Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01425

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023  07  21  210/МА2023/01425

 

 

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2023/02463 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.*******, Д.Чамин, Д.Нямсүрэн нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 22,808,764 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Д.Чамин, түүний өмгөөлөгч Г.Цагаан, хариуцагч Д.Нямсүрэн нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, хариуцагч Д.Нямсүрэн /цахимаар/, хариуцагч Д.Чамингийн өмгөөлөгч Г.Цагаан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Зээлдэгч Б.*******, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Нямсүрэн нар нь ******* ******* ХХК-ийн Өмнөговь салбар Оюут тооцооны төвтэй 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ЗГ/201843918631 дугаар зээлийн гэрээ, БГХ201843918631 дугаар барьцааны гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, ахуйн хэрэглээний зориулалтаар зээлсэн. Мөн нэмэлтээр зээлдэгч Б.*******, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Чамин нар нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ******* дугаар зээлийн гэрээ, ******* дугаар барьцааны гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 19,247,360.74 төгрөг дээр нэмээд 3,000,000 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, ахуйн хэрэглээний зориулалтаар зээлсэн.

2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгах, 3 сарын үндсэн зээлийн төлбөр хойшлуулах, мөн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацааг 11 сараар сунгах, 5 сарын үндсэн зээлийн төлбөр хойшлуулах нэмэлт өөрчлөлтийг тус тус оруулсан.

1.2. Зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 8,402,488.30 төгрөг, зээлийн хүүд 11,253,241.36 төгрөг, нийт 19,655,729.66 төгрөг төлсөн ба эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж 363 хоног хугацаа хэтрүүлсэн.

1.3. Зээлдэгч Б.******* нь 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нас барсан тул нэхэмжлэгч нь Б.*******эд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан. Нэгэнт үндсэн зээлдэгч нас барсан учир ******* Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 242.11 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг хамтран байгуулж, зээл авахад оролцсон хамтран үүрэг гүйцэтгэгчид болох хариуцагч Д.Нямсүрэн, Д.Чамин нараас зээлийн төлбөрийг шаардах эрхтэй.

Тиймээс зээлийн гэрээний дагуу 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээл 19,597,511.70 төгрөг, зээлийн хүү 3,120,291.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,960.51 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 14,000 төгрөг, нийт 22,808,764.11 төгрөгийг хариуцагч Д.Чамин, Д.Нямсүрэн нараас нэхэмжилж байна. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан боловч барьцаа хөрөнгө болох автомашин нь бусдад худалдан борлогдсон, 5 ханатай гэр нь одоо хаана байгаа нь тодорхойгүй болсон байх тул үүргийг барьцаа хөрөнгөөс хангуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

2. Хариуцагч Д.Чамингийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр миний талийгаач хүү Б.******* 3,000,000 төгрөг өмнөх зээл дээрээ нэмж авъя гэж гуйгаад итгэмжлэл хийлгэж авсан. Миний хүү тайлбарлахдаа 3,000,000 төгрөг надад нэмж авч өгөхөд энэ итгэмжлэл хэрэг болоод байна, эхнэр бид хоёр урьдын адил зээлээ төлөөд явна, танд ямар ч хохирол байхгүй гэж тайлбарлаж байсан. Гэтэл маргааш нь Өмнөговь аймгийн ******* *******наас 3,000,000 төгрөг нэмж авсан болохыг мэдсэн. Би энэ зээлээс нэг ч төгрөг аваагүй, надад хэрэглээний зээл авах ямар ч шаардлага байхгүй.

2.2. Миний хүүд надаар итгэмжлэл авахуулах гэж хамтран амьдрагч Д.Нямсүрэн шахалт үзүүлсэн гэж үзэж байна. Ер нь танайх хүүгээ ав, зээлээ төл гэж бидэнд байнга дарамт үзүүлдэг байсан. Өмнөх 25,000,000 төгрөгийн зээлийг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Д.Нямсүрэн зээлж авсан. Би *******наас зээл аваагүй, хариуцагч Д.Нямсүрэнгээс нэг ч төгрөг аваагүй. Д.Нямсүрэн миний хүүтэй хамтран амьдарч байгаад зээл авсан. Нэхэмжлэлд дурдагдаж байгаа 5 ханатай гэр болон машин надад байхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцахгүй, хариуцагч Д.Нямсүрэн зээлийг хэрэглэсэн учир төлөх ёстой гэж үзэж байна гэжээ.

 

3. Хариуцагч Д.Нямсүрэнгийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ******* *******тай зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Энэ зээлийн мөнгөний ихэнх хэсгээр талийгаач Б.******* өөрөө автомашин авсан бөгөөд уг автомашиндаа их хэмжээний мөнгөөр засвар хийсэн. Би талийгаачийн зээлж авсан мөнгөнөөс огт аваагүй. Ээж нь утсаар хэлэхдээ би 2,000,000 төгрөг хүүхдээсээ авсан, яадаг юм гэж хэлж байсан. Би талийгаачаас чи ээждээ хэдэн төгрөг өгсөн бэ гэж асуухад би ээжид 5,000,000 төгрөг өгсөн гэж хэлж байсан. Би уг зээлийн мөнгөнөөс огт аваагүй учраас зээлийг төлөхөөс татгалзаж байна.

3.2. Сүүлд ээж нь машины торгуулийн төлбөрийг төлж, намайг хамтран зээлдэгчээс гаргаж, ******* ******* ХХК-д өргөдөл бичиж ээж нь хамтран зээлдэгчээр оролцож байсан. Талийгаач 5,000,000 төгрөгийг ээж авсан гэж хэлсэн. Маргааш нь надтай уулзах үедээ согтуу, ямар ч мөнгөгүй байсан. Буцах бензиний мөнгөгүй, ээжээсээ мөнгө зээлж явсан. Тиймээс би зээлийн төлбөрийг төлөхөөс татгалзаж байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Чамин, Д.Нямсүрэн нараас 22,808,764.11 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн хариуцагч Б.*******эд холбогдох шаардлага болон барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн төлсөн 342,194 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Чамин, Д.Нямсүрэн нараас 271,993 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн.

 

5. Хариуцагч Д.Чамин, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрт ...хариуцагч Д.Чамингаас Б.*******эд олгосон итгэмжлэлд ******* ******* ХХК-аас авах гэж буй цалингийн зээлийн хамтран зээлдэгчээр зөвшөөрч байна гэжээ. Хариуцагч Д.Чаминг зөвхөн 3,000,000 төгрөгийн хэмжээнд зээлийн үүргийг хүлээсэн гэж үзэхгүй..., ...гэхдээ зээлийн гэрээнд хамтран зээлдэгч нэмж орж ирсэн нь хүчин төгөлдөр гэрээний зээлийн төлбөрийг төлөх хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүргийг дуусгавар болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй бөгөөд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар хариуцагч Д.Нямсүрэнгийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг шинэ үүрэг гүйцэтгэгчид шилжсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэн.

Дээрх үндэслэл ойлгомжгүй бөгөөд өөр хоорондоо зөрчилдөж байгааг анхаарч үзнэ үү. Өөрөөр хэлбэл Д.Чаминд 22,247,360.74 төгрөгийг төлөх үүрэгтэй гэсэн атлаа 17-д заасан үндэслэлээрээ Д.Нямсүрэнгийн зээлийн үлдэгдэл 19,247,360.74 төгрөгийг төлөх үүрэг Д.Чаминд тогтоогдоогүй гэж ойлгогдож байна. Уг байдал нь Д.Чамин зөвхөн итгэмжлэлээр олгосон 3,000,000 төгрөгийн хэмжээнд хариуцлага хүлээж, Д.Чамин зөвхөн 3,000,000 төгрөгийн хэмжээнд зээлийн үүргийг хүлээхгүй гэж үзэхгүй гэсэн дээрх үндэслэлээ шууд үгүйсгэж байна.

5.2. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсноор зээлийн гэрээнд заасан зээлийг авч ашиглах гэж заасан. Д.Чамин энэ зээлээс нэг ч төгрөг аваагүй. Зээлийн гэрээний 4.2.7-д Зээлийг бүхэлд нь хэсэгчлэн бусдад ашиглуулсан, дамжуулан зээлдүүлэх, шилжүүлсэн эсэхээс үл хамааран зээлийн гэрээний үүргээ зөвхөн зээлдэгч өөрөө төлж барагдуулах гэж заасан. Гэрээний энэ заалтаар Д.Чамин нэхэмжлэлийг адил хэмжээгээр төлөх үндэслэл байхгүй.

Иймээс нэхэмжлэлээс Д.Чаминд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч Д.Нямсүрэнгийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүхээс ...гэрээний 2.1.2-т зааснаар зээлийг ахуйн хэрэгцээний зориулалтаар олгосон бөгөөд зээлийн гэрээ байгуулагдах үед хариуцагч Д.Нямсүрэн талийгаач Б.******* нар нь хамтын амьдралтай байсан ..., тул зээлийн мөнгө тэдний хамтын хэрэгцээнд зориулагдсан гэж үзэх үндэслэлтэй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тухайн зээлийг Б.******* нь цалингаа барьцаалж, цалингийн зээл авсан. Өөрөөр хэлбэл зээлийн зориулалт нь цалингийн зээл гэх зориулалтаар олгогдсон. Тухайн зээлээс би нэг ч төгрөг ашиглаагүй бөгөөд тухайн зээлийн хамтран зээлдэгчээс гарч, Б.*******ийн ээж Д.Чамин хамтран зээлдэгчээр оролцож, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан. Тэгэхээр тухайн зээлээс миний төлөх үүрэг дуусгавар болсон гэж үзэж байна.

