Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 389

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 3-р баг Цогт-Уулын 19-01 тоотод оршин суух Байчууд овогт Жамъянгаравын Өлзийсайхан /РД:АП92120700/-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 6-р баг Баянбулагийн 3-02 тоотод оршин суух Дорж овогт Бямба-Очирын Лундаажанцан /РД:АП91031915/-д холбогдох

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ж.Өлзийсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Өлзийсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Лундаажанцантай 2014 оны 5-р сараас үерхэж эхлээд 2014 оны 8-р сард жирэмсэн болсон. Бид хоёрын дундаас хүү Мөнх-Оргил 2015 оны 4-р сарын 16-ны өдөр төрсөн. Лундаажанцан намайг жирэмсэн болсноос хойш ааш зан хувирч, үзэгдэхээ байж, холбоо барихдаа утсаар дарамтлан загнаж, бүх буруугаа над руу хийж загнадаг. Лундаажанцан өөр амьдрал зохиох гэж байгаа. Цаашид хүү бид 2 түүнтэй хамтран амьдрах хүсэлгүй байна. Иймд хүү Мөнх-Оргилын эцгээр хариуцагч Лундаажанцанг тогтоож, хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Лундаажанцан:

2016 ны 3-р сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Өлзийсайхантай нь үерхэж нь үнэн, гэр бүл болж, хамтран амьдарч байгаагүй. Мөнх-Оргилыг миний хүү мөн гэдэгт эргэлзэж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байна гэжээ.

2016 оны 3-р сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: Миний хувьд Өлзийсайханыг элдвээр хэлж, үгээр доромжилж байсан үйлдэл байгаагүй. Өлзийсайхан намайг ажил хийлгэхгүй гэж хэт хартай одоогийн залуучуудад байхгүй зан гаргадаг байсан. Би болон миний гэр бүл болж бүтээх гэж их хичээсэн. Цаашдаа Өлзийсайхантай хамт амьдрахгүй, шинжилгээгээр Мөнх-Оргил миний хүү мөн гэж тогтоогдвол би өөрөө авч өсгөнө гэжээ.

                        Хэрэгт авагдсан, шинжлэн судласан нотлох баримтууд:

            -           Байчууд овгийн Жамъянгаравын Өлзийсайхан /РД:АП92120700/-ы иргэний үнэмлэхийн хуулбар /ХХ-н 3-р тал/,

            - Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 4-р тал/,

            - “Ар манал” ӨЭМТ-ийн тодорхойлолт /ХХ-н 5-р тал/,

            - Байчууд овгийн Өлзийсайханы Мөнх-Оргил /РД:АЮ15241612/-ын төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /ХХ-н 6-р тал/,

            - Дорж овгийн Бямба-Очирын Лундаажанцан /РД:АП91031915/-ы иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ-ын 15-р тал/,

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6-р сарын 7-ны өдрийн 2977 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ын 25-26-р тал/.

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Өлзийсайхан нь Б.Лундаажанцанд холбогдуулж эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагчийн зүгээс Ө.Мөнх-Оргилыг өөрийн хүүхэд мөн эсэхэд эргэлзэж байгаа болохоо илэрхийлсэн.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

                        Хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхэд Дорж овгийн Бямба-Очирын Лундаажанцан нь 2015 оны 4-р сарын 16-ны өдөр төрсөн Өлзийсайханы Мөнх-Оргилын биологийн эцэг болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6-р сарын 7-ны өдрийн 2977 дугаартай ... хүний геномын микросателлит ... локусын аллелиар Б.Лундаажанцан нь Ө.Мөнх-Оргилын биологийн эцэг байх боломжтой, Б.Лундаажанцан нь Ө.Мөнх-Оргилын биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99%-ийн магадлалтай байна ... гэх шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон, шинжээчийн дүгнэлт гаргах үйл явцад Б.Лундаажанцан хамрагдсан болно. 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар эцэг тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчтэй гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч эцгийн хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг хариуцагч хуульд зааснаар хүлээж байгаа тул хүү Ө.Мөнх-Оргилыг  эцэг Б.Лундаажанцангаар нь тэжээн тэтгүүлэхээр тогтоож байна. 

            Зохигч нь хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр хүү Ө.Мөнх-Оргилыг  сар бүр эцэг Б.Лундаажанцангаар нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

            Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь  нээлттэй, мөн уг шийдвэрээр хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

 

 

 

 

 

            Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Лундаажанцангаас 98 827 төгрөг гаргуулж, 70 200 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Өлзийсайханд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 28 627 төгрөгийг орон нутгийн орлогод тус тус олгов.

                        Хариуцагчид  шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч хүндэтгэн үзэх шалтгааны талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэв.

                        Шүүхийн зүгээс хариуцагч талд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийг танилцуулсан бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх эрхээ хэрэгжүүлэх хүсэлт гараагүй.

Нэхэмжлэлийн шаардлагад шууд холбогдуулан гаргаагүй тул хариуцагчийн гаргасан Ж.Өлзийсайханы ар гэр, амьдралын боломжийн талаар тодорхойлолт гаргуулах, Дархан-Уул аймгийн Анагаахын дунд сургуулийн дипломыг эх хувиар авч ирүүлэх тухай хүсэлтүүдийг шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2015 оны 4-р сарын 16-ны өдөр төрсөн хүү Өлзийсайханы Мөнх-Оргилын эцгээр Бямба-Очирын Лундаажанцанг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Ө.Мөнх-Оргилыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Лундаажанцангаар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ж.Өлзийсайханд даалгасугай.

 

            3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 98 827 төгрөг гаргуулан 70 200 төгрөгийг Ж.Өлзийсайханд, 1 жилийн хугацаанд төлбөл зохих 1 хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 28 627 төгрөгийг орон нутгийн орлогод тус тус олгосугай.

 

            5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Иргэний гэр бүл бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Т.БАДРАХ