Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
Хэргийн индекс | 129/2016/00322/и |
Дугаар | 385 |
Огноо | 2016-07-05 |
Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 385
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Их тамир сумын 6-р баг, Эрдэнэтолгой гэх газар оршин суух Боржигон овогт Цэрэннадмидын Жавзандулам /РД:АЯ94071200/-ын нэхэмжлэлтэй
Э.Тулгаатай хамтын амьдралтай байснаа тогтоолгох хүсэлт бүхий иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Ц.Жавзандулам,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Жавзандулам шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 онд нөхөр Э.Тулгаатай танилцаад нэг гэрт хамтран амьдарч байсан. 2013 онд бидний хүү Ж. Мөнхсүлд төрсөн. Нөхөр Э.Тулгаа нь 2016 онд нас барсан. Ийм учраас хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр заасан тул хүсэлт гаргагч Ц.Жавзандулам нь Э.Тулгаатай хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Ц.Жавзандулам нь Э.Тулгаатай 2012 оноос 2016 оны 5-р сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хамтран амьдарч байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
1. Архангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газраас ирүүлсэн
- 2016 оны 6-р сарын 27-ны өдрийн 778 тоот ... Э.Тулгаа нь гэрлэлтийн бүртгэл байхгүй ... болохыг тодорхойлсон албан бичиг,
- Боржигон овогт Энхбаатарын Тулгаа /РД:АЮ92113017/-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа,
2. Боржигон овогт Энхбаатарын Тулгаа /РД:АЮ92113017/-ийн нас барсны бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар,
3. Ц.Жавзандуламын иргэний үнэмлэхийн болон гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа,
4. Ц.Жавзандулам, Э.Тулгаа нар нь хамтын амьдралтай байсан талаар
гэрч П.Золжаргалын өгсөн /Э.Тулгаагийн төрсөн эх/ ... Ц.Жавзандулам, Э.Тулгаа нар нь 2012 оноос хамтран амьдрах болсон. 2013 оны 4-р сарын 21-ний өдөр хүү Ж.Мөнхсүлд төрсөн. Тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй байсан учир эх Ц.Жавзандуламаар хүүгээ овоглосон. 2016 оны 9-р сарын 26-ны өдөр бэр гуйсан. Э.Тулгаа нь 2016 оны 5-р сарын 10-ны өдөр зуурдаар Улаанбаатар хотод нас барсан. Э.Тулгаа, Ц.Жавзандулам нар нь 2012 оноос 2016 оныг хүртэл Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6-р багт манайхтай нэг хашаанд хамтран амьдарч байсан. Э.Тулгаа нь Ц.Жавзандуламтай л хамт амьдарч байсан ... гэх,
гэрч О.Энхбаатарын өгсөн /Э.Тулгаагийн төрсөн эцэг/ ... Ц.Жавзандулам, Э.Тулгаа нар нь 2012 оноос хамтран амьдарч байсан. 2013 онд хүү Ж.Мөнхсүлд төрсөн. 2016 оны намар гэрлэлтийг нь албан ёсоор бүртгүүлнэ гэж байсан боловч хүү маань 2016 оны 5-р сарын 10-ны өдөр зуурдаар өөд болсон. Хүү Ж.Мөнхсүлд нь эх Ц.Жавзандуламаар овоглосон. Э.Тулгаа нь Ц.Жавзандуламаас өөр хүнтэй гэрлэж байгаагүй ... гэх,
гэрч Б.Даваасүрэнгийн өгсөн ... Ц.Жавзандулам нь Архангай аймгийн Их тамир сумын харьяат иргэн тул жирэмсэн болоод миний хяналтад 2012 оны 12-р сард анх орсон. Тэгээд 2013 оны 4-р сард төрсөн. Төрсний дараа зохих хуваарийн дагуу би гэрээр нь очиж, хүүхдэд нь үзлэг хийж байсан. Ингэж очиж үеэр нөхөр болох залуу нь гээд Тулгаа гэдэг залуу хамт байж байсан ... гэх,
