Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01690

 

     

    2023        08           30                                       210/МА2023/01690

 

Жрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2023/01745 дугаар шийдвэртэй,

 

Жрын нэхэмжлэлтэй,

“Э” ХХК, С.Э нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 670,878,180 төгрөг, нотариатын зардалд 38,500 төгрөг, нийт 670,916,680 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нар болон гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа итгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхорол, хариуцагч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Онон, хариуцагч “Э” ХХК, С.Э болон гуравдагч этгээд С.Э нарын өмгөөлөгч Н.Жамъян, гуравдагч этгээд С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Агентлаг байгуулах тухай 49 дүгээр тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А-273 дугаар тушаалаар Сгийн ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг Жарт шилжүүлсэн.

1.2. С болон “Э” ХХК,   С.Э нар нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 125/2017/3-27 тоот зээл болон 127/2017/Б-27 тоот барьцааны гэрээ байгуулж, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 500,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай жилийн 3 хувийн хүүтэй, “Барилга, бетон үйлдвэрийн бизнес төлөвлөгөө” төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд

а. С.Эгийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн -4 дугаартай, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуун мод Чин, 1 дүгээр хэсгийн - хаягт байрлах, хувийн сууцны зориулалттай, 170,3 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө,

б. С.Э, С.Э нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн - дугаартай, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 54 дүгээр байр, - хаягт байрлах, оффис, үйлчилгээний зориулалттай, 134,59 м.кв талбай бүхий үл хөдлөөх эд хөрөнгө,

в. С.Мийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн -2 дугаартай, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуун мод Чин, 1 дүгээр хэсгийн - хаягт байрлах, хувийн сууцны зориулалттай 186,1 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан.

1.3. Зээлдэгч зээл авснаас хойш зээлийн төлбөрт 90,220,493 төгрөг төлсөн, зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа сануулсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байх тул 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны үлдэгдэл зээл 447,252,120 төгрөг, алданги 223,626,060 төгрөг, нотариатын зардал 38,500 төгрөг, нийт 670,916,680 төгрөгийг гаргуулж, зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөр 432,227,085,63 төгрөг, зээлийн хүүд 572,914,37 төгрөг, нийт 432,800,000 төгрөг төлсөн, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар нийт 1,246 хоног зээлээ төлөөгүй зөрчил үүссэн учир үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 15,025,034 төгрөг, алдангид 249,984,587 төгрөг, нотариатын зардал 38,500 төгрөг, нийт 256,048,122 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, зээлийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү.   

 

2. Хариуцагч “Э” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Жар нь “Э” ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 127/2017/3-27 тоот зээлийн гэрээ байгуулаад тухайн зээлийн гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулж 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 500,000,000 төгрөг олгон, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан.

2.2. 2019 оны 12 дугаар сараас эхлэн дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хил хааж үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийн хүрээнд явагдаж байсан үйл ажиллагаа бүгд доголдож зогссон. Энэ нь манай компанид гэнэтийн давагдашгүй хүчин зүйл болж Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд хандаж гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ авсан. Үүнээс хойш Жарт 2020 оны 09 дүгээр сараас хойш болон өмнө нь 2019 оны 06 дугаар сард, 2018 он, 2017 он, 2019 оны 06 дугаар сар, 09 дүгээр сард удаа дараа зээлийн эргэн төлөлтөд албан ёсны өөрчлөлт оруулах хүсэлтийг гаргасан боловч хариу өгөөгүй.

2.3. Компанийн зүгээс 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар зээлд нэмэлт өөрчлөлт оруулах, эвлэрэн хэлэлцэх хүсэлтийг Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд хүргүүлснийг хүлээн авч, манай сан татан буугдан газар болж байгаа тул шинэчилсэн графикийн дагуу төлбөрөө төлж байгаараа гэсэн хариу өгсөн.

Улмаар 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар харилцан тохиролцсон шинэчилсэн графикийн дагуу сар бүр 3,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлсөн.

Мөн 2018 оны 500,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд эргэн төлөх хуваарь, алданги тооцох нөхцөл шаардлагаа хэрхэн тохирох асуудлаа дахин шинэчилж тогтоогоогүй тул 2020 оны 09 дүгээр сард гэрээнд нэмэлт өөрчлөлт орсноос хойших хугацаанд алданги тооцох үндэслэлгүй.

2.4. Нэхэмжлэгч нь 2022 оны 04 дүгээр сард гэрээг цуцлах санал гаргаж байна гэж үзээд хүүгийн төлбөрт тооцсон 572,914 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж 14,454,120 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хариуцагчийн зүгээс үндсэн зээлд 484,974,965 төгрөг, хүүгийн төлбөрт 45,370,653 төгрөг, нийт 530,335,618 төгрөг төлсөн бөгөөд үүнээс үүнээс нэхэмжлэл гаргаснаас хойш 432,800,000 төгрөгийг төлсөн.

2.5. Барьцааны гэрээг зөвхөн үндсэн зээл төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан.

2.6. Нотариатын зардлыг хариуцагч нар хариуцах ёстой гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Тухайн үед нотариатын зардлыг хоёр тал харилцан тохиролцож шийднэ үү гэхээс хариуцагчаас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

 

3. Хариуцагч С.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга: Хариуцагч “Э” ХХК-ийн тайлбартай ижил байна. Нэхэмжлэгчийн алдангийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Гуравдагч этгээд С.Эгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Гуравдагч этгээд С.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Э”ХХК, С.Э нараас 170,676,496 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жарт олгож, үлдэх 94,371,625 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК, С.Э нар нь энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох С.Эгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн -4 дугаартай, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуун мод Чин /15040/, 1 дүгээр хэсгийн - хаягт байрлах, хувийн сууцны зориулалттай, 170,3 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, С.Э, С.Э нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн - дугаартай, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 54 дүгээр байр, - хаягт байрлах, оффис, үйлчилгээний зориулалттай, 134,59 м.кв талбай бүхий үл хөдлөөх эд хөрөнгө, С.Мийн өмчлөлийн, улсын бүртгэлийн -2 дугаартай, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуун мод Чин /15040/, 1 дүгээр хэсгийн - хаягт байрлах, хувийн сууцны зориулалттай 186,1 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн  41.1.3-т зааснаар Жрын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “Э” ХХК, С.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,081,532 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

7. Хариуцагч нар болон гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдол болон хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

7.1. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилтын хүрээнд урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулалтад “Э” ХХК нь 2016 онд “Барилга, бетон үйлдвэрлэлийн бизнес төлөвлөгөө” төсөл хэрэгжүүлэхээр 1,6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт гаргасан. Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаал 2017оны 09 сард 1,0 тэрбум төгрөгийг санхүүжилт олгохоор гарсан хэдий ч гэрээ байгуулах явцад барьцаа хөрөнгөөс болж 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 125/2017/3-27 тоот гэрээнд 700,000,000 төгрөгийн санхүүжилт олгохоор буурсан. Гэвч санхүүжилт дууссан гэсэн шалтгаанаар дахин бууруулж 500,000,000 төгрөгийн төслийн зээлийн санхүүжилтийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр олгож 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулсан.

Гэтэл анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 125/2017/3-27 дугаартай “зээлийн гэрээ” нэртэй гэрээ, түүний хавсралтыг үндэслэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Учир нь дээрх гэрээгээр 700,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлэх зээлийн гэрээ байсан бөгөөд уг зээлийн гэрээний дагуу “Э” ХХК нь 700,000,000 төгрөгийг хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээ бодит байдалд байгуулагдаагүй юм.

Харин 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “Э” ХХК-д 500,000,000 төгрөгийг зээлдүүлэх тухай нэмэлт гэрээ байгуулсан боловч энэхүү гэрээгээр 500,000,000 төгрөгийг хэрхэн яаж, ямар хуваарийн дагуу буцааж төлөх хуваарийг талууд харилцан тохиролцоогүй байхад анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус гэрээний хавсралтыг үндэслэж алдангийг тооцож байгаа нь үндэслэлгүй юм.