Гэтэл шүүхээс зээлийн гэрээнд хамтран зээлдэгч нэмж орж ирсэн нь хүчин төгөлдөр гэрээний дагуу зээлийн төлбөрийг төлөх хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүргийг дуусгавар болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй бөгөөд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар хариуцагч Д.Нямсүрэнгийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг шинэ үүрэг гүйцэтгэгчид шилжсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэсэн дүгнэлт хийж, зээлийн үүргээс хасагдсан намайг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж буруу ойлгон хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу хамтран үүрэг гүйцэтгэгчийн талаарх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг үндэслэл болгоогүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

6.2. Иргэний хуулийн 240 дугаар зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан бол үүрэг дуусгавар болохоор заасан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч нарын давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Зээлийн гэрээний 4.2.7-д зээлийг бүхэлд нь хэсэгчлэн бусдад ашиглуулсан, дамжуулан зээлдүүлэх, шилжүүлсэн эсэхээс үл хамааран зээлийн гэрээний үүргээ зөвхөн зээлдэгч өөрөө төлж барагдуулах гэж заасан. Энэ нь хамтран зээлдэгч зээлийн төлбөрийг хариуцахгүй гэсэн утга агуулга биш юм. Хариуцагч Д.Нямсүрэн хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсоноо хүлээн зөвшөөрдөг. Гэрээнд хамтран зээлдэгч гэж дурдаагүй. 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн нэмэлт гэрээгээр нэмэлт зээл олгож, хамтран үүрэг гүйцэтгэгч нэмсэн. Харин хамтран үүрэг гүйцэтгэгч сольсон, хассан зүйл байхгүй. Нэхэмжлэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь анх хариуцагч Б.*******, Д.Чамин нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,808,764 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нас барсан үндэслэлээр түүнд холбогдох шаардлагаас, мөн барьцаа хөрөнгүүд бусдын өмчлөлд шилжсэн, байгаа газар нь тодорхойгүй үндэслэлээр үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагаас тус тус татгалзаж, Д.Нямсүрэнг хамтран хариуцагчаар татан оролцуулсан.

2.1. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.*******эд холбогдох болон барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаасаа нэхэмжлэгч ******* ******* ХХК татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэсэнд зохигч гомдол гаргаагүй болно.

2.2. ******* ******* ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг үндэслэн зээлдэгч Д.Нямсүрэнгээс, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн зээлдэгч Д.Чамингаас тус тус зээлийн төлбөр төлүүлэхээр шаардсан ба хариуцагч Д.Нямсүрэн нь сүүлийн гэрээгээр хамтран зээлдэгчээс хасагдсан гэж, хариуцагч Д.Чамин нь хүү Б.*******ийн 3,000,000 төгрөгийн зээл нэмж авах тухай хүсэлтийн дагуу итгэмжлэл олгосон, зээлээс авч ашиглаагүй тул үүрэг хүлээгээгүй гэж тус тус маргажээ.

 

3. ******* ******* ХХК болон Б.*******, Д.Нямсүрэн нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ЗГ/201843918631 дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч ******* ******* ХХК нь 25,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, ахуйн хэрэглээний зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч Б.*******, Д.Нямсүрэн нар нь зээл, хүүний төлбөрийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ.

Мөн ******* ******* ХХК болон Б.*******, Д.Чамин нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ******* дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч ******* ******* ХХК нь өмнөх зээлийн үлдэгдэл 19,247,360.74 төгрөг дээр 3,000,000 төгрөгийн зээл нэмж олгож, нийт 22,247,360.74 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, ахуйн хэрэглээний зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч Б.*******, Д.Чамин нар нь зээл, хүүний төлбөрийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ. Талууд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн болон 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн нэмэлт гэрээгээр тус зээлийн гэрээний хугацааг 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл сунгажээ.

Дээрх маргаан бүхий харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээнд хамаарч байна.

 

4. Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болохоор Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан.

Талуудын дээрх тохиролцоог харьцуулж дүгнэхэд, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээгээр нэхэмжлэгч болон Б.*******, Д.Нямсүрэн нарын хооронд 25,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний харилцаа үүссэн боловч 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн гэрээгээр нэхэмжлэгч нь уг зээлийн үлдэгдэл 19,247,360.74 төгрөг дээр 3,000,000 төгрөгийн зээл нэмж олгож, нийт 22,247,360.74 төгрөгийг Б.*******, Д.Чамин нарт зээлдүүлэхээр тохиролцжээ.

