Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2022/0026

 

Ц.Б-ийн нэхэмжлэлтэй, ЦЕГ-ын даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч                        Х.Батсүрэн

            Шүүгчид                                             М.Батсуурь

                                                                        Д.Мөнхтуяа

                                                                        Ц.Цогт

            Илтгэгч, Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

            Нарийн бичгийн дарга            Т.Даваажаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2021/0768 дугаар шийдвэр, 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 108 дугаар магадлалтай,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 158 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э гаргасан гомдлоор, нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Н нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Нэхэмжлэгч “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/1079 дүгээр “Цэргийн алба хаасны тэтгэвэр хувь тэнцүүлэн тогтоолгохоор албанаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” тушаалын Ц.Б холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, Ц.Б холбогдох хэсгийг хүчингүй болгон, нэхэмжлэгчид цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг бүрэн буюу 36 сараар тооцож бүрэн тэтгэмж тогтоосон акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хэргийн нөхцөл байдал:

2.1 Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/1079 дүгээр тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Хяналт, шалгалт, дотоод аудитын хэлтсийн дотоод аудит хариуцсан ахлах байцаагч цагдаагийн хошууч Ц.Б цэргийн алба хаасны тэтгэвэр хувь тэнцүүлэн тогтоолгохоор 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж, “цагдаагийн хошууч” цолыг хадгалуулж, 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгосон байна.

2.2 Ц.Б нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Цагдаагийн ерөнхий даргад хандаж: “... 1991 оноос хойш улсад 29 жил 6 сар, үүнээс төрийн байгууллагад 23 жил 8 сар, цагдаагийн байгууллагад 12 жил 2 сар тасралтгүй ажилласан. Цагдаагийн албаны тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.5, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасны дагуу 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөр тасалбар болгон цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох” хүсэлт гаргасан. 

2.3 Нэхэмжлэгч Ц.Б хэргийг урьдчилан шийдвэрлүүлэх журмаар 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн албаны зөвлөлд “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны Б/1079 дүгээр тушаалд “хувь тэнцүүлэн тогтоолгохоор” гэснийг хүчингүй болгох эсхүл засах, 36 сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгуулах тухай” гомдол гаргасан; Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 03/581 дүгээр албан бичгээр уг гомдлыг шийдвэрлүүлэхээр Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлсэн; Цагдаагийн ерөнхий газрын 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 5б/1762 тоот албан бичгээр өргөдлийг нь шийдвэрлэсэн байна.  

3. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

3.1 “... Би 1991 оноос улсад ажиллаж эхэлсэн ба төрийн байгууллагад 23 жил 10 сар, төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөрт 5 жил 2 сар, хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааны нэмэгдэл 3 жил нэмж тооцоход нийт 32 жил ажилласан.

 Цагдаагийн ерөнхий газрын даргын ажлаас чөлөөлөх тухай тушаалын дагуу тэтгэвэр тогтоолгохоор Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс Цагдаагийн байгууллагад цагдаагийн цолтойгоор ажилласан 11 жил 9 сарын хугацаан дээр Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т ... иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан нэг жилийг зургаан сараар бодон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож ... цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож болно гэсэн заалтын дагуу иргэний байгууллагад ажилласан 20 жил 2 сарын хугацааг хуульд заасан 6 сарын хугацаанд дүйцүүлж, 10 жил 1 сарыг цагдаагийн байгууллагад ажилласан хугацаагаар тооцож, нийт цэргийн байгууллагад ажилласан хугацаа 21 жил 10 сар болсон тул 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн цэргийн алба хаасны тэтгэврийг 84 хувиар тогтоолгож, тэтгэврээ бүрэн авч байгаа хэдий ч ажлаас чөлөөлөх тухай тушаалд хувь тэнцүүлэн тэтгэвэр олгохоор заасан тул тэтгэврийн дэвтэрт цэрэг-хувь тэнцэж гэсэн бичилт хийсэн.

3.2 Нийгмийн даатгалын байгууллагаар цэргийн тэтгэвэр тогтоолгоход иргэний байгууллагад энгийн ажилласан 1 жилийг 6 сараар тооцож 21 жил 10 сар ажилласнаар тооцож цэргийн бүрэн тэтгэвэр тогтоосон тул 20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй гэсэн шалгуур, болзол хангасан болно. Иргэний нийгмийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан хуваан тооцуулж байгаа учраас заавал цэргийн байгууллагад биеэр алба хаасан байхыг хуулиар шаардаагүй байна” гэжээ.

4. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

4.1 Хариуцагч ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа О.А: “... нэхэмжлэгч Ц.Б нь 2008-2021 оны хооронд цагдаагийн байгууллагад ажилласан ба 20 жил ажиллаагүй тул цэргийн бүрэн тэтгэвэр тогтоох боломжгүй учир 2020 оны Б/1079 дугаар тушаалаар өөрийнх нь хүсэлтийн дагуу хувь тэнцүүлэн цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоосон. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ... нэхэмжлэгч 20 жил ажиллаагүй тул иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацааг цэргийн тэтгэвэрт оруулж тооцох боломжгүй” гэжээ.

