| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 161/2019/0011/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/025 |
| Огноо | 2019-02-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 2019/ШЦТ/025
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
Орчуулагч, хэлмэрч А.Е,
улсын яллагч, хяналтын прокурор Х.Ө,
шүүгдэгчийн өмгөөлөгч К.Е,
шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С-т-ж овогт Аы Бт холбогдох эрүүгийн 1913000140035 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1982 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай сумд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, Баян-Өлгий аймгийн Алтай сумын 3 дугаар баг, Бардамд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, С-т-ж овогт Аы Б, РД: БА.............
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Б нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Маньт” гэх газарт Т овогтой Аыг бэлчээрийн маргааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Б нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Маньт” гэх газарт Т овогтой Аыг бэлчээрийн маргааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар А.Б нь Т.Аыг заамдаж авч, газарт унагааж хоёр гараараа түүнийг боож, босож ирэнгүүт нь түүний толгой хэсэг рүү гараараа цохиж зодож, түүний биед тархины доргилттой, дух болон дагзны хэсэгт тархины даралттай, духны зүүн талд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, зүүн нүдний дээд зовхинд хавдартай, нүдний салстад баруун талд цус харвалттай, зулайны урд хуйхан хэсэгт хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай гэмтэл хөнгөн буюу хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан байна.
Дээрх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Хохирогч Т.Аийн байцаалтын шатанд өгсөн “....намайг Баян-Өлгий аймгийн Алтай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Маньт” гэх газарт хонь мал хариулж явж байхад тус багт мал оторлуулж байсан тус сумын 3 дугаар багийн иргэн А.Б гэгч надтай хонь мал санаатай нийлүүлсэн гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар намайг хоёр гараар заамдаж боогоод газар унагааж авч, толгой цээж тус газарт гараар цохиж зодсон юм. Тэгээд Алтай, Буянт сумын цагдаа эмч нарт дуудлага өгсөн. Надад аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн №33 тоот дүгнэлтэд миний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж гарсан. Уг хэргийг шалгах явцад яллагдагч А.Б бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрч, би яллагдагч А.Бт цаашид гомдол саналгүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 дугаар хуудас/,
- Гэрч А.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тус сумын эрүүл мэндийн төвд жолооч ажилтай Х.Ж нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр орой 18 цагийн үед над руу утсаар ярьсан ба, Алтай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс дуудлага ирж, эмч цагдаа хоёр очих шаардлагатай гэж байна. Би аймагт чөлөө аваад явчихсан юм. Та миний албаны машиныг барьж уг дуудлагад эмч, цагдаа хоёрыг авч яваад ирээч гэсэн Тэгээд би түргэний машиныг барьж хүүхдийн их эмч А.Е, хэсгийн цагдаа Г.М бид гурав Буянт сумаас Алтай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Маньт” гэх газар дуудлагад очсон. Т.Аын гэрт 19 цагийн үед очсон. Тэгээд эмч А.Е, цагдаа Г.М хоёр Т.Аын бие, эрүүл мэндийг үзэж байсан. Тэгээд Т.Аыг ойрхон сумын эмнэлэгт авч явъя гэж хэлээд түүнийг машинд суулгаад авч гарсан ба тэр үед Т.Аыг А.Б гэдэг залуу зодсон гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,
- Гэрч Г.Мйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хариуцсан Баян-Өлгий аймгийн Буянт суманд албан үүргээ гүйцэтгэж явж байхад Баян-Өлгий аймгийн Алтай сумын хэсгийн төлөөлөгч над руу орой 17 цагийн үед утсаар ярьсан. Би аймгийн төвд албан ажлаар явж байна. Алтай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс танаа суманд ойрхон “Маньт” гэх газарт амьдардаг нэг айлаас бэлчээрийн маргаан гарч 2 залуу хоорондоо зодолдсон байна гэх дуудлага ирсэн, чи наанаас сумын эрүүл мэндийн төвийн албаны машинаар эмч дагуулаад очоод ирээч гэсэн. Тэгээд эмч, жолооч бид гурав дуудлага өгсөн Т.Аын гэрт ирсэн. ...хэсэг хугацааны дараа Баян-Өлгий аймгийн Алтай сумаас эмч, багийн засаг дарга гэсэн гурав хүн ирсэн. Тэгээд хоёр сумаас ирсэн эмч нар Т.Аыг аль болох ойрхон сум руу авч явъя гэж хэлж байсан. Тэгээд зөрчил гаргасан гэх А.Бийн мал оторлуулж байсан гэх газарт, гэрт нь бид бүгдээрээ хамт хоёр машинаар очсон. А.Б нь Т.А бид хоёр малын бэлчээрийн маргааны улмаас хоорондоо зодолдсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,
