Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 97

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Д.Батмөнхөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Гэрэлбадрах,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,                                                                                                                                                                                     

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Оюунбатын гаргасан 2017 оны 1 дүгээр сарын 9ий өдрийн 14 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Алтанцэцэгийн бичсэн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 2 дугаар прокурорын эсэргүүцлээр эрүүгийн 201601070221 дугаартай Д.Батмөнхөд холбогдох хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 30ы өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Дагвасамбуугийн Батмөнх, 1958 оны 10 дугаар сарын 11-нд төрсөн, 58 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хороолол, 31 дүгээр байрны 13 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ВБ58101118/;

 

Д.Батмөнх нь 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 18 цагийн үед Б.Отгонтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар Багануур дүүргийн 1 дүгээр хороо Нарийн ам гэх газар өөрийн эзэмшлийн 18-89 БРА улсын дугаартай, “Пробокс” загварын тээврийн хэрэгслийг 3,84 хувийн согтолттой жолоодож явахдаа Б.Отгоныг мөргөж, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Багануур дүүргийн Прокурорын газраас: Д.Батмөнхөд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Дүүргийн прокурорын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн тогтоолоор Д.Батмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн, 2016 оны 9 дүгээр сарын 28-нд Д.Батмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт буюу хүндэвтэр хэрэгт холбогдуулж сэжигтнээр татаж байцаасан, 2016 оны 11 дүгээр сарын 15-нд сэжигтэн Д.Батмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хөнгөн хэрэгт ял сонсгон яллагдагчаар татаж тэр даруй байцаасан. Гэтэл урьд сонсгосон ялыг өөрчилж ял сонсгох тухай прокурорын тогтоол нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн байна.

Мөн сэжигтнийг хөнгөн гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдсэн байхад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 215 дугаар зүйлийн 215.2.1 дэх заалтыг зөрчиж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь шүүх хуралдааныг явуулж болохгүй байдалд хүргэх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчил мөн. Иймд зөрчлийг арилгуулахаар Д.Батмөнхөд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Багануур дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Д.Батмөнхөд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Алтанцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “...Д.Батмөнхөд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Д.Батмөнхөд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаагч Б.Наранбаяр 2016          оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгон, ялагдагчаар татсан тогтоолыг хяналтын прокурор Б.Алтанцэцэг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр прокурорын тогтоолоор хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд мөрдөн байцаагч Г.Цэрэнжамц 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Д.Батмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгосон, яллагдагчаар байцааж, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорын хяналтад ирүүлсэн.

Хяналтын прокурор Б.Алтанцэцэг миний бие эрүүгийн хэргийг хянаад 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Д.Батмөнхөд мөрдөн байцаалтын үед сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан ялыг өөрчилж, хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан ялыг сонсгон яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь Д.Батмөнхөд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдэж дууссан байхад хэргийг харъяаллын дагуу хэрэг бүртгэлтэд шилжүүлж, дахин ял сонсгох боломжгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн холбогдсон нэг хэрэгт хоёр удаа Эрүүгийн хуулийн нэг зүйл, хэсэгт зааснаар ял сонсгох үндэслэлгүй тул мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэрэгт прокуророос Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн болно.

Прокуророос мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан дээрх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь яллагдагчийн гэм бурууг шийдвэрлэх боломжтой эрх зүйн баримт бичиг гэж үзэж байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 14 дүгээр захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

 

Прокурор М.Гэрэлбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “...Нэг зүйл ангиар хоёр удаа ял сонсгох боломжгүй. Улсын яллагч урьд нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгосон. Хэрэв шүүгчийн захирамжаар мөрдөн байцаалтад буцаасан тохиолдолд мөрдөн байцаагч дахиад Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан түүнийг прокурор батлах эрх зүйн үр дагавар гарах учир прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Энэ эсэргүүцлийг бичихдээ судалгаа дээр тулгуурлаж бичсэн байгаа. Өмнө нь Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас энэ үндэслэлээр буцаасан хэрэгт эсэргүүцэл бичиж давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр шийдвэрлэхээр буцаасан байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхийн Б.Батмөнхөд холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаасан үндэслэл нь буруу байх ба уг шүүгчийн захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. Мөн энэхүү шүүгчийн захирамжид бичсэн прокурорын эсэргүүцэл ч хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хэрэгт авагдсан:

хохирогч Б.Отгоны “...Би утсаар яриад алхаж явсан болохоор машин ирэхийг анзаараагүй ба нэг мэдэхэд л тас түс хийгээд би замын хажуу руу шидэгдсэн. Нэг ухаан орсон чинь Батмөнх гуай миний эрүүнээс өргөж байснаа дээгүүр маань алхаснаа машиндаа суугаад хөдлөөд явчихсан. ...Амардэлгэрийн хэлж байгаагаар тас түс хийсэн чимээ гараад цаана нь нэг хүн хохьчино, чи ингээд үх гээд хашгичаад байсан гэж хэлсэн. Би тухайн үед орон гаран байсан болчихсон байсан болохоор яг юу гэж хэлснийг нь мэдэхгүй байна. Намайг ямар шалтгаанаар яаж байгаад дайрсныг нь ч мэдэхгүй байна... ” /хх-ийн 23-24 тал/, гэрч П.Амардэлгэрийн “...Отгон надтай юм ярьж байснаа гэв гэнэтхэн л тас түс хийгээд л Отгон дуугарахаа болиод утас нь шажигнаад явчихсан ба би байна уу гэсэн чинь ерөөсөө дуугарахгүй утасны цаанаас нэг хүн хохьчино, ингээд үх гээд цаанаа юм яриад орилоод байснаа Отгоны утас нь тасарчихаар...” /хх-ийн 31 тал/ гэх мэдүүлгүүд,

Замын Цагдаагийн газрын техникийн шинжээчдийн “...Яллагдагч Батмөнх нь хавтаст хэргийн 52-р хуудас 2016 оны 11 дүгээр сарын 15-нд өгсөн байцаалтдаа хохирогч Отгоныг айлгах зорилготой автомашинаараа мөргөсөн үйлдэл нь зам тээврийн осол гэх үндэслэлгүй, автомашинаар санаатайгаар мөргөсөн үйлдэл нь танхайн гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна...” гэх Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 121 тал/ зэрэг нотлох баримтуудаас дүгнэвэл Б.Батмөнхөд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт  заасан “...гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр...”-ийг бүрэн тогтоогоогүй байна.

Иймээс Д.Батмөнхөд холбогдох хэрэгт байцаан шийтгэх ажиллагааг бүрэн, гүйцэд явуулж гэмт хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн тогтоосны эцэст Б.Батмөнхийн Б.Отгоныг автомашинаар мөргөж, түүний бие махбодид гэмтэл учруулсан үйлдэлд “Хүнийг санаатай алах” гэмт хэргийн завдалт байгаа эсэх, эсвэл “Танхайрах” гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, хэргийг зөв зүйлчлэн ирүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хуулийн шаардлага хангаагүй шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, мөн прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, магадлалд дурдсан үндэслэлүүдээр Д.Батмөнхөд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн гүйцэд хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэв. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 14 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Б.Алтанцэцэгийн бичсэн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 2 дугаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон, Д.Батмөнхөд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Багануур дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжин прокурорт очтол Д.Батмөнхөд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.              

                                               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧИД                                                          Ц.ОЧ

 

                                                                                                   Д.ОЧМАНДАХ