Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 392

 

 

 

 

 

 

                                                   

 

 

 

 

 

 

                                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 13-р хороо, Рашаантын 4-253 тоотод оршин суух, Боржигон овгийн Цэдэвсүрэнгийн Галбадрах /РД:ФД63123018/-ын

Архангай аймгийн Барилга угсралтын конторт 1986 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нормчин, бетон арматурчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт бүхий иргэний хэргийг хэлэлцэв.

 

                                                    Шүүх хуралдаанд:

                                                    Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Болор-Эрдэнэ,

                                                    шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

                                                            

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

                                                   

Хүсэлт гаргагч Ц.Галбадрах нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Миний Архангай аймгийн Барилга угсралтын конторт 1986 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1990 ны 12-р сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нормчин, бетон арматурчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв. 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болор-Эрдэнэ шүүх хуралдаанд хүсэлтийг дэмжихдээ: Ц.Галбадрах нь Архангай аймгийн Барилга угсралтын конторт 1986 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан бөгөөд хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул шүүхэд хандаж байна.

Иймд Ц.Галбадрахын дээрх хугацаанд Архангай аймгийн Барилга угсралтын конторт бетон арматурчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Нормчноор ажиллаж байсныг нь тогтоолгохгүй гэв.

 

                                                            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

                                                            Хүсэлт гаргагч Ц.Галбадрах нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

                                                            Хүсэлт гаргагч Ц.Галбадрах нь Архангай аймгийн Барилга угсралтын конторт 1986 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд бетон арматурчнаар ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

                                                    1. Архангай аймгийн Архивын тасгаас олгосон:

                                                    - Цэдэвсүрэнгийн  Галбадрахын Барилга угсралтын конторт бетон арматурчнаар 1986 оны 1-3, 5-6, 8-9, 11-12, 1987 оны 1-12, 1988 оны 1-3, 5-9, 1989 оны 1-3, 5, 10-12, 1990 оны 2-3, 5-9 дүгээр саруудад ажиллаж авсан цалингийн тодорхойлолт,

                                                    2. Ц.Галбадрахын ажиллаж байсан байдлын талаар

                                                    гэрч Э.Энхцэцэгийн өгсөн ... Би 1986 онд Барилгын техникумыг барилгын техникч мэргэжлээр төгсөж ирээд Архангай аймгийн Барилга угсралтын конторт ажилд орсон. Намайг 1987 оноос 1990 оныг хүртэлх хугацаанд Хүнсний үйлдвэрийн барилга дээр ажиллаж байхад Ц.Галбадрах нь уг барилга дээр барилга угсралтын ажилчнаар тасралтгүй ажиллаж байсан. Би 1987 оноос 1990 оныг хүртэлх хугацаанд Барилга угсралтын конторт Ц.Галбадрахтай хамт ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ ... гэх,

                                                    гэрч А.Мягмарсүрэнгийн өгсөн ... Би 1980 онд Архангай аймгийн Барилга угсралтын конторт засал чимэглэлчнээр ажилд ороод уг байгууллагыг хувьчлагдах хүртэл хугацаанд ажилласан. Ц.Галбадрах нь 1986 оноос 1990 оныг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Барилга угсралтын конторт тасралтгүй ажиллаж байсан. Ц.Галбардах нь ажиллаж байх хугацаандаа Хүнсний үйлдвэрийн барилгын ажил дээр ажилласан. Би Ц.Галбадрахтай хамт ажиллаж байсан учир түүний 1986 оноос 1990 оныг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Барилга угсралтын конторт ажиллаж байсныг нь сайн мэднэ ... гэх мэдүүлгүүд.

                                                     Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

                                                     Хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн хүсэлтийг харгалзан Ц.Галбадрахыг бетон арматурчнаар ажиллаж байсан болохыг тогтоосон болно.        

 

                                                    Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

                                                    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овгийн Цэдэвсүрэнгийн Галбадрахын Архангай аймгийн Барилга угсралтын конторт 1986 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд бетон арматурчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

                                                    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

                                                    3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

               

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Т.БАДРАХ