Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/021

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

улсын яллагч, ерөнхий прокурорын орлогч А.Т,

шүүгдэгчийн өмгөөлөгч К.Е,

шүүгдэгч Ж.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Еад холбогдох 1813003820007 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Дулааны цахилгаан станцын инженер мэргэжилтэй, “***” ХХК-д ээлжийн ахлах инженер ажилтай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дүгээр багт оршин суудаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овгийн Жын Е, регистрийн дугаар:*******.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Жын Е нь тус багийн нутаг дэвсгэрт “Э” ХХК-ны авто зогсоол дээр 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн өглөөний 08 цагийн үед “Тоёота королла аксио” маркийн *****БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр зогсоол руу орж зогсох үедээ авто зогсоолоор явж байсан иргэн С.Бийг тээврийн хэрэгслийн урд буферийн баруун булан хэсгээр мөргөж, түүний баруун хөл дээгүүр машины баруун урд талын дугуйгаар гарч явж дахиад ухрахдаа нөгөө хөл дээгүүр 2 дахь удаа явж өнгөрснөөс хөл нь хугарч хохирогч С.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Жын Е нь тус багийн нутаг дэвсгэрт “Э” ХХК- ны авто зогсоол дээр 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн өглөөний 08 цагийн үед “Тоёота королла аксио” маркийн ****БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр зогсоол руу орж зогсох үедээ авто зогсоолоор явж байсан иргэн С.Бийг тээврийн хэрэгслийн урд буферийн баруун булан хэсгээр мөргөж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т “жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө”, 12.2-т “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж, тээврийн хэрэгсэлийг аюул саад бий болохыг мэдсэн үедээ зогсоох арга хэмжээ авалгүй зам тээврийн осол гаргаж, явган зорчигч С.Бийг мөргөж, тархины доргилт, баруун талын хөлийн шилбэний хэсгийг бүхэлдээ хамарсан хөх ягаан өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун талын хөлийн шилбэний шаант ясны хоёрлож бяцарсан, тахилзуур ясны дунд 3/1-ээр бага зэрэг зөрсөн далд хугарал зэрэг гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан байна.

 

Дээрх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

-Хэргийн газарт үзлэг болон зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд./ХХ-ийн 13-16 дугаар хуудас/,

- Эрх бүхий албан тушаалтны: “...Жолооч Ж.Е нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3, 12.2, 12.3 дугаар заалтуудыг зөрчсөн нь осол гарах шалтгаан болсон байна” гэх магадалгаа /хх-ийн 12 дугаар хуудас/,

- Хохирогч С.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн“...би 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн өглөөний 07 цаг 40 минутын үед хамт ажилладаг Ж гэх эмэгтэйтэй хамт Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Э” ХХК-ны авто зогсоолоор явж байтал засмал замаас зогсоол руу орж ирсэн автомашин урд буфер хэсгээр мөргөж унагаасан. Тухайн үед мөргөхдөө баруун талын урд дугуйгаараа баруун талын хөл дээгүүр гарч дахин ухарч мөн хөл дээгүүр гарч зогссон. Автомашин нэлээн хурдтай ирсэн юм. Ослын улмаас миний баруун талын хөл 3 газарт хугаралттай байна. Жолооч Ж.Е нь Улаанбаатар хот руу онгоцоор авч очиж, онгоцоор буцаж авч ирэх бүх зардлыг даасан. Нийт гарсан 3.200.000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо надад нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19, 23-25 дугаар хуудас/,

- Гэрч Н.Жын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр өглөө 7 цаг 20 минутын үед ажилдаа явах гээд Домбортой уулзварын таксины зогсоолоос С.Б бид хоёр таарч тэндээс таксинд хамт суугаад хүнсний комбинатын хажууд буугаад ажил руугаа алхаад “Э” ХХК-ны урд талын авто зогсоолын хажуугаар гарах гэж байхад жижиг саарал өнгийн машин зогсоол руу орох гэж байгаад хамт явсан С.Бийг мөргөж унгаасан ба тэр үед би эргээд С.Б руу харахад газар унасан байсан ба уг машин баруун хөл дээр нь гараад зогссон байсан. Тэгээд нөгөө жолооч машинаа ухрааж зогсоогоод машинаас бууж ирээд “уучлаарай”, “уучлаарай”, “миний буруу”, “би та нарыг харсангүй” гээд сандраад буугаад ирсэн. Тэгээд цагдаа, түргэн дуудсан удалгүй түргэний машин ирээд С.Бийг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Бы 552 дугаартай: “...1. С.Бийн биед тархины доргилт, баруун талын хөлийн шилбэний хэсгийг бүхэлдээ хамарсан хөх ягаан өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун талын хөлийн шилбэний шант ясны хоёрлож бяцарсан, тахилзуур ясны дунд 3/1 -ээр бага зэрэг зөрсөн далд хугарал зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, машинд мөргүүлэх үед учрах боломжтой шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан /удаан/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/,

- Хохирогч С.Бийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хх-ийн 60-68 дугаар хуудас/,

- Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Ганбатын шинжээчийн дүгнэлтээр яллагдагч Ж.Е нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнийг тогтоосон /хх-ийн 31 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн шинжээчийн Е.Ж-ы 31 дугаартай ослын: “...Тээврийн хэрэгслийн техникийн байдал нь осол гарах шууд шалтгаан болоогүй, ямар нэгэн нөлөө үзүүлээгүй болно” гэх дүгнэлт /хх-ийн 40-41 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Ж.Еын хохирол төлж барагдуулсан баримтууд /хх-ийн 71-100 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Ж.Еын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн өглөөний 07 цаг 40 минутын үед Өлгий сумын 4 дүгээр багт байх гэрээсээ ***** БӨА улсын дугаартай “Тоёота Королла аксио” маркийн суудлын автомашин жолоодож ирээд “Э” ХХК-ны авто зогсоол руу орж зогсох үед уг авто зогсоолоор явж байсан явган хүнийг автомашиныхаа урд буферийн баруун булан хэсгээр мөргөх үед уг явган зорчигч газар унасан юм. Тэгээд би сандарсандаа машинаа ухраах гэж байгаад урагшаа явах араанд хийгээд уг хүний баруун хөл дээгүүр машины баруун урд талын дугуйгаар гар, машинаа зогсоогоод бууж нөгөө хүн дээр очсон байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна.

 

Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:

- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн Засаг даргын “Тус багийн оршин суугч Ж овогтой Е нь *****тоот регистрийн дугаартай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Төлөв даруу зантай, урьд өмнө ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй” гэх тодорхойлолт /хх-ийн 49 дүгээр хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “Ж.Еын нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” тодорхойлолт /хх-ийн 53 дугаар хуудас/,

- 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр олгосон “РД:*****, овог:Х, эцэг/эх/-ийн нэр:Ж, нэр:Е,  яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:83,10, төрсөн огноо:1990/06/15, хаяг:Баян-Өлгий, Баяннуур, 3-р баг, Цагаан арал, хүчинтэй хугацаа:2035/06/15, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54 дүгээр хуудас/,

- Цагдаагийн ерөнхий газрын “овог:Х, эцэг/эх/-ийн нэр:Ж, нэр:Е, төрсөн огноо:1990/06/15, үнэмлэх олгосон огноо: 2017/03/30, үнэмлэхийн дугаар:***, ангилал:В, хүйс:эр, жолооч болсон огноо:2017/03/29, үнэмлэхийн хүчинтэй огноо: 2027/03/30” гэх жолоочийн лавлагаа /хх-ийн 55 дугаар хуудас/,

- шүүгдэгч нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь энэхүү гэмт хэргийг үйлдэхдээ замын хөдөлгөөний дүрмийг биелүүлээгүй, тохиромжит хурдыг сонгож яваагүйд санаатай, харин тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авалгүй, хүнийг дайрч осол гаргахдаа гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байх тул Эрүүгийн хуульд заасанчлан гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

Гэмт хэрэг гарахад Замын хөдөлгөөний тухай хууль дүрмийг үл биелүүлсэн шүүгдэгчийн буруутай үйл ажиллагаа, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг шалгах,  уг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиг үүрэг бүхий цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хохирогч С.Бийн мэдүүлэг, өвчний түүхийн хуулбарууд /хх-ийн 61-68 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн С.Бийн биед үүссэн тархины доргилт, баруун талын хөлийн шилбэний хэсгийг бүхэлдээ хамарсан хөх ягаан өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун талын хөлийн шилбэний шант ясны хоёрлож бяцарсан, тахилзуур ясны дунд 3/1 -ээр бага зэрэг зөрсөн далд хугарал зэрэг гэмтлүүд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3-т зааснаар “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан” зэргээр хүндэвтэр зэргийн гэмтлийн шалгуур шинжүүдэд хамаарч байх тул түүний биед хүндэвтэр гэмтэл учирсан гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ж.Еын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэс хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч С.Бийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан ба хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар гэмт хэргийн улмаас 2.212.100 төгрөгийн бодит хор уршиг учирсан, хойшид мөн үлдэц хор уршигтай байна.

 Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 3.200.000 төлж барагдуулснаас хохирогчийн үндэслэл бүхий нэхэмжлэлийн буюу зарлагын баримттай 2.212.100 төгрөгийг хасаж тооцвол шүүгдэгч нь хохирогчид 987.900 төгрөг илүү төлсөн байна.

Иймд шүүгдэгч Ж.Еыг өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ж.Еын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч Ж.Еад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзлээ.

Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Еад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн учруулсан аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй байгаа, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлж барагдуулсан зэргийг болон шүүх хуралдаанд талуудын гаргасан саналууд зэргийг тус тус харгалзан харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж.Е нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.

Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Еын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг эрүүгийн хариуцлагын биелэлтийг хангах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Х овогтой Жын Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Еыг 450 “дөрвөн зуун жаран” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Еад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Е нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч Ж.Еад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Еын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

8.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.А