7.2. Мөн хариуцагч нар дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хил хааж, төсөл хөтөлбөрийн хүрээнд явагдаж байгаа үйл ажиллагаа бүгд доголдож зогссон тул зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Иймд үндсэн зээлээ төлж барагдуулах талаарх саналыг удаа дараа Жарт амаар болон бичгээр хүргүүлсэн бөгөөд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн газраас гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр олгож, тус гэрчилгээнд “Э” ХХК-ийн “төслийн үйл ажиллагаа доголдсоноос “С”-тай байгуулсан ... 125/2017/3-27 дугаартай зээлийн гэрээ байгуулах үед урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болохыг тогтоож ... гэрчилгээ олгож байна...” гэж тусгасан зэрэг нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

7.3. “Э” ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгчид зээлийн гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулан эвлэрэн хэлэлцэх хүсэлт гаргасныг тус байгууллага нь албан ёсоор хүлээн авч, хуулийн төлөөлөгч Ц.Хулан нь “манай сан татан буугдан газар болж байгаа тул шинэчилсэн графикийн дагуу сар бүр 3,000,000 төгрөгийг төлж байгаарай” гэсэн хариу өгсөн. Үүний дагуу сар бүр зээлийн эргэн төлөлтөд 3,000,000 төгрөгийг төлж байсан нь бодит байдал дээр талууд харилцан тохиролцож гэрээнд өөрчлөлт оруулсан болохыг нотолдог.

Гэтэл анхан шатны шүүх талуудыг харилцан тохиролцож зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэж үзэх үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

7.4. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 125/2017/3-27 дугаартай зээлийн гэрээний 1.5-д “Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлөх зээлийн үндсэн төлбөр болох хүүгийн төлбөрийг энэ гэрээнд заасан хугацаанд эргэн төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд 0,1 хувийн алданги тооцно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, “Э” ХХК гэрээнд заасан 60 сарын хугацаанд буюу 2023 оны 04 сард 530,335,618 төгрөгийг төлсөн байхад анхан шатны шүүх өөрчилсөн зээлийн үнийн дүн буюу 500,000,000 төгрөгийн үнийн дүнтэй зээлийн эргэн төлөлтийн хуваарь нь байхгүй байхад өөр үнийн дүнтэй хавсралтыг үндэслэлээ болгож шийдвэрлэсэн.

7.5. Мөн нэхэмжлэгч байгууллагын хувьд нэхэмжлэх эрхтэй эсэх нь эргэлзээтэй байхад анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, С байж байгаад газар болсон.

7.6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч нарын болон гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Жар нь хариуцагч “Э” ХХК, С.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 670,878,180 төгрөг, нотариатын зардалд 38,500 төгрөг, нийт 670,916,680 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хариуцагч “Энх ариун ударга” ХХК, С.Э нар нь Стай зээлийн гэрээ байгуулсан болох нь тэдгээрийн хооронд байгуулагдсан 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээгээр тус тус тогтоогдож байна.

Зээлийн гэрээний тал болох С нь Жар болж байгууллагын нэр өөрчлөгдсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул зээлийн гэрээний шаардах эрх шилжсэн эсэх, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх залгамжлан авсан эсэх асуудлыг тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ. Иймд энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлтэй болжээ.

 

4.1. Түүнчлэн С болон “Э” ХХК, С.Э нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдаж, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байх боловч уг гэрээнүүдийг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар улсын бүртгүүлсэн эсэх нь тодорхойгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэхийг анхан шатны шүүх тодруулалгүйгээр холбогдох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу юм.

 

4.2. Үүнээс гадна, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох С.Э, С.М нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулжээ. Гэтэл нэхэмжлэгч нь барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээний тал болох барьцаалуулагчаас шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэж, гуравдагч этгээдүүдэд холбогдуулан барьцааны гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гаргасан нь учир дутагдалтай болжээ.   

 

5. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул материаллаг эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй.

 

6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хариуцагч нарын болон гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2023/01745 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Энх ариун ударга” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 939,071 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                      С.ЭНХБАЯР

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА