Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/01653

 

      

    2023        08           23                                       210/МА2023/01653

 

Ш.цын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч даргалж Ш.Оюунханд, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүүргийн сарын 17-ны өдрийн 101/ШШ2023/01207 дугаар шийдвэртэй,

 

            Ш.цийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

            2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн анхны дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Азжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Ш.ц, “Мөнхнамир” ХХК нар нь “Голомт банк” ХХК-д 265,985,813 төгрөгийн өр төлбөрийг төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох Ш.цийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 11 дүгээр гудамжны - хаягт байрлах, 451.6 м.кв талбайтай хувийн сууц, хүнсний дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт орших байх эрхийн -улсын бүртгэлийн дугаартай, 313 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын үнэлгээг 2021 оны 8 дугаар сард “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-аас 547,264,100 төгрөгөөр тодорхойлсон.

1.2. Үүнээс хойш барилгын материалын хомсдлын улмаас үл хөдлөх эд хөрөнгийн үнэ огцом нэмэгдсэн тул нэхэмжлэгч үнэлгээ хийлгэсэн ба “Хос стандарт” ХХК-аас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 766,100,000 төгрөгөөр тодорхойлсон.

1.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасны дагуу “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн хийсэн үнэлгээнээс хойш 8 сарын дараа зах зээлийн үнэлгээ 40 хувиар өссөн буюу 218,835,900 төгрөгөөр өссөн байх тул дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан боловч ахлах шийдвэр гүйцэтгэгч дахин үнэлгээ хийлгэх хүсэлтийг хангаагүй.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2 дугаар хэлтсийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/01856 дугаар захирамжаар Ш.ц, "Мөнхнамир" ХХК нараас 259,435,813 төгрөгийг гаргуулж “Голомт банк” ХХК-д олгох, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ш.цийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн -, -дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 11 дүгээр гудамж - хувийн сууц, газрын хамтаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

2.2. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр битүүмжлэн, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд үнийн санал дээрээ харилцан тохиролцоогүй тул шинжээч томилж, шинжээч хөрөнгийг 547,264,100 төгрөгөөр үнэлсэн болохыг 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгээр талуудад баталгаат шуудангаар мэдэгдсэн.

Төлбөр төлөгч Ш.ц нь хөрөнгийн үнэлгээний талаар эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны 183/ШШ2021/02533 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

2.3. Төлбөр төлөгч Ш.цийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн үнэлсэн 547,264,100 төгрөгийн 70 хувь болох 383,084,870 төгрөгөөр 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5/32 дугаар тогтоол, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 4-140/8940 дугаар албан бичгийг тус тус 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн.

2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн анхны дуудлага худалдаа явуулах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Ш.цийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгсдэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09 өдрийн дугаар 01856 шийдвэрээр, хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 264,435,486 төгрөгийг гаргуулж “Голомт банк” ХХК-д олгох, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Тус төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 11 дүгээр гудамжны - хаягт байрлах, 451.6 м.кв талбайтай хувийн сууц, хүнсний дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, -улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 11 гудамжны -, - нэгж талбарын дугаартай, 313 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан.

4.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх хөрөнгийг “Хөрөнгө зстимэйт” ХХК-аар үнэлүүлж, 547,264,100 төгрөгөөр үнэлэгдсэн тухай үнэлгээний тайланг ахлах шийдвэр шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн мэдэгдлээр надад мэдэгдсэн. Тухайн үнэлгээг бидний зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Тодруулбал, үнэлгээ тогтоосон хугацаанаас хойш үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханш ойролцоогоор 40 хувиар өссөн байна. Тус үл хөдлөх эд хөрөнгийн бүтэц, хийц, гадна тохижилт, ашиглалтад орсон он, байршиллийг авч үзэхэд ойролцоо үл хөдлөх эд хөрөнгүүдээс хэт доогуур үнэлсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасны дагуу үүргийн гүйцэтгэл хангуулахаар хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг дахин үнэлгээ тогоох шаардлагатай байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон хөрөнгийн үнэлгээний тайлан хуульд заасны дагуу явагдсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Ш.ц нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн анхны дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2021/01856 дугаар шийдвэрээр “Мөнхнамир” ХХК, Ш.ц нараас 264,435,486 төгрөгийг графикийн дагуу “Голомт банк” ХХК-д төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гүйцэтгэх хуудас бичигдэж, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж ажиллагаа явагдсан байна.

 

3.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явуулж Ш.цийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 11 дүгээр гудамжны - хаягт байрлах, 451.6 м.кв талбайтай хувийн сууц, хүнсний дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт оршин байх эрхийн -улсын бүртгэлийн дугаартай, 313 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр битүүмжилж, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хураажээ.

Хариуцагч байгууллагаас 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр томилогдсон шинжээчийн үнэлгээг төлбөр төлөгч эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 сарын 02-ны өдрийн 183/ШЗ2021/02571 дугаар захирамжаар түдгэлзүүлж, шинжээчийн үнэлгээг мөн шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2021/01052 дугаар шийдвэрээр хүчингүй болгожээ.

 

4. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр дахин битүүмжилж, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр дахин хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийн талаар талууд тохиролцоогүй тул үнэлгээ хийлгүүлэхээр шинжээч томилсон, шинжээч “Хөрөнгө-Эстимэйт” ХХК 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр барьцаа хөрөнгүүдийг 547,267,100 төгрөгөөр үнэлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

 

4.1. Төлбөр төлөгч Ш.ц нь барьцаа хөрөнгүүдийг үнэлсэн “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2021/02533 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 265 дугаар магадлалаар хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 001/ХТ2022/00337 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзжээ.

 

4.2. Иймд хариуцагч байгууллагаас албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах хөрөнгийг 547,267,100 төгрөгөөр тогтоосон ажиллагаа хуульд нийцсэн, шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй юм.   

 

5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 5/32 дугаар тогтоол хууль зөрчөөгүй тул хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

5.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна” гэж заажээ. “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн гаргасан 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн үнэлгээнд төлбөр төлөгчийн гаргасан гомдлоор иргэний шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, уг ажиллагааг дууссны дараа хариуцагч байгууллага анхны албадан дуудлага худалдааны тогтоолыг 2022 оны 04 дүгээр сарн 26-ны өдөр гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй юм.

 

5.2. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримт болох “Хос стандарт” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн үнэлгээний тайланд дээр дурдсан хөрөнгийг нийт 766,100,000 төгрөгөөр үнэлжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болохоор заасан боловч төлбөр төлөгчөөс энэ талаарх хүсэлтээ шийдвэр гүйцэтгэгчид гаргаагүй байна.

Учир нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 4-140/325 тоотоор төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгаланд өгсөн “хариу мэдэгдэх хуудас” гэх баримтаас дүгнэвэл төлбөр төлөгч тал нь шинжээчийн дүгнэлт болох 547,264,100 төгрөгөөс албадан дуудлага худалдааны үнийг хуульд заасан 70 хувиар тооцож 383,084,870 төгрөгийн үнэлгээг зөвшөөрөхгүй гэсэн агуулгатай гомдол гаргажээ.

Иймд холбогдох хүсэлтийг шийдвэр гүйцэтгэгчид гаргаагүй тул уг ажиллагаатай холбоотой дүгнэлт өгөх боломжгүй болно.   

 

5.3. Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5/32 дугаар тогтоол хуульд нийцсэн тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргах тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримталсан нь буруу юм. Нэхэмжлэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8-д заасан хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаа буюу худалдан борлуулах ажиллагааны үндэслэл болсон эрхийн акт болох анхны албадан дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагатай байх тул мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах зохицуулалтыг хэрэглэх байжээ.

 

5.4. Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэнд холбогдохыг буюу хариуцагчийн нэрийг орхигдуулж бичсэнийг залруулах нь зүйтэй байна.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүүргийн сарын 17-ны өдрийн 101/ШШ2023/01207 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/32 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай Ш.цийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.цаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД

 

                                         ШҮҮГЧИД                                      С.ЭНХБАЯР

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА