Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2018/1001/З |
Дугаар | 221/МА2019/0246 |
Огноо | 2019-05-02 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2019/0246
2019 оны 05 сарын 02 өдөр | Дугаар 221/МА2019/0246 | Улаанбаатар хот |
Б.У-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Б.У, түүний өмгөөлөгч Б.Ч, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээд Ш.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д, өмгөөлөгч З.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0122 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.У-н нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0122 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газрын албанд холбогдуулж гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/61 дүгээр дүгээр захирамжийн Ш.Д-д холбогдох хэсгийг, тус дүүргийн Газрын албанаас олгосон 000720975 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрт “ачааны машин багтахгүй гэдэг асуудлыг тэрээр газар дээрээ хэмжилт хийлгэж, эргэлтийн цэг болон орц, гарцын хэмжээг тодорхойлуулсны үндсэн дээр шийдвэрлүүлэхээр захиргааны байгууллагад хандах боломжтой байна” гэсэн байна.
Маргаан бүхий газар нь эргэлтийн цэгтэй, хэмжилтийн зурагтай газар бөгөөд энэ асуудлаар нэхэмжлэгч Б.У нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн засаг даргад гомдол гарган улмаар гомдлыг шийдвэрлэж өгөөгүй тул шүүхэд хандсан байгаа. Гомдлыг захиргааны байгууллага хянан шийдвэрлээгүй талаар баримт хэрэгт авагдсан байгаа. /Орц гарны асуудлыг зургаар тайлбарлав/
...хоёр газар нь хоорондоо хамар хашаагүй, 9 тоот айлын хашаанд бүгд хамаарч байжээ. Иймээс Зм-ийн өргөнтэй нарийн гарцаар орж гарахад бэрхшээлтэй, ачааны автомашинаар түлээ нүүрсээ авахаар хашааны хаалгаар нь багтахгүй, мөн байшин барих гэхээр барилгын материалаа хашаандаа оруулж болохгүй байсан болохоор хашааны хаалгаа зүүн зүгт гаргасан байна.
Түүнчлэн зургаас харахад хуучин гарцыг эргэж сэргээсэн ч ашиглах боломжгүй нь харагдаж байна. Учир нь нарийхан том машин байтугай жижиг суудлын автомашин өглөө орой болгон хүнээр 4 талаа харуулж байж орж гардаг юм. Иймд анхан шатны шүүх орц гарцын асуудлыг шийдвэрлэж өгөлгүй захиргааны байгууллагад ханд гэсэнд гомдолтой байгаа юм.
Дээрх асуудлыг Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т /Хот тосгон бусад суурины нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх ашиглуулахад дэд бүтцийн хангамж, хөгжлийн чиглэл, ариун цэвэр, эрүүл ахуй, галын аюулгүй байдлын шаардлага, газар зохион байгуулалт хот байгуулалтын төлөвлөгөөг үндэслэнэ/ гэж заасныг үндэслэн Ш.Дгийн 96 тоот хаягтай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож орц, гарцын асуудлыг шийдвэрлэж өгнө үү.
2018 оны 1 дүгээр сард хийсэн Ш.Дгийн газар эзэмшихийг хүссэн газрын хээрийн судалгааг Газрын албаны газар зохион байгуулагч Б.Л хийхдээ хэмжилт хийсэн газар нь айлын хашаатай нийлсэн 1 хашаатай байхад тухайн айлаас лавлаж тодруулалгүй тухайн газрын эргэлтийн цэгүүдийг тогтоосон нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаартай тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээ олгох журмын 6 дугаар зүйлийн 6.2.1, 6.2.2, 6.2.4, 6.3, 6.3.1-д заасныг тус тус зөрчин газар олгосон байгаа.
Газар зохион байгуулагч Б.Л үүнийгээ тайлбарлахдаа жижиг төмөр хайсан хашаагаар тусгаарлагдаж байсан гэдэг. Харин 1-р хавтаст хэргийн нэхэмжлэлийн хавсралтад авагдсан зургаас харахад дэлгүүр нь зүүн талдаа үүдний амбаартай, үүдний амбаараас зүүн тийш хэдэн м орчим зайтай төмөр хайс байрласан байгаа нь харагдана. /фото зургийг кадастрын зурагтай харьцуулав/
...2017 оны 5 дугаар сард 9 болон 9б тоот газрууд нь нэг айлын хашаанд 1 гарц орцтой байсан.