гэрч П.Энхтайваны өгсөн /Эрдэнэбулган сумын 6-р багийн засаг дарга/ ... 2015 оны 4-р сард мал төллөлтийн байдал шалгаж, малчдаараа тойрч байх үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6-р баг Хойд булаг гэх газарт Э.Тулгаагийнд очсон. Тухайн үед Э.Тулгаа нь Ц.Жавзандуламыг “Энэ миний найз бүсгүй. Бид 2 удахгүй хуримаа хийнэ. Манай хүн Архангай аймгийн Ихтамир сумын харьяат” гэж надад танилцуулж байсан. Тухайн үед Э.Тулгаагийн аав Энхбаатар нь Э.Тулгаа, Ц.Жавзандулам нар гэрлэх гэж байгаа талаар надад ярьж байсан. Би Э.Тулгаагийн гэр бүлийг сайн танина ... гэх,
гэрч П.Эрдэнэтунгалагийн өгсөн /Эрдэнэбулган сумын 1-р багийн засаг дарга/ ... Цэрэннадмидын Жавзандулам, Энхбаатарын Тулгаа нар нь 2013 онд эмчийн хяналтад орох гэж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багийн Цагаан давааны 28-9 тоотод оршин суух үедээ надаас засаг даргын тодорхойлолт авч байсан. 2013 оноос хойш уг хаягт эдгээр хүмүүс нь амьдарч байсан. Ээж нь “Э.Тулгаа, Ц.Жавзандулам нарыг гэрлүүлэх гэж байгаа” гэж ярьж байсан. Э.Тулгаа, Ц.Жавзандулам нар нь өвөлдөө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг Цагаан давааны 28-9 тоотод оршин суудаг байсан. Намайг ажлаар айлуудаар явахад хамт амьдарч байсан. 2013 оноос 2015 оны хооронд Э.Тулгаа, Ц.Жавзандулам нар нь тухайн хаягт амьдарч байсныг мэднэ ... гэх,
гэрч Н.Мөнгөншагайн өгсөн ... Манайх Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг Цагаан давааны 28-8 тоот хашаанд 2000 оноос хойш амьдарч байна. н.Энхбаатар, н.Золжаргал нар нь 2010 онд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг Цагаан давааны 28-9 тоот хашаанд нүүж ирсэн. Уг хашаанд Ц.Жавзандулам, Э.Тулгаа нар 2013 оноос хойш 2016 оны 5-р сарыг хүртэл хугацаанд хамт амьдарч байсан. 2013 онд хүү Ж.Мөнхсүлд нь төрсөн. Э.Тулгаа нь дулааны улиралд Улаанбаатар хот руу явж ажил хийдэг байсан. 2015 оны намар гуйлга хийхэд нь би хамт явсан. Уг нь энэ намар Ц.Жавзандулам, Э.Тулгаа нар хуримаа хийж албан ёсоор гэрлэлтээ батлуулна гэж ярьж байсан. Ц.Жавзандулам, Э.Тулгаа нар өөр хүнтэй албан ёсоор гэрлэж байгаагүй. Хөрш айл учир Ц.Жавзандулам, Э.Тулгаа нарын талаар мэднэ ... гэх,
гэрч Ц.Нэргүйн өгсөн /Ц.Жавзандуламын төрсөн эгч/ ... Ц.Жавзандулам, Э.Тулгаа нар нь 2010 оноос эхлэн үерхэж байсныг би мэднэ. 2012 онд хамт Улаанбаатар хот руу явж ажил хийж байсан. 2013 онд хүү Ж.Мөнхсүлд нь төрснөөс хойш Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг Цагаан давааны 28-9 тоотод хамтран амьдарсан. 2015 оны 9-р сард Э.Тулгаа гуйлгаа хийсэн учир энэ жил хурим хийхээр бэлдэж байсан боловч Э.Тулгаа нь зуурдаар нас барсан ... гэх мэдүүлгүүд,
Иймд хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Боржигон овгийн Цэрэннадмидын Жавзандулам /РД:АЯ94071200/, Боржигон овгийн Энхбаатарын Тулгаа /РД:АЮ92113017/ нарыг 2012 оноос 2016 оны 5-р сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