5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2021/0768 шийдвэрээр:

5.1 Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 8 дугаар зүйлийн 8.1.2, 8.2.3, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасныг тус тус баримтлан иргэн Ц.Б “Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/1079 дүгээр “Цэргийн алба хаасны тэтгэвэр хувь тэнцүүлэн тогтоолгохоор албанаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” тушаалын Ц.Б холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, Ц.Б холбогдох хэсгийг хүчингүй болгон, нэхэмжлэгчид цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг бүрэн буюу 36 сараар тооцож бүрэн тэтгэмж тогтоосон акт гаргахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

5.2 Шүүх дараах дүгнэлтийг хийсэн:

5.2.1 Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйл. Цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх, 1. Цэргийн алба хаагч нь дор дурдсан үндэслэлээр нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:, 2/ 20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй, 19 дүгээр зүйл. Нэг удаагийн тэтгэмжийн хэмжээ, 1.Цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, цэргийн алба хаагчаар 20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байх бөгөөд мөн нэг удаагийн 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрхтэй байна.

Харин, мөн хуулийн 8 дугаар зүйл Цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх, 2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй:, 19 дүгээр зүйл Нэг удаагийн тэтгэмжийн хэмжээ, 2. Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, цэргийн алба хаагчаар эрэгтэй 25, эмэгтэй 20-оос доошгүй жил ажилласан байх хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авах эрхтэй байх бөгөөд мөн нэг удаагийн 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрхтэй байна.

5.2.2 …нэхэмжлэгч Ц.Б нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/-т 20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй; гэж заасан шаардлагыг хангахгүй байх тул цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоолгож, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д заасан 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг авах эрхгүй юм.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь заалтуудыг үндэслэн цэргийн алба хаагчаар 11 жил 2 сар 29 өдөр ажилласан нэхэмжлэгчийг цэргийн хаасны тэтгэвэр хувь тэнцүүлэн тогтоолгохоор ажлаас чөлөөлж, 18 /арван найм/ сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 108 дугаар магадлалаар:

6.1 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 768 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 8 дугаар зүйлийн 8.1.2, 8.2.3, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2” гэснийгЦэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4, 8 дугаар зүйлийн 1-ийн 2, 2-ийн 3, 19 дүгээр зүйлийн 1, 2” гэж өөрчилж, хуулийн зүйл хэсэг, заалтын бичилтийн алдааг зөвтгөсөн байна.

6.2 Магадлалд хийсэн дүгнэлт:

6.2.1 Иргэний байгууллагад ажилласан нэг жилийг зургаан сараар бодон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож, цэргийн байгууллагад ажилласан жилтэй хамтатган тооцон уг ажилласан жилийн нийт хугацаа нь 20-оос доошгүй жил болсон эмэгтэй ажилтны хувьд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-ийн 2 дахь хэсэгт зааснаар нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүсэх тул нэхэмжлэгчийг цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүссэн гэсэн байдлаар ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/1079 дүгээр тушаалыг буруутгах үндэслэлгүй.

6.2.2 Иймээс нэг удаагийн тэтгэмж олгохдоо тэтгэвэр тогтоох хугацаанд тооцдог энгийн байгууллагад ажилласан жилийг 6 сар цэргийн алба хааснаар бодож нэмсэн хугацаагаар нэг удаагийн тэтгэмжийг тооцож олгох үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э хяналтын журмаар гомдол гаргасан гомдлыг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 158 дугаар тогтоолоор гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

8. Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

8.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2021/0769 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 108 дугаар магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  123 дугаар зүйлийн 123.2.1 дэх хэсэгт заасны дагуу гомдлыг гаргаж байна. Үүнд:

8.1.2 “Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ холбогдох хуульд цэргийн алба хаагчаар ажиллах шалгуурыг хангасан болон иргэний нийгмийн байгууллагад ажилласан хугацааг оруулан тооцох заалтууд аль алинд нь байсаар байхад зөвхөн нэг заалтыг сонгон хэрэглэсэн нь хуульд нийцээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн иргэний нийгмийн байгууллагад ажилласан 20 жил 8 сарын хугацааг дүйцүүлж, 10 жил болсныг цэргийн байгууллагад ажилласан 11 жил 2 сарыг нэмж нийт цэргийн байгууллагад 21 жил 10 сар ажилласанг тооцон хуульд заасан шаардлагыг хангасан байдлаар шийдвэрлээгүйд гомдолтой байна.

8.1.3 Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тэтгэвэрт гарах нөхцөл бүрдэж, тус хуулийн 6.4 дэх хэсэгт заасаар цэргийн алба хаагчаар ажилласан жилийн 21 жил 10 сарын хугацаагаар тооцож цэргийн бүрэн тэтгэвэр тогтоолгох үндэслэл бүрдсэний үндсэн дээр мөн хуулийн 19.1 дүгээр зүйлд заасны дагуу 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг бүрэн авна гэж заасан. Энэ талаар УДШ-ийн 2017.07.02-ны өдөр гаргасан “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тайлбарын  4 дэх заалтын 19 дүгээр зүйлд Цэргийн албан хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэж оруулсан байх тул анхан болон давж заалдах шатны шүүхээс дээд шатны тайлбарыг харгалзах байсан.

8.1.4 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127.2.4 дэх хэсэгт зааснаар нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны 128/ШШ2021/0768 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны  2 дугаар сарын 10-ны өдрийн 108 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

9. Хэргийн бусад оролцогчийн байр суурь:

9.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Н нар хяналтын шатны шүүх хуралдаанд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх байр суурьтай оролцсон.

ХЯНАВАЛ:

10. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

11. Цагдаагийн албаны тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д “цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан үндэслэлээр цагдаагийн алба хаагч тэтгэвэр тогтоолгож, тэтгэмж авах эрхтэй ...”, 91 дүгээр зүйлийн 91.1.5-д “цагдаагийн бага цолтойгоос бусад эмэгтэй алба хаагчийн алба хаах насны дээд хязгаар нь 47 нас  байна” гэж тус тус заасан, нэхэмжлэгч Ц.Б нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргад хандан “... улсад 29 жил 6 сар, үүнээс цагдаагийн байгууллагад 12 жил 2 сар ажилласан, Цагдаагийн албаны тухай хуулийн 91.1.5, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6.4-т заасныг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөр тасалбар болгон цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох, цэргийн алба хаасны нэг удаагийн тэтгэмжийг энэ ондоо багтаан авах”- аар хүсэлт гаргасан; Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/1079 дүгээр тушаалаар цагдаагийн хошууч Ц.Б цэргийн алба хаасны тэтгэвэр хувь тэнцүүлэн тогтоолгохоор 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж, цолыг хадгалуулж, 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор  шийдвэрлэжээ.

12. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар 20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй цэргийн албан хаагч нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй  бол мөн  зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 20 жил /эмэгтэй алба хаагчийн хувьд/ хүрээгүй боловч 10-аас доошгүй жил алба хаасан цэргийн алба хаагч дараах буюу энэ  хэсгийн 3-т заасан “цэргийн алба хаах нас хэтэрч” халагдвал  цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй, энэ тохиолдолд нэхэмжлэгч Ц.Б нь Цагдаагийн байгууллагад цагдаагийн цолтойгоор 11 жил 2 сар ажилласан, цагдаагийн алба хаах насны дээд хязгаарт буюу 47 нас хүрсэн, улмаар цэргийн тэтгэвэр тогтоолгох хүсэлтийн дагуу түүнийг албанаас чөлөөлөх тушаалд түүний “цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгох”-оор гэж заасан нь хууль зөрчөөгүй байна.

13. Түүнчлэн, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаанд цэргийн жинхэнэ алба болон тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаасан нийт хугацааг тооцох”-оор, 4 дэх хэсэгт “энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан болзол хангасан цэргийн алба хаагчийн иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан нэг жилийг зургаан сараар бодон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд  заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож болох”-оор тус тус зааснаас үзэхэд, цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаанд Ц.Б Цагдаагийн байгууллагад алба хаасан нийт хугацаа буюу 11 жил 2 сарыг 29 хоногийг тооцно, харин, түүний иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан 17 жил 8 сар 8 өдөр, уг хугацаан дээр төрүүлсэн 2 хүүхдийнх нь тоогоор нэмсэн 3 жил, улмаар үүнээс “нэг жилийг, зургаан сар” болгон бодсон хугацаа нь Цагдаагийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцогдох хугацаа юм.

14. Иймд, нэхэмжлэгчийн маргаж буй “цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцогдсон учраас” Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан “20-оос доошгүй жил алба хаасан”-д хамаарна гэх үндэслэлийг хүлээж авах боломжгүй, энэ талаар шүүхүүд зөв дүгнэжээ.

15. Мөн, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “цэргийн алба хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно”, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж тус тус заасан,  нэхэмжлэгч Ц.Б нь цагдаагийн офицер эмэгтэй алба хаагчийн хувьд алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, үүний зэрэгцээ Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан учир түүнийг Цагдаагийн албанаас чөлөөлөхдөө нэг удаагийн тэтгэмжийг 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олгохоор шийдвэрлэсэн нь зөв байна.

16. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо “Улсын дээд шүүхийн 2017.07.02-ны өдрийн “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тайлбарыг шүүхээс харгалзаагүй” гэж дурдсан боловч бодит байдалд Улсын дээд шүүхээс албан ёсны ийм тайлбар гараагүй бөгөөд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан “нэг удаагийн тэтгэмж олгох тохиолдол, хэмжээ”-ний талаарх ялгаатай уг зохицуулалтыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 377, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 7, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 260, 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 280 дугаар тогтоолуудаар нэг мөр тайлбарлаж хэрэглэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

17. Дээрх, үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч  Ц.Э гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 108 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧИД                                                                             М.БАТСУУРЬ

                                                                                       Д.МӨНХТУЯА

                                                                                       Ц.ЦОГТ

                    ИЛТГЭГЧ, ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Ч.ТУНГАЛАГ