Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 200

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн Б.У-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *******, ******* байрны зоорийн давхрын 14, 15 тоот, 44А,Б,В,Г дүгээр байрны зоорийн давхрын ******* дүгээр авто зогсоолуудын өмчлөгчөөр “М” ХХК-ийг Y-2206014146, Y-2206014033, Y-220601**** дугаарт бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулж, иргэн Б.У-ыг эдгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, бүртгэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, гуравдагч этгээд “К б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я, өмгөөлөгч Г.Ч, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.У, өмгөөлөгч С.Ц нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.У миний бие “М” ХХК-тай 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Автомашины зогсоол худалдах, худалдан авах гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “B*******”  хотхон ******* байрны *******, ******* байрны зоорийн давхрын 14, 15 тоот нийт 3 автозогсоолыг нийт 13.200 ам доллараар тооцож, төлбөрийг 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдөр бүрэн төлж барагдуулсан. 

Гэрээний дагуу “М” ХХК-аас автозогсоолын өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөлийн нэр дээр бүртгүүлэхийг удаа дараа шаардсаар ирсэн боловч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, “B*******”  хотхоны ******* дүгээр байрны зоорийн давхрын 15 тоот автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч “М” ХХК нь уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд тус шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/01648 тоот шүүгчийн захирамжаар иргэн Б.У-ыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, “B*******”  хотхоны ******* байрны зоорийн давхрын 18 м.кв талбай бүхий ******* тоот, ******* байрны 14, 15 тоот нийт 3 автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон юм.  

Уг захирамжийг үндэслэн автозогсоолуудын өмчлөх эрхийг Б.У-ын нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхээр Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт хандсан боловч...автозогсоолууд байх бөгөөд 2007 он, 2010 оны “К б” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгэлтэй байна...Иймд барьцаалагч болох “К б” ХХК-ын зөвшөөрөлгүйгээр дээрх бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй байна” гэх үндэслэлээр хууль ёсны өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан. 

Миний бие уг хариуг авсны дагуу Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт гомдол гаргасан бөгөөд тус байгууллагаас 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 12/9049 тоот албан бичгээр “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны дагуу “К б” ХХК-д хүсэлт гаргаж, өөрийн өмчийг салгаж бүртгүүлэх зөвшөөрөл авч хавсарган мэдүүлэг дахин гаргана” гэх хариу өгч, намайг автозогсоолын өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан нь  хууль зүйн үндэслэлгүй байна. 

Зүй нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “B*******”  хотхоны ******* байрны зоорийн давхрын 14. 15 тоот ******* байрны ******* автозогсоолууд нь иргэн Б.У миний өмч хөрөнгөөр бий болсон байхад “М” ХХК нь тэдгээрийн өмчлөх эрхийг хууль бусаар өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж, хууль ёсны өмчлөгч болох Б.У надад огт мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр “К б” ХХК-тай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/208 тоот “Зээлийн барьцааны гэрээ”, Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээ”-г байгуулан зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нь миний эрх ашгийг хохироож байна. 

Гэтэл Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасаг нь “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д заасныг зөрчиж, “М” ХХК нь тухайн автозогсоолыг өмчлөх эрхтэй эсэхийг нягтлан шалгалгүйгээр улсын бүртгэлд бүртгэсэн нь мөн хуулийн 7 дугаар зүйлд заасан “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх” шаардлагыг ноцтой зөрчсөн байна.

Түүнчлэн “К б” ХХК нь “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Зээлийн барьцаалсан эд хөрөнгө нь хуулиар хориглоогүй бөгөөд иргэн, хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөөр баригдсан орон сууц, үл хөдлөх эд хөрөнгө, түргэн борлогдох бараа материал, үнэт эдлэл, үнэт цаас болон зээлдүүлэгчээс хүлээн зөвшөөрсөн бусад хөрөнгө байж болно. Зээлийн барьцаанд бариулах үл хөдлөх эд хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч банк, эрх бүхий хүмүүсээс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т “Барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх үүрэгтэй” гэж заасныг тус тус зөрчиж, хууль ёсны өмчлөгч Б.У миний зөвшөөрөлгүйгээр өмч хөрөнгөөр бий болсон үл хөдлөх хөрөнгүүдийг надад огт хамааралгүй зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байх тул миний зүгээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд тус банкнаас зөвшөөрөл авах шаардлагагүй. 

Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл бол гурван ширхэг авто зогсоолыг хууль ёсны дагуу өмчлөх эрхтэй, эрхтэй болохыг тогтоосон иргэний хэргийн анхан шатны шүүгчийн захирамж байгаа. Уг шүүгчийн захирамж хуулийн дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилнэ. Гэтэл захиргааны байгууллага уг шийдвэрт хүндэтгэлтэй хандахгүй, татгалзаж байгаа үйлдэл нь “М” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, барьцаанд байгаа, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэх гурван үндэслэлээр татгалзаж байгаа нь Б.У-ыг өмчлөгч этгээд биш гэж үзэж байна. 

Хариуцагч болон гуравдагч этгээд  “К б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хэлж байгаа Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10 өмнөх барьцааны зүйлтэй холбоотой асуудал, зөвшөөрөл авах асуудал бол шүүхийн шийдвэргүйгээр мэдүүлэг гаргасан иргэдэд энэ хариуг өгч татгалзах үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн үндсэн дээр бүртгүүлэх гэж байхад бүртгэхээс татгалзаж байгаа үйлдэл нь буруу юм. Хянан шалгах ажиллагааны явцад хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн баримтуудаас үзэхэд 2007 онд 55 хувийн гүйцэтгэлтэйгээр блок тус бүр дээр улсын бүртгэлд бүртгүүлэн “М” ХХК-ийн нэр дээр гэрчилгээ гаргуулан “К б” ХХК-нд барьцаалсан байдаг. Улмаар 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нийт талбайн хэмжээгээр бүртгэсэн бүртгэлийг блок тус бүр дээр нь м.кв талбайг нь хувааж 90 хувийн гүйцэтгэлтэйгээр дахин гэрчилгээ олгосон байдаг. Үүнийг анхнаасаа хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна. 2004 оны эрхийн улсын бүртгэгчийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг хөтлөх журмын 4 дүгээр зүйлийн 4.10, 4.11-т заасан журмыг огт үйл ажиллагаандаа биелүүлээгүй.  2007 оноос хойш барьцааны гэрээтэй байхад барьцааны үүргийн гүйцэтгэл хангагдсан эсэхийг улсын бүртгэлийн байгууллага хяналт шалгалт хийх эрхээ хэрэгжүүлээгүй, дахин нэмж гэрчилгээ гаргаж байгаа нь үүргээ хангалттай биелүүлээгүй гэж харагдаж байна.  

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх Тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн ******* дүгээр байрны зоорийн давхрын 15 тоот, 18м.кв талбайтай, автозогсоолын үл хөдлөх хөрөнгийг 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “М” ХХК /РД:2714728/ нь эрхийн Улсын бүртгэлд өөрийн нэр дээр хээр мэдүүлэг гаргаж эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014033 дугаарт 90% гүйцэтгэлтэйгээр бүртгүүлж, 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “К б” ХХК-тай байгуулсан барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд,

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх Тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн ******* дүгээр байрны зоорийн давхрын 14 тоот, 18м.кв талбайтай, автозогсоолын үл хөдлөх хөрөнгийг 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “М” ХХК /РД:*******/ нь эрхийн Улсын бүртгэлд өөрийн нэр дээр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014032 дугаарт 90% гүйцэтгэлтэйгээр бүртгүүлж, 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Капитрон банк” ХХК-тай байгуулсан барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд,

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх Тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн ******* дүгээр байрны зоорийн давхрын ******* тоот, 18м.кв талбайтай, автозогсоолын үл хөдлөх хөрөнгийг 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “М” ХХК /РД:2714728/ нь эрхийн Улсын бүртгэлд өөрийн нэр дээр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014032 дугаарт 90% гүйцэтгэлтэйгээр бүртгүүлж, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “К б” ХХК-тай байгуулсан барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар тус тус бүртгэгдсэн байгаа болно.

