Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 31

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У, улсын яллагч Б.Г шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Э.Б, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт М овогт А.Б, Б овогт Б.Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806065881866 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:  

1. Монгол Улсын иргэн, 

2. Монгол Улсын иргэн, 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Яллагдагч А.Б, Б.Э нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Чулуутын 7-226 тоот хашаанд байх иргэн Ц.М өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, “коника” маркийн 32 инчийн зурагтыг хулгайлж, бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: “... Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 7/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-11/; мөрдөн шалгах ажиллагаанд Ц.М гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 12-13/, мөрдөн шалгах ажиллагаанд Ц.М хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 15-16/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 17-18/, мөрдөн шалгах ажиллагаанд М.Мөнхчимэгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 19-20/, мөрдөн шалгах ажиллагаанд Э.Галбадрахын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 21/, “Тод Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 43/, мөрдөн шалгах ажиллагаанд А.Бөөс яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 62-63/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Эөөс яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 66-67/,    мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-н 68-72/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 73, 80/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 74, 81/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь :

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганаас  А.Б, Б.Э нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Чулуутын 7-226 тоот хашаанд байх иргэн Ц.М өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, “коника” маркийн 32 инчийн зурагтыг хулгайлж, бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.  

Шүүхээс шүүгдэгч А.Б, Б.Э нарыг бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Чулуутын 7-226 тоот хашаанд иргэн Ц.М орон байранд хууль бусаар нэвтрэн орж, “коника” маркийн 32 инчийн зурагтыг хулгайлж, бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.М өгсөн: "...2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр автобусанд явж байтал хажуу айлын Галаа гэх залуу залгаад гэр чинь онгорхой зурагт чинь байхгүй байна гэж хэлсэн. Манай урд талд байдаг “Мянган булаг” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийн шүүхэд 17:50 минутаас 18:10 минутын хооронд манай зурагтыг Баянмөнх, Эрдэнэтөгс нар аваад гарж байгаа бичлэгийг олж үзээд эд нарыг авсныг мэдсэн. Надаас хаяа унаа тэрэгний мөнгө гуйгаад байдаг хүүхэд байсан. Надад одоохондоо гомдол санал байхгүй ээ." гэх мэдүүлэг /хх-н 15-16/;

Гэрч М.Мөнхчимэгийн өгсөн: "...Тэгээд би ажлаасаа орой 19 цаг өнгөрөөд гэртээ ирсэн. Би хажуу талын айлыг харсан чинь гэрэл нь асаалттай байсан. ...хөрш айлаас будаа агшаагчийг нь авахаар ортол хаалга нь онгорхой, гэрэл нь асаалттай, шагайгаад хартал зурагт нь байхгүй байсан. Тэгээд нөхөр рүүгээ яриад манай хөрш айлд хүн байхгүй, хулгай орсон юм шиг байна гэж ярьсан. Тэгээд манай нөхөр хөрш айлын эзэн Цацаа эгч рүү яриад гэрт нь хулгай орсон байсан талаар ярьсан..." гэх мэдүүлэг /хх-н 19-20/;

Гэрч Э.Галбадрахын өгсөн: “...Тэгээд эхнэр рүүгээ залгаад Цацаагийн гэрээс будаа агшаагч аваад хоол хийчих гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр ороод хартал хаалга нь онгорхой, гэрэл нь асаалттай зурагт нь байхгүй байна гэсэн. Тэгээд би Цацаа руу залгаад хулгай орсон байж магадгүй байна гэж утсаар ярьж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-н 21/;

Гэрч А.Ононцэцэгийн өгсөн: "...Мэдэж байна. 2018 оны 08 дугаар сарын эхээр манай төрсөн дүү болох Алтанцэцэг овогтой Баянмөнх манай найз Мөнхцацралын гэрээс зурагт хулгайлсан тэр хэрэгтэй холбоотой асуудлаар ирсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 27/;

 Гэрч А.Ариунболдын өгсөн: "...Тэр өдөр би байгаагүй болохоор би сайн мэдэхгүй байна. Хар дэвтэр дээр 08 дугаар сарын 09-ний өдөр 32 инчийн зурагтыг А.Б гэдэг хүн тавьсан бүртгэл байна. 08 дугаар сарын 18-ны өдөр буцааж авсан байна..." гэх мэдүүлэг /хх-н 29/;

