| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0288/Э |
| Дугаар | 303 |
| Огноо | 2019-02-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 303
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уранбилэг, улсын яллагч Т.Мөнх-Амгалан, хохирогч Э.Ганхүлэг, Э.А, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Наранболд, түүний өмгөөлөгч Н.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мөнх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.А-д холбогдох эрүүгийн 1806 0985 20156 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Э.А, 2001 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Бишрэл ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 3, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 14-1-19 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Өсвөр насны яллагдагч Э.А нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Ганхүлэгтэй зодолдож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Э.А мэдүүлэхдээ: “…Би 2018 оны 12 дугаар сарын 13-ны орой 22 цагийн үед Эрдэнэцэцэгтэй фэйсбүүк мессенжерээр харилцсан. Эрдэнэцэцэгтэй харилцаж байхдаа манай найз охин болох Баярцэцэг 20.000 төгрөг байвал зээлээч гэж асуусан. Эрдэнэцэцэг надад мөнгө байхгүй, ээжээс асуу гэхээр нь ээж рүү нь залгаад 20.000 төгрөг зээлээч гэж хэлэхэд ээж нь надад мөнгө байхгүй, та нар яахаараа дандаа ингэж хүнээр тэжээлгэж байдаг юм гэж хэлсэн. Би та нараар тэжээлгээд байснаа санахгүй байна, хэрэг болоод л 20.000 төгрөг асуусан юм гэхэд байхгүй гэж хэлээд уурлаад утсаа тасалсан. Тухайн үед Эрдэнэцэцэг чи яах гээд манай ээжээс мөнгө нэхээд байгаа юм бэ гэсэн. Баярцэцэг болон Эрдэнэцэцэг нарыг маргалдаж байхыг би сонсоод найз охиноо өмөөрч “...чи өөрөө ийм араншинтай юм чинь яаж охиноо хүн шиг хүмүүжүүлэх юм бэ” гэж хэлсэн. Энэ үгнээс болоод хохирогч Э.Ганхүлэг чи ямар овоо гөлөг вэ, чамайг очиж байгаад амьтан болгоно гэж хэлэхээр нь би “олон хүн дагуулж ирээд хэрэггүй, уулзаад ярилцаад учраа ололцъё” гэж хэлсэн. Удалгүй хохирогч гадаа ирээд дуудахад нь би гарах гэсэн боловч манай найз охин “асуудлыг ингэж хүндрүүлээд хэрэггүй, би эхлээд гараад уулзаад үзье, зодоон болоод намайг орилох юм бол чи араас гараад ирээрэй” гэсэн. Тэгээд би цонхоор хараад зогсож байтал саарал өнгийн пруис маркийн машинтай 3-аас 4 залуу тамхи татаад зогсож байсан. Эрдэнэцэцэг нь Баярцэцэг рүү орилоод дайраад байхаар нь би хаалгаар гарахад өөдөөс 2 залуу хараад зогсож байснаа хохирогч “чи А мөн үү” гэж асуухад нь би мөн гэж хариулсан, энэ үед хохирогч шууд миний өөдөөс дайраад намайг цохиж авснаар зодоон эхэлсэн. Эхлээд би хэд хэд цохиулаад шоконд орсон байдалтай байсан, дараа нь 1 цохиод салсан, ингээд зодоон дуусаад байж байтал хохирогч манай найз охины хэвлийн тус газар өшиглөхөөр нь миний уур хүрээд очоод, дахин зодоон эхэлсэн. Хохирогч миний дээрээс дарахад би гадуур хувцсаараа биеэ хамгаалсан ба тэр үед намайг хэн цохисон болохыг би мэдээгүй. Манай найз охин тухайн үед “та нар одоо боль, би цагдаа дуудлаа шүү” гээд орилж байсан. Тэдгээр залуучуудад би “манай байр 1 давхартаа камертай шүү, би цагдаа дуудна шүү” гээд гэр рүүгээ явж орсон.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Ганхүлэг мэдүүлэхдээ: “…Шүүгдэгч манай найз охиныг заналхийлж байсан. Тухайн үед би гэрийнх нь үүдэнд ганцаараа очсон. Шүүгдэгч хэлэхдээ “чиний охиныг би эрүүл саруул өсч том болохыг харнаа гэж хэлсэн”. Тухайн хэрэгт би эхэлж шүүгдэгчийг цохисон нь үнэн. Би “А гэж чи мөн үү” гэж асуухад “мөн байна” гэж хэлсэн. Тэгээд бидний дунд зодоон эхэлсэн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мөнх-Амгалангаас өсвөр насны шүүгдэгч Э.А нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Ганхүлэгтэй зодолдож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Э.А 2018 оны 12 дугаар сарын 12-ны шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Ганхүлэгтэй зодолдож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Ганхүлэгийн хохирогчоор өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 13-ны орой манай найз Эрдэнэцэцэг нь хамаатны охин болох Баярцэцэгтэй гар утсаар муудалцаад байсан тэгсэн чинь нөгөө Баярцэцэгийн одоо хамт амьдарч байгаа А гээд залуу нь Баярцэцэгийн утсыг нь булааж аваад би танай охиныг сайхан амьдрахыг харнаа гээд манай 2 настай охиныг хэл амаар доромжлоод байхаар нь Эрдэнэцэцэг бид 2 Баярцэцэг, А хоёрын хамт амьдарч байгаа байран дээр очсон чинь нөгөө А юм уу гэсэн чинь тийм байна гэхээр нь чи жаахан хүүхдийг яагаад хэл амаар яагаад доромжилж байгаа юм бэ гэсэн чинь намайг баруун гараа зангидаж байгаад үзүүртэй зүйлээр миний уруул руу цохихоор нь би доошоо тонгойгоод манарсан чинь миний толгой дээрээс нөгөө зүйлээрээ цохьсон." гэх мэдүүлэг /хх-н 5-6/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Баярцэцэгийн гэрчээр өгсөн: “...найз залуу А гарч ирж таарсан тэр танихгүй залуу А дээр очоод чи А мөн үү гээд асуухад А тийм байна яасан бэ гэхэд чи миний охиныг юу гэдэг гэнээ гээд А-н нүүр рүү гараараа цохисон. Тэгээд тэр хоёр бие биенийгээ цохиод байхад тухайн үед А доор нь орчихсон нөгөө залуу өмсөж явсан хантаазны захнаас татчихсан тэр 2 хоорондоо цохилцоод байсан." гэх мэдүүлэг /хх-н 10-12/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Эрдэнэцэцэгийн гэрчээр өгсөн: “...гэнэт 1 орцны гадаа А-тай манай найз залуу Ганхүлэг нь цохилцоод эхэлсэн. Тэгэхээр нь бид 2 гүйж очоод Аагийг салгасан." гэх мэдүүлэг /хх-н 13-15/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 173 дугаар
1. Э.Ганхүлэгийн биед хамрын баруун дор, дээд уруул, зүүн зулайн няцарсан шарх, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо,
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-н 25/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.А яллагдагчаар өгсөн: “...Ганхүлэг чи А мөн үү гэхээр нь мөн яасан гэтэл шууд миний шанааны зүүн тал руу 2 удаа, баруун талын шанаа руу 1 удаа цохихоор нь түүнтэй хамт явсан байсан найз нь над руу ойртохоор нь би сандраад Ганхүлэгийн баруун талын шанаа руу нь 1, цээж рүү нь 1 удаа цохьсон. Тэр үед манай найз охин Баярцэцэг ирээд салгасан. ...Би Ганхүлэгийг савхин бээлийтэй гараараа цохьсон. Миний гарт үзүүртэй эд зүйл байгаагүй. Түүнийг гараараа цохьсон. “ гэх мэдүүлэг /хх-н 43-44/,
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3-4/, Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 2/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 30/, шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд өсвөр насны шүүгдэгч Э.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэ.
Хохирогч хэрэгт хохирлын баримт ирүүлээгүй тул түүнийг энэ хэргийн улмаас өөрт учирсан бусад зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Э.А-д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Э.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.А-д 120 /нэг зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын ажлын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Э.Ганхүлэг нь энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Э.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