Мөн дээрх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны 2/16085 тоот, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 3/27649 тоот албан бичгүүдээр тус тус захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлийг хөтлөх” журмын 4 дүгээр зүйл 4.5-ын 3-т “Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт, улсын комиссын актын хамт урьдчилан ирүүлж болно. Энэ тохиолдолд эрхийн улсын бүртгэгч нь энэхүү жагсаалтыг мэдүүлгээр ирсэн нотлох баримтуудтай тулган хянана” гэж журамд зааснаар “М” ХХК-ийн өмчлөгчдийн нэрсийн жагсаалтыг үндэслэн бүртгэл хийгдсэн. 

Б.У нь нэхэмжлэлд дурдсан автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг эрхийн улсын бүртгэлд өөрийн нэр дээр шинээр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-т “Улсын бүртгэлд бүртгэгдсэн эрх хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохийг хориглоно, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-т мэдүүлэгт дурдсан, энэ 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйл 18.1.10-т Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай “Улсын бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд хөдөлгөөн хийхийг хориглоно” гэсний дагуу бүртгэхээс татгалзсан.

“М” ХХК-тай иргэн Б.У нь орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсанг эрхийн улсын бүртгэл мэдэх боломгүй байсан. 

Өмчлөх эрхийг Б.У-ын нэр дээр бүртгэх, бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд бол шүүхийн шийдвэрийг бүх байгууллага хүндэтгэх ёстой. Гэхдээ шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэтэл Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны дагуу бүртгэхээс татгалзах үндэслэл байгаа юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд “К б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я, өмгөөлөгч Г.Ч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк нь “М” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж, 1,400,000.00 (Нэг сая дөрвөн зуун мянган) ам.долларыг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлсэн юм.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож “М” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээг зээлээр санхүүжүүлэн барих 5 блок 120 айлын орон сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт, 205 автомашины гараж, 3 өрөө орон сууц, гаражийн хамт, зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон “М” ХХК-ийн бараа материалын үлдэгдэл гэсэн хөрөнгүүдийг барьцаалсан. 

Харин 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “М” ХХК-ийн өмчлөлд ******* дүгээр байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус банк өмнө байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ээр ******* дүгээр 205 тоот автозогсоолыг нэг бүрчлэн барьцаалсан.

“Ч” ХХК нь банктай 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 09/15 тоот “Зээлийн гэрээ”-г 860,000,000.00 (Найман зуун жаран сая) төгрөгийн “Ж” төслийн зээлийг, жилийн 9,9 хувийн хүүтэйгээр /6 сар тутам хувьсах/, 120 сарын хугацаатайгаар зээлсэн юм. 

Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд “М” ХХК нь “К б” ХХК-тай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 9/15 тоот “Барьцааны гэрээ”-г байгуулж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, *******  1-72 тоот авто зогсоолуудыг барьцаалсан юм.

“М” ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн дүгээр зүйлийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн журамд заасан зохицуулалтын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд юм. 

Гэтэл “М” ХХК нь иргэн Б.У-тай 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Автомашины зогсоол худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, тус банкны барьцаанд бүртгэлтэй хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, “B*******” хотхоны ******* дүгээр байрны зоорийн давхрын ******* тоот, ******* дүгээр байрны 14.15 дугаар зогсоолуудыг худалдсан байна.

Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.11-т “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” гэж заасныг мөн Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.62-д “Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс авах үүрэгтэй” гэсэн зохицуулалтуудыг илтэд зөрчсөн хууль бус хэлцэл юм. 