- Гэрч А.Еы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгээд дуудлага өгсөн айлд цагдаа, жолооч бид гурав 19 цагийн үед очсон юм. Т.Аын биеийн байдлыг үзэхэд, хэвтрийн байдалтай, ухаантай, артерийн даралт 160-90 байсан, толгой эргэнэ, бөөлжиж байна гэсэн зовуурьтай байсан. Мөн зүүн талын духны хэсэгт хавдсан, зулгарсан шархтай. Биеийн ерөнхий байдал дунд зэрэг байсан. ...Тэгээд Т.Аыг Баян-Өлгий аймгийн Буянт сумын эрүүл мэндийн төвд хэвтүүлчихсэн. Т.Аыг зодсон гэж байсан А.Бийг хэсгийн цагдаа сумын төвд хамт авч ирсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,
- Гэрч М.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Эмч А.Е нь Т.Аыг үзээд тархи нь хөдөлсөн, даралт нь ихтэй байна гэсэн. Тэгээд эмч А.Е та ч гэсэн үзээрэй гэсэн. Тэгээд би Т.Аыг үзэхэд даралт 170-аас 100 байсан, тархи нь хөдөлсөн бөөлжих шинжтэй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №33 тоот иргэн Т.Аын биед гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт /хх-ийн 57 дугаар хуудас/,
Шүүгдэгч А.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...манайх Баян-Өлгий аймгийн Алтай сумын 3 дугаар багт амьдардаг. Энэ жил цас их ороод бог малаа тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Ү.Б гэдэг айлын малтай хамт “Маньт” гэх газарт малаа оторлуулсан. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хонь мал хариулж явж байхад тус багийн Т.А гэдэг залуу морьтой над руу давхиж ирээд “чи яагаад манай малын бэлчээрт хонь малаа хариулж байгаа юм бэ” гээд надтай хэрүүл маргаан үүсгэж, хүнийг хэл амаар доромжилж хүний дургүй хүргээд байхаар нь хоёр гараар заамдаж авч газар унагааж баруун гараар цээж рүү нь цохисон. Т.Ат учирсан бүх хохирлыг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан, цаашид бид хоёрын хоорондоо гомдол санал гэх зүйлгүй болсон. Би өөрийнхөө үйлдлийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:
- шүүгдэгч нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багийн Засаг даргын “Тус сумын 4-р багийн иргэн А овогтой Б нь ам бүл 7, Алтай сумын 4-р багт оршин суудаг, элдэв муу зуршилгүй, архи тамхи хэрэглэдэггүй, Хүнтэй зөв боловсон харьцдаг. Урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй” гэх тодорхойлолт /хх-ийн 73 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “А овогтой Б /БА............/ нь Алтай сумын 3-о багт байршилтай, 144 мк.в талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна” гэх албан бичиг /хх-ийн 74 дүгээр хуудас/,
- 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “РД: БА............, овог:С-т-ж эцэг/эх/-ийн нэр:А, нэр:Б, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Баян-Өлгий, Алтай, төрсөн огноо:1982/01/08, хаяг:Баян-Өлгий, Алтай, 3-р баг, Бардам, хүчинтэй хугацаа:2027/01/08, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 75 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Гэмт хэрэг гарахад бусдыг хүндэтгэх, бусадтай харилцах харилцааны соёл, өөрийн сэтгэл хөдлөл, уур омгоо удирдан жолоодох чадвар дутмаг, сэтгэлзүй, зан төлөв, малын бэлчээрийн маргаан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн сэдэлтээр, бусдыг үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Т.Аын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №33 дугаартай дүгнэлт /хх-ийн 57 дугаар хуудас/-ээр тогтоогдож байх ба энэ нь Эрүүгийн хуульд заасан эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Иймд шүүгдэгч А.Бийн дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Т.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогчид 420.000 төгрөг төлсөн ба хохирогч шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд сайн дураараа эвлэрсэн, хохирогч Т.А нь ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч А.Бийг бусдад төлөх төлбөргүй байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж дуусган, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус ял оногдуулахдаа харгалзан үзлээ.
Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.
Шүүгдэгч А.Бт урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С-т-ж овогт Аы Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийг 450 “дөрвөн зуун тавин” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч А.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг өөрт нь буцаан олгосугай.
8.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.А