Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01579

 

 

 

 

 2023 08 09 210/МА2023/01579

 

Н.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2023/01730 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Н.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Тэтгэмжийн зөрүү 73,478,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бундсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад Монгол улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 235 дугаар зарлигаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр шүүгчийн албан тушаалаас хүсэлтээрээ чөлөөлөгдөхөд нэг удаа олгох тэтгэмжийг буруу тооцож, дутуу олгосон.

1.2. Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 46, 47 дугаар зүйлүүдэд Шүүх, шүүгчийн эдийн засгийн баталгаа, шүүгч түүний гэр бүлийн гишүүний нийгмийн баталгааг хэрхэн хангах талаар хуулиар зохицуулсан байна. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хууль 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн бөгөөд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн A/192 дугаар "Дундаж цалин хөлс тодорхойлох журам, мөн хугацаанд мөрдөгдсөн. Дээрх журмын 1 дүгээр зүйлийн 1.3-т "Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ" гэж,

Мөн журмын 2 дугаар зүйлийн 2.1.1-д нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хуваана" гэж,

2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж хуульчилсан байна.

1.3. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс үндсэн цалингаар тооцож, 100,800,000 төгрөгийн тэтгэмж олгосон бөгөөд дээр дурдсан хуулийн заалт, журмыг баримтлаагүй, хэрэгжүүлээгүй эрх зүйн байдлыг дордуулсан.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт "Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно" гэж зааснаар олгоогүй. Шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3-д ...бусад шүүхийн шүүгчийн орон тоо, бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг тогтоох тухай саналыг Улсын их хуралд уламжлах" гэж заасан бөгөөд Улсын Их Хурлын 2021 оны 01 сарын 14-ний өдрийн 4 дүгээр тогтоолын Шүүгчид нэмэгдэл олгох журамд Шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, Шүүгчийн төрийн алба хаасан нэмэгдэл олгохоор баталсан байна. Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д Шүүгчийн цалин хөлс нь Албан тушаалын цалин, ажлын онцгой нөхцөлийн, Төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл орно" гэжээ.

Иймд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлэхдээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа УИХ-ын холбогдох тогтоол, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай Дундаж цалин хөлс тодорхойлох нийцүүлж, сарын журам зэрэгт дундаж цалингийн хэмжээг 36 сараар тооцож тэтгэмжийн 174,278,700 төгрөгнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өгсөн 100,800,000 төгрөгийг хасаж, зөрүү 73,478,700 төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулна.

1.4. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт үндсэн цалингаас, Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт "...сарын дундаж цалингийн хэмжээгээр" гэж хуульчилсан нь хууль зүйн хувьд хоёр өөр ойлголт юм.

Өөрөөр хэлбэл, Үндсэн цалин, сарын дундаж цалин хоёр нь өөр учраас шүүхийн тухай хууль нь илүү нарийвчилсан, зөвхөн шүүгч нарт хамаарах хуулийн зохицуулалт гэж ойлгоно. Хэрэв адил хэрэглэнэ гэсэн бол хууль тогтоогч хоёр өөр байдлаар томъёолох шаардлагагүй бөгөөд бүх төрийн албан хаагч нарын тэтгэмжийг Төрийн албаны хуулиар зохицуулна гэх байсан. Гэтэл шүүгч нарын хувьд холбогдох хуулиар зохицуулна гэж тусгасан байгааг нэг мөр ойлгох ёстой.

Түүнчлэн Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 4 дүгээр бүлэгт бусад хуульд зааснаар нэг удаагийн тэтгэмж олгох тухай зохицуулсан бөгөөд 4.4-т "Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж, нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй" гэж заасан байхад Шүүхийн ерөнхий зөвлөл энэ заалтыг хэрэгжүүлээгүй гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Н.******* өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаарт хүрсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 235 дугаар зарлиг гаргаж, шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн.

2.2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэг Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн "...сарын дундаж цалин..." гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул "албан тушаалын цалин", "нэмэгдэл", "тэтгэмж" гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зөв юм.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3 дахь хэсэгт зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог.

Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоосон байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн ...сарын дундаж цалин.." гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм. Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог.

Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа. Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно.

2.3. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт цалин хөлс гэсэн ойлголтыг бүрдүүлнэ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт "Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж заасан байна.

Албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Шүүгчид нэмэгдэл олгох журмаар баталсан. Үүнд: Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар докторын зэргийн нэмэгдэл, Шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл /Улсын Их Хурлын 04 тогтоолын 1 дүгээр хавсралт/, Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл/ Улсын Их Хурлын 04 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт/-ийг тус тус баталсан. Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид нэг удаа олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм.

2.4. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог. Харин Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн "... авч байсан сарын дундаж цалин..." нь Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин бөгөөд 36 сарын тэтгэмжийг "албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны" нэмэгдлээс тооцох үндэслэлгүй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно" гэж заасныг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлэхдээ Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох тэтгэмжийн зөрүү 73,478,700 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Н.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхэд 39 жил ажилласнаас 36 жил шүүгчээр ажиллаж, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан "... шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр нэг удаа тэтгэмж олгоно" гэсэн хуулийн заалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл хэрэгжүүлээгүй, албан тушаалын үндсэн цалингаар тооцож нэг удаа тэтгэмж олгосон нь хуулийг илт буруу хэрэглэж, миний эрхийг зөрчсөн.

4.2. Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа холбогдох хуулийн заалтыг үндэслэн тайлбарласан ба хариуцагч талын төлөөлөгчид миний тайлбартай холбогдуулан "тайлбар байхгүй, мэтгэлцэхгүй" гэсэн болно.

4.3. Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ миний шаардлагыг нэг бүрчлэн бичсэн атлаа үндэслэл болгосон хуулийн заалтуудыг үгүйсгэж, няцааж байгаа үндэслэлээ гаргаагүй, хууль зүйн тайлбар хийлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Тухайлбал, нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгосон Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 1 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 2 дугаар зүйлийн 2.1.1 дэх заалт, 2.3 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4.4 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа хууль зүйн тайлбар хийсэнгүй.

4.4. Нөгөө талаар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан "...шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр нэг удаа тэтгэмж олгоно" гэсэн хуулийн заалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл хэрэгжүүлээгүй, албан тушаалын үндсэн цалингаар тооцож нэг удаа тэтгэмж олгосон нь нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр олгогдсон субъектив эрх зөрчигдсөн гэсэн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж маргасан байхад энэ нь нийтийн эрх зүйн харилцаанд хамаарч байгаа эсэхийг шалгаж, хууль зүйн дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгох байтал нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож миний эрхийг ноцтой зөрчсөн.

Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2023/01730 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагч гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг дэмжиж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан тэтгэмжийн зөрүү 73,478,700 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 19-20 дугаар тал/

3. Анхан шатны шүүх Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмжийг олгохдоо сарын дундаж цалингийн хэмжээгээр тооцохоор зохицуулсан байх тул үүнд нэмэгдэл хамаарна гэж үзэх үндэслэлгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгосон*******ийн даргын тушаал Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийг зөрчөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

3.а. Нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй буюу иргэний хэргийн шүүхийн харьяаллын маргаанд хамаарахгүй байна.

3.б. Анхан шатны шүүх тухайн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан хэргийн харьяалал зөрчсөн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах журамд нийцээгүй байна.

3.в. Нэхэмжлэгч Н.******* нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэн өндөр насны тэтгэвэрт гарах үед олгогдох тэтгэмжийг албан тушаалын үндсэн цалингаар бус хуульд заасан нэмэгдлийн хамт сар бүр авч байсан цалин хөлсийн дунджаар тооцож олгоогүй гэж маргасан тул зохигчийн хооронд үүссэн энэхүү маргаан нийтийн эрх зүйн харилцаанд хамаарна.

4. Иймд анхан шатны шүүх харьяаллын бус хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2023/01730 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Н.*******гийн нэхэмжлэлтэй Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох тэтгэмжийн зөрүү 73,478,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ш.ОЮУНХАНД

  ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

С.ЭНХБАЯР