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Б.У нь 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2016/01648 тоот шүүгчийн захирамжаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсноос үзэхэд энэ нь тус банкны 2010 оны 09 дүгээр сарын 02-ны Т07/141 тоот болон 9/15 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-үүдийн дагуу үүссэн барьцааны эрхээс хойш бий бий болсон үр дагавар байна.

Нэхэмжлэгч Б.У-ын өмчлөх эрх нь тус банкны барьцааны эрхээс хойно үүссэн учир “М” ХХК-ийн өмчлөх эрхийг Б.У-т шилжүүлэн бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу “К б” ХХК-аас зөвшөөрөл авахыг бүртгэлийн байгууллаг мэдүүлэг гаргагчаас шаардах эрхтэй байна. 

Нэхэмжлэгч нь Эд хөрөнгө өмчлөх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ мэдүүлэг гаргах үүрэгтэй бөгөөд мэдүүлэг нь мөн хулуийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай. 

Улсын бүртгэлийн байгууллага нэг үл хөдлөх эд хөрөнгөнд хоёр гэрчилгээ гарахгүй гэсэн үндэслэлээр татгалзсан. Шүүгчийн захирамжаар эд хөрөнгө битүүмжилсэн тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн дагуу битүүмжилсэн тохиолдолд тухайн эд хөрөнгийг хөндөхийг хориглосон хуулийн заалттай. 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10 “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх”-ийг хориглосон. Шүүхийн шийдвэртэй гээд улсын бүртгэлийн байгууллага бүртгэл хийсэн тохиолдолд хариуцлага хүлээнэ. Анх 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч шүүгчийн захирамжаар хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгосон. Ингэж өмчлөгчөөр тогтоолгохдоо хууль ёсны өмчлөгчийг хариуцагчаар татан оролцуулж, гэрээний дагуу төлбөрөө төлсөн тул өмчлөх эрхийг шилжүүлэх ёстой гэж иргэний шүүхээр шийдвэрлүүлсэн. Захиргааны хэргийн маргаан дээр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “М*******” ХХК анхнаасаа өмчлөгч биш байсан гэж маргадаг. Энэ нь шүүхийн шийдвэрийг захиргааны хэргийн шүүхэд буруугаар ашиглаж байгаа хэлбэр гэж харагдаж байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, 24 дүгээр зүйлийн 24.4 хэрэглэгдэж байгаа юм. 19.1.2-т эрхийн улсын бүртгэлд эрх бүхий этгээдийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөж байгааг бүртгэх асуудал яригддаг бол 24.4-т шүүх болон арбитрын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол шүүхийн болон хавсаргавал зохих зүйлийг мэдүүлэгт хавсаргасны үндсэн дээр улсын бүртгэлд өөрчлөлт оруулж гэрчилгээг гаргана гэж заасан. Нэхэмжлэгчийн хувьд 19.1.2, 24.4 дэх заалтуудаар мэдүүлэг гаргаж, бүртгэлд өөрчлөлт оруулахаар улсын бүртгэлд мэдүүлэг гаргасан мөртлөө анхнаасаа “М” ХХК-ийг өмчлөгч биш гэж байгаа нь хуулийн ямар ч үндэслэлгүй тайлбар юм.

Хариуцагчийг 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “М” ХХК-ийн нэр дээр 90 хувийн гүйцэтгэлтэйгээр улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгохдоо хууль болон журам зөрчин авто зогсоол болон орон сууцны хууль ёсны өмчлөгчийг тогтоолгүйгээр бүртгэл хийсэн гэж тайлбарладаг боловч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд “улсын бүртгэл нь мэдүүлэг түүнд хавсаргасан баримт бичгийн хүрээнд хяналт шалгалт хийж бүртгэл хийх” талаар зохицуулсан. Үүнийг Улсын дээд шүүх 45 дугаар тогтоолоор тайлбарлахдаа “улсын бүртгэл нь нягтлан шалгах, дүгнэлт хийхдээ хуульд заасан хүрээнд мэдүүлэг түүнд заасан баримт бичгийн хүрээнд хянан шалгаж шийдвэр гаргана” гэж заасан. “М” ХХК нь 2010 онд 90 хувийн гүйцэтгэлтэй тоот тус бүрээр авто зогсоолын гэрчилгээ гаргуулахдаа захиалагчийн мэдүүлгээ өгсөн ба 13.1.5-д заасан холбогдох нотлох баримтуудыг хавсаргаж өгсөн. 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийг харахаар “К б” ХХК-иас зөвшөөрөл аваагүй зохицуулалт нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, тусгай тэмдэглэл хийгдсэн буюу  шилжилт хөдөлгөөнд нь хязгаарлалт хийгдсэн тухай бүртгэл нь бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5, 20.4.9, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 10 дугаар зүйлд заасан зохицуулалтаар улсын бүртгэгчид хориглох хэм хэмжээг заасан хуулийн зохицуулалт юм. Нэхэмжлэгч улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд улсын бүртгэлийн байгууллага дээрх үндэслэлээр татгалзсаныг тайлбарласан. 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд “М” ХХК-ийн захирал Б.Чинзориг, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.У нь 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдөр манай компанитай автозогсоол худалдах, худалдан авах гэрээг байгуулж тус гэрээгээр Хан-Уул 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж “B*******” хотхоны ******* байрны зоорийн давхарт байрлах ******* тоот автозогсоолыг ******* байрны 14, 15 тоот авто зогсоолуудын хамт захиалан бариулж, төлбөр тооцоог бүрэн барагдуулсан.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/01648 дугаар шүүгчийн захирамжаар Б.Ууганбаярыг дээр дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул манай компанийн зүгээс уг шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа болно.

“М” ХХК, “К б” ХХК нар 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн гэрээ”, Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулж зээлийн өр төлбөрийг “М” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд барьж буй “B*******” хотхоны орон сууцнуудыг иргэдэд худалдан борлуулах замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон юм.

Хэдийгээр дээр дурдсан Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-нд “М” автомашины гаражийг зээлийн барьцаанд барьцаалуулахаар тусгасан боловч, тухайн үед уг үл хөдлөх хөрөнгө бий болоогүй байсан учраас хуулийн шаардлага хангасан барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй болно.

Харин дээрх зээлийн барьцаанд тус компанийн захирал Б.Б*******гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Хатан туул" хотхоны 17 тоот 3 өрөө орон сууцыг хуулийн хангаж барьцаалсан юм.

Мөн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-гээр “С Э Э Э” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд “М” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн 44А тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, 44Б тоотод 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, мөн Богдхан-Уулын дархан цаазат тусгай хамгаалалтын газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий газар эзэмших эрх зэргийг “К б” ХХК-ийн зээлийн барьцаанд байршуулсан бөгөөд иргэдэд “B*******” хотхоны орон сууц, авто зогсоолуудыг худалдан борлуулсан орлогоос зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийн ихэнх хэсгийг төлж барагдуулснаар 44А, 44Б хаяг бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгуудыг зээлийн тус банк бүрэн чөлөөлсөн.

Манай компани “К б” ХХК-иас нийтдээ 9 тэрбум орчим төгрөгийн зээл авч, уг зээлүүдийн төлбөрийг иргэдэд худалдан борлуулсан орон сууц, автозогсоолуудын орлого болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх замаар 20 орчим тэрбум төгрөгийг тус банкинд төлсөн боловч “К б” ХХК-ийн тухайн үеийн удирдлагууд манай компанийн барьж буй орон сууцнуудыг 50%-иар үнэгүйдүүлж авах, доллар, юанийн ханш өсөх үед төгрөгөөр өгсөн зээлийг доллар юаньд шилжүүлэх зэргээр зээлийн өрийн дарамтанд хийсвэрээр оруулж, бидний үйл ажиллагааг доголдуулсан.

Ингээд 2010 оны 05 дугаар сард бид “К б” ХХК-ийн шахалтаар бусдад худалдсан орон сууц болон автозогсоолуудыг 90 хувийн гүйцэтгэлтэй хэмээн тус бүрээр нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мэтээр бүртгүүлэхээр хүсэлт өгч, ажилтанд итгэмжлэл олгосноор “К б” ХХК нь орон сууц болон автозогсоолуудын гэрчилгээг гаргуулан өөртөө авсан ба манай компанитай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г шинээр байгуулсан ба энэхүү гэрээгээр Б.У-ын “B*******” хотхоны 44А байрны зоорийн давхарт байрлах ******* тоот автозогсоол, ******* байрны 14, 15 тоот авто зогсоолуудыг өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр барьцаалуулсан нь түүний эрх ашгийг хохироосон үйлдэл болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

“М” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Б.У-ын нэр дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* “BL*******” хотхоны 44А байрны зоорийн давхарт байрлах ******* тоот ******* байрны 14, 15 тоот автозогсоолуудын эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэл хийгдэхэд татгалзах зүйлгүй болно. 

Нийт авсан зээлээс 2015 онд шүүхийн шийдвэрээр 1.9 тэрбум төгрөгийг төлнө. Зээл болон иргэдээс авсан төлбөрийг уг хотхоныг барихад зориулсан байдаг. Өөрөөр хэлбэл 45 тэрбум төгрөгөөр боссон барилга юм. 27 тэрбум орчим зээл буцаан төлөгдсөн байдаг. Иргэд төлбөрөө төлсөн байхад ашиглалтанд орох хугацаандаа ашиглалтад орохгүй байна гэсэн шаардлагын дагуу 2009 оны 09 сард бүрэн хэмжээнд ашиглалтад оруулсан. Улмаар 2009 оны 12 сараас иргэд нүүн орж эхэлсэн. Ашиглалтад орохоос 1 жилийн өмнөөс эхлэн иргэд өнөөдрийг хүртэл ашиглаж байна. Шүүхийн шийдвэрийг бүгд биелүүлэх ёстой тул манайх биелүүлэх болно” гэжээ. 

Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.У “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *******, ******* байрны зоорийн давхрын 14, 15 тоот, 44А,Б,В,Г дүгээр байрны зоорийн давхрын ******* дүгээр авто зогсоолуудын өмчлөгчөөр “М” ХХК-ийг Y-2206014146, Y-2206014033, Y-2206014032 дугаарт бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулж, иргэн Б.У-ыг эдгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. 

“М” ХХК иргэн Б.У-тай“Автомашины зогсоол худалдах, худалдан авах гэрээ”-г 2010 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулж, ******* байрны зоорийн давхрын 14, 15 тоот, 44А,Б,В,Г дүгээр байрны зоорийн давхрын ******* тоот авто зогсоолуудыг нийт 13200 ам.доллараар худалджээ.  

Үүний дараа “М” ХХК 2010 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүсэлт гаргасны  дагуу эдгээр 90 хувийн гүйцэтгэлтэй авто зогсоолуудын өмчлөгчөөр Y-2206014032, Y-2206014033, Y-2206014146 дугаар улсын бүртгэлд бүртгүүлж, 000104030, 000104031, 000106609 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ авчээ . 

Ийнхүү авто зогсоолуудын өмчлөгчөөр бүртгүүлсний дараа “М” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрээр “М” ХХК, “Ч” ХХК зэрэг нийт 11 компаниудын Капитрон банкнаас авсан зээлийн барьцаанд Хөх тэнгэр цогцолборын байр болон автомашины зогсоолыг бүртгүүлэхээр шийдвэрлэжээ . 