Тодруулбал, сүүлийн буюу 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн гэрээгээр өмнөх зээлийн үлдэгдлийг шинээр нэмж олгох зээлтэй нэгтгэж зээлийн нийт дүнг тодорхойлж, улмаар зээлд тооцох хүүгийн хэмжээг багасгаж, хугацааг өөрчилснөөс үзвэл уг гэрээ байгуулагдсанаар өмнөх 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээний үүрэг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар дуусгавар болсон байна.

Иймээс нэхэмжлэгч нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээг үндэслэн хариуцагч Д.Нямсүрэнд холбогдуулан шаардлага гаргасан нь үндэслэлгүй тул энэ талаар гаргасан хариуцагч Д.Нямсүрэнгийн давж заалдах гомдлыг хангаж, түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

5. Хариуцагч Д.Чамин нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр итгэмжлэл олгож, түүний өмнөөс төлөөлөгч Б.******* 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээг байгуулсан ба ийнхүү хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийсэн нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй.

Харин итгэмжлэлд ...Б.*******ийн ******* *******наас авах гэж буй цалингийн зээлийн хамтран зээлдэгчээр оролцохыг зөвшөөрч байгаа тул хамтран зээлдэгч намайг төлөөлж зээлийн гэрээ, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ болон холбогдох баримт бичигт гарын үсэг зурах, гэрээг нотариатаар гэрчлүүлэхэд төлөөлөх үйлдэл хийх бүрэн эрхийг олгож байна гэж тусгагдсан ба төлөөлөгчийн бүрэн эрхийг итгэмжлэлд заагдсанаар тодорхойлохоор Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт заасан.

Гэвч 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээгээр өмнөх зээлийн үлдэгдэл 19,247,360.74 төгрөгийг зээлийн дүнд оруулж тусгасан байх ба энэ нөхцөлийн талаар хариуцагч Д.Чаминг хүсэл зоригоо илэрхийлсэн гэж дүгнэх боломжгүй байна. Учир нь, түүний итгэмжлэлд Б.*******ийн ******* *******наас авах гэж буй цалингийн зээлийн хамтран зээлдэгчээр оролцох гэснийг үгийн шууд утгаар тайлбарлах бөгөөд өөр зээлийн гэрээтэй холбоотой өр төлбөрийн үүргийг шилжүүлэн авч гүйцэтгэх агуулга илэрхийлэгдээгүй байна. Нөгөө талаар, бусдын өрийг шилжүүлэн авч гүйцэтгэхэд өрийн эзэмшигч ******* ******* ХХК-тай тохиролцохоор Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан ба хариуцагч Д.Чаминг ийнхүү тохиролцсон гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй.

Иймээс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний шинээр олгогдсон зээл 3,000,000 төгрөгийн хэмжээнд зээлдүүлэгч ******* ******* ХХК, зээлдэгч Д.Чамин нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэстэй.

 

6. Дээрх зээлийн гэрээгээр талууд жилийн 16.8 хувийн хүү төлөх, мөн хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохирсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт нийцжээ.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээх ба зээлдэгч уг үүргээ 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс хойш биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь гэрээг цуцалж зээлийн төлбөр төлөхийг хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Иймд хариуцагч Д.Чамингаас зээл 3,000,000 төгрөг, зээлийн хүү 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд нийт 1,232,903 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 212,969 төгрөг, мөн хариуцагч үүргээ биелүүлээгүйтэй холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн нотариатын зардал 14,000 төгрөг, нийт 4,459,872 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох үндэстэй.

Хариуцагч Д.Чамин, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар өөр хоорондоо зөрчилтэй дүгнэлтүүд хийсэн гэх давж заалдах гомдлын энэ хэсгийг хангах үндэстэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүүтэй холбоотой шаардлага гаргаагүй байхад шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримталсан нь буруу байхаас гадна үүрэг гүйцэтгэх зарчмыг тодорхойлсон 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсгийг баримталсан нь оновчгүй болсныг залруулж, мөн талуудын маргаанд хамаарах 452 дугаар зүйлийн 452.2, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг нэмж тусгах нь зүйтэй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Д.Нямсүрэнгийн гомдлыг хангаж, хариуцагч Д.Чамингийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2023/02463 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Чамингаас 4,459,872 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 18,348,892 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Д.Нямсүрэнд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтын ...56.1... гэснийг 56.2 гэж, ...хариуцагч Д.Чамин, Д.Нямсүрэн нараас 271,993 төгрөг... гэснийг хариуцагч Д.Чамингаас 86,308 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Чамингийн төлсөн 192,929 төгрөг, хариуцагч Д.Нямсүрэнгийн төлсөн 271,994 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

 

Д.ЗОЛЗАЯА