| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 161/2019/0019/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/020 |
| Огноо | 2019-02-13 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2019/ШЦТ/020
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
орчуулагч, хэлмэрч Ж.А,
улсын яллагч, хяналтын прокурор Х.Ө,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,
шүүгдэгч А.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Хд холбогдох 1813003870021 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1996 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай сумд төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс казах, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Алтай сумын ***** дугаар баг, Б-д оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, И-к овогт Аийн Х, РД:******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны шөнө Баян-Өлгий аймгийн Алтай сумын 3 дугаар багийн иргэн К.Сийн малын хашаанаас 16 тооны бог мал хулгайлан авч явж бусдад өгөх өр төлбөрт өгч, зарж борлуулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны шөнө Баян-Өлгий аймгийн Алтай сумын 3 дугаар багийн иргэн К.Сийн малын хашаанаас ***тооны бог мал хулгайлан авч, улмаар малын ченжид мөнгө олох зорилгоор худалдах шунахайн сэдэл төрж, 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр малын ченж хийдэг С.Бд өөрийн мал гэж итгүүлэн, 16 бог малыг нийтдээ 560.000 төгрөгөөр худалдан борлуулж, К.Сэд 1020.000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Дээрх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургаар /хх-ийн 6-8 дугаар хуудас/,
- Хохирогч К.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Миний Алтай сумын ****дугаар багт байрлах малын хашаанаас 2018 оны 11 дүгээр сарын 23-наас 11 дүгээр сарын 24-нд шилжих шөнө 26 тооны бог мал хулгайд алдсан. Тэгэхэд 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр манай багт ойрхон өвөлждөг Х.К гэдэг хүн манай гэрт ирж, та бог мал гээсэн үү, манайх малаа оторт гаргах гэж байна. Манай малын дотор 10-аад тооны алдуул мал байна. Та очиж үзээч гэсэн юм. Тэгээд би 2018 оны 12 дугаар сарын 28-ний өдөр өөрийн биеэр Х.Кийн малыг очиж шүүж үзэхэд миний хулгайд алдсан гээд яваад байсан 26 тооны бог малын 10 тооны малыг олж авсан. Харин миний малыг хулгайлсан хүн одоогоор цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа ба надад 12 тооны ямаа, 3 тооны хонь, нийт 15 тооны бог малыг минь амьд хүлээлгэж өгсөн ба, 1 тооны ямааг бэлэн мөнгөөр төлж өгсөн. Иймд миний бие 16 тооны бог мал хулгайд алдсан үнэн болно. Миний малыг А.Х хулгайлсан болох нь тогтоогдсон. ...Цаашид А.Хаас ямар нэгэн нэхэмжлэх зүйл болоод гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24, 25, 26-27 дугаар хуудас/,
- Гэрч С.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Алтай сумын 3 дугаар багийн иргэн А.Х нь 2018 оны 10 дугаар сард надаас 280000 төгрөг зээл авч, оронд нь ямаа мал өгнө гэж авсан. Миний бие тус суманд малын ченж хийдэг. Тэгээд 2018 оны 11 дүгээр сард А.Хд зээлдсэн мөнгийг шаардсан. Тэгэхэд өдрийг нь сайн санахгүй байна 12 тооны ямаа, 3 тооны /эм/ хонь нийт 15 тооны бог мал авч ирж өгсөн. Тэгээд би А.Хд зээлсэн мөнгийг хасаад, 280000 төгрөг бэлэн өгсөн. А.Х надад болохоор өөрийн мал гэж ойлгуулсан. Түүнээс биш хулгай мал гэдгийг мэдсэн бол авахгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,
- Гэрч Х.Кийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манайх Аптай сумын ****дугаар багт оршин сууж амьдардаг. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр малаа оторт гаргах болоод хотонд байсан малаа тоолоход өөр нэг айлын 10 тооны алдуул хонь ямаа байсан. Тэгээд ойр орчмын айлуудаас асууж тодруулахад манай багаас К.С гэдэг хүн бог мал хулгайд алдсан гэж хэлж байсан. Тэгээд К.Сийн гэрт 2018 оны 12 дугаар сарын 27-ний өдөр өөрийн биеэр очиж хэлсэн. Тэгээд К.С маргааш нь манай малыг ирж шүүж үзээд манай малд байсан 10 тооны хонь, ямаа К.Сийн мал мөн байсан юм. Тэгээд манай хотноос малаа ялгаж аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,
-Шүүгдэгч А.Хы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Манайх Алтай сумын **** дугаар багт оршин сууж амьдардаг. Надад санхүүгийн хэрэгцээ гарч малын ченж хийдэг С.Б гэдэг хүнээс мөнгө зээлдэж авсан ба, тэр хүнд хонь, ямаа өгнө гэж авсан. Уг мөнгийг өгөх цаг нь тулгараад С.Бд өгчих мөнгө төгрөг байхгүй болохоор нь хулгай хийх санаа төрсөн. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Алтай сумын ***дугаар багийн иргэн К.С гэдэг айлын өвөлжөөн дэх малын хашаанд орж 16 тооны бог мал хулгайлсан ба 13 тооны ямаа, 3 тооны хонь хулгайлсан маань үнэн. Би хохирогч К.Сийн өвөлжөөний хашаанаас 16 тооны бог мал хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна. Уг хулгайлсан малаа ченж С.Бд зарж борлуулсан нь үнэн. Би ченж С.Бд өөрийн мал гэж хэлсэн. Би хулгайн хэрэг үйлдэж долоо хоногийн дараа цагдаагийн байгууллагад баригдсан. Ченж С.Б надаас худалдаж авсан малыг нядлахаас өмнө учир байдлыг хэлээд 15 тооны бог малыг буцааж авч, хохирогч К.Сийн өөрт нь амьд хүлээлгэж өгсөн ба 1 тооны ямааг бэлэн мөнгөөр хохирогч К.Сэд өгч, хохирлыг бүрэн барагдуулсан юм. Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Иймд малын хулгайн хэрэг хийсэнд маш их гэмшиж буруугаа хүлээж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 44, 45 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шинжлэн судалсан. Үүнд:
- Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “А.Хы нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим санд ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 51 дүгээр хуудас/,
- 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр олгосон “РД:******, овог:И-к, эцэг/эх/-ийн нэр:А, нэр:Х, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:83,19, төрсөн огноо:1996/09/23, хаяг:Баян-Өлгий, Алтай, 3-р баг, Бардам, хүчинтэй хугацаа:2021/09/23, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50, 52 дугаар хуудас/
- шүүгдэгч нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр хуудас/,
- Баян-Өлгий аймгийн авто тээврийн төвийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “А овогтой Хы /******/ нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байхгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 58 дугаар хуудас/
- Баян-Өлгий аймгийн Алтай сумын 3 дугаар багийн Засаг даргын “Тус сумын 3-р багийн иргэн А овогтой Х нь ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, урьд нь ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй болно” гэх тодорхойлолт /х-ийн 57 дугаар хуудас/,
-Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “А овогтой Х /*******/ нь тус сургуульд 2017 онд барилгын сантехник, 2018 онд автомашин кузов засварчин мэргэжлээр тус тус суралцаж төгссөн нь үнэн болно. Иймд А.Х суралцаж байх хугацаандаа спортын сагсан бөмбөгийн төрөлд удаа дараа амжилт гаргасан сурагчдын нэг юм. А.Х нь ямар нэгэн зөрчил, хэрэгт холбогдож байгаагүй болно” гэх тодорхойлолт /шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримт/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо хамаарал уялдаатай, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал хангагдсан байна.
Гэмт хэрэг гарахад хохирогчийн эд хөрөнгөө тогтмол хараа хяналтгүй орхисон байдал, шүүгдэгчийн хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил дутмаг байдал, малын ченж нар мал худалдах, тээвэрлэхдээ малын гарал үүслийн бичгийг шалгадаггүй, хямд үнээр хулгайн байж болох магадлал өндөр малыг худалдан авдаг байдал, цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын газраас гарал үүслийн бичиггүй малыг тус аймагт оруулах, худалдан борлуулахад хяналтаа сул тавьсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч А.Хы мал хулгайлах гэмт үйлдэл нь К.Сийн хашаанаас малыг гарган авснаар эхэлж, тэндээс 16 тооны бог малыг өөрийн эзэмшилд авч, бусдад захиран зарцуулснаар гэмт хэрэг төгссөн байна.
Шүүгдэгч А.Х нь мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болох амар хялбар аргаар мөнгөтэй болох зорилгоор шунахайн сэдэлттэйгээр уг гэмт хэргийг санаатай үйлдэж, бусдад мэдэгдэлгүй хэн нэгэнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан малын эзэд нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад бусдын өмчлөх эрхэд халдсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.
Эрүүгийн хуульд зааснаар мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаардаг бөгөөд олон тооны мал гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгодог юм. Иймээс мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзнэ.
Шүүгдэгч А.Хы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч А.Хы үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас хохирогч К.Сэд 1020.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/-ээр нотлогдож байх тул учирсан хохирлын хэмжээ үнэн зөв гэж дүгнэлээ. Учир нь эд хөрөнгөнд үнэлгээ тогтоох эрх бүхий шинжээчийн мэдүүлгийг шүүх үнэн зөв гэж үзлээ.
Шүүгдэгч А.Х нь хууль бус үйлдлийнхээ улмаас хохирогч К.Сэд 1080.000 төгрөгийг /хх-ийн 26 дугаар хуудас/ төлж барагдуулсан, шүүгдэгч, хохирогч нар харилцан тохиролцож хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлтээ /хх-ийн 69-70 дугаар хуудас/ бичгээр шүүхэд бичгээр ирүүлжээ.
Мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.Хы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө цээрлүүлэн, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, нийгэмшүүлэх зорилгоор, эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулж, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөр төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 3 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзэж түүнд нийгмээс тусгаарлахгүйгээр, хуульд заасан хөнгөн ял болох нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Хы үйлдсэн энэхүү гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн 5.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Алтай сумын захиргаанд сумын тэжээлийн түр цэгт өвс бэлтгэх 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж байна.
Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч А.Хы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоолоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.
Шүүгдэгч А.Х нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлийн “Мустанг-5” маркийн улсын дугааргүй БНХАУлсад үйлдвэрлэсэн мотоциклыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Хы эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шүүгдэгчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И-к овогт Аийн Хыг “Бусдын малыг хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Хыг Баян-Өлгий аймгийн Алтай сумын захиргаанд сумын тэжээлийн түр цэгт өвс бэлтгэх 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Хд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Хы улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч А.Хы эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.А