Энэхүү шийдвэрийн үндсэн дээр “К б” ХХК, “Ч” ХХК-тай 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 09/15 дугаар зээлийн барьцааны гэрээ  байгуулж, ******* байрны зоорийн давхрын 14, 15 тоот зогсоолуудыг, “М” ХХК-тай мөн өдөр Т07/141 дугаар зээлийн барьцааны гэрээ байгуулж , 44А,Б,В,Г дүгээр байрны зоорийн давхрын ******* тоот авто зогсоолыг тус тус зээлийн барьцаанд тавьжээ. 

Иргэн Б.У эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч “М” ХХК хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/01648 дугаар шүүгчийн захирамж гарчээ . 

Уг захирамжийг үндэслэл болгон нэхэмжлэгч Б.У-ын гаргасан мэдүүлгийг татгалзсан  байх бөгөөд уг татгалзсан үйлдлийг эс зөвшөөрч гаргасан гомдолд 2016 оны 8 дугаар сард гомдол гаргасныг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 11/9049 тоот албан бичгээр  татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Учир нь дээр дурдсанчлан “М” ХХК, “Ч” ХХК-ийн  К б-аас авсан зээлийн барьцаанд уг үл хөдлөх хөрөнгөнүүд бүртгэлтэй байгаа нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно 18.1.8 улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгийн 5.5.4-т зааснаар барьцааны бүртгэл эд хөрөнгийн эрхийн бүртгэлд хамаарч байна. 

Иймд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.9 дэх хэсэгт зааснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд барьцааны эрх хүчинтэй гэсэн үндэслэлээр татгалзсан нь зөв байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 5580 дугаар шийдвэрээр “М” ХХК-иас 1.964.900.373,53 төгрөгийг гаргуулж, Капитрон банкинд олгохоор шийдвэрлэж, уг шийдвэрийг үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарчээ .

Нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах үед дээрх шийдвэрийг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 3/27649 дугаар албан бичгээр “М” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөнүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг мэдэгдсэний үндсэн дээр маргаан бүхий 3 авто зогсоолыг оролцуулсан 183 үл хөдлөх хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-т зааснаар тусгай тэмдэглэл хийж, 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс түдгэлзүүлсэн байна .

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн 18.1.10-т улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хоригложээ. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай заасан байх бөгөөд 19.1.2-т заасан эрх бүхий байгууллагын шийдвэр гэдэгт иргэний шүүхийн шийдвэр хамаарах хэдий ч энэхүү өөрчлөлт нь мөн хуулийн 19.2-т зааснаар эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх шаардлагыг биелүүлсэн байх ёстой юм. 

Одоо үүссэн нөхцөл байдлаас үзвэл дээрх хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас гарсан шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаар байна. 

Угг шаардлагыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын үйлдэл хуульд нийцсэн байна. 

Нэхэмжлэгч Б.У тухайн авто зогсоолуудыг  2010 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төлбөрийг бүрэн төлж худалдан авсан гэж байх бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авснаас хойш улсын бүртгэлийн байгууллагад 6 жилийн дараа мэдүүлэг гаргасан, 2010 оны 3 дугаар сараас 2010 оны 9 дүгээр сар хүртэл тухайн үл хөдлөх хөрөнгөд ямар нэгэн бүртгэл хийгдээгүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгч бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргаж, урьдчилсан тэмдэглэл хийлгэх, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх арга хэмжээг аваагүй байна. 

Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

Нэхэмжлэгч Б.У Иргэний хуульд зааснаар “М” ХХК-иас барьцааг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй бөгөөд эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхээр дахин мэдүүлэг гаргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгийн 5.5.4, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.8, 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4, 20.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.У-ын “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *******, ******* байрны зоорийн давхрын 14, 15 тоот, 44А,Б,В,Г дүгээр байрны зоорийн давхрын ******* дүгээр авто зогсоолуудын өмчлөгчөөр “М” ХХК-ийг Y-2206014146, Y-2206014033, Y-2206014032 дугаарт бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулж, иргэн Б.У-ыг эдгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

ШҮҮГЧ                             Л.ӨЛЗИЙЖАРГАЛ