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

    ШҮҮГЧ                                                      Э.ЛХАГВАСҮРЭН

  ШҮҮГЧ                                                       Ц.САЙХАНТУЯА

         ШҮҮГЧ                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН