Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01413

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023  07  19  210/МА2023/01413

 

 

 

Н.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2023/01830 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Н.*******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.*******ад холбогдох

23,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрмаа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Түмэнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Ч.******* болон түүний охин Г.******* нар 2022 оны 06 дугаар сард Н.*******тэй уулзаад эгч нь Солонгос Улс руу гэрээт ажилтан гаргадаг солонгос компанийн хүмүүстэй хамтарч ажиллаж байна, чи өөрийн хамаатан садан, танилуудаа явуулах боломжтой гэж хэлсэн. Ингээд тэдний хэлж ярьж байгаа бүх зүйлд нь итгээд өөрийн танил хүмүүст хэлж онгоцны тийз болон визний хураамжийг өөртөө цуглуулан Хаан банкны өөрийн ******* тоот данснаас нийт 23,500,000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 5 удаагийн гүйлгээгээр Ч.*******ын 5032774517 тоот данс руу шилжүүлсэн.

1.2. Ч.******* болон түүний охин Г.******* нар элдэв янзын шалтаг хэлж, ярьсан зүйлээ биелүүлээгүй маш их хугацааг өнгөрөөсөн тул өөрөөс болон бусдаас онгоцны тийз болон визний хураамжийг өгсөн хүмүүст эргүүлэн буцаан төлсөн.

Иймд Ч.*******аас 23,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Г.******* нь ээж Ч.*******ын дансыг хэрэглэдэг юм. Н.*******ийн шилжүүлсэн гэх 23,500,000 төгрөгийг Ч.******* аваагүй. Харин Г.******* авч БНСУ-ын визний хураамж, гэрээт ажилтны визний хураамжийн мөнгийг Ц.Нямгэрэлийн данс руу шилжүүлсэн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.*******аас 23,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******өд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч Н.*******ийн 275,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 275,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******өд олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй, хэргийн бодит байдалд нийцээгүй. Н.******* нь Ч.*******ад холбогдуулан 23,500,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ охин Г.******* нар 2022 оны 06 дугаар сард уулзаад эгч нь Солонгос Улс руу гэрээт ажилтан гаргадаг солонгос компанийн хүмүүстэй хамтарч ажиллаж байна, чи өөрийн хамаатан садан, танилуудаа явуулах боломжтой гэж хэлсэнд итгээд өөрийн танил хүмүүсийн тийз, визний хураамжийг өөртөө цуглуулан дансанд 23,500,000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарлан бичсэн байдаг.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын мэдүүлэг зэргээр бодит байдал дээр Ч.******* нь Н.*******тэй уулзаж байгаагүй, түүний шилжүүлсэн гэх мөнгийг өөрөө захиран зарцуулаагүй, гэрч Ц.Нямгэрэлд шилжүүлсэн үйл баримт тогтоогддог. Үүнийг шүүх харгалзан үзэлгүй бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийн, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.2. Хариуцагч Ч.******* нь өндөр насны тэтгэвэрт байдаг, 80 настай. Харин түүний охин Г.******* нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа Н.*******ийн нэхэмжлэлтэй хэрэг мөн шүүх дээр хянагдаж байгаа, давхардуулан нэхэмжлэл гаргасан, Н.*******өөс шилжин орсон мөнгийг ээжийнхээ дансаар авч Ц.Нямгэрэлд шилжүүлсэн тухай дурдаж, үүнийг нь гэрч Ц.Нямгэрэл мэдүүлэн дансны хуулгаа авч ирж өгөх тухайгаа хэлсэн боловч шүүх анхаарч үзээгүй. Ч.*******ын дансыг охин Г.******* нь ашиглаж Н.*******өөс орж ирсэн мөнгийг Ц.Нямгэрэлд шилжүүлсэн нөхцөл байдалд анхан шатны шүүхээс буруу дүгнэлт хийснээс болж 80 настай тэтгэврийн хөгшин 23,000,000 төгрөгийг төлөхөөр болсон нь шударга ёсонд нийцэхгүй.

4.3. Мөн Ч.******* бодит байдал дээр нэхэмжлэгчээс орж ирсэн мөнгийг хувьдаа захиран зарцуулаагүй, бараг дансанд нь тэр хэмжээний мөнгө орж ирснийг ч мэдээгүй, Н.*******тэй уулзан Солонгос Улс руу хүн гаргаж өгнө гэх зэргээр уулзан явах ямар ч боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Ч.*******ад холбогдуулан 23,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Н.*******тэй 2022 оны 06 дугаар сард Ч.******* болон түүний охин Г.******* нар уулзаад Солонгос Улс руу гэрээт ажилтан гаргадаг хүмүүстэй хамтарч ажиллаж байна, хамаатан садан, танилуудаа явуулах боломжтой гэж хэлсэн ... 23,500,000 төгрөгийг Ч.*******ын данс руу шилжүүлсэн. Ч.******* болон түүний охин Г.******* нар элдэв янзын шалтаг хэлж, ярьсан зүйлээ биелүүлээгүй ... гэж тайлбарлажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл тодорхой бус, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

3.1. Нэхэмжлэгч нь маргаан бүхий харилцаанд хариуцагч Ч.*******аас гадна түүний охин Г.******* оролцсон, мөн үүргээ биелүүлээгүй талаар нэхэмжлэлдээ дурджээ. Гэтэл хариуцагч нь уг асуудалд өөрөө холбогдолгүй, түүний дансыг охин Г.******* ашиглан мөнгийг шилжүүлэн авсан гэх агуулга бүхий татгалзал гаргасан байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаа тодорхойлох боловч ийнхүү тодорхойлох болсон үндэслэл нь нэхэмжлэлд тодорхой тусгагдсан байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь түүний эрх, ашиг сонирхлыг хэн, хэрхэн зөрчсөн гэж үзэж байгаагаа нэхэмжлэлд тодорхой тусгаснаар мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдана.

3.2. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байгааг зохигчоос тодруулах ажиллагааг хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд талуудыг мэтгэлцсэн, маргааны үйл баримт бүрэн тогтоогдсон гэж дүгнэх боломжгүй байна.

4. Давж заалдах шатны шүүхэд дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2023/01830 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

 

Д.ЗОЛЗАЯА