Гэрч А.Оюунтуяагийн өгсөн: "...Тэр зурагтыг манай дүү Баянмөнх, найз Эрдэнэтөгс 2 айлаас хулгайлж авсан зурагтаа сансарт нэг ломбардад тавьсан байсан. Тэрийг би аваад мөрдөгч Шинэжил гэдэг хүнд хүлээлгэн өгсөн. Би ганцаараа очиж авсан. Манай дүү А.Бийн нэрээр ломбардад тавьсан байсан. Би өөрийнхөө бичиг баримтыг дүү Баянмөнхийн иргэний үнэмлэхийн лавлагаатай хамт авч очоод авсан. Зурагтыг 100.000 төгрөгт тавьсан байсан. Би хүүтэйг нь нийлүүлээд 110.000 төгрөг төлж авсан..." гэх мэдүүлэг /хх-н 34/;

Яллагдагчаар А.Бийн өгсөн: “...Хүлээн зөвшөөрч байна. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би өмгөөлөгч аваагүй. 2018 оны 08 дугаар 09-ний өдөр өдөр 10 цаг өнгөрч байхад манай нутгийн найз болох Б.Э манай гэрт ирсэн. Тэгээд бид 2 манай гэрээс гараад гэрийн зүүн талд байдаг дэлгүүр ороод Нийслэл нэртэй 2 литрийн пиво 2 ширхэгийг 13.600 төгрөгөөр аваад гудамжны урд талд байдаг төмөр замын сааданд сууж байгаад уусан. Пивоо ууж дуусаад манай гудамжинд байдаг нутгийн Мөнхцацрал гэдэг эгчийнд орох санаатай хашаанд нь орсон. Тэгтэл гэрт нь хүн байхгүй гэр нь цоожтой байсан. Гэр нь цоожтой байхаар би Эрдэнэтөгсд хоёулаа эдний зурагтыг нь авчихья гэж хэлсэн. Тэгтэл Эрдэнэтөгс “би хашааны гадаа хүн харж байя чи авчих” гэж хэлээд хашааны гадаа гарсан. Би хашаан дотроос бөөрөнхий төмөр олоод гэрийн цоожийг хөшиж эвдээд гэрт нь ороод гэрийн баруун хойно тавиур дээр байсан хар өнгийн зурагтыг авч гараад хашаанд нь байсан цагаан давуунд ороогоод хашаа давуулж Эрдэнтөгсөд өгсөн. Тэгээд би хаалгаар нь гарсан. Тэгээд бид 2 зурагтаа ээлжилж тэврээд хойшоо Чулуун овооны зам  руу гараад таксинд суугаад сансар орж зурагтыг нь ломбардад аваачиж тавьсан. Эрдэнэтөгс бид 2 тэр зурагтыг миний бичиг баримтаар 100.000 төгрөгөнд ломбардад тавьсан. Эрдэнэтөгс бид 2 тавь тавин мянгаар хувааж авсан. Эрдэнэтөгс бид 2 гуравдугаар сургуулийн тэнд караокед орсон. Караокед нэг залуутай танилцаад 3-лаа хэсэг сууж байгаад 23 цаг өнгөрч байсан байхаа сайн санахгүй байна гараад хороолол орж бааранд орсон. Тэнд тооцоо хийгээд үлдсэн мөнгөөр нь такси бариад гэртээ ирсэн. Би гэртээ ирэхэд 03 цаг болж байсан..." гэх мэдүүлэг /хх-н 63/;

Яллагдагчаар Б.Эийн өгсөн: “...Хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 хороо чулуун овооноос урагшаа яваад байдаг нэг нутгийн найз Баянмөнхийн гэрт ирсэн. Баянмөнх бид 2 гэрт нь хоол хийж идчихээд гэрийнх нь хажууд байдаг дэлгүүрээс Нийслэл нэртэй том пиво 1 ширхэгийг аваад М.Баянмөнхийн гэрт уусан. Пиво ууж дуусаад тэдний гэрээс урагшаа яваад байдаг төмөр замын сааданд очиж тамхи татаад юм ярьж суусан. Тэгээд буцаад Баянмөнхийн гэр рүү явж байгаад Баянмөнх надад энд Цацаа эгчийн гэр байдаг юм гэрт нь хүн байхгүй хоёулаа зурагтыг нь аваад ломбарданд тавья гэж хэлсэн. Тэгэхээр нь би “яах юм бэ наадах чинь лай болно” гэж хэлсэн. Тэгсэн чинь Б намайг “тэгвэл чи манайх руу очоод солих хувцас аваад ир” гэсэн. Би Бн гэр рүү нь ороод хувцсыг нь улаан өнгийн цүнхэнд хийгээд аваад гараад иртэл Баянмөнх Цацаа эгчийн хашаан дээгүүр цагаан даавуунд ороосон зурагт над руу өгөөд энийг авчих гэхээр нь би аваад хашааны буланд аваачиж тавьсан. Бх Цацаа эгчийн хашааны хаалгаар нь гарч ирээд зурагт тэврээд хойшоо зам руу явсан. Төв зам дээр гараад бид 2 таксинд суугаад Сансар орсон. Сансарт очоод Вэст-1 гэдэг ломбард ороод телевизороо Баянмөнхийн бичиг баримтаар 100.000 төгрөгөөр тавьсан. Зурагт тавьж олсон мөнгөнөөс би 40.000 төгрөгийг авсан. Баянмөнх 60.000 төгрөгийг авсан. Ломбардаас гараад 3 дугаар сургуулийн тэнд хоолны газар орж хоол идсэн, хоолны газраас гараад замын урд талд Эгшиглэн гэдэг караокед орж пиво ууж сууж байгаад 00 цаг өнгөрч байхад гараад таксигаар хороолол явсан. Хороолол ороод бааранд орж пиво уусан.. Хэдэн цаг болж байсныг сайн мэдэхгүй байна нэлээн орой болсон байсан. Баянмөнх бид 2 л байсан. Бид 2 баарнаас гараад Баянмөнхийн гэр рүү такси бариад явсан. Баянмөнхийн гэрт ирээд би хажуу айлд нь орж хоносон.” гэх мэдүүлэг /хх-н 67/,

хохирогч Ц.М гэрээс хулгайд алдагдсан 32 инчийн Коника маркийн зурагтыг 300.000 төгрөгөөр үнэлсэн "Тод Үнэлгээ" ХХК-ны гаргасан 11/147 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.    

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокуророос шүүгдэгч А.Б, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Б, Б.Э нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр иргэн Ц.М өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.       

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч А.Б, Б.Э нар нь хохирогчид биет байдлаар буцаан өгсөн байх тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд А.Б, Б.Э нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Шүүгдэгч А.Б нь гэмт хэргийн улмаас 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн нийт 57 хоног, шүүгдэгч Б.Э нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн нийт 8 хоног тус тус цагдан хоригдсон, шүүгдэгч нарын эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.      

Шүүгдэгч А.Б, Б.Э нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгч А.Б, Б.Э нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн төлсөн байх тул тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”  гэж заасны дагуу хөнгөрүүлэх боломжтой гэж үзэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Э “...би хэрэггүй гэж хэлсэн. Тэгээд гэрээс нь хувцасыг нь авчирахаар яваад иртэл Цацаа эгчийн хашаан дээгүүр цагаан даавуунд ороосон зурагт над руу өгөөд энийг авчих гэхээр нь би аваад хашааны буланд аваачиж тавьсан. Баянмөнх Цацаа эгчийн хашааны хаалгаар нь гарч ирээд зурагт тэврээд хойшоо зам руу явсан. Төв зам дээр гараад бид 2 таксинд суугаад Сансар орсон. Сансарт очоод ломбард ороод телевизороо тавьсан.” гэж байгаа хэдий ч уг зурагтыг хашаагаар давуулан авч ломбарданд тавьж, мөнгийг хуваан хэрэглэж байгаа нь гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзнэ.