| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0013/Э |
| Дугаар | 22 |
| Огноо | 2018-12-24 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 22
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У, улсын яллагч Э.Г, хохирогч Д.Г, шүүгдэгч А.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гэрэлмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт А.Тд холбогдох эрүүгийн 1806091292059 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Яллагдагч А.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Гыг хэл амаар доромжиллоо гэх шалтгааны улмаас шалны модоор эгэм тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь зүүн эгэм ясны далд зөрүүтэй хугарал, эгэм орчмын зөөлөн эдийн шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Т мэдүүлэхдээ: “…2018 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр манай ах эгч хоёрын байшинд хохирогч нь дээврийн засал хийх гээд очсон байсан юм байна лээ. Намайг очиход нэг шил архи уугаад сууж байсан. Би хамт ууж суусан. Ганбат нь дахиж дэлгүүр явж архи авчираад ирсэн. Дараа нь гарч бие засаад орж ирэхдээ машинаа хэдэн төгрөгөөр авсан юм гэж асуусан. Би 14.800.000 төгрөгөөр лизингээр авсан гэж хэлсэн. Тэгэхэд “чи битгий худлаа ярь” гэж намайг хэл амаар доромжилсон. Тэгж хэлснээс болж хоорондоо маргалдсан. Намайг нэг цохисон. Ахиад үнсний сав авч чулуудах гээд байхаар нь би биеэ хамгаалж шалны мод аваад цохисон. Гарсан зардлыг нь төлнө.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Г мэдүүлэхдээ: “...Намайг янз бүрээр доромжилж хэлсэн. Тухайн үед найзын эхнэр одоо маргалдахаа боль гэж хориж байх хооронд шалны модоор цохисон. Би хохирлоо барагдуулчихвал гомдолгүй.” гэв.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 3/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Гын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 4-7/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.Тын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-8/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 518 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-10/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.Тын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-17-20/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-12/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-13/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гэрэлмаагаас шүүгдэгч А.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Гыг хэл амаар доромжиллоо гэх шалтгааны улмаас шалны модоор эгэм тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь зүүн эгэм ясны далд зөрүүтэй хугарал, эгэм орчмын зөөлөн эдийн шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч А.Тыг 2018 оны 11 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Гыг цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Гын хохирогчоор өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 10 цагийн үед Баянзүрх дүүргийн 28-р хороонд байдаг найз Ууганбаярын гэрт би ганцаараа тэдний байшингийн таазыг янзалж өгөх гэж очсон. Намайг очиход Ууганбаяр, түүний эхнэр Мөнхзул нар байсан. Бид нарыг архи уугаад сууж байхад 23 цагийн үед Мөнхзулын найз дүү Тэгшжаргал ганцаараа ирсэн. Бид нар ярьж хөөрөөд нилээн суусан ба 02 цагийн үед байх Ууганбаяр унтсан байсан ба Тэгшжаргалаас би машинаа хэдээр авсан юм гэж асуусан чинь надад баярхаад 14 сая төгрөгөөр гэхээр нь би наадах чинь юу гэж 14 сая байдаг юм 12, 13 сая л байгаа гэсэн чинь Тэгшжаргал уурлаад, үүнээс болоод маргалдаад би хөнгөн цагаан хөнгөн тамхины үнсний сав шидсэн чинь Тэгшжаргал боссон, би ч бас боссон. Тэгтэл Мөнхзул Тэгшжаргал бид хоёрын голоор орж ирээд намайг тэврээд холдуулах гэтэл Т шалны модоор миний зүүн талын эгэм рүү 1 удаа цохисон чинь зүүн талын гар унжсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 4-7 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.Тын гэрчээр өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би Баянзүрх дүүргийн 28-р хороо, Хужирбуланд хуурай эгч Мөнхзулынд 22 цагийн үед очсон. Намайг очиход Мөнхзул, түүний нөхөр Ууганбаяр, түүний найз Ганбат нар архи уугаад талдаа оруулчихсан байсан. Мөнхзул эгч уугаагүй эрүүл, Ганбат, Ууганбаяр ах хоёр халамцуу байсан, архинаасаа надад хийж өгсөн. Г надаас чи энэ машинаа хэдээр авсан гэхээр нь би 14.800.000 төгрөгөөр авсан гэсэн чинь Гбитгий худлаа яриад бай 12 сая гэдэг юм гэхээр нь би үгүй дээ, би лизингээр авсан гэж хэлсэн. Гэтэл Ганбат чи бөгсөө худалдаж авчихаад, чиний ал чинь 15 сая төгрөгийн үнэтэй юм уу гэхээр нь би чамд хамаагүй гэж хэлсэн чинь шууд над руу дайраад миний баруун гарын булчин руу гараараа цохиод намайг түлхсэн, Мөнхзул эгч дундуур ороод салгасан чинь Ганбат аяга бариад миний баруун гарын эрхий хурууны дээд талд цохисон тэгэхээр нь би айгаад хаалга руу гарах гэсэн чинь намайг түлхээд гаргаагүй. Би айсандаа шалны модоор зүүн талын эгэм рүү нь нэг удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-8/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дугаар сарын 22-ны өдрийн 518 дугаар,
1. Д.Гад зүүн эгэм ясны далд зөрүүтэй хугарал, эгэм орчмын зөөлөн эдийн шарх гэмтэл тогтоогдлоо
2. Дээрх зүүн эгэм ясны далд зөрүүтэй хугарал нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах ШЭГЗТЖ-ын 2.3.1-д заасан “ХҮНДЭВТЭР” зэргийн гэмтэл болно.
3. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт нь эмчилгээ, эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хх-10/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч А.Тын ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч А.Тыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “...энэ хугацаанд би ажилгүй байсан. Тэгэхээр 1.500.000 төгрөгийг 1 сараар тооцож 3.000.000 төгрөг. Мөн эмчилгээний зардалд 385.000 төгрөг нэхэмжилж байна” гэж баримтуудыг ирүүлсэн боловч нотлох баримтын шаардлага хангасан гэх 339.970 төгрөгийг шүүгдэгч А.Таас гаргуулж хохирогч Д.Гад олгож шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл эмчилгээний зардал 169.970 төгрөг, бензиний зардал 170.000 төгрөг, нийт 339.970 төгрөгийн зардлыг тооцож, харин урд нь ажиллаж байхдаа олж байсан орлого хэмээн бүртгэлийн дэвтэр хуулбарлан ирүүлсэнийг шүүх нотдох баримтын шаардлага хангаагүй баримт гэж үзэн ханган үндэслэлгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.