...Б.У-н газрын ертөнцийн зүгээр зүүн хил төгссөн байхад байшингийн хананаас нэлээд хэдэн метрийн зайтай байгаа төмөр хайсыг хоёр айлын газрын хил зааг гэж үзсэн нь үндэслэлгүй тайлбар байгаа юм.
Мөн Ш.Дн эзэмшихээр хүссэн газрын хашаа нь тухайн үед хаалга, орц, гарцтай байгаагүй. Энэ нь газрын албаны тайлбарт авагдсан фото зургаар харагдаж байгаа.
Эдгээр баримтуудаас харахад 1 орц гарцтай газрыг хувааж байж хөршүүдтэй нь уулзаагүйн дээр 1 хашаанаас газрыг хувааж байж тухайн айлаас яагаад тодруулж асуугаагүй, тэмдэглэл үйлдээгүй нь Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 6 дугаар зүйлийн 6.2.1, 6.2.2, 6.2.4, 6.3, 6.3.1-д заасныг тус тус зөрчиж газар олгосон байгаа юм.
Дээрх журам зөрчсөн үйлдлүүдийг анхан шатны шүүх “орц, гарц хааж сервитут үүсэх нөхцөл тогтоогдхооргүй байсан нь хэргийн оролцогчдын тайлбар, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн фото зургууд, гэрч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна" гэж дүгнэсэн нь бодит үнэнд нийцэхгүйн дээр хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбарт хөтлөгдөн хэргийн материалыг бүрэн дүүрэн судлалгүй дүгнэлт гаргасан нь учир дутагдалтай байна.
...Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул гомдлыг хүлээн авч давж заалдах журмаар хянан хэлэлцэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянахад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдлын үндэслэлээ “шүүх орц, гарцны асуудлыг шийдвэрлэж өгөлгүй, захиргааны байгууллагад ханд гэсэнд гомдолтой байна, гуравдагч этгээд Ш.Д-д газар эзэмшүүлэхдээ Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 6 дугаар зүйлийн 6.2.1, 6.2.2, 6.2.4, 6.3, 6.3.1-д заасныг тус тус зөрчсөн” гэж тайлбарлан маргажээ.
Маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/61 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Ш.Д-д тус дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу 31 гудамж, 9а тоот хаягт байрлах 130 м.кв газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй...” байх шаардлагад нийцсэн, нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн эзэмшил бүхий газрууд давхцалгүй, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.
Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 6.2.4-д “Шаардлагатай тохиолдолд нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тодруулахдаа хөршүүдтэй нь болон шилжүүлэн авч буй этгээдтэй тохиролцуулж энэ журмын 4 дүгээр хавсралт /Хөршүүдтэй хийсэн тэмдэглэл/-ыг ашиглан тэмдэглэл үйлдэж албажуулах /тухайн нэгж талбартай хил залгаа хөршүүдийг байлцуулах бөгөөд хөршийн төлөөлөл нь эрх зүйн бүрэн чадамж бүхий этгээд байна/”, 6.3-д “Энэ журмын 6.2.4-д заасан “шаардлагатай” гэсэнд дараах тохиолдол хамаарна. Үүнд:” 6.3.1-д “Хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тогтоох” гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл, хэргийн оролцогчдын тайлбар, фото зургуудаар гуравдагч этгээд Ш.Д-д маргаан бүхий газрыг олгохоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хээрийн судалгаа хийх үед нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн газрыг хашаалсан хашаа нь хойд талдаа гарцтай байсан, гуравдагч этгээдэд газар эзэмшүүлснээр нэхэмжлэгчийн эзэмшил газрын орц, гарцыг хаах нөхцөл байдал үүсэхээргүй байсан нь тогтоогдож байх тул дээрх журамд заасны дагуу хөршүүдийг байлцуулан тэмдэглэл үйлдэж албажуулах шаардлагатай тохиолдол үүссэн гэж үзэхээргүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.3.1-д маргаан бүхий захирамж хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд шүүх уг захирамжийг хүчингүй болгохоор заасан.
Энэ тохиолдолд хариуцагчаас гуравдагч этгээд Ш.Д-д маргаан бүхий захирамжаар газар эзэмших эрх олгохдоо холбогдох дүрэм, журмыг зөрчөөгүй, бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх хуульд заасан шаардлагыг хангасан, эрх зүйн зөрчилгүй захиргааны акт байх тул түүнийг хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Эдгээр болон бусад үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Харин нэхэмжлэгчээс орц, гарцтай холбоотой асуудлаар захиргааны байгууллагад хандаж шийдвэрлүүлэх эрхийг энэхүү шийдвэр хязгаарлахгүй болохыг дурдъя.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